Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ХШТ/57

 

Т.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар, хохирогч Ч.О, түүний өмгөөлөгч Э.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 765 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар магадлалтай, Т.Х-д холбогдох 2210017370671 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогч Ч.О, түүний өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, *** төвд мэргэжилтэн ажилтай, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн Б овогт Т-ийн Х.

Холбогдсон хэргийн талаар:

Т.Х нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, *** хотхоны ** дүгээр байрны ** тоот гэртээ байхдаа “Lenovo” загварын зөөврийн компьютероор хохирогч Ч.О-гийн Худалдаа хөгжлийн банкны ****** тоот дансанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 9.800.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 765 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овгийн Т-ийн Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-д 350 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Х нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-гаас 7.800.000 /долоон сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.О-д олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны  02 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/765 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Т.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.  

Прокурор Б.Өлзийжаргал хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “... Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ хянан шийдвэрлэхдээ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримтад тулгуурлан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн үндсэн ойлголт, хууль хэрэглээний талаарх шүүхийн практикаас зөрүүтэйгээр тайлбарлан хянан шийдвэрлэсэн гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авснаар төгссөнд тооцдог  “хууль бусаар" гэдэг нь гэмт этгээд хохирогчийн эд хөрөнгийг өөрийн өмчийн адил захиран зарцуулах, эзэмших, ашиглах эрхгүй байдгаар тайлбарлагдана.

Хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн гэрч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Т.Х, хохирогч Ч.О нар нь албан ёсны гэр бүлийн баталгаатай боловч хамтран амьдрах боломжгүй нөхцөл байдлын улмаас 2019 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн, 2021 оноос Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Т.Х-г Ч.О болон түүний хоёр хүүхдээс тусдаа амьдрахыг даалгасан үүрэг хүлээлгэсэн, мөн нөгөөтэйгүүр хохирогч Ч.О нь шүүгдэгч Т.Х-н хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан гэх 9.8 сая төгрөгийг “сэтгэл зүйч, уламжлалтын эмчийн ажил эрхэлсэн орлого бөгөөд хөдөө явах, мөн хувь хүнээс авсан зээлээ төлөхөөр хурааж байсан мөнгө” гэж тайлбарлан мэдүүлсэн зэргээс тэрээр нь ажил, эрхлэлт, түүний үр шим болох орлого өдөр тутмын ахуй амьдрал нь шүүгдэгч Т.Х-аас тусдаа байсныг нотолж байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс эд хөрөнгө өмчлөх, эзэмшихтэй холбоотой шүүгдэгч Т.Х-н өөрийн нэр дээр гарааш худалдан авахаар 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр *** ХХК-тай гэрээ байгуулан, урьдчилгаа мөнгө 15 сая төгрөгийг шилжүүлж байсан, гараашийг Ч.О миний зөвшөөрөлгүйгээр борлуулагчтай нийлж, өөрийн ээжийн нэр лүү шилжүүлж байсан” гэх мэдүүлэгт үндэслэн, түүний Ч.О-гийн данснаас мөнгө шилжүүлэн авсан үйлдлийг зөвтгөн, гэмт хэрэг биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Учир нь шүүгдэгч Т.Х болон хохирогч Ч.О нар нь тусдаа амьдарч байсан хугацаанд Т.Х нь гэр бүлээ тэжээн тэтгэх санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй тухай мөрдөн шалгах ажиллагаа болон анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлдэг.

Хохирогч Ч.О-ийн нэр дээр бүртгэлтэй түүний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансанд байсан гэх 10 сая төгрөг нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд орсон орлого буюу гэмт хэрэг үйлдэгдэхээс 10 хоногийн доторх хугацаанд олсон орлого байдаг. Уг Худалдаа хөгжлийн банк нь 5 сая төгрөгийн гүйлгээнээс дээш гүйлгээнд интернет банкны нууц үг шаардагдах бөгөөд шүүгдэгч нь 4.900.000 төгрөгөөр хоёр удаагийн гүйлгээгээр хохирогчийн данснаас 9.800.000 төгрөгийг авсан үйлдэл нь хохирогчийн зөвшөөрөлгүйгээр түүний хувийн эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь харагдаж байна.

Давж заалдах шатны шүүхээс “... дансыг хохирогч болон шүүгдэгч нар хэрхэн ашиглаж байсан нь тодорхойгүй, хохирогч Ч.О-гийн дансны хуулганаас зөвхөн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны 1 сарын лавлагааг авч хэрэгт бэхжүүлсэн, шүүхийн шийдвэрээр тус тусдаа амьдрахыг даалгасан хугацаанд Ч.О-гийн дансны орлого нь түүний хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй гэж хуваарьт эд хөрөнгийн талаар, тодорхойлолт ухагдахууныг хэт явцууруулан тайлбарласан” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хулгайлах” гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэж, гэмт хэргийн талаарх үндсэн ойлголтыг үндэслэлгүйгээр тайлбарласан, мөрдөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Ч.О-гийн мэдүүлгийг мэдүүлгийг бүрэн үгүйсгэх нотлох баримт байхгүй байтал шүүгдэгч Т.Х-н гарааш худалдан авахаар урьдчилгаа мөнгө шилжүүлсэн, уг гараашийг Ч.О нь бусдад шилжүүлсэн гэх өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой маргаантай холбон тайлбарлаж, түүний гэм бурууг үгүйсгэж байгаа нь учир дутагдалтай бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс илтэд өөр шийдвэр гаргаж, хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Т.Х-д холбогдох эрүүгийн 2210017370671 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Х-г цагаатгаж шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024/ДШМ/176 дугаартай магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн   1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар бүхэлд нь хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хохирогч Ч.О хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Иргэн Ч овогтой О миний бие өмгөөлөгч Э.Туулын хяналтын журмаар гаргасан гомдолтой санал нийлж давж заалдах шатны шүүхэд гомдолтой байна. Т.Х-н удаа дараагийн дарамт шахалтаас болж 2020 оны 09 дүгээр сараас гэрээсээ хөөгдөж 2 хүүхдээ авч түрээсийн байраар амьдарч, салах өргөдлөө  2021 оны намар шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн шийдвэрээр эвлэрлийн 3 сарын хугацаа өгөх шаардлагагүй учир нь удаа дараагийн хүчирхийлэл үйлдэж байсныг үндэслэн 2022.04.18-ны өдрийн захирамжаар тусдаа амьдрахыг даалгасан шийдвэр гаргасан байдаг.

Гэтэл өнөөдрийг хүртэл Т.Х-н зүгээс бид гуравт хүүхдийн мөнгө, хоол ундны төлбөр өгөх нь битгий хэл хулгай хийж, 2022.07.06-ны өдөр олон хоногийн наадмын өдрийг тооцоолон хүлээж байгаад дансанд байсан бүх мөнгийг минь хоосолж хулгайлсан байдаг. Уг данс нь миний өөрийн нэг хүн дээр эзэмшдэг данс юм. Ингэж хүү, охин бид гурвыг олон хоногийн баярын өдрөөр хоосон хонуулж эдийн засгийн хүчирхийлэл үйлдсэн байхад давж заалдах шатны шүүх Т.Х болон түүний өмгөөлөгчийн үндэслэлгүй тодорхой бус цаг хугацааны чулууны талаар ярьж хийсэн хэргээ хаацайлсан башир ярианд үндэслэн шийдвэр гаргасан. Үүнд маш их харамсаж гомдолтой байна. Монгол Улсад иргэн байх хувь хүн гэдэг үнэт зүйл орон зай гэж байдаггүй юм уу. Би түүний эхнэр байсандаа яагаад ийм болон хууль бус, хувь хүний хандлага ёс зүйгээс хэтэрсэн үйлдэл гаргаад байгааг нотолж байхад ийм учир дутагдалтай шийдвэр гаргав. Иймд Монгол Улсын дээд шүүх та бүхэн Ч.О миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Туул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоо: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн         16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалт, шүүхийн шатанд бүрэн тогтоосон. Гэмт хэрэг гарсан цаг хугацаа нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бөгөөд энэ үед гэрлэгчдийг тус тусдаа амьдрахыг даалгасан Иргэний шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байсан.

Иргэний хуулийн “126.1.Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Х-н “гэр бүлийн дундын өмч хөрөнгөөс өөрөө дур мэдэн авсан” гэсэн нь үндэслэлгүй юм.

Хохирогч Ч.О-гийн дансны хуулгыг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны 1 сарын лавлагааг таслан авч хэрэг бэхжүүлсэн гэж шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон байна. Хохирогч Ч.О-гийн халдлагад өртөхөөс өмнө Худалдаа хөгжлийн банкны ****** тоот дансны хуулгаар гэмт хэрэг гарахын өмнөх байдлаар 10.135.621.13 төгрөг байсан байна.

Дансны хуулгаар түүний дансанд цугларсан 10.135.624 төгрөгийн орлого нь дараах цаг хугацааны орлогоос бүрдсэн байна.

- 2021.07.02 -нд 2 удаагийн орлогоор нийт 2.910.000 төгрөг,

- 2021.07.03-нд 9 удаагийн орлогоор нийт 8.630.000 төгрөг,

- 2021.07.05-нд 4 удаагийн орлогоор нийт 667.000 төгрөг буюу нийт 12.207.000 төгрөгийн энэ хугацаанд орлого олсон байсан.

Гэтэл шүүгдэгч Т.Х нь хохирогч Ч.О-гийн дангаараа эзэмшдэг данс руу нэвтэрч, Ч.О-д мэдэгдэлгүйгээр буюу түүний зөвшөөрөлгүйгээр 4.900.000 төгрөгөөр 2 удаа үргэлжилсэн үйлдлээр зарлага гарган, өөрийн данс руу авч, хохирогчийн дансанд 335.371.13 төгрөг үлдсэн байна.

Энэ хэргийг шийдвэрлэхийн тулд хохирогч Ч.О болон Т.Х нарын хамтын амьдралтай байсан хугацааны бүх дансны хуулгыг хэрэгт хавсаргах шаардлагагүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Т.Х нь энэ үйлдлээ “2021.03.07-нд автомашины зогсоол худалдан авах гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн мөнгөө авсан” гэж тайлбарлах боловч түүний мэдүүлэг нь гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг зөвтгөх шалтгаан болохгүй гэж үзэж байна. Учир нь 2021 онд Т.Х-н байгуулсан автомашин худалдан авах гэрээний урьдчилгаа мөнгөтэй холбоотой асуудал нь Ч.О-д хамааралгүй байна. Шүүгдэгч Т.Х-н бусадтай байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрийг Ч.О төлөх үндэслэлтэй гэж үзэх хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн баримт бичиг байхгүй байхад ийнхүү дураараа аашлан, бусдын банкны дансанд нэвтэрч, бусдын олсон орлогыг “гэрлэлт цуцалсан шийдвэр гараагүй” гэсэн үндэслэлээр хувьдаа авч, завшиж байгаа үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгасан шийдвэрийг эс зөвшөөрч, гомдолтой байна.

Гэрлэлтийг цуцалсан шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй ч 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн захирамж гарч, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 183/Ш32022/06456 дугаартай захирамжаар “урьдчилан арга хэмжээг хуулийн дагуу авч тусдаа амьдрахыг даалгасан” хугацааг хамтран амьдарсан хугацаанд бий болсон дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүх иргэний хэрэг үүсгэсэн 1513 дугаартай захирамжийг үндэслэсэн байх боловч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч, хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 183/Ш32022/06456 дугаартай захирамжийн биелэлтийг анхаарч үзсэнгүй.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс “хэрэгт авагдсан шүүгдэгч Т.Х-гаас гаргаж өгсөн бусад нотлох баримтуудыг хэргийн бусад баримтуудтай харьцуулан үнэлж, үндэслэлтэйгээр үгүйсгэж чадаагүй” гэсэн байна.

Энэтхэг улсаас оруулж ирсэн чулууг худалдан борлуулдаг талаарх мэдүүлэг, чулуу худалдан авсан баримт зэрэг нь 2019 оныг хамаарч байгаа болох нь шүүгдэгч Т.Х-гаас гаргаж өгсөн гадаад паспортны хилийн штамб, гадаад хэл дээр үйлдэгдсэн 2019 оны баримтууд, хаана, хэзээ авсан нь тодорхойгүй гэрэл зураг нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэн гарсан байгаад гомдолтой байна. Үүнд:

- Т.Х-гийн гадаад паспорт 1хх 89,

- K*** гэсэн гадаад хэл дээр үйлдсэн баримт 1хх 90,

- A*** гэх цахим хуудсаар 2020.05.27-ны өдрийн Энэтхэг улсаас оруулж ирсэн чулуутай холбоотой баримт 1хх 91 дэх талд авагдсан 4 гэрэл зураг,

- Суудлын автомашины дулаан зогсоол худалдах, худалдан авах гэрээ нь /хуулбар, дутуу/ нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэн давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн байгааг анхаарч үзнэ үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхад давж заалдах шатны шүүх нь цаг хугацааны хувьд 2019-2020 оны Энэтхэг улсаас чулуу авсан асуудлыг 2022 оны 07 дугаар сарын 06-нд нэг хүний, дангаараа эзэмшдэг данс руу хууль бусаар нэвтэрч, зөвшөөрөлгүйгээр мөнгө авсан үйлдлийг харьцуулан дүгнэж, няцаагаагүй гээд “Эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан цагаатгасан нь үндэслэлгүй байна.

Шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулах ажиллагаа дуусаагүй байгаа хэдий ч гэрлэгчид 2020 оны 09 сараас одоог хүртэл хамтран амьдраагүй байгаа нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, гэрлэгчид хамтран амьдарсан хугацаанд бий болсон, гэр бүлийн гишүүдийн нэгдмэл хэрэгцээ ашиг сонирхолд тулгуурлан, түүнийг хангах зорилгоор гэр бүлийн амьжиргааг баталгаажуулах үүднээс гэр бүлийн хамтран өмчлөх дундаа хөрөнгийг бүрдүүлсэн, гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах хөрөнгийг дундын өмч хөрөнгө гэж үзнэ.

Т.Х 2020 оны 09 сараас одоог хүртэл ганцаараа амьдарч байгаагаа өөрөө мэдэж байгаа, шүүгчийн тусдаа амьдрахыг даалгасан шийдвэрийг мэдэж байгаа /өөрөө хуралд оролцож сонссон учраас/ Ч.О өөрийнхөө данснаас 9.800.000 төгрөгийг авахыг зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж байсан.  Мэдсэн ч тэр хэзээ ч хүнийх нь хувьд хүндэлж байгаагүй, хүн шиг харьцаж байгаагүй шигээ санаатайгаар эдийн засгийн хувьд хохирол учруулж, түүнийг айдастай дарамттай байх хүслээ гүйцээхийн тулд энэ бүхнийг хийсэн. Т.Х орох оронгүйдээ биш, тэрээр Хүннү хотхонд 4 өрөө орон сууцанд ганцаараа амьдарч байгаа, тэр өлсөж, мөнгөгүй байсандаа биш тэр ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготой зөвхөн өөрийгөө арчлаад амьдрахад хангалттай нэгэн.

Хохирогч Т.О нь ХХБ-тай гэрээний үндсэн дээр өөрийн нэр дээр харилцах данс нээсэн бөгөөд энэ дансыг хэн нэгэнтэй хамтран эзэмшдэггүй, түүнчлэн гүйлгээ хийх зөвшөөрлийг Т.Х-д олгоогүй.

Интернетээр дамжуулан мөнгө шилжүүлэх үйлчилгээ авахын тулд банктай гэрээ байгуулж, мэдээлэл солилцох мэйл хаягаа баталгаажуулдаг. Т.Х нь хамтран амьдарч байсны хувьд Ч.О-гийн дансны дугаар, регистрийн дугаар, овог нэр, утасны дугаар, и-мэйл хаяг руу нэвтрэх нууц үгийг мэдэж байсан тул энэ бусдын хувийн мэдээллийг ашиглан интернет банкны нэвтрэх нэр, нууц үг мэйл хаягаар нь давхар орж, өөрийн данс руу мөнгө шилжүүлэн авсан байна. Т.Х нь яг энэ аргаараа Ч.О-гийн дансны мэдээллийг ашиглаж, түүний олсон бүх орлогыг хуваалцах зорилгоор ашигладаг бөгөөд түүний нэг нь энэ 9.800.000 төгрөгийг авсан үйлдэл юм.

Банкны дансаар 5 сая төгрөг болон түүнээс дээш дүнтэй гүйлгээ хийхэд данс эзэмшигч рүү утсаар мэссэж ирдэг үйлчилгээг хохирогч идэвхжүүлсэн байсныг шүүгдэгч Т.Х мэдэж байсан учраас түүнээс нууцлан 4.900.000 төгрөгөөр 2 удаа мөнгө шилжүүлэн авсан байгаа нь түүний гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлтийг тогтоогдож байна.

Хохирогч Ч.О болон шүүгдэгч Т.Х нар нь шүүхийн шийдвэрээр тусдаа амьдрахыг даалгасан хугацаанд тэдний олсон орлогыг хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө гэж үзэх үү, гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлаагүй байх хугацаанд, тусдаа амьдрахыг даалгасан хугацаанд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлээр бусдын эрхэнд халдаж, эдийн засгийн /эрүүл мэнд, сэтгэл санааны/ хохирол учруулсан байхад “дундын өмч хөрөнгө” гээд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх, цагаатгах эсэх дээр анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хууль хэрэглээг тогтооход нийтлэг ач холбогдолтой, Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн  24 дүгээр тогтоолыг өөрөөр хэрэглэсэн гэж үзэж, хяналтын гомдол гаргаж байгааг хүлээн авч, хэлэлцэж, эцэслэн шийдэж өгнө үү. Гомдол гаргасан өмгөөлөгч, хохирогч нар нь хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгааг хүлээн авч, шүүх хуралдааны товыг мэдэгдэнэ үү.

Гомдол гаргагчийн санал, хүсэлт: Хохирогч Ч.О-гийн өмгөөлөгч Э.Туулын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ДШМ/176 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/765 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дансны дугаарыг “*******” гэж буруу бичсэнийг залруулж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Туул хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Т.Х, Ч.О нар нь гэрлэлтээ цуцлуулахаар иргэний хэргийн шүүхэд ажиллагаа явагдаж байгаа бөгөөд шүүгчийн захирамжаар тусдаа амьдрахыг даалгасан хугацаанд Т.Х нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ч.О-гийн Худалдаа хөгжлийн банкин дахь хувийн данс руу нэвтэрч 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 9.800.000 төгрөгийг авсан. Улмаар тухайн өдөр Ч.О дансны үлдэгдлээ шалгаад мөнгө алга болсныг мэдэж гомдол гаргаснаар мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. Анхан шатны шүүх Т.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэж үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх Ч.О-гийн хөрөнгө эсхүл, дундын өмч эсэхийг ялгаж тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж үзээгүй гэх мэт хэд хэдэн үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан. Хэрэгт талуудаас гаргасан, хуульд заасан шаардлагыг хангасан, хангаагүй маш олон баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Гэвч анхан шатны шүүх хэзээ гэмт хэрэг гарсан, данс хэний эзэмшлийнх болох, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тусдаа амьдрахыг даалгасан зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулсан, хүрэлцэхүйц нотлох баримтуудыг үндэслэн гэм буруутайд тооцсон. Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Х-гаас гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангаагүй, дутуу баримтуудыг харьцуулж үзээгүй учир гэм буруутай эсэх нь эргэлзээтэй гэсэн дүгнэлт хийсэн. Хэдийгээр Ч.О, Т.Х нар гэр бүл байсан ч тусдаа амьдарч буйд маргаангүй, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа. Гэрлэлт дуусгавар болоогүй байгаа хэдий ч гэрлэгчид хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн нэгдмэл хэрэгцээ, ашиг сонирхолд тулгуурлан түүнийг хангах зорилгоор гэр бүлийн амьжиргааг баталгаажуулах үүднээс хамтран өмчлөх дундын хөрөнгийг бүрдүүлсэн, гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр захиран зарцуулах хөрөнгийг дундын хөрөнгө гэж үзэх байтал хамтран амьдраагүй хугацаанд хоёр хүүхдээ тэжээхээр цуглуулж байсан мөнгийг нь нууцаар авсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг илэрхийлж байна. Т.Х Ч.О-тай хамтран амьдрах хугацаандаа Ч.О-д цахим хаяг нээж өгсөн ба нууц үгийг нь мэддэг байсан учир мөнгийг нь дураараа шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх гэдгийг нэг мөр ойлгох талаар тайлбарласан ба энэ хэрэгт эргэлзээтэй байдал тогтоогдоогүй. Мөн онцгой ач холбогдолтой баримтыг харьцуулж үзээгүй гэж дүгнэсэн байна. Т.Х-гаас гаргаж өгсөн 2021 онд хамт амьдрах хугацаандаа Энэтхэгээс оруулж ирсэн чулууны баримтыг харьцуулж үзэх шаардлагагүй байсан. Учир нь дээрх баримт цаг хугацааны хувьд хэрэгт ач холбогдолгүй. Анхан шатны шүүх харилцан зөрүүгүй, хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй байгаа учир давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хохирогч Ч.О хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна” гэв.

Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Прокурорын эсэргүүцлийн Т.Х-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах гэсэнтэй санал нэг байна. Харин прокуророос шүүгдэгчийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн болон анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Тодруулбал, шүүгдэгч Т.Х нь эхнэр Ч.О-гийн өөрт нь холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн захирамжаар гэрлэгсдийг тусдаа амьдрахыг даалгасан, хохирогчтой тусдаа байх хугацаанд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрээсээ зөөврийн компьютер ашиглаж, Ч.О-тай хамт амьдрах хугацаандаа олж мэдсэн, түүний Худалдаа хөгжлийн банканд эзэмшдэг хувийн харилцах дансны интернет банкны нэвтрэх нэр, нууц үгээр нэвтрэн орж зөвшөөрөлгүйгээр түүний хуваарьт хөрөнгө болох 9.800.000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр “гараашийн гэрээний мөнгө буцаав” гэсэн утгатайгаар өөрийн дансанд шилжүүлэн авсан хэргийн үйл баримт нотлох баримтуудаар тогтоогдсон. Үйлдлийн хувьд шүүгдэгч нь хохирогчтой хамт биш тусдаа байсан орон зайн байдал, интернет орчинд төхөөрөмж ашиглан үйлдсэн зэргээс харахад хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг хангасан мэт харагдах боловч Ч.О-гийн эрүүгийн цагдаагийн албанд гаргасан гомдол, гомдолдоо хавсаргаж өгсөн харьцсан данс эзэмшигчийн нэр, дансны дугаарын мэдээлэл тодорхой байдал, хохирогч Ч.О-гийн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн үйлдлийн мэдээлэл тухайн цаг хугацаанд хохирогчид илэрхий ирсэн нөхцөл байдал нь хэргийг нууц далд аргаар хулгайлан авах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна. 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай Улсын Дээд шүүхийн тайлбарт “...бусдын эд хөрөнгийг хулгайлах үед өмчлөгч буюу эзэмшигч уг үйлдлийг харсан, мэдсэн талаар гэмт этгээд ойлгосон атлаа авсан үйлдлээ өөрийн эзэмшилд үлдээх зорилгоор уг үйлдлээ үргэлжлүүлсэн бол түүнийг үйлдлийг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргээр зүйлчилнэ” гэж тусгасан. Тэгэхээр энэ хэргийн байдлаас дүгнэхэд шүүгдэгчид анхнаасаа хохирогчийн эд хөрөнгийг мэдэгдэхгүйгээр өөрт авах санаа зорилго байгаагүй гэдэг нь илэрхий байгаа учир хулгайлах гэмт хэргийн нууцаар, мэдэгдэхгүйгээр авсан гэх шинж үгүйсгэгдэж байна. Харин түүний хохирогчийн эд хөрөнгийн эрхэд дур мэдэн зөвшөөрөлгүй халдаж, илээр, хүч хэрэглэхгүйгээр мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авч, өөртөө эдийн засгийн ашигтай байдлыг бий болгосон байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Давж заалдах шатны шүүх “...хохирогч Ч.О-гийн данснаас шүүгдэгч Т.Х-гийн шилжүүлэн авсан мөнгийг тэдгээрийн хамтран өмчлөх дундын хэн алиных нь хуваарьт эсхүл тэдгээрийн хамтран эрхэлсэн бизнесийн үйл ажиллагааны үр шимд олж авсан хөрөнгө мөн эсэхийг бүрэн тогтоож чадаагүй. Ч.О-гийн уг дансыг хохирогч болон шүүгдэгч нар хэрхэн ашиглаж байсан нь тодорхойгүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байхад хэргийг шийдвэрлэсэн” гэсэн дүгнэлт хийсэн атлаа шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь хуулийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн  24 дугаартай албан ёсны тайлбарын 1 дэх хэсгийн 1.1-д зааснаас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн өөрчлөлт оруулах дүгнэлтийг гаргаж байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүгдэгч Т.Х, хохирогч Ч.О нар эхнэр, нөхөр хүмүүс. Одоогийн байдлаар гэр бүлийн харилцаа хууль ёсны дагуу дуусгавар болоогүй, үргэлжилж буй нөхцөл байдалтай байдаг. Иргэний хэрэгт гэр бүл цуцлах маргаан үүссэнтэй холбоотойгоор талууд тусдаа амьдрах хугацаанд 15 сая төгрөгөөр захиалж гэрээ байгуулсан гараашийг Ч.О өөрийн ээжийн нэр дээр шилжүүлж авснаас үүдэлтэйгээр мөнгөө буцааж авах зорилгоор Ч.О-гийн данснаас 9.800.000 төгрөгийг шилжүүлж авсан байдаг. Шилжүүлж авсан данс нь Т.Х-гийн өөрийн данс. Тэгэхээр Т.Х-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна. Учир нь хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар хууль бусаар шилжүүлэн авахдаа энэхүү үйлдэл нь илрэхгүй гэсэн сэтгэхүйгээр хандсан байдлаар илэрдэг. Гэтэл Т.Х өөрийн эзэмшлийн дансанд шилжүүлэн авахдаа гүйлгээний утга дээр “гараашийн мөнгө шилжүүлэн авав” гэж бичсэн зэргээс харахад нууц далд аргаар авсан нөхцөл байдал харагддаггүй. Түүнчлэн хулгайлах гэмт хэрэг шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг. Энэ нөхцөл байдлаас үзэхэд шунахайн сэдэлт гэхээс илүү хувийн таарамжгүй харилцаа буюу нэгнийгээ дийлэх гэсэн сэтгэхүйн хандлагаар үйлдэгдсэн байна. Мөн Ч.О-гийн захиран зарцуулах эрхтэй хувийн өмч эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Энэ талаар анхан шатны шүүх хуулийн агуулгыг буруу тайлбарлаж дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 126, 127 дугаар зүйлүүдэд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө, гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө гэдгийг маш тодорхой зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүхээс гэрлэгчдийг тусдаа амьдрахыг даалгасан хугацаанд олсон орлогыг хуваарьт хөрөнгө гэж хуулийг илтэд буруу тайлбарласан. Хуульд тусдаа амьдрахыг даалгасан хугацаанд олсон орлогыг хуваарьт хөрөнгө гэж үзэх онолын болон хууль зүйн тодорхойлолт байдаггүй. Тэгэхээр анхан шатны шүүх хэргийн үйл баримтад бүрэн бодитой дүгнэлт хийлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

            Шүүгдэгч Т.Х хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа   “... Өмгөөлөгчтэйгөө адил саналтай байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахад гайхсан. Давж заалдах шатны шүүх үнэн зөвөөр шийдсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогч Ч.О, түүний өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Прокурорын эсэргүүцэл, хохирогч болон түүний өмгөөлөгч нарын гомдол нь Т.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх гэсэн ижил агуулгатай байна.

3.Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэлээ.

4.Давж заалдах шатны шүүх Т.Х-н үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, тэрээр уг гэмт хэргийг шунахай сэдэлтээр үйлдсэн эсэх, мөн гэр бүлийн дундын өмч, эсхүл хуваарьт өмчийг авсан эсэх нь хөдөлбөргүй тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх нь хуулийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай 24 дүгээр тогтоолын агуулгаас өөрөөр хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлж болох үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд хэрэв уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй бол түүнийг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэх учиртай.

Уг зарчмыг хэрэглэх үндэслэл нь гагцхүү хэрэгт цугларч, шинжлэгдсэн бүхий л нотлох баримтыг шалгаж, үнэлсний эцэст үгүйсгэн няцаах боломжгүй бөгөөд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхыг ойлгохоос гадна тухайн үндэслэл бүхий эргэлзээ нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн буруутай эсэхтэй шууд хамааралтай байх ёстой.

Үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг нэг бүрчлэн шалгаж, дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн цогц дүгнэлт хийх боломжгүйд хүрэх буюу үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно. 

Ийнхүү тухайн хэрэгт хамааралтай бүх л нотлох баримтыг шалгаад үнэлсний дараа ч тухайн хэргийн нөхцөл байдлын талаар эргэлзээ байсаар байвал шүүх шүүгдэгчид хамгийн ашигтай байх хэргийн нөхцөл байдлын хувилбарт үндэслэж шийдвэрээ гаргана.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Т.Х нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Ч.О-гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь данс руу нь зөөврийн компьютер ашиглан нэвтэрч, түүнд мэдэгдэхгүйн тулд 5.000.000 төгрөгөөс бага гүйлгээ буюу 4.900.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ хийж нийт 9.800.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий эргэлзээ үүссэн гэж үзэхгүй. 

Давж заалдах шатны шүүх нь шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтуудыг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик оюун дүгнэлтэд тулгуурлаж нэг бүрчлэн няцаан үгүйсгэлгүйгээр шууд эргэлзээ үүссэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосныг зөвтгөх боломжгүй гэж дүгнэв.

5.Т.Х нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** хотхоны ** дүгээр байрны ** тоот гэртээ байхдаа “Lenovo” загварын зөөврийн компьютероор хохирогч Ч.О-гийн Худалдаа хөгжлийн банкны 452573327 тоот дансанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 9.800.000 төгрөгийг шилжүүлэн авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг хуульд заасан арга, хэрэгсэл ашиглан эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар шалган тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Х-н гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч буйг тодорхойлон, хэргийг зөв зүйлчилжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Х нь өөрийн  эхнэр Ч.О-гийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж аваад, шүүгчийн захирамжаар тусдаа амьдрахыг даалгасан хугацаанд интернэт банкинд нь зөвшөөрөлгүйгээр нэвтэрч 2 удаагийн гүйлгээгээр нийт 9.800.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч хохирол учруулсан үйлдлийг шунахай сэдэлтээр, нууц, далд аргаар хүч хэрэглэхгүйгээр бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэг гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6.Анхан шатны шүүхийн шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж дүгнэлээ.

7.Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

8.Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсвэл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох эрхгүй бөгөөд шүүгдэгч нь “Lenovo” загварын зөөврийн компьютероор хохирогч Ч.О-гийн Худалдаа хөгжлийн банкны **** тоот дансанд хууль бусаар халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх талаар прокурор анхнаасаа хууль зүйн дүгнэлт хийгээгүй буюу ял сонсгоогүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэлт хийх боломжгүй гэж үзнэ. Гэхдээ прокуророос дээрх үйлдлийг сэргээн шалгах эрх нь нээлттэй байна.

 Учир нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд “Хэний ч хувийн ... захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй  ...”, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэний ч өмч хөрөнгийг дураар хураан авч болохгүй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд “Хэний ч хувийн ... захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах ... хориглоно”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц ... хуулиар хамгаална” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны мэдээллийг хуулиар хамгаалах ...” гэж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.4-т “захидал харилцааны мэдээлэл гэж захидал, илгээмж, цахим шуудан, харилцаа холбоо, мэдээллийн технологи ашиглан солилцож байгаа мэдээллийг”, 4.1.11-т “хүний хувийн мэдээлэл гэж хүний ... хөрөнгө ... цахим тодорхойлогч ...”, 4.1.13-т “цахим тодорхойлогч гэж хүнийг цахим орчинд тодорхойлох мэдээллийн системийн нэвтрэх нэр, цахим шуудан, нийгмийн сүлжээ, харилцаа холбооны утастай болон утасгүй технологийн хаяг, бусад төрлийн төхөөрөмж, мэдээллийн систем дэх мэдээллийг” гэж тус тус заасныг үндэслэн хүн бүр өөрийн хувийн цахим орон зайтай байх бөгөөд энэ нь хууль зүйн хамгаалалтад байна. Өөрөөр хэлбэл, хүний хувийн мэдээлэлд хэн ч дур зоргоороо нэвтэрч, хянаж, шалгахыг хориглодог.

Түүнчлэн интернэт банк нь арилжааны банкны үйлчилгээний нэгэн төрөлд хамаарах мэдээллийн систем бөгөөд хэн нэгэн этгээд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч орсон тохиолдолд кибер орчинд зөвшөөрөлгүй хандаж мэдээллийн системд нэвтэрсэн гэмт хэрэг болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл хохирогч Ч.О ... Би банкны нэвтрэх нэр, нууц үг, фейсбүүк хаягийн нууц үг зэргийг өгч байгаагүй. Миний интернэт банкны нууц үгийг Х мэдэх боломжгүй. Дээрх 14 жилийн хугацаанд нууц үгээ хэлж байгаагүй. Интернэт банкийг 2022 оны 01-03 дугаар сарын үед, харин жи мэйл хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг 2022 оны 04 дүгээр сарын үед сольсон” (1 дүгээр хавтаст хэргийн 115-116 дахь тал), хохирогч Ч.О-гийн дахин өгсөн мэдүүлэг “... Т.Х- урьд өмнө нь миний дансыг огт ашиглаж байгаагүй, миний дансаар мөнгө авч байгаагүй. ... би хүүхдэдээ хуучин гар утсыг өгч байсан. Тэр дээр миний банкны апп байсан тэрүүгээр нэвтэрч орсон байж магадгүй гэж бодоод байгаа юм” (1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал), анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч Ч.О “... 6 жилийн өмнө и-мэйл ашиглах шаардлага гарч Х надад нээж өгч байсан. Түүгээр дамжуулж миний юмыг хянаж байсан гэж бодож байна. Би сар болгон кодоо сольдог” (2 дугаар хавтаст хэргийн 54 дэх тал) , давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хохирогч Ч.О “... би Т.Х-д гүйлгээний нууц үгээ өгсөн бол шууд  10.000.000 төгрөгөөр нэг удаа авах байсан” (2 дугаар хавтаст хэргийн 78 дахь тал) гэх зэргээр мэдүүлснийг дурдаж байна. 

            9.Анхан шатны шүүх Т.Х-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг шүүхийн шийдвэр уншиж сонсгосноос өөрөөр тусгасан тул шийтгэх тогтоолд залруулга хийсэн, мөн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн биеийн байцаалтыг “*** аймагт төрсөн” гэхийг “Улаанбаатар хотод төрсөн”, “эрэгтэй” гэхийг “эмэгтэй”, “... ял шийтгүүлж байсан” гэхийг “... ял шийтгүүлж байгаагүй” гэж, мөн ******** /Ч.О-гийн Худалдаа хөгжлийн банкны данс/ гэсэн дансыг ******* /Т.Х-н Худалдаа хөгжлийн банкны данс/ гэж тус тус бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул цаашид шийдвэр гаргахдаа нягт нямбай, хянуур хандаж, алдаа дутагдал гаргахгүй байх нь чухал болохыг үүгээр тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 765 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, хохирогч Ч.О, түүний өмгөөлөгч Э.Туул нарын гомдлыг хангасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                           Б.ЦОГТ

          ШҮҮГЧ                                           Б.АМАРБАЯСГАЛАН

С.БАТДЭЛГЭР

М.ПҮРЭВСҮРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ