Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/00415

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 07-ны өдрийн 192/ШШ2026/00365 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 396,795,486 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* /цахимаар/, түүний орчуулагч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь *******-д 2023 оны 03 сарын 30-ны өдрөөс 2025 оны 04 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хүүхдийн сургалтын төлбөр төлөх хугацаа боллоо, бусдын төлбөрийг төлөх гэсэн юм, хоолны газар ажиллуулах гэсэн юм гэсэн гуйлтаар нийт 19 удаагийн үйлдлээр 779,173 юанийг зээлдүүлсэн.

1.2. Зээлийг хариуцагчийн данс руу шилжүүлэх, зээлийн картаар төлөх, хариуцагчийн Таобао болон Алибаба худалдааны программ ашиглан худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг төлөх зэргээр шилжүүлсэн.

1.3. 2025 оны 04 сарын 17-ны өдөр талууд Зээлийн тохирлыг баталгаажуулах тухай гэрээг байгуулж, гэрээгээр зээлдэгч нь 779,173 юанийг зээлдэгчид 2025 оны 05 сарын 25-ны өдрөөс өмнө төлөх, зээлдэгч зээлээ төлөөгүй тохиолдолд үндсэн зээлээс жилийн 3 хувийн хүү тооцохоор харилцан тохиролцсон.

1.4. Зээл төлөх хугацаа дууссан ба зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөрөө төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханш 1 юань 204.21 төгрөг байгаа бөгөөд үндсэн зээл, хүүг тооцоход үндсэн зээл 392,866,818 төгрөг, хүү 3,928,668 төгрөг, нийт 396,795,486 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.5. Хариуцагч нь Монгол улсад оршин суух зөвшөөрөлтэй, Улаан анар компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2.1-т зааснаар Монгол улсын иргэний шүүхээр шийдвэрлүүлэх маргаан, энэ хэргийн хариуцагч нь юм гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч болон хариуцагч нь БНХАУ-ын иргэн, мөн уг зээлийн гэрээний үүрэг гээд байгаа үйл явдал БНХАУ-д болсон, БНХАУ-ын банкаар шилжигдсэн, уг баримтыг БНХАУ-д үйлдсэн бөгөөд мөнгө зээлээгүй хамтран хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулсан үйл баримтууд юм. Иймд уг хэрэг маргаан БНХАУ-ын шүүхээр шийдэгдэх ёстой байтал Монгол улсын шүүх хэргийг хүлээн авч шийдэх гэж байгааг ойлгохгүй байна.

2.2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ *******ыг төлөөлж оролцуулах итгэмжлэлийг хавсаргаж өгсөн. Уг итгэмжлэлд албан ёсны орчуулгыг хавсаргаж ирүүлээгүй байтал шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй. Сүүлд нөхөж ирүүлсэн нь хэрэгт авагдсан.

2.3. Мөн хариуцагч нь монгол хэл мэдэхгүй гадаад улсын иргэн байтал шүүх орчуулагч оролцуулахгүй нэхэмжлэлийн хувийг гардуулж өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон.

2.4. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах ёстой, зээлийн тохиролцоо гээд байгаа бичигт зурагдсан гарын үсэг хариуцагчийнх мөн дарагдсан хурууны хээ нь хариуцагчийн хурууны хээ гэдгийг хэн яаж батлаад байгаа юм.

2.5. Хамтарч үйл ажиллагаа явуулж байсан ба түүнтэй холбоотойгоор дансаар мөнгө төгрөг өгч авалцаж байсан үйл явдал. Хамтарч ажиллаж байсан болохоор л мөнгө шилжүүлж байсан учраас зээлийн үүрэг гэж шаардаж байгааг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-ээc зээлийн гэрээний үүрэгт 396,795,486 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,141,927 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.4-т заасан. Хуулийн тус заалтын дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д 2023 оны 03 сарын 30-ны өдрөөс 2025 оны 04 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 19 удаагийн үйлдлээр 779,173 юанийг зээлдүүлсэн.

4.2. Ийнхүү талуудын хооронд зээлийн харилцаа үүсэн хэрэгжсэн, зээлдүүлэгч *******-оос зээлдэгч *******-ийн хувийн данс руу шилжүүлэх, заримыг зээлийг зээлийн картаар төлөх, *******-ийн Taobao болон Alibaba худалдааны программ ашиглан худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг төлөх зэргээр мөнгийг шилжүүлж, зээлдэгч ******* мөнгийг хүлээн авсан байдаг.

4.3. Талууд зээлийн амаар байгуулсан хэлцлээ бичгийн хэлбэрт оруулж, тооцоо нийлж баталгаажуулан, гэрээний хугацаа, хүү тооцсон зэрэг нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох хуулийн заалттай нийцэж байгаа юм.

4.4. Гэтэл анхан шатны шүүх, нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа 2023 оны 06 сарын 01-ний өдөр, 2025 оны 04 сарын 17-ны өдрийн зээлийн хуудас гэх баримтууд болон талуудын тайлбараар зээлдүүлэгч ******* нь зээл гэх 779,173 юанийг зээлдэгч *******-ийн өмчлөлд шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, гомдолтой байна.

4.5. Мөн хэрэгт нэхэмжлэгчээс нотлох баримтаар өгсөн 2025 оны 04 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар Зээлийн тохирлыг баталгаажуулах тухай гэрээг байгуулж, зээлдэгч ******* нь 779,173 юанийг зээлдэгч *******-д 2025 оны 05 сарын 25-ны өдрөөс өмнө төлөх, зээлдэгч зээлээ дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд үндсэн зээлээс жилийн 3 хувийн хүү тооцохоор харилцан тохиролцон гарын үсгээ зурж, хурууны хээгээр баталгаажуулсан баримт нь хариуцагч ******* нь нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн, зээлсэн мөнгөө тохиролцож баталгаажуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж, бичгээр гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон байхад ... мөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлээгүй ... гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн гомдолтой байна.

4.6. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгсөн бол үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн гэж үзнэ гэж заажээ.

4.7. *******-ooc мөнгө, төлбөрийг хариуцагчид өөрт нь болон худалдааны цахим сайтад шилжүүлж байсныг хариуцагч ******* хүлээн зөвшөөрсөн, мөн баталгаа, баримт гарган өгч, 2025 оны 04 сарын 17-ны өдрийн гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан заалтад нийцэж байгаа.

4.8. Зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт зааснаар үнэлээгүйгээс зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар алдаатай дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

4.9. Хэрэгт хамтран хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулсан талаарх нэг ч нотлох баримт авагдаагүй бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй хамтран хөрөнгө оруулсан талаарх баримт хэрэгт огт байхгүй байхад хамтран хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулсан үйл баримтууд гэх тайлбар үндэслэлтэй гэж дүгнэсэн нь урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн хуулийн заалтыг шүүх зөрчсөн байна.

4.10. Түүнчлэн хариуцагч ******* 2025 оны 04 сарын 17-ны өдрийн зээлийн тохирлыг баталгаажуулах тухай гэрээнд өөрөө гарын үсгээ зурж, хурууны хээгээр баталгаажуулсан талаарх үйл баримт бий болсон. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд бус бүхэлд нь авч хэлэлцэнэ гэж найдаж байна. 2026 оны 01 сарын 07-ны өдрийн 192/ШШ2026/00365 дугаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан.

5.2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээг хуульчилсан. Зээлийн гэрээний агуулга нь бусдад мөнгө шилжүүлж, авсан мөнгөө буцааж төлөх байдаг. Талууд хүү, алдангийг тохирохын тулд зээлийн гэрээг бичгээр байгуулдаг.

5.3. Хэрэв зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд дахин бичгээр байгуулж, хүү, алдангийг тохиролцдог бөгөөд хугацааг дууссанаас хойш 1 хоногийн дотор бичгээр сунгадаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудад зээлийн гэрээ байхгүй бөгөөд хэрэгт бараа бүтээгдэхүүнд төлсөн баримт авагдсан бөгөөд энэ талаарх үйл баримтыг талууд хүлээн зөвшөөрдөг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 396,795,486 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2.1-т зааснаар хариуцагч нь Монгол Улсад байнга оршин суудаг буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэсэн талаар эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тодруулбал, хариуцагчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлсэн үйл баримт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад болсон, талууд гадаад улсын иргэн боловч хариуцагч Монгол Улсад байнга оршин суудаг нь хэргийг Монгол Улсын шүүх хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэл болно.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүйн улмаас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулна.

 

4.1. Хэрэгт авагдсан 2023 оны 06 сарын 01-ний өдрийн Зээлийн хуудсанд ... 300,000 юань зээлсэн ..., ... 2024 оны 06 сарын 14-ний өдөр эргэн төлнө ... гэж хариуцагч ******* гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

4.2. Талууд 2025 оны 04 сарын 17-ны өдрийн Зээлийн тохирлыг баталгаажуулах тухай хуудаст ... ******* нь *******-д 779,173 юанийг зээлнэ ... гэж дурдаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан хэлцэл, түүний хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан журмаар тайлбарлахад нэхэмжлэгч нь хариуцагч талд зээл гэсэн агуулгаар хожим хэлцэл байгуулж, улмаар хариуцагчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлсэн байдлыг зөвшөөрч, үнийн дүнг нэгтгэн тооцоо нийлсэн байна.

 

Тодруулбал, хариуцагч нь 2023 оны 06 сарын 01-ний өдрийн Зээлийн хуудаст ... 300,000 юань зээлсэн ..., ... 2024 оны 06 сарын 14-ний өдөр эргэн төлнө ... гэж, 2025 оны 04 сарын 17-ны өдрийн Зээлийн тохирлыг баталгаажуулах тухай хуудаст ******* нь *******-д 779,173 юанийг зээлсэн болохыг зөвшөөрсөн хүсэл зоригийг илэрхийлж гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хэлцэл байгуулагдсан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүсэл зоригийн илэрхийллийг харьцуулан дүгнэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

6. Талуудын хооронд байгуулсан 2023 оны 06 сарын 01-ний өдрийн Зээлийн хуудас нэртэй баримт, 2025 оны 04 сарын 17-ны өдрийн Зээлийн тохирлыг баталгаажуулах тухай гэх нэртэй баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

 

Хариуцагч нь ... талууд хамтран амьдарч байсан, дээрх баримтыг дарамталж зуруулсан гэсэн тайлбар, татгалзал болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг нэгтэн дүгнэсэн баримтыг үгүйсгэх баримтыг шүүхэд гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн татгалзлыг баримтаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2025 оны 04 сарын 17-ны өдрийн Зээлийн тохирлыг баталгаажуулах тухай баримтад дурдсан 779,173 юанийг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны нэрлэсэн ханш 504.21 төгрөгөөр тооцож, нийт 392,866,818 төгрөг гаргуулахаар хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *******-ээс 392,866,818 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосон өөрчлөлт оруулна. Энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

 

7. Нэхэмжлэгч нь 2025 оны 04 сарын 17-ны өдрийн Зээлийн тохирлыг баталгаажуулах тухай баталгааны хуудас нэртэй баримтад талууд ... Зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч хэдийд ч эргэн төлөлтийг шаардаж, төлөгдөөгүй үндсэн зээлээс жилийн 3%-ийн хүү тооцож болно. гэж дурдсан боловч энэ баримтыг үндэслэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул зээлийн гэрээний хүү 3,928,668 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан зарим нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлээгүй, мөн зарим баримт хуулбар хувь буюу нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 10-17, 55-64, 79-90 дэх тал/

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт зээлийн гэрээний хүү шаардах эрхийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг нэмж баримталсан өөрчлөлт оруулна.

 

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 07-ны өдрийн 192/ШШ2026/00365 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-ээс 392,866,818 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,928,668 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,141,927 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2,122,284 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,141,927 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.НЯМСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

 

С.ЭНХБАЯР