Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 651

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багт оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОВ64071506, Цагаан тохой овогт Лэгзэнгийн Тэрбишийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Л.Тэрбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1964 онд төрсөн, 52 настай. Би 1982 оноос 1983 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Давст сумын Алдар нэгдэлд 1982 оноос 1983 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан А.Бужилдай, Ж.Оюун нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Л.Тэрбиш нь 1982 оноос 1983 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

         Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Лэгзэнгийн Тэрбишийн 1982 оны 1 дүгээр сар, 1982 оны 3 дугаар сараас 1983 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

       Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч А.Бужилдай, Ж.Оюун нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч А.Бужилдайгийн “Миний бие нь 1961 оноос 1992 оны хооронд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд мал маллаж байсан. Л.Тэрбиш нь 1982 оноос эхлэн илгээлтээр малчин болж Алдар нэгдэлд малчнаар ажиллах болсон. Л.Тэрбиш нь одоо ч Давст сумандаа мал маллаж амьдарч байгаа. Давст сумын Алдар нэгдлийн даргаар Магалжав, Аюурзана гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ж.Оюуны “Миний бие нь 1974 оноос 1994 оны хооронд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар, Давсны уурхайд ажилчнаар тус тус ажиллаж байсан. Намайг Алдар нэгдэлд малчнаар ажиллаж байхад Л.Тэрбиш нь 1982 оноос эхлэн тус нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба 1983 оныг дуустал малчнаар ажилласан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

       Нэхэмжлэгч Л.Тэрбиш нь 1982 оноос 1983 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч А.Бужилдай, Ж.Оюун нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

       Иймд нэхэмжлэгч Л.Тэрбишийн хүсэлтийг хангаж, түүний 1982 оноос 1983 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар 2 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Л.Тэрбиш нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1752 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.                   

      Нэхэмжлэгч нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.         

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Цагаан тохой овогт Лэгзэнгийн Тэрбишийн 1982 оноос 1983 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар 2 /хоёр/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.            

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Л.Тэрбиш нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ