Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 119/2020/0001/З |
Дугаар | 221/МА2020/0346 |
Огноо | 2020-05-21 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2020/0346
2020 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 221/МА2019/0493 | Улаанбаатар хот |
“Э Х” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Э Х” ХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймаг дахь Татварын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.8, 43 дугаар зүйлийн 43.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.1-д заасныг тус тус баримтлан “Э Х” ХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн дарга /Б.Ө/-д холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс Орхон аймгийн Татварын хэлтсийн дарга нь дээд шатны байгууллагаас өгсөн үүргийн биелүүлж, “Э Х” ХК-ийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр төлбөрийг барагдуулахаар хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна гэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрт Орхон аймгийн Татварын хэлтсийн даргад Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор татвар бий болгох, сэргээх эрхийг олгосон талаарх эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна. Тодруулбал, төрөөс татварыг бий болгох, төлөгдсөн татварыг сэргээх тухай эрх олгосон хуулийн заалтыг зохицуулалт байхгүй юм. Ийм байтал анхан шатны шүүх хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн даргад татварын өрийг сэргээх бүрэн эрх, эрх хэмжээ олгогдсон эсэх талаарх дүгнэлтийг хийхдээ 2008 оны Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.8, 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн байх ба энэ нь татварын өрийг сэргээх эрх олгосон гэж үзэхээргүй, хуульд заасан журмын дагуу өрийг бий болгосон, сэргээсэн гэж үзэх үндэслэл болохгүй байна... Тус захиргааны хэргийг анхан шатны шүүхээс хянаад Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 37 дугаартай тогтоолд зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг тайлбарласан тухай дурьдаж, улмаар хариуцагчийг ... байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хангах, ... татварын өрийг барагдуулах, татвар хураах үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах эрхтэй субъект бөгөөд Орхон аймгийн Татварын хэлтсийн дарга нь өөрийн хуулиар хүлээлгэсэн эрх хэмжээний хүрээнд, хуульд заасан үндэслэлийн дагуу 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Татварын өр сэргээх тухай” А/41 дүгээр тушаалыг гаргасан гэж дүгнэхээр байна гэж зөвтгөсөн нь үндэслэлгүй байна. Учир нь Татварын хэлтэс /алба/-ны чиг үүргийг хуулиар тодорхойлон заасан бөгөөд төрөөс татвар хураах үйл ажиллагаа нь нийтийн эрх зүйн хүрээнд үүсч буй харилцаа болохын хувьд “хувийн эрх зүйн харилцаанд хориглосноос бусдыг зөвшөөрөх, нийтийн эрх зүйн харилцаанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох” зарчмыг Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-тайлбар ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар хуульд үндэслэх тусгай зарчим мөрдөгдөнө. Гэтэл анхан шатны шүүх маргаж буй захиргааны актыг хуульд нийцсэн гэж дүгнэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Орхон аймгийн Татварын хэлтсээс “Э Х” ХК-ийн “2004 оны бичилтээр хаагдсан өрийг сэргээх тооцоо”-оор 281,384,900.0 төгрөгийн өрийг сэргээсэн ба тус татварын өрийн талаар хэргийн оролцогч нар маргаагүй гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд хандах болсон үндэслэл нь Орхон аймгийн Татварын хэлтсээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба уг хэрэгт маргаан бүхий 2014 оны А/41 дугаартай тушаал гаргасныг мэдэж харьяаллын дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандсан болно. Нэхэмжлэгч нь уг өр төлбөрийн асуудлаар иргэний хэргийн шүүх болон захиргааны хэргийн шүүхэд маргасаар байхад уг өрийг хүлээн зөвшөөрч байгаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна... Иймээс Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Татварын өр сэргээх тухай” А/41 дүгээр тушаал[1]-аар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 дүгээр шийдвэрийг үндэслэн Татварын ерөнхий газрын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2а/3427 тоот албан бичиг, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2б/1140 тоот албан бичиг, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06/1318 тоот албан бичигт тус тус заасны дагуу 2051834 тоот регистрийн дугаартай “Ж Ү” ХХК, 2030756 тоот регистрийн дугаартай “Э Х” ХК-иудад холбогдох татварын өрийг сэргээж, татварын ерөнхий газраас ирүүлсэн шийдвэрийн дагуу сэргээгдсэн татварын өрийг шүүхийн шийдвэрийн хугацаагаар бэлэн бус хэлбэрээр бүртгэн татварын орлогын гүйцэтгэлийн зарлагын бичилт хийж программд оруулахыг, холбогдох өрийг барагдуулан хуульд заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлж ажиллахыг, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус тус холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
Нэхэмжлэгч уг А/41 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “... Татварын ерөнхий хуульд өр сэргээх гэсэн ойлголт байдаггүй ... Татварын хэлтсийн даргын эрх хэмжээнд өр сэргээхтэй холбоотой асуудал хамааралгүй ... эрх хэмжээнд нь хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан ... актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй ... татвар ногдуулалттай холбоотой асуудлаар Татварын ерөнхий хуулийн 33.1-д заасан бичиг баримтуудыг үйлдэх ёстой ... Татварын байгууллагын дотоод асуудал буюу ажилтныг томилох, чөлөөлөх дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр Татварын албаны дарга тушаал гаргах боломжтой... хэлбэрийн хувьд алдаатай тушаал гарсан ...” гэсэн үндэслэлээр маргасан байна.
Анхан шатны шүүх “... татварын өрийн талаар хэргийн оролцогч нар маргаагүй, ... Үндэсний татварын алба татварын ногдуулалт, төлөлт хурааалтад хяналт тавих чиг үүрэгтэй ... “Э Х” ХК-ийн хугацаандаа төлөөгүй татварын өрийг барагдуулахаар доод шатны байгууллага болох Орхон аймгийн Татварын хэлтэс чиглэл өгснийг буруутгах үндэслэлгүй ... Орхон аймгийн Татварын хэлтсийн дарга “Э Х” ХК-д ямар нэгэн байдлаар хууль бус өр үүсгэсэн гэх буруутай үйлдэл тогтоогдохгүй ... дээд шатны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлж, ... татварын өр төлбөрийг барагдуулахаар хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн ... татвар төлөгч хуулиар ногдуулсан албан татварыг төлөх үүрэгтэй ... маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй ...” гэх дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Санхүү, Эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай” 190 дүгээр тушаал[2]-аар “Орхон аймгийн Жаргалант суманд байрлах худалдаа үйлчилгээний цогцолборыг 321,097.3 мянган төгрөгөөр, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах үйлдвэрлэл үйлчилгээний цогцолборыг 292,500.0 мянган төгрөгөөр тооцон “Э Х” ХК-аас улсын төсөвт төлөх 613,597.3 мянган төгрөгийн өмнөх жилүүдийн татварын өрөнд тооцон авах”-аар шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг “Ж Ү” ХХК эс зөвшөөрч шүүхэд хандсан байна.
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 399 дүгээр шийдвэрээр “... объектын өмчлөгчийг тогтоолгүйгээр “Э Х“ ХК-ийн татварын өрөнд тооцон авах тухай ... комиссын саналыг үндэслэж гаргасан Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дүгээр тушаал нь үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, захиран зарцуулах нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ... Жаргалант сумын Худалдаа, үйлчилгээний цогцолборыг “Э Х” ХК-ийн татварын өрөнд тооцон авсан хэсгийг хүчингүй болгосонтой холбогдуулан ... тушаалыг үндэслэж гаргасан Төрийн өмчийн хорооны 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 468 дугаар тогтоолын холбогдох хэсгийг мөн хүчингүй болгох нь зүйтэй ...” гэж дүгнэн “Ж Ү” ХХК-ийн “Сангийн яамны 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дүгээр тушаал, Төрийн өмчийн хорооны 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 468 дугаар тогтоолын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Санхүү, эдийн засгийн сайдын /хуучнаар/ 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дүгээр тушаалын 1 дэх заалтын, мөн Төрийн өмчийн хорооны 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 468 дугаар тогтоолын 1 дэх заалтын Орхон аймгийн Жаргалант суманд байрлах Худалдаа, үйлчилгээний цогцолбор барилгад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... төрийн эрх бүхий байгууллага “Э Х” ХК-аас татварын өр төлбөрийг нөхөн барагдуулах эрхтэй” болохыг дурджээ.
Улмаар Татварын ерөнхий газраас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Татварын өр төлбөр барагдуулах тухай” 2а/3427[3], 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Татварын өр сэргээх тухай” 2б/1140[4], 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06/1318[5] дугаар албан бичгүүдийг Орхон аймгийн Татварын хэлтэст тус тус хүргүүлснээр Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Татварын өрийг сэргээх тухай” маргаан бүхий А/41 дүгээр тушаалаар “Э Х” ХК-ийн 281,384,900.0 төгрөгийн өрийг сэргээжээ.
Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ”, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Үндэсний татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна”, 27.2-т “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, аймаг, нийслэлийн татварын газар, хэлтэс татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, дүүргийн татварын хэлтэс, сумын татварын улсын байцаагч аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн удирдлага дор тус тус ажиллана”, 27.3-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлага, төсөв хөрөнгөөр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Татварын алба дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 28.1.1-д “татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах”, 28.1.8-д “татварын өрийг барагдуулах, татвар хураах үйл ажиллагааг энэ хуульд заасан журмын дагуу явуулах”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурдсан татвар, түүнд ногдуулсан алданги, торгуулийг татварын өрөнд хамруулна”, 55.1.1-д “татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр, түүнд тооцсон алданги”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан журмаар тогтоож, сунгасан хугацаанд төлөөгүй татварын өрийг хугацаанд нь төлөөгүй татварын өр гэнэ”, 61.2-т “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулна” гэж тус тус хуульчилсан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд аймаг, нийслэлийн татварын газар, хэлтэс татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлага дор ажиллах, Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг тус тус хуулиар үүрэг болгосон байна. Түүнчлэн нэгдмэл төвлөрсөн удирдлага бүхий Үндэсний татварын алба нь татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах хүрээнд татварын өрийг барагдуулах, татвар хураах үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах бүрэн эрхтэй байна. Харин татвар төлөгч нь холбогдох баримт бүртгэлд үндэслэн төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, татварын тайландаа тусгах, улмаар татвараа бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлөх үүрэгтэй байна.
Иймээс Орхон аймгийн Татварын хэлтсийн дарга нь дээд шатны байгууллага болох Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлж, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Татварын өр сэргээх тухай” А/41 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “Э Х” ХК-ийн татварын өрийг сэргээн барагдуулах ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэснийг хууль зөрчсөн, өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн, дур зоргоороо үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн нэхэмжлэгч компанийн татварын өрийг сэргээж, барагдуулах талаар шийдвэр гаргасан нь Татварын албаны нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчимд нийцсэн, татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураан барагдуулах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх хүрээнд явуулсан үйл ажиллагаа гэж үзэхээр байх тул маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны акттай холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн маргасан хүрээнд хянан шийдвэрлэх хууль зүйн боломжтой.
Шүүх нэхэмжлэгчийн “Орхон аймгийн татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу нэхэмжлэгчид чиглэсэн үр дагавар бүхий татварын өрийг сэргээж барагдуулах талаар гарсан шийдвэрийн хүрээнд хэргийг хянаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн “... шүүхэд хандах болсон үндэслэл нь Орхон аймгийн Татварын хэлтсээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба уг хэрэгт маргаан бүхий 2014 оны А/41 дугаартай тушаал гаргасныг мэдэж харьяаллын дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандсан ... өр төлбөрийн асуудлаар иргэний хэргийн шүүх болон захиргааны хэргийн шүүхэд маргасаар байхад уг өрийг хүлээн зөвшөөрч байгаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй ...” гэх гомдол үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татвар ногдуулсантай холбоотой асуудлаар бус харин хариуцагчийн татварын өрийг сэргээсэн шийдвэр буюу татварын өр, авлагыг хураан барагдуулах үйл ажиллагаатай холбогдуулан маргасан байна.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Харин энэхүү маргааны тухайд Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 27 дугаар зүйлийн 27.1-д “Үндэсний татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан журмаар тогтоож, сунгасан хугацаанд төлөөгүй татварын өрийг хугацаанд нь төлөөгүй татварын өр гэнэ”, 61.2-т “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулна” гэж тус тус заасан хуулийн зохицуулалтууд хэрэглэгдэхээр байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт эдгээр хуулийн зүйл, заалтуудыг нэмсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 -д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1” гэсний дараа “27 дугаар зүйлийн 27.1”, “55 дугаар зүйлийн 55.1.1” гэсний дараа “61 дүгээр зүйлийн 61.1, 61.2” гэсэн заалтуудыг тус тус нэмж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] Хавтаст хэргийн 13 дахь тал
[2] Хавтаст хэргийн 9 дэх тал
[3] Хавтаст хэргийн 10 дахь тал
[4] Хавтаст хэргийн 11 дэх тал
[5] Хавтаст хэргийн 12 дахь тал