Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 792

 

 

                                                           

 

 

 

\

    2019       10           17                                2019/ШЦТ/792

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Батгэрэлийн Хатанбаатарт холбогдох эрүүгийн 1911020640907 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Лаки лайф” ХХК-д барилгын засал чимэглэл ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Баянгол сумын 5 дугаар багт оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Сурагчийн 227 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Батгэрэлийн Хатанбаатар /РД:ЙД01212731/,

Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа спорт заалны барилга дээр “тоосго буруу өрлөө” гэх шалтгааны улмаас О.Тэлмэнтэй маргалдан нүүр хэсэгт нь толгойгоороо мөргөж О.Тэлмэнгийн биед “уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд хоёр шүдний сулрал, хүзүүнд цус хуралт” бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв. 

Шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн орчимд би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа спорт заалны барилгын ажил дээрээ шавар зуураад байж байсан ба тухайн үед миний хажууд манай ажлын залуу Тэлмэн өрлөг өрөөд сууж байсан. Би Тэлмэнгийн өрлөгийг хартал тоосгоо буруу өрөөд байхаар нь би түүнд зааварлаад чи буруу өрөөд байна тоосгоныхоо амыг дарж өрдөг юм гэж хэлтэл Тэлмэн дургүйлхээд надад хандаж “чи одоо хэн юм, хэн болчихоод надад заагаад байгаа юм” гээд уурласан ба бид хоёр хоорондоо ална, тална гээд л шууд муудалцаж заамдалцсан. Тэр үед манай ажлын хүмүүс та хоёр боль гээд салгасан. Тэгээд хоёр тийшээ салчихаад тус тусын ажлаа хийж байтал Тэлмэн надад хандаж “чи ахдаа ингэх болоогүй шүү, муу чяцага минь” гээд томроод байхаар нь би түүнд хандаж хоёулаа ингэж маргалдаж байхаар гараад эр хүн шиг зодолдъё гэтэл Тэлмэн зөвшөөрөөд гарсан. Тэлмэн барилгын үүд орчимд ирээд ахын дүү араа дааж чадах юм уу? гэхээр нь би ар мар гээд байх зүйл байхгүй хоёулаа үзчихье гэтэл Тэлмэн намайг ямар овоо банди вэ гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би тэсэлгүй түүний нүүрэн тус газарт ам хэсэг рүү нь нэг удаа мөргөөд, үргэлжлүүлээд цээж хэвлий хэсэг рүү нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохиод больсон. Тэгтэл Тэлмэн утсаар хүн рүү ярьж байх шиг байсан ба удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан...”, “...Би уураа барьж дийлэхгүй түүнийг мөргөж, зодож гэмтэл учруулсандаа гэмшиж байна, миний буруу. Би Тэлмэнгээс уучлалт гуйсан...” гэх /хх-ийн 28-29х/,

Хохирогч О.Тэлмэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн орчимд би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Спорт заалны барилга дээр тоосгоны өрлөг хийж байтал манай ажлын Хатанбаатар над дээр ирээд тамхи асуухаар нь би байхгүй гэж хэлсэн. Тэгтэл наад тоосгоо буланг нь дараад өр гэхээр нь би мэдэж байна гэж хэлсэн. Тэгтэл над дээр дахин ирж тамхи асуусан. Би байхгүй гэсэн, тэгтэл намайг чи яасан том болчихсон юм гэж хэлээд үгийн зөрүүгүй нүүрэн тус газарт ам хэсэг рүү мөргөчихсөн. Тэгээд намайг дахиад бие рүү цохиж байх шиг байсан. Би мөргүүлээд толгой доргиод дараа нь яаж цохиулснаа мэдээгүй. Тэгтэл манай хамт ажилладаг Бямбаа ах ирээд салгасан. Хатанбаатарт мөргүүлснээр дээд, доод уруул язарч, үүдэн хоёр шүд хөдөлж гэмтсэн. Тэгээд би цагдаа дуудсан...”, “...өмнө нь надтай маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Энэ хэрэг болсон өдөр ямар ч шалтгаангүйгээр намайг өдсөөр байгаад зодож гэмтэл учруулсан..” гэх /хх-ийн 14х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9328 дугаартай дүгнэлт:

-О.Тэлмэнгийн биед уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд хоёр шүдний сулрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

-Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх /хх-ийн 21х/,

Шүүгдэгч Б.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.   

Хохирогч О.Тэлмэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 300,000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй тул Б.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Батгэрэлийн Хатанбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар биелүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Иргэний журмаар хохирогч О.Тэлмэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД