Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00391

 

******* газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/11297 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нийгмийн даатгалын өр төлбөрт 375,544,201.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* газартай харилцах ******* ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас Нийгмийн даатгалын санд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй.

1.2. Хариуцагч нь 2025 оны 03 сарын 31-ний өдрийн байдлаар 2023 оны 01 сараас 2025 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл нийт нийгмийн даатгалын санд төлбөл зохих 232,775,628.36 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн.

1.3. Үүнтэй холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүн дээр хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож энэ алданги нь 50 хувиас хэтрэхгүй шаардлагын дагуу 142,768,573.7 төгрөг болсон. Иймд нийт 375,544,201.43 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч нь 2023-2025 оны хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлд төлөх төлбөрөөс 317,219,927.06 төгрөгийг төлсөн байгаа бөгөөд компанийн түүхий эдийн хомсдол, эдийн засгийн хүнд байдлын улмаас 232,775,628.36 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа хэдий ч аль болох хурдан хугацаанд өр төлбөрийг төлж барагдуулах арга хэмжээг авч ажилласаар байна.

2.2. Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас алданги 142,768,573.07 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд алданги нэхэмжлэх асуудал нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтад хамаарч байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдах асуудал биш, алданги тооцох урьдчилсан нөхцөл мөн бүрдээгүй гэж үзэж байна.

2.3. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн алданги 142,768,573.07 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгчтэй нийгмийн даатгалын шимтгэл 232,775,628.36 төгрөгийн хүрээнд тодорхой хугацаа тогтон эвлэрэх саналтай байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Нийгмийн даатгалын тухай хуулийн/1994 он/ 17 дугаар зүйлийн 1-ийн 1.1-ийн 4 дэх хэсэг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас нийт 349,163,442.54/гурван зуун дөчин есөн сая нэг зуун жаран гурван мянга дөрвөн зуун дөчин хоёр төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* газарт олгон, үлдсэн 26,380,758.89/хорин зургаан сая гурван зуун наян мянга долоон зуун тавин найман төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,903,767 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын тухай хууль нь 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон. Шинээр 2023 оны 07 сарын 07-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын Ерөнхий хууль 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.

4.2. Нийгмийн даатгалын газраас гаргасан алданги тооцсон тооцоололд алдангийг 2023 оны 01 сараас 12 capыг хүртэл 96,886,232.55 төгрөг, 2024 оны 01 сараас 12 cap хүртэл 45,882,340.60 төгрөг, нийт алданги 142,768,573.15 төгрөг байхаар тооцсон.

4.3. Анхан шатны шүүхээс ... 2023 оны 01 сараас 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын харилцаанд Нийгмийн даатгалын тухай хуулийг/1994/ хэрэглэх үндэслэлтэй байна гэж зөв дүгнэсэн ч алдангид холбогдох хэсгийг тооцохдоо хуулийг буруу хэрэглэсэн.

4.4. ******* газраас ******* ХХК-д холбогдуулан 2023 оны алданги 96,886,232.55 төгрөгийг шаарддаг бөгөөд энэ нь 1994 онд батлагдан 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжсэн Нийгмийн даатгалын тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар байгаа юм. 1994 оны нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тусгасан. Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994/ 20 дугаар зүйлийг 2020 оны 01 сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэсэн заасан. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-т Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцох ба нийт шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.8-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал тогтоосон. Уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт нийгмийн даатгалын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17, 15 дугаар зүйлийн 15.2.1-т заасан зөрчлийг шалгах эрх олгосон.

Иймээс 2023 онд холбогдох алдангийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хянан шийдвэрлээгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу алданги нэхэмжлэх үндэслэлгүй болно.

4.5. Нийгмийн даатгалын газраас гаргасан алданги тооцсон тооцоололд алдангийг 2023 оны 01 сараас 12 cap хүртэл 96,886,232.55 төгрөг, 2024 оны 01 сараас 12 cap хүртэл 45,882,340.60 төгрөг, нийт алданги 142,768,573.15 төгрөг байхаар тооцсон.

4.6. 2024 оны алдангид 45,882,340.60 төгрөгийг нэхэмжилсэн. ******* ХХК нь 2024 онд алданги тооцсон талаар шүүхийн нэхэмжлэлээс мэдсэн бөгөөд ******* ХХК-д 2024 оны алдангитай холбоотой ямар нэгэн албан шаардлага, акт зэргийг өгч байгаагүй.

4.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс заавал хариуцагч талд алданги төлөх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах, мэдэгдэх үүрэггүй гэж шүүх хуралд гаргасан тайлбартаа дурдсан байдаг.

4.8. 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32.1-д ажил олгогчийн эрхийг тодорхойлсон, 32 дугаар зүйлийн 32.1.5-д ... Нийгмийн даатгалын байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагаа, шийдвэрийн талаарх гомдлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах, 32.1.6-д ... гомдлыг Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандах гэж тодорхойлсон. Мөн тус хуулийн 42 дугаар зүйлд маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн талаар тусгаж, төв болон салбар зөвлөлтэй байхаар тусгасан.

4.9. Мөн хуулийн 42.9-д Даатгуулагч, хүн, ажил олгогч, нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөө, маргааныг шийдвэрлэсэн салбар зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл төв зөвлөлд, төв зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд хандана гэж заасан.

4.10. 2023, 2024 оны алдангитай холбоотой хэсэгт ******* ХХК нь ******* газартай санал нийлэхгүй, саналын зөрүүтэй байсан. Тиймээс 42.9-д заасны алдангитай холбоотой хэсэгт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүйгээр шууд шүүхэд хандсан нь хууль зөрчсөн, шүүхээс дээрх байдлыг үнэлээгүй.

4.11. Мөн Засгийн газраас 2023 оны 12 сарын 27-ны өдөр Нийгмийн даатгалын улсын байцаагчийн дүрэм-ийг баталсан. Тус дүрмийн 3.1, 3.5, 5.2-д зааснаар ******* байгууллагын байцаагчийн зүгээс акт, албан шаардлагаа хуулийн дагуу бидэнд өгсөн тохиолдолд бид дээд шатны байгууллагад нь хандан шийдвэрлүүлэх боломжтой байсан. Энэ эрхийг хангуулаагүйгээр алданги тооцсон нь үндэслэлгүй байна.

4.12. Мөн удаа дараа тооцоо нийлсэн акт үйлдэхдээ алданги төлөх талаар дурдаж байгаагүй, алдангитай холбоотой хэсэг нь хоосон байсныг дурдаж байна. Тиймээс 2023, 2024 оны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс үүссэн алдангиас хангаж шийдвэрлэсэн 116,387,814.26 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. 2024 оны 07 сарын 06-ны өдөр Нийгмийн даатгалын шинэ ерөнхий хууль батлагдсан. Хариуцагчийн тайлбараар 1994 оны Нийгмийн даатгалын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дугаар тогтоолоор баталсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм, Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм зэрэг нь шинэ хууль батлагдсанаар хүчингүй болсон.

5.2. ******* ХХК нь 2023 оны 01 сараас 2025 оны 02 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын санд төлбөл зохих байсан мөнгийг төлөөгүй ба энэ нь нийгмийн даатгалын сангийн өр барагдуулах маргаан. Хүчингүй болсон хуулийг хэрэглэхгүй гэж үзэн 2024 оны 01 сарын 01-ний өдөр батлагдсан шинэ хуулиар маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

5.3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т нийгмийн даатгалын шимтгэл төлөгч гэж энэ хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд шимтгэл төлөх үүрэг хүлээсэн даатгуулагч, ажил олгогч, төр, хуулийн этгээдийг, мөн хуулийн 21 дүгээр зүйлд хугацаа заасан байдаг. Нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтны цалин хөлснөөс зохих хувь хэмжээгээр суутгаад хуульд заасан хугацаанд төлнө гэж заасан. Мөн хуулийн 32 дугаар зүйл Ажил олгогчийн эрх, үүрэг заасан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх харилцааг зохицуулсан журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан. Энэ хуулийн дагуу А/199 журам батлагдсан. Энэ журмаар төлөгдөөгүй шимтгэлийн өрийг хэрхэн яаж гаргуулах журам, өрийн насжилтын хугацааг заасан.

5.4. Тухайн журмын 6.6.5-д 271 буюу түүнээс дээш хоногийн насжилттай болон энэ журмын 6.6.4-т заасан гэрээний хугацаанд шимтгэлийн өрөө барагдуулаагүй тохиолдолд хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх тухай заасан. Мөн хуулийн 30 дугаар зүйлд Нийгмийн даатгалын шимтгэлийн өр гэж заасан. Үүнд юуг тооцох вэ гэхээр нийгмийн даатгалын шимтгэл, алданги ордог.

5.5. Нийгмийн даатгалын байгууллагын төлөгдөөгүй шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1-т төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно.

5.6. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу ******* ХХК-д шимтгэл төлөгдөөгүй хугацаанд алданги тооцож үндсэн шимтгэл дээр нэмж шаардсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* газар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 375,544,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь 232,775,628 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч маргаагүй, харин алданги 142,768,573 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ХХК нь 2023 оны 01 сараас 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны байдлаар даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлд төлөөгүй 208,772,465 төгрөг, 2024 оноос хойших хугацааны байдлаар 24,003,163 төгрөг, нийт 232,775,628 төгрөгийн өр төлбөртэй. Энэ талаар талууд маргаагүй.

 

4. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас нийт 349,163,442 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* газарт олгож шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс алдангийг буруу тооцоолсон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, хариуцагч ******* ХХК-аас 307,408,949 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

 

4.1. Нэхэмжлэгч байгууллагын шаардлагад дурдсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр үүссэн хугацаа нь 1994 оны Нийгмийн даатгалын тухай хууль, 2023 оны Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа ******* ХХК нь 2023 оны 01 сараас 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны байдлаар даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлд төлөөгүй 208,772,465 төгрөгт тооцогдох алдангийг 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг баримтлан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна.

 

4.2. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0,1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна. гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч ******* газар нь 2023 оны 01 сараас 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны байдлаар даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлд төлөөгүй 208,772,465 төгрөгт тооцогдох 62,631,739 төгрөгийн алданги шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээг тооцсон нь үндэслэлгүй ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, хэлцлээр тохиролцсон алдангид тусгай харилцааг зохицуулсан хуулиар тогтоох алдангид хамааралгүй.

 

Хэдийгээр Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн гэсэн нөхцөлийг заасан боловч агуулгын хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөх алдангийн хэмжээг заасан тул уг зохицуулалтыг хэрэглэж, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй хариуцлагыг тооцох нь хууль ёсны зарчимд нийцнэ.

 

4.3. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заажээ.

 

Хариуцагч байгууллагын 2024 оноос хойших хугацааны нийгмийн даатгалын өр 24,003,163 төгрөгийн 50 хувиар тооцож, 12,001,581 төгрөгийн алданги шаардах эрхтэй.

 

4.4. Хариуцагч байгууллагаас даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлд төлөөгүй өр төлбөрийн хуулиар тогтоосон алдангид 74,633,320 төгрөгийн алданги гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

5. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргийг ажил олгогч хүлээнэ. Мөн, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч байгууллагаас Авлагын дансны эерэг тулган баталгаажуулалт үйлдсэн, нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлагыг хариуцагчид хүргүүлж байсан, нийгмийн даатгалын шимтгэл барагдуулах талаар уулзалт хийсэн тэмдэглэл үйлдсэн, мөн хариуцагчийн дансны зарлагын гүйлгээг түр зогсоож, шимтгэл, алданги төлүүлэх тухай албан бичгийг ХААН банк руу явуулсан зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн.

 

Талууд 2024 оны 01 сарын 10-ны өдөр Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулж, уг гэрээгээр 208,772,465 төгрөгийг 2024 оны 01 сарын 25-ны өдрөөс 2024 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 6 хувааж төлөхөөр тохиролцож, баталгаажуулсан байна.

 

Ажил олгогч байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнд ногдох хуулиар тогтоосон алданги буюу хариуцлага хүлээх тул хяналт шалгалтын ажиллагаа явуулсан эсэхээс үл хамааран нийгмийн даатгалын шимтгэлийн нэгэн адил төлөх үүрэгтэй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/11297 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас 307,408,949 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* газарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 68,135,252 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 1,903,767 ... гэснийг ... 1,694,995 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 739,889 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.НЯМСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД  Н.ОЮУНТУЯА

 

 

С.ЭНХБАЯР