| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2019/00084/Э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2019-10-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.А
Улсын яллагч: Т.Т
Хохирогчийн өмгөөлөгч: Х.Отгонжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дарьсүрэн
Шүүгдэгч:М.С нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.С-д холбогдох 1922001440096 тоот хэргийг 2019 оны 10 сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь хотод 1994.02.23-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ШУТИС-ийн 3-р дамжааны оюутан гэх, одоо түр чөлөө авсан байгаа гэх, мэргэжилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг Нарлагийн 8-2 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Дуудай овогт М.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэргийн 16-17, 26-27, 35, 50, 63, 66, 138 дугаар талд авагдсан болон төлбөр төлсөн баримт, бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлахад тухайн баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.
- Шүүгдэгч М.С нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан даравгай” гэх газарт иргэн О.Т-ыг зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Шүүгдэгч М.С-гээс шүүхэд: 5 сарын 17-ны өдрийн үдээс хойш 15 цагийн үед аавтайгаа хамт худаг дээр худаг янзлах гээд очиход Төрбат гуай эхнэртэйгээ ирээд худаг янзлуулахгүй гээд хоорондоо маргалдаад миний нүүрийг ураад, цохиод, боосон. Боогдоод байхаар нь зөрүүлээд нэг удаа цохисны улмаас хөнгөн хохирол учруулсан гэх мэдүүлэг;
- Хохирогч О.Т-ын:
|
|
|
|
|
|
Би 2019.05.17-ны өдөр өөрийнхөө хувийн машинаар эхнэртэйгээ аймгийн төв ороод 15 цагийн үөд Сайнцагаан сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Цагаан даравгай” гэх газар байх гэртээ эхнэрийнхээ хамт харьсан юм. Тэгээд гэртээ очиж явахад манай гэрээс баруун урд зүгт өрмийн том машин ирсэн, хажууд нь хүмүүс байгаа харагдсан. Тэгэхээр нь эхнэр Б.Цэрэнцэцэг бид нар тэр хүмүүс дээр очиход манай багийн малчин М.Мөнхбат хүү М.Стэйгээ хамт байсан. Тэгээд би М.Мөнхбатад хандаж, энд юу болж байна, худаг гаргах гэж байгаа бол албан ёсоор зөвшөөрөл авсан юмуу гэж асуусан. Тэгтэл М.Мөнхбат надад хандаж чи дуугуй бай чам шиг юм надад үйлчилдэггүй юм гэж хэлэхэд хажуунаас хүү М.С нь орж ирээд та нар яах гэж давраад байгаа юм бид нар худаг гаргах үгүйгээ өөрсдөө мэднэ, хойноос ирээд хот минийх хотонд ирээд хуц минийх гэгч юм болох нь ээ гэж хэлэхээр нь манай эхнэр Б.Цэрэнцэцэг М.Сд хандаж, чамд яахаараа хууль үйлчилдэггүй юм гэж хэлээд багцаагаар 1 метр орчим зайд зогсож байгаад нулимсан. Тэгтэл М.С манай эхнэр дээр хүрч очоод зүүн шанаанд гараараа нэг удаа цохиж унагасан. Тэгэхэд нь би эхнэрийгээ өмөөрөөд чи яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм гээд М.С дээр очиход Санжаасүрэн надад хандаж, та нар яах гэж давраад байгаа юм бэ гээд намайг зүүн хөлөнд нэг удаа өшиглөхөд нь би газар унасан. Тэгээд намайг газар унахад М.С миний толгойн баруун зүүн хэсэгт гараараа тус бүр нэг удаа цохисон. Дараа нь намайг босож амжаагүй байхад миний тухайн үөд өмсөж байсан цамцны малгайнаас доош нь дарж байгаад нуруу толгой руу гараараа мөн хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд манай эхнэр Санжаасүрэнг надаас холдуулж цааш нь татаж авсан. Тэгээд Мөнхбат гуай манай эхнэрийг цааш нь мөн татаад авч байсан. Тэгээд би М.Сд зодуулчихаад байж байтал манай хүүхэд хамаатныхаа ахтай цуг мотоцикльтойгоо хүрч ирсэн. Тухайн үөд бид архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Уг асуудлын улмаас миний толгой маш их өвдөж байна. Би 2019.03.10-ны үед цус харвалт өгсөн байсан. Тухайн үед биеийн байдал их сайжирч байсан чинь М.Сд зодуулсны улмаас зарим зүйлийг мартаж санаад байдаг болсон. Би М.Сгийн эрүүл мэндэд халдсан асуудал огт байхгүй. Цус харвалтын улмаас би хүн зодох байтугай хонь барих тэнхэлгүй тэр хүмүүсийн эрүүл мэндэд халдах боломжгүй байсан. Худаг усны асуудлаас л болсон. Тэр хүмүүс зөвшөөрөлгүй худаг гаргах гэж байсныг хэлсний төлөө намайг зодсон.Зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээнээс гарсан болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх16-17/
- Гэрч Э.Мэндбаярын: “...Би Өмнөговь аймгаас хамаатны ах О.Төрбатынд ажилд нь туслах санаатай ирсэн байсан юм. Тэгээд 2019.05.17-ны өдөр 15 цагийн үед Сайнцагаан сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Цагаан даравгай” гэх газар О.Төрбат ахын хүү Т.Жигдэн бид 2 хамтдаа мотоциклоор тэдний үхрийг хараад явж байтал Төрбат ахын усны хажууд хүмүүс бужигналдаад байх шиг байсан. Тэгэхээр нь Т.Жигдэн бид хоёр багцаагаар 300 метр зайнд байж байгаад би хүмүүс бужигналдаад байгаа газар луу дурандсан. Тэгэхэд О.Төрбат ахын Портер машины баруун талд нь О.Төрбат ах сүүлд Санжаа гэдэг гэж мэдсэн залуутай хамт зогсож байгаад газар унасан. Яг яаж газар унагасныг нь харж чадаагүй. Тэгээд Санжаа гэдэг залуу нь О.Төрбатыг газар унасан байхад нь дээрээс гараараа цохиж байгаа харагдсан. Уг машины мөн зүүн талд Санжаагийн аав Мөнхбат нь Цээнээ эгчийн /Б.Цэрэнцэцэг/ гараас нь барьсан зогсож байсан. Тэгээд би Т.Жигдэнд хандаж, тэнд хүмүүс зодолдоод байна очъё гэж хэлээд Т.Жигдэн бид 2 зодолдоод байгаа хүмүүс дээр хүрч очсон. Тэгээд бид 2-ыг хүрч очиход тэнд байсан О.Төрбат, Б.Цэрэнцэцэг, М.Мөнхбат, М.С нар хоорондоо муудалцаад салцгаасан байсан....” гэх мэдүүлэг /хх 26-27/
- Шинжээчийн 2019.07.05-ний өдрийн 860 дугаартай: Шинжээч эмч М.Баттүвшингийн 2019.05.23-ны өдрийн №190200137 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. О.Төрбатын толгойн MRI шинжилгээнд илэрсэн цус хуралтыг нэвчилтийн тод хоригтой, 11 болон Т2 горимуудад дохионы өндөр эрчимтэй байгаа нь, мөн T2/FLAIR горимуудад гадуураа бараан зах хүрээтэй, зах хүрээний гадна хэсгээр цайвар өөрчлөлт илэрсэн нь хуучин цус хуралтын үлдэц хөндийд дахин хурсан хожуу хурцавтар цус хуралт гэж үзэж байгаа бөгөөд үүссэн хугацааны хувьд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байна. Их тархинд цус
хурсан гэмтлийг эмчийн үзлэгээр бүрэн оношлох боломжгүй, толгойн КТГ-ийн шинжилгээгээр оношилж болно. Хавтаст хэрэгт авагдсан эмнэлгийн баримтууд нь дүгнэлт гаргахад хангалттай байна. О.Т-ын биед тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун бугалганы дотор доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ гэх дүгнэлт /хх 50-51/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Дээрх баримтуудаар шүүгдэгч М.С нь зүй ёсны шаардлага тавьсан хохирогч О.Т-ыг өөрөөс насаар ахмад хүний урдаас зүй бус үг хэллэг хэрэглэн хэдэрлэж, улмаар догшин авирлан О.Т-ыг зодож бие махбодид нь тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун бугалганы дотор доод хэсэгт цус хуралт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь нотлогдож байна.
Шүүгдэгч М.С-гийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул М.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч М.С хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч О.Төрбат нь өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг М.С-гээс шаардах эрхтэй байна.
Хэргээс үзэхэд хохирогч О.Т-ын бие махбодид учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан гэх 190200137 тоот дүгнэлтийг Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч 2019 оны 5 сарын 23-ны өдөр гаргасан /хх-29/ байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хэргийн материалыг үндэслэн шинжээчийн дүгнэлт дахин гаргуулахад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.07.05-ны өдрийн 860 дугаар дүгнэлтээр дээр дурьдсан 190200137 тоот дүгнэлтийг үгүйсгэж, “О.Төрбатын биед тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун бугалганы дотор доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ” гэх дүгнэлт /хх 50-51/ гаргажээ. Хохирогч О.Төрбат нь 2019.03.14-ний өдөр тархинд цус харвалт өгсний улмаас “тархины цус харвалтын үлдэц” оношоор хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон болох нь Дундговь аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр /хх-62/, “О.Т-ын толгойн MRI шинжилгээнд илэрсэн цус хуралтыг хуучин цус хуралтын үлдэц хөндийд дахин хурсан хожуу хурцавтар цус хуралт гэж үзэж байгаа бөгөөд үүссэн цаг хугацааны хувьд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байна” гэх дүгнэлтээр /хх 50-51/ тус тус тогтоогдож байна.
Дээр дурьдсан гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан 850 дугаартай дүгнэлтийг хохирогч, шүүгдэгч нарын хэн алинд танилцуулсан /хх52-55/ бөгөөд хэн аль нь
хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй тул шүүх уг дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар тооцлоо.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос эмчилгээтэй холбоотой зардал-1402085 төгрөг, шатахууны зардлын баримт 680250 төгрөг, өмгөөлөгчийн зардал 800000 төгрөг, нийт 2882335 төгрөг нэхэмжлэн холбогдох баримтыг гаргаж өгчээ.
Хохирогч О.Т шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба шүүгдэгч М.С-гээс 2 сая төгрөг хүлээн авсан, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд илэрхийлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гаргах эрхтэй бөгөөд шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө тухайн хүсэлтийг гаргасан тохиолдолд хүсэлтийг шүүх хангана гэж зааж зохицуулжээ.
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Т-ын хүсэлтийг хангаж, шүүгдэгч М.С-гийн үйлдлийн улмаас О.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг харгалзан үзэж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
3/ Оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, гэм хорыг шүүхээс өмнөх шатанд сайн дураараа нөхөн төлж, бусдад төлбөргүй болсон, хохирогчийн эхнэр Б.Цэрэнцэцэгийн зүйн бус үйлдлээс шалтгаалан /нулимах, маажих зэргээр зодооныг эхлүүлж бусдыг өдөөн турхирсан/ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
4/ Бусад асуудлын талаар:
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Цагаан даравгай” гэх газарт 2019.05.17-ны өдрийн 15 цагийн орчимд болсон хэрүүл маргааны үед шүүгдэгч М.С-гийн бие махбодид “дагзны зүүн хэсгийн хуйх, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст язрал, зүүн бугалга шуунд цус хуралт, дух, баруун хацар, эрүү, хүзүү, зүүн чих, зүүн тохойнд зулгаралт гэмтэл” учирсан /45-46/, гэрч Б.Ц-ийн бие махбодид “толгойн хуйх, цээжинд зөлөн эдийн няцрал, бугалганд цус хурсан зөөлөн эдийн няцрал, баруун гарын дунд хурууны зөөлөн эдийн гэмтэл” тогтоогдсон /хх-40/, гэрч М.Мөнхбатын бие махбодид “хацар, баруун, зүүн сарвуунд зулгаралт, шуунд цус хуралт зөөлөн эдийн няцарсан гэмтэл” тогтоогдсон /хх-38/ бөгөөд эдгээр гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх шинжээчийн дүгнэлтүүд гаржээ.
Иймд иргэн Б.Ц нь бусдын бие махбодид хохирол учруулахгүйгээр халдаж зодсон үйлдэлд зөрчил хянан шалгах ажиллагаа хийж гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйл, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Дуудай овогт М.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Дуудай овогт М.С-д 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хурааж битүүмжлүүлээгүй, хохирогчид дансаар 2000000 /хоёр сая/ төгрөг шилжүүлж өгснийг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн10,13-т зааснаар шүүгдэгч М.С-г учруулсан хохирлыг нөхөн төлсөн шалтгаанаар хохирогч О.Т-ын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах тухай иргэний нэхэмжлэлээс татгалзсаныг хангаж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С-д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8-д заасныг баримтлан 2019.05.17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Цагаан даравгай” гэх газарт мөн багийн иргэн Б.Ц гэгч нь иргэн М.М, М.С нарын биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчлийн шинж байгаа эсэхийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хувийг Дундговь аймгийн Цагдаагийн газарт хүргүүлж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ