Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1193

 

А.Тунгалагтамирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/02284 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А. Тунгалагтамирын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

 

Нэхэмжлэгч А.Тунгалагтамирын гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Тунгалагтамир

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Батпүрэв

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Тунгалагтамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хөршүүдээсээ дуудлага худалдаа болох гэж байгаа талаар мэдэж шийдвэр гүйцэтгэгчтэй очиж уулзаад Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баянцагаан 12 дугаар гудамжны 45 Г тоотын хувийн сууц, гараашийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 123 410 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулсан болохыг мэдсэн. Энэ талаар Шүүхийн шийдэвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга хурандаа н.Туулхүү, ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатар, ШШГАлбаны дарга Д.Энхбат нартай уулзсан боловч шүүхэд ханд гэсэн хариуг өгсөн. Миний бие хаягтаа байнга оршин суудаг, нялх хүүхэдтэй учраас ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баасан гаригт хаягтаа байдаггүй гэсэн тодорхойлолтыг хавсаргасан байдаг. Дуудлага худалдааг зарлахдаа надад мэдэгдээгүй, шуудангаар илгээсэн гэх боловч баримт нь байдаггүй. Үнийн санал огт аваагүй, үнэлгээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг танилцуулаагүй. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр албадан дуудлага худалдааг дахин зарлаж, үнэ бууруулан 88 150 000 төгрөгөөр худалдахаар зарласан байна. Иймд  Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн Баянцагаан 12 дугаар гудамжны 45Г тоот хувийн орон сууц, гараашийн хамт 176 300 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Төлбөр төлөгч А.Тунгалагтамирын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Зүүн Баянцагааны 12 дугаар гудамжны 45Г тоотод байрлах хувийн сууц, гарааш, гэр бүлийн хэрэгцээний газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 145/01 дугаартай эд хөрөнгө битүүмжпэх тогтоолоор битүүмжилж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 145/02 дугаартай тогтоолоор хураан авсан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал өгөх тухай 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3/32005 дугаартай албан бичгээр мэдэгдэхэд төлбөр төлөгч үнийн санал өгөөгүй. Төлбөр авагч А.Батпүрэв нь шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох санал гаргасан. Иймд хөрөнгийн үнэлгээний “Мөнх Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх хувийн сууц, газар нь 176 300 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч А.Тунгалагтамирт 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3/34490 дугаартай үнэлгээний мэдэгдлийг хүргүүлж, үнэлэгдсэн үнэ болох 176 300 000 төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 12 дугаар гудамжны 45Г тоот хувийн сууц, гарааш, гэр бүлийн хэрэгцээний газрыг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны талаар 2015 оны 10 дугаар сарын 23-ны 3/36809, 3/36810, 3/36811 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн болно. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувь буюу 88 150 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт оруулахаар нийтэд мэдээлсэн боловч А.Тунгалагтамир Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 38357 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, 2 дахь албадан дуудлага худалдаа явагдаагүй болно. Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааны талаар 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3/40056 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул А.Тунгалагтамирын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Батпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Дуудлага худалдааг зохион байгуулахаас өмнө удаа дараа мэдэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн төлөөлөгч Б.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу үнэлгээ гаргасан. Үнэлгээ хийхдээ стандартын дагуу зардлын болон зах зээлийн харьцуулалтын аргаар үнэлсэн. Ижил төстэй байдал, чанарыг харгалзан үзсэн. Манай хийсэн үнэлгээ үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.Тунгалагтамирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улс тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч А.Тунгалагтамирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгч А.Тунгалагтамир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буруу явагдсан буюу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна гэжээ.

 

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч А.Тунгалагтамир нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хариуцагч “… төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул хуульд зааснаар шинжээч томилж, шинжээчийн тогтоосон үнээс дууудлага худалдаанд оруулсан“ гэж татгалзжээ.

 

Нэхэмжлэгч А.Тунгалагтамир нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажлаас чөлөөлөгдсөн, өвчтэй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нотолж, эмнэлгийн магадлагааг хавсарган шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж дүгнэж хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт нийцээгүй байх бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрх, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчжээ.

 

Шүүх хуралдаанд оролцож, өөрийн шаардлага, татгалзлалын талаар тайлбар өгөх, асуулт тавих зэргээр мэтгэлцэх хэргийн оролцогчийн эрх зөрчигдсэн байгаа тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдврлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/02284 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.Тунгалагтамирын төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                 ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Ш.ОЮУНХАНД