Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 620

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “И” ХХК,

Хариуцагч: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин тендер зарлах тухай” 6-1/3816 тоот мэдэгдлийн “И*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, Д.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******, Б.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Б******* нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-иас “ажлын гутал” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан. Тендерт “Б*******” ХХК, “И*******” ХХК нар оролцсон. Тендерийг зарласан болон тендерийг үнэлсэн асуудал дээр нэхэмжлэгч компанийн зүгээс гомдол гаргаагүй байдаг. Нэхэмжлэгч компанийг шалгарсан болохыг Дулааны 4 дүгээр цахилгаан станцаас мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдлийг хүлээн авч гэрээ байгуулах бэлтгэлд орсон байтал Дулааны 4 дүгээр цахилгаан станцаас “...Сангийн яамнаас бичиг ирсэн, тендерийг хүчингүй болгож, дахин зарлаж байгаа” талаарх мэдэгдлийг ирүүлсэн. Ямар албан бичгийн дагуу тендерийг хүчингүй болгож, дахин зарлаж байгаа тухай асуудлыг дэвшүүлсэн. Гомдлын хариуг бид “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-иас авсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд “хүчингүй болгосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шүүхэд хандана” гэж заасны дагуу бид захиргааны шүүхэд хандсан.

Гомдолтой холбогдуулж Сангийн яамны зүгээс хоёр асуудал дэвшүүлсэн байдаг. Захиалагчийн хамгийн сайн гэж шалгаруулсан оролцогч нь “Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгтийн тендерт оролцогч нарт өгөх зааварчилгааны 18 дугаар зүйлийн 18.1.г-д заасан ижил төстэй ажил, гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаар 2015, 2016 оны мэдэгдлийг нотлох баримтын хамт ирүүлэх (ажлын хувцсанд багтсаныг хамруулах, байгууллага байгуулсан гэрээний хуулбар, хүлээлцсэн акт ирүүлээгүй), шалгуур үзүүлэлтийг хангаагүй байна” гэж үзэж байгаа. Түүнчлэн “техникийн тодорхойлолтод заасан ажлын тусгай гуталны хамгаалах чадварын үзүүлэлтийг хангасан нотлох баримт байхгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу Тендерээс татгалзах үндэслэлтэй байна” гэсэн байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гомдлыг авч хэлэлцээд захиалагч эл хуулийг зөрчсөн гэж үзвэл  дараах шийдвэрт гомдол гаргана гэж заасан. Мөн хуулийн 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэж заасны дагуу тендерийг дахин зарлах, хүчингүй болгосон шийдвэр гаргасан.

“Б*******” ХХК-ийн зүгээс захиалагчийн шийдвэрт гомдол гаргасан гэж тайлбарлаж байгаа үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэсэн үндэслэлээр хянасан. Сангийн яам гомдлыг хянах, ямар процессоор хянах байсан талаар гол тайлбараа хэлэх юм. Хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүй бол тендерт оролцогч нарын эрхийг хамгаалах, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гомдлыг ямар хүрээнд хянах ерөнхий зохицуулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдана. Нарийвчилсан зохицуулалтын хүрээнд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг баримтална.

“Б*******” ХХК нь гомдолдоо дурдсан албан бичгээс харахад “И*******” ХХК тендерийн баримт бичгийн 19 дүгээр зүйлийн 19.1.а-д заасан “техникийн дэлгэрэнгүй тодорхойлолт болон 19.1.в-д заасан нийлүүлэх бараа, техникийн тодорхойлолтод заасан үндсэн шалгуурыг хангаж байгаа нотлох албан бичгийг” тус тус өгсөн. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан тендерт оролцогчийн өргөдлийн хүснэгтийн зааврын дагуу ирүүлсэн бусад нэмэлт материалыг S28, S3-ыг хангасан баримт бичгийг хавсралтаар заавал ирүүлнэ гэж заагаагүй байсан....зэрэг байдлаар бичсэнийг харахад манай компанид өгсөн албан бичгийг шалгаж үзэхийг хүссэн агуулгатай албан бичиг байгаа юм.

Сангийн яамнаас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “"гомдол" гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг”, 4.5-д “"өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг”, 7 дугаар зүйлийн 7.3-д “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх”, 7.6-д “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” заасан байгаа юм. Тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна” гэж тус тус заасны дагуу гомдлыг шалгах ёстой байсан. Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гомдлыг бүхэлд хянаж, шалгана гэсэн заалтыг уг хуулиас олж харахгүй байна.

Захиалагчтай холбогдсон анхаарал татахуйц зүйл байгаа юм. Тендерийн баримт бичгийн 18.1.г-д “ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээг ирүүлэх, жилийн тоог (2015, 2016 он, нотлох баримтын хамт)” гэж заасан байгаа юм. Үүнд дээр Сангийн яам “хүлээлцсэн акт” байхгүй гэж нэмсэн байдаг. Би дээр дурдсан Сангийн яам Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу ямар үүрэгтэй болохыг дурдсан. Гэтэл Сангийн яам хуульд заасны дагуу ямар ажиллагаа хийсэн бэ гэхээр ямар нэг ажиллагаа хийгээгүй байгаа юм. Сангийн яаманд гомдол ирсэн, гомдлын дагуу хариу өгсөн үүнээс өөр зүйл байхгүй байна. Бидний зүгээс нотлох баримтаар байгуулсан гэрээг хүргүүлсэн байдаг.

Хоёрдугаарт, гутлын хамгаалах шалгуур үзүүлэлтийг нотолсон баримт байхгүй гэж үзсэн. Үүнд ямар нотлох баримт байх ёстой, байх ёсгүй талаар гаргаж ирэх ёстой. Бидний зүгээс тендерийн баримт бичигт гуталны 11 хамгаалах чадварыг гаргаж дэвшүүлсэн. (Үүнд Тендерийн баримт бичгийн 67, 82 дугаар талаас харж уншив). Бид гуталтай холбоотой тендерт анх оролцож байгаа компани биш туршлагатай компани гэдгийг хэлмээр байна. Ажлын гуталны тусгай ул гэдэг дээр тендерийн баримт бичгийн 70, 71, 76, 77, 90, 91, 92 хуудаснуудад хавсарган бүрэн өгсөн ба стандартад заасан шаардлагыг хангасан байдаг. Гуталны хамгаалах чадварыг хангасан үзүүлэлт гэдгийг бид үүгээр няцааж байна. Захиргааны ерөнхий хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн процедур яаж явагдах талаар өөрчлөлтүүд орсон. Захиргааны ерөнхий хуульд 26, 27 дугаар зүйлд “сонсгох” ажиллагааны талаар тусгаж өгсөн байдаг. Аливаа төрийн байгууллагын шийдвэр шударга байдал, хуульд нийцсэн байх ёстой. Аливаа төрийн байгууллагын зүгээс хэн нэгний эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд заавал Захиргааны ерөнхий хуульд  заасан сонсгох ажиллагааг заавал хийх ёстой. Сангийн яамнаас “Б*******” ХХК-ийн гомдлыг хангах үндэслэлтэй байна гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасан үндэслэл байгаа юм” гэжээ.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Бид хууль, журмынхаа дагуу үнэлгээг хийсэн. Гомдлын дагуу гомдол гаргагч болон шалгарсан компанийн материалыг үздэг. Учир нь хуульд заасны дагуу шийдвэр гаргаж байгаа. Улмаар шалгаж үзсэний улмаар Тендерийн баримт бичгийн 18.1.г-д заасан шалгуурыг хангаагүй байна гэж үзсэн. Нэхэмжлэгч тал нотлох баримт шаардлагагүй гэрээг ирүүлсэн гэж байна. Тухайн ажлыг гүйцэтгэсэн гэдгийг нотолдог зүйл нь гэрээ, акт байдаг. Гэрээ бол байсан, харин гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн акт байхгүй байсан учир “байгаагүй” гэдгийг дэлгэрэнгүй бичиж өгсөн байгаа. Техникийн тодорхойлолтод заагдсан ажлын гуталны хамгаалах чадварын үзүүлэлтийг хангасан нотлох баримт дээр зарим нотлох баримт байхгүй байсан. Нэхэмжлэгч талаас техникийн тодорхойлолтод шаардаагүй байсан гэж тайлбарлаж байна. Техникийн тодорхойлолт гэдэг бол нийлүүлж байгаа бараа, материалд шаардагдах стандартыг хангасан зүйлийг ирүүлэх ёстой гэсэн заавар өгөгдсөн учир үүнийг заагаагүй гэж үзэж болохгүй юм. Тендерт шалгарагч нь тендерт шалгарагчийн шаардлагыг хангаагүй байсан учир Төрийн болон орон  нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу тендерийг хүчингүй болгож дахин зарлах шийдвэр гаргасан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин тендер зарлах тухай 6-1/3816 тоот мэдэгдлийн “И*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

           “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-иас 2017 оны 04 дугаар сарын 13-ны өдөр “Ажлын болон тусгай зориулалтын гутал нийлүүлэх” НАХ- дугаар бүхий нээлттэй тендер явуулах тухай мэдэгдэж, тендерт оролцогчдод санхүүгийн болон туршлагын талаар борлуулалтын хэмжээ: сүүлийн хоёр жил борлуулалтын дундаж багц тус бүр дээр тендерт санал болгосон үнийн дүнгээс багагүй байх, түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: тендерийн санал болгосон үнийн дүнгээс багагүй байх, аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан: 2015, 2016 оныг ирүүлэх, ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл: 2015, 2016 он /нотлох баримтын хамт, лавлагаа авах тодорхой утас/ гэсэн шаардлага тавьж, тендерийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутад нээхээр зарлажээ.

         Уг тендерт найман аж ахуйн нэгж оролцож “И*******” ХХК-ийн ирүүлсэн материалыг НАХ- дугаартай Ажлын гутал нийлүүлэх  /Багц-1/ тендерийн  189.659.000 төгрөгөөр захиалгын дагуу нэг жилийн хугацаанд тасралтгүй нийлүүлэх тендерийн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрхийг олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тендерийн урилга, тендерийн нээлтийн баримт, тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн бүртгэл, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн НАХ-04 /Ажлын гутал нийлүүлэх/ Багц-1/ тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэл, үнэлгээний хорооны гишүүдийн тендерийн шаардлагад нийцсэн эсэхийг хянасан тэмдэглэл, тендерийн үнэлгээний хэсгийн нэгдсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

         Уг тендерт оролцсон “Бест шүес” ХХК  2017 оны 06 дугаар сарын  12-ны өдөр “үндэслэлгүйгээр манай компанийг уг тендерт шалгаруулаагүй”  гэж үзэж Сангийн яаманд гомдол гаргажээ.

         Сангийн яам 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/3816 тоот мэдэгдлээр “Бест  ш” ХХК-ийн гомдлын хариуг хүргүүлжээ.

          Дээрх мэдэгдэлд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-иас зарласан НАХ- дугаар бүхий “ажлын гутал нийлүүлэх” гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын Багц-1-д оролцсон “Бест шүес” ХХК-иас гаргасан гомдлыг  хангахгүй орхиж, захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзжээ.

           Харин тус тендерт үнэлгээний хорооноос “хамгийн сайн” гэж шалгаруулсан  оролцогч “ И*******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1-ийн “г” хэсэгт заасан ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх шалгуур үзүүлэлтийг хангаагүй /2015, 2016 оны мэдээллийн нотлох баримтын гэрээ хуулбар байгаа боловч хүлээлцсэн акт байхгүй/, техникийн тодорхойлолтонд заасан ажлын тусгай гутлын хамгаалах чадварын үзүүлэлтүүдийг хангасан нотлох баримт байхгүй гэсэн 2 үндэслэлээр тухайн багцын тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зарлахыг захиалагч байгууллагад мэдэгджээ.

           “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-иас шүүхэд ирүүлсэн ажлын болон тусгай зориулалтын гутал нийлүүлэх тендерт “И*******” ХХК-ийн ирүүлсэн баримт бичгийг шинжлэн судалж үзэхэд баримт бичгийн 49-61 дүгээр хуудсанд авагдсан чадварын мэдээлэлд тусгагдсан “ДЦС-4” ТӨХК-д 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ажлын гутал нийлүүлсэн Д/2015-50  дугаар, “Багануур” ХХК-д 2015 оны 06 дугар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хооронд  ажлын зуны гутал нийлүүлсэн 15/07-287 дугаар, Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь ачааны вагон засварын депод 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хөдөлмөр хамгааллын гутал нийлүүлэх ХХ/15/040 дугаар зэрэг гэрээнүүд болон баримт бичгийн 112-159 дүгээр хуудсанд авагдсан гэрээнүүд, 2016 онд “Багануур” ХК-тай  хийсэн гэрээ дүгнэсэн акт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тендертэй ижил төстэй  ажил гэрээгээр гүйцэтгэдэг туршлагатай болох нь нотлогдож байна. 

          Мөн техникийн тодорхойлолтод заасан ажлын тусгай гутлын  хамгаалах чадварын үзүүлэлтийг хангасан нотлох баримт байхгүй гэсэн үндэслэл нь  баримт бичгийн 65-110 дугаар хуудсанд авагдсан Франц улсад үйлдвэрлэсэн “H*******” брендийн гутлын тодорхойлолт, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн “Армоно” нэгдлийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17/43 дугаар бүтээгдэхүүний тодорхойлолт, Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн харъяа хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн итгэмжлэгдсэн лабораторын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн сорилын дүн, Европын холбооны тохирлын гэрчилгээ, албан ёсны борлуулагчийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.

          Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд “Ажлын болон тусгай зориулалтын  гутал нийлүүлэх” тендерийн Багц-1-д “И*******” ХХК-ийн ирүүлсэн баримт бичгийг тендерийн шаардлагад нийцсэн эсэхийг шалгаж, “хамгийн сайн” гэж үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр болон гэрээ байгуулах зөвлөмж нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлд заасан “тендерийг үнэлэх” 29 дүгээр зүйлийн 29.1-д “захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 27 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасныг зөрчөөгүй байхад мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг  хэсэгчлэн, эсхүл  бүхэлд нь хүчингүй  болгох өөрчлөх” гэсэн  заалтыг үндэслэн хүчингүй болгож, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “энэ хуулийн  27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж үзсэн нь буруу байна.  

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин тендер зарлах тухай” 6-1/3816 тоот  мэдэгдлийн “И*******” ХХК-д  холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ЧАНЦАЛНЯМ