| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2019/00082/Э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2019-10-07 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.А
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б
Шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ц-д холбогдох эрүүгийн 1922002000094 тоот хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ………. оны .... дугаар сарын ....-ний өдөр Дундговь аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл …, эхнэр ..... хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хар ямаат овгийн Э.Ц /РД:ЗМ................../.
Шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р багийн нутаг дэвсгэрт “Гор газ” хийн түлшний цэгийн баруун талын засмал зам дээр Приус-10 маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн ............... биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Санамсар, болгоомжгүйгээр хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээсээ “Гор Газ” шатахуун түгээх станцын баруун талын засмалаар машин жолоодож явж байхдаа хажууд суусан хүнтэйгээ юм ярьж байгаад санамсаргүйгээр мотоцикль мөргөсөн. Өөр хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийг Улаанбаатар хотод аваачин хөлийг нь хадуулах болон бусад зардал 1.500.000 төгрөгийг гаргасан. Мөн хохиролд өөрийн унаж яваад осол гаргасан машиныг хүлээлгэн өгсөн ...” гэв.
2. Хохирогч Т.ын “...Би 2019 оны 7 сарын 20-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад мал нядалгааны газарт очих гээд “Гор газ” ШТС-ын баруун талын засмал замаар урагш явж байхад эсрэг талын урсгалд явсан приус машин дохио өгөлгүй урсгал сөрж орж ирэхээр нь би засмал замаас баруун гар талруугаа гартал яах ийхийн зуургүй ирээд мөргөсөн. Тэр машины жолооч бууж цагдаа, түргэн дуудсан. Түргэн тусламж хурдан ирээд эмнэлэг дээр хүргэж ирсэн. 16-30 УНХ дугаартай машины жолоочийн талаас шар фудволктой хүн, хажуу талаас нь улаан фудволктой залуу бууж ирсэн. Би тухайн үед 30-40 км/ цагийн хурдтай явсан. Миний 2019 оны 7 сарын 20-ны өдөр унаж явсан “Dayun” маркийн мотоцикль миний эзэмшлийн бичиг баримттай, улсын дугаартай. /би мотоциклийн дугаарыг салгаад авчихсан байсан юм тухайн үед/ Миний зүүн хөлний тавхай бяцарсан, дунд чөмөг хугарсан байна гэж эмч хэлсэн. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна, би архи дарс огт хэрэглээгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх24-25/
3. Гэрч Г.Г: “...Би 2019 оны 7 сарын 20-ны өдөр 16 цаг өнгөрч байх үед гийн машинтай Мандалын 14-35 тоотод байх гэрээс нь гараад “Гор газ” шатахуун түгээх станцын баруун талд айлд очих гэж явсан. Тэгээд би замдаа утсаа оролдоод той юм яриад явсан. Шороон замаар явж байгаад засмал замд орсон. Тэгээд л гэнэт түчигнэхээр нь цонхоор хартал мотоцикльтой хүнтэй мөргөлдсөн байсан. Осол болох үед удаан явж байсан. Тухайн үед би утсаар оролдоод доошоо хараад явж байсан болохоор хянах самбар руу хараагүй. Мотоцикльтой хүн ирж байгааг ч анзаарч хараагүй. Гэнэт л түчигнээд явсан, мотоцикльтой хүнтэй мөргөлдсөн байсан. согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, саяхан хүнээс худалдаж авсан машин байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
4. Гэрч М.Д: “...Би 16-30 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг д зараад төлбөр тооцоогоо бүрэн авсан. Тэр машин одоо гийн эзэмшлийнх болсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх30-31/
5. Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.07.22-ны өдрийн 184 дугаартай дүгнэлтэд: “ ...Т.ын биед зүүн дунд чөмөг ясны далд хугарал, зүүн тавхайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн зам тээврийн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх49-50/
6. Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.08.29-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх91-93/
7. Замын Цагдаагийн тасгийн 2019.07.24-ний 32 тоот дүгнэлтэд:
8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх2-10/
9. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх15/
10. “Ашид билгүүн” ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургууд /хх39-41, 43-44, 107-108/
11. Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх72/
12. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд /хх75-78/
13. Хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Э. нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р багийн нутаг дэвсгэрт “Гор газ” хийн түлшний цэгийн баруун талын засмал зам дээр Приус-10 маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Т.ын биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Хохирогч Т. нь Даюун маркийн мотоциклийг тээврийн хэрэгсэл жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож явсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ дахь заалтыг зөрчсөн боловч энэхүү осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Уг осол гарахад тээврийн хэрэгслийн жолооч Э.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан " ...уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Ц-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Э.Ц-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Гор газ” ослын бичлэг гэсэн бичигтэй, бичлэг бүхий сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Э.Ц-гийн №943279 дугаартай жолооны үнэмлэхийг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 09 сарын 17-ны өдрийн эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2019 оны 09 сарын 23-ны өдрийн 31 дугаартай тогтоолд “Яллагдагч Э.Цын №943279 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэгийг хураан авсан” гэж бичигджээ. Хэрэгт хураагдаж ирсэн №943279 дугаартай жолооны үнэмлэхийг үзэхэд уг үнэмлэх нь шүүгдэгч Э.Ц-гийнх байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцож буй этгээдийг яллагдагч гэж, яллагдагчаас хураан авсан жолооны үнэмлэхийг хохирогчоос хураан авсан мэтээр зөрүүтэй бичсэн байгааг цаашид анхаарч ийм алдааг дахин гаргахгүй байх талаар мөрдөгч, прокурор нарт анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Ц-нь хохирогч Т.т 176700 төгрөг төлсөн болох нь хэргийн 130-р хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байх тул хохирогчид 176700 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдав. Мөн шүүгдэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн эмчилгээтэй холбогдон гарсан гэх 1.500.000 төгрөгийн зардлыг төлсөн, осол гаргах үедээ унаж явсан тээврийн хэрэгслийг хохирол төлбөрт тооцож, хохирогчид хүлээлгэн өгсөн гэх боловч энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.
Хохирогч Т. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.гоос нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч .................. овгийн ....................... авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цд таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр дурдсугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 176700 /нэг зуун далан зургаан мянга долоон зуун/ төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт прокурорын 2019 оны 09 сарын 23-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор хураан авсан Э.гийн №943279 дугаартай жолооны үнэмлэхийг эзэмшигч ............ овгийн Э.Ц-д /РД: ................/-т буцаан олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.гоос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авсугай.
10.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ