Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 650

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамжны 293 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ60050379, Зуутраг овогт Бадамын Нарантуяагийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонтунгалаг,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

     Нэхэмжлэгч Б.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1960 онд төрсөн, 56 настай ба гэртээ 4 өнчин хүүхдийн хамт амьдардаг. Би 1978 оны 4 дүгээр сарын 05-ны 34 дүгээр тушаалаар анх Увс аймгийн Тээврийг удирдах газарт автобусны жолоочоор ажилд орж 1992 он хүртэл ажилласан. 1992 онд Увс аймгийн Тээврийг удирдах газар татан буугдаж Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт шилжиж ирсэн. 1978 оноос 1992 оны хооронд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1978 оны 4 дүгээр сарын 12-ноос 1991 оныг дуустал Увс аймгийн Тээврийг удирдах газарт автобусны жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Х.Буяннэмэх, Б.Батсүх нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Б.Нарантуяа нь 1978 оны 4 дүгээр сарын 12-ноос 1991 оныг дуустал Увс аймгийн Тээврийг удирдах газарт автобусны жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

       Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Бадамын Нарантуяагийн 1978 оны 4 дүгээр сараас 1992 оны 1 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Тээврийг удирдах газарт автобусны жолоочоор ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

     Түүнчлэн Тээврийг удирдах газрын даргын 1978 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дүгээр тушаалын хуулбарт: “Тээврийг удирдах газрын даргын 1978 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дүгээр тушаалаар 1978 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 3 дугаар хэсэгт Бадам овогтой Нарантуяаг автобусны жолоочоор авч ажиллуулсугай” гэжээ.

         Увс аймгийн Авто тээврийн 9 дүгээр баазын даргын 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дүгээр “Зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай” тушаалд: “...Зохион байгуулалтын өөрчлөлттэй хоблогдуулан 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлж үйлчилгээний авто баазны мэдэлд шижүүлсүгэй. Хавсралтын 62-т Б.Нарантуяа” гэжээ.

        Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Х.Буяннэмэх, Б.Батсүх нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Х.Буяннэмэхийн “Би 1989 оноос 1994 он хүртэл Увс аймгийн Тээврийг удирдах газарт кондуктор, диспетчир зэрэг ажлуудыг эрхэлж байсан. Намайг ажилд ороход Б.Нарантуяа нь Увс аймгийн Тээврийг удирдах газарт автобусны жолоочоор ажиллаж байсан бөгөөд Б.Нарантуяа нь тус газар 1992 он хүртэл ажилласан. Тухайн үед Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргаар Д.Сүхбаатар гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч Б.Батсүхийн “Би 1980 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Тээврийг удирдах газар буюу хуучнаар Увс аймгийн Авто тээврийн 9 дүгээр баазад автобусны жолоочоор ажиллаж байсан. Намайг анх ажилд ороход Б.Нарантуяа нь тус баазад автобусны жолоочоор ажиллаж байсан бөгөөд бид хоёр 1992 он хүртэл хамт ажилласан бөгөөд автобусны жолооч нар нь Увс аймгийн нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобусыг жолооддог байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

      Нэхэмжлэгч Б.Нарантуяа нь 1978 оны 4 дүгээр сарын 12-ноос 1991 оныг дуустал Увс аймгийн Тээврийг удирдах газарт автобусны жолоочоор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Тээврийг удирдах газрын даргын 1978 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дүгээр тушаалын хуулбар, Увс аймгийн Авто тээврийн 9 дүгээр баазын даргын 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дүгээр “Зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай” тушаал, гэрч Х.Буяннэмэх, Б.Батсүх нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

          Иймд нэхэмжлэгч Б.Нарантуяагийн хүсэлтийг хангаж, түүний 1978 оны 4 дүгээр сарын 12-ноос 1991 оныг дуустал Увс аймгийн Тээврийг удирдах газарт автобусны жолоочоор 13 жил 8 сар 18 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Зуутраг овогт Бадамын Нарантуяагийн 1978 оны 4 дүгээр сарын 12-ноос 1991 оныг дуустал Увс аймгийн Тээврийг удирдах газарт автобусны жолоочоор 13 /арван гурав/ жил 8 /найм/ сар 18 /арван найм/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.       

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Б.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ