Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 482

 

                                                                                                                                                                                            

 

 

 

 

 

 

 

 

             Б.Алтанхуягт холбогдох

             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор О.Баасанхүү,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэн,

Ялтан Б.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Б.Гэршихбөртэ,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Алтанхуягийн гаргасан давж заалдах гомдол болон ялтан Б.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Б.Гэршихбөртэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Алтанхуягт холбогдох эрүүгийн 201624001058 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Харчууд овогт Базарваанийн Алтанхуяг, 1979 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын цахилгаан механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн 2/1а-24 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ФА79021076/,   

Б.Алтанхуяг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 04 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энэбишийн өргөн чөлөө “Москва” их дэлгүүрийн замд “Тоёота Кроун” загварын улсын дугааргүй автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд саад бий болохыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс хохирогч Т.Сумъяахүүг мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Алтанхуягт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Б.Алтанхуягийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанхуягийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанхуягт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэнд 15.760.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж, Б.Алтанхуягийн жолоочийн 262084 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанхуягт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэнгийн 50 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Д.Бямбасүрэн нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, …тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Алтанхуягт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Ялтан Б.Алтанхуяг давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би 2016 оны 12 дугаар сарын 11-ний өглөөний 04 цаг 40 минутад Баянгол дүүргийн “Москва” их дэлгүүрийн урд талд 2 дугаар эгнээнээс 3 дугаар эгнээ рүү шилжих дохио өгч урд яваа суудлын тэргийг гүйцэх үйлдэл хийгээд зэрэгцэж ирэх үед тоормоз гишгэсэн. Тэгтэл машины хамар дээгүүр даваад урд шил мөргөөд машины баруун гар тал руу унасан. Би юу болсныг мэдэх гэж машинаас бууж хартал машины баруун хойд талд нэг залуу ёолсон байдалтай өндийхөөр нь тухайн үед хамт явж байсан найз Замиланг утсаар цагдаа болон түргэн дууд гэж хэлээд эргэтэл 3-4 залуу тойрч аваад “чи хүн мөргөчихлөө шүү дээ” гээд куртикнээс татаж тонгойлгож байгаад цохиж эхэлсэн. Би “одоо болиоч ээ, осолдогч дээр очмоор байна” гэж хэлсэн ч намайг тоолгүй унагаж байгаад нуруу, толгой, эмзэг газар руу өшиглөж цохиж нэлээд удаан зодсон. Нэлээн гуйсны эцэст өндийх гэтэл толгой руу баруун нүдний орчимд юмаар хүчтэй цохиход хэсэг ухаан балартаж унасан. Ухаан ортол нөгөө залуус жаахан холдсон байхаар нь тэр боломжийг ашиглаж осолдогч дээр очсон. Осолдогчийн амьсгаа нь тогтмол бус ухаан алдсан ил авсан шарх байхгүй байхаар нь эмнэлгийн тусламж үзүүлэхээр тойрч зогсож байсан хүмүүсээс болон таксины жолоочоос тусламж хүссэн боловч эмнэлэг рүү авч яв гэхээс өөрөөр хэн ч биечлэн туслахыг хүсээгүй. Тухайн үед найз Замилан нэлээд согтолттой миний машины хажуугийн суудалд унтаж байсан. Яг тэр үед найз Замилан бужигнасан хүмүүсийг гайхсан байдалтай харж зогсож байхаар нь дуудаж осолдогчийг хамт өргөж машиныхаа арын суудалд оруулж хэвтүүлээд хамгийн ойр байх эмнэлэг болох гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед намайг зодсон залуусын талаар Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн байцаагч Төгөлдөрт гомдол гаргасан боловч миний нурууны Эл3-Эл4 нурууны хугархайг хуучин хугархай, толгой буюу бусад гэмтлийг “хөнгөн” зэрэгт, мөн баруун нүдний ухархайн яс нөхүүлж имплант суулгасан хагалгааг хөнгөн зэрэгт тооцож эзэн холбогдогч нь олдохгүй шалтгаанаар хаагдсан. Энэ нь миний хавтаст хэрэгт тогтоол нь хавсрагдсан байгаа болно. Тухайн залуус олдсон бол миний хувьд ослын талаар маш үнэтэй гэрчүүд байх байсан. Би аав, ээж хоёртойгоо Орхон аймагт амьдардаг. Миний аав, ээж хоёр хоёулаа тэтгэврийн хөгшчүүл байдаг. Намайг автын осол хийсний дараа хохирогчийн нэхэмжилсэн төлбөр мөн эрүүл мэндийн байдлаас болж гэнэт мөнгөний хэрэг гарсантай холбогдуулан бид гурав хашаа байшингаа зарж ээж, аавыгаа түр байшин хөлсөлж үлдээгээд ирсэн. Энэ үед аав минь зуурдаар нас барсан. Манай хоёр дүү тус тусын амьдарлыг хөөгөөд тус тусдаа гарсан, нэг нь Солонгост сурдаг. Би тухайн үед болсон осолд маш их харамсаж байна. Осолдогч нь тухайн үед хүнд хөөгдөж хар эрчээрээ машины зам руу хөндлөн гарцгүй газраар гүйж гарч ирснээрээ машины тоормоз гишгэсэн ч тэр дороо зогсоох боломж бололцоо маш бага байсан. Мөн бидний хоорондын зай маш богино зам халтиргаатай тухайн үеийн үйл явц хэдхэн секундын дотор болж өнгөрсөн болно. Иймд тухайн гарсан осол миний эрүүл мэндийн шалтгаан ар гэр буюу халамжлан харах хүнгүй байгаа ээжийг минь мөн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анхны хэрэг зэргийг минь харгалзан үзэж 3 жил 1 сарын ялын тогтоолыг өөрчилж тэнсэн хянаж харгалзах шийтгэх тогтоолоор өөрчилж өгнө үү” гэв.

Ялтан Б.Алтанхуягийн өмгөөлөгч Б.Гэршихбөртэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Гэршихбөртэ би, Эрүүгийн 201624001058 дугаартай Б.Алтанхуягт холбогдох хэрэгт ялтан Б.Алтанхуягийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Тус хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолд дараах үндэслэл бүхий давж заалдах гомдол гаргалаа. Үүнд: Шүүх тогтоолын тодорхойлох хэсэгт “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэн нь оршуулгын зардалд 14.745.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Алтанхуяг нь 15.760.000 төгрөгийг нөхөн төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Б.Алтанхуяг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэж үзсэн атлаа тогтоох хэсгийн 2 дугаарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанхуягийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 3 жил 1 cap хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанхуягт оногдуулсан 3 жил 1 cap хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэжээ. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн заалтыг хангаагүй байна гэж үзлээ.

Шүүх нэгэнт шийтгэх тогтоолдоо заасанчлан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байгаа тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй ял оногдуулах боломжтой байдаг. Мөн Б.Алтанхуягийн хувьд хэдийгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай боловч анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хохирогчийг хүн хөөж гүйж байсан, тухайн этгээдэд хөөгдөж /хэрэгт хавсаргасан хяналтын камерын бичлэгээр/, өөрт тулгарсан аюулаас зугтааж улмаар авто зам руу тухайн замаар зорчиж байсан тээврийн хэрэгслүүдийн урдуур маш хурдтайгаар, гарцнаас наагуур буюу тэмдэглэгдсэн хэсгээс өөр газраар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж /2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт хх-212 хуудас/, зам хөндлөн гэнэт гүйж гарч ирэн жолоочийг тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах боломж бололцоо, самбаачлах хугацааг багасгасан зэрэг байдлууд мөн нөлөөлсөн. Эдгээр нөхцөл байдлууд нь гэнэт үүссэн бөгөөд хэдийгээр жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ч зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан. Үүнээс гадна Б.Алтанхуяг нь тухайн шөнө тээврийн хэрэгслээ дуудлагын жолооч дуудан жолоодуулж явсан бөгөөд тухайн үед зам дээр шалгалт хийж байсан цагдаа түүний тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад дуудлагаар ирсэн жолооч нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан тул уг жолоочоор үйлчлүүлэх боломжгүй болсон. Улмаар тухайн цагдаа түүнийг ойролцоо байх “Шөлөндөө” нэртэй хоолны газарт хоол идэн өглөө болгоод хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тухай мэдүүлгүүд хэрэгт бий. Хэрэг мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байхад шүүгдэгчийн зүгээс баримтаар гаргаж өгсөн хохирлоос гадна баримттай баримтгүй нийт 15.760.000 төгрөгийн хохирол нийт төлсөн байна.

Ялтан Б.Алтанхуяг нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, өөрийнхөө үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, уг гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгдсэн, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн бусад шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзах боломжтой юм. Түүний хувьд өөрийн болгоомжгүй үйлдлээс болон ямар их нөхөж боломгүй гарз хохирол тохиож байгааг гүнээ ойлгож ухамсарлан цаашид аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдолгүй Монгол Улсын иргэний хувьд ажиллаж хөдөлмөрлөх үүргээ нэр төртэйгээр биелүүлэхээ илэрхийлсээр байна. Мөн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дугаар талд “Улсын яллагч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Та хохирогчийн хувьд шүүгдэгчийн ял шийтгэлд ямар бодолтой байгаа вэ?” гэсэн асуултанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Би эх хүний хувьд үхсэн хүн эргээд босох биш дээ, шүүгдэгчийн хийсэн хэргийг харж үзээсэй, цаашид амьдрах боломжийг олгож өгөөч гэж хэлмээр байна” гэж хариулсан байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдааны явцад миний хүүгийн ээждээ авч өгнө гэж мөрөөдөж байсан нэг өрөө байрны үнэ болох 50.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 45 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго болох гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилго нь заавал түүнд оногдуулсан ялыг биеэр эдлүүлэн нийгмээс тусгаарласнаар биелэгдэх бус харин тэрээр өмнө ямар нэг гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тодорхой эрхэлсэн ажилтай тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэн хянан харгалзсанаар ялтны хүмүүжил, ухамсарт эерэгээр нөлөөлөх, Б.Алтанхуяг нь ажил хөдөлмөр эрхэлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн амьдрал ахуйд туслаж дэмжих, цаашлаад хэрэв иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэм хорын хохирол төлбөр нэхэмжилбэл хөдөлмөр эрхэлснээрээ түүнийг төлөх боломж бололцоотой байж болохыг шүүх анхаарч үзээгүй.

Шүүх, шийдвэр гаргахад чухал ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр түүнд оногдуулсан ял шийтгэлийг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж давж заалдах гомдол гаргалаа.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэн мөн хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, гэмт хэргийн хүнд, хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй ял оногдуулсан нь тогтоогдвол давж заалдах шатны шүүх хөнгөн ялтай хууль хэрэглэх, эсхүл ялыг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оноосон хорих ялыг тэнсэн хянан харгалзаж, шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү. Үүнээс гадна түүнийг анхан шатны шүүхээс хорих ял аван Хорих 461 дүгээр ангид хоригдож байх хугацаанд буюу 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр түүний эцэг болох Базарваань нь зуурдаар таалал төгсөж түүний эх нь ганцаар үлдсэн байна. Б.Алтанхуяг нь одоогоор ганц бие бөгөөд ээждээ тус дэм болж асран хамгаалах боломжтой ганц хүү нь болохыг анхаарч үзнэ үү…” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэр бүх зүйлээр хангалттай гэж үзэж байна. Иймд хэвээр үлдээж өгнө үү. Талийгаачийн ар гэрийн байдал тун хүнд хоцорч байгаа. Хохирогч миний бага хүү байсан. Намайг харвалттай байхад хүү маань асарч хүний зэрэгт хүргэсэн. Түүний эгч нь 80 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай. Амьдрал хүнд байсан тул 50.000.000 төгрөг нэхэмжилсэн. Б.Алтанхуягийг хоригдож байх хугацаанд эцэг нь нас барсан гэдгийг уншсан. Эцгээ алдсан, хоригдож байгаа хүнийг өрөвдөж байна. Энэ хүн амьд байна. Амьд байхад алтан аяганаас ус ууна гэдэг. Гэтэл миний хүү босож ирэхгүй. Миний хүү дээд боловсролтой, 2 мэргэжилтэй хүн байсан. Гэтэл Б.Алтанхуяг гэх хүн өнөөдөр амьд сэрүүн байна. Энэ хүний ар гэр, амьдралын байдлыг харж үзээд, шоронгоос гараад хохирол барагдуулах боломж байдаг юм бол тэр боломжийг олгож өгнө үү. Энэ хүнийг харж үзээсэй гэж гуймаар байна. Хохирол л төлөх юм бол заавал шоронд хийгээд өгөөч гэж хэлэхгүй” гэв.

 

Прокурор О.Баасанхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Уг хэрэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гарсан. Б.Алтанхуяг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон. Тухайн үед Б.Алтанхуягийн согтуурлын зэрэг 2.0 промилл байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Алтанхуягт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 3 жил 1 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Тэрээр учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлсөн. Хохирол төлөх санаачлага гаргаж төлж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Б.Алтанхуяг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 04 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энэбишийн өргөн чөлөө “Москва” их дэлгүүрийн замд “Тоёота Кроун” загварын улсын дугааргүй автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-гийн а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд саад бий болохыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс хохирогч Т.Сумъяахүүг мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэнгийн “...Би талийгаач Т.Сумъяахүүгийн эх нь байгаа юм. Миний хүү Сумъяахүү нь 1992 онд Баянхонгор аймагт төрсөн. Циркийн хажуугийн авто угаалгын газар ажиллаж байсан. Талийгаачийн өмсөж явсан хувцас, түрийвч эд зүйлийг нь бүрэн хүлээн авсан. Талийгаачийг явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь камерын бичлэгийг үзэхэд миний хүү шууд зам хөндлөн гараагүй, замын дагуу гүйж байгаад явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаа нь тодорхой харагдаж байна. Хэрэв гарцгүй газраар зам хөндлөн гарах байсан бол явган хүний гарц руу чиглэж гүйх шаардлагагүй. Шууд хөндлөн гарах боломж байсан байна. Дээрх байдлаас үзэхэд миний хүү зам дагуу гүйж байгаад явган хүний гарц руу ирээд зам хөндлөн гүйж харагдаж байна. Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, сонор сэрэмжээ дээшлүүлж, шаардлагатай тохиолдолд явган зорчигчид зам гаргах үүрэгтэй. Жолооч зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг биелүүлээгүй болох нь харагдаж байна. Оршуулгын зардалд 14.745.000 төгрөг гарсан, дээрх 14.760.000 төгрөгийг хүлээн авсан…” /хх-20, 204/,

Гэрч Ж.Замилангийн “…2016 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 04 цагийн орчим найз Алтанхуяг өөрийн улсын дугааргүй, цагаан өнгийн “Тоёота Кроун” загварын машиныг жолоодоод би хажууд нь суугаад Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын хойд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал ертөнцийн зүгээр хойд талаас нэг хүн урдуур ороод ирсэн. Тэр үед Алтанхуяг тоормоз гишгэж амжилгүй мөргөсөн. Машинд мөргүүлсэн хүн бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн байх шиг байсан. Алтанхуяг бид хоёр машинаас буугаад мөргүүлсэн хүн дээр очиход нэлээн хол шидэгдсэн байсан. Алтанхуяг бид хоёр хохирогчийг машиныхаа хойно оруулж тавиад гэмтлийн эмнэлэгт очсон. Миний хувьд нэлээн согтолттой байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй, замын хажуу гэрэлтүүлэгтэй, хөдөлгөөн сийрэг байсан...” /хх-112/,

Шинжээч С.Пүрвээгийн “…Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, хэрэв явган зорчигч гарцаар гарч байвал зам тавьж өгнө” гэсэн заалт байдаг. Хэргийн газар дээр гарцны замын хажуугийн 2 талд гарцны мэдээлэх тэмдэг тэмдэглэгээ байсан ба жолооч үүнийг харж хурдаа хасч явах ёстой байсан. Гэтэл жолооч энэ үүргээ биелүүлээгүй нь камерын бичлэгээс харагдаж байна. Урьд гаргасан “Жолооч Б.Алтанхуяг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 9.2, 2.7а дахь заалтуудыг зөрчсөн” гэсэн шинжээчийн дүгнэлт өөрчлөгдөхгүй…” /хх-206/,

Б.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2016 оны 12 дугаар сарын 10-ны орой ангийнхны уулзалт болж ресторанд орсон. Ресторанаас би шөнийн 02 цагийн үед гараад 4-5 лааз пиво уусан. Би машинаа жолоодоод Замилан миний хажууд суугаад зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байтал замын хойд талаас нэг залуу гүйгээд гараад ирсэн. Би тоормоз гишгээд амжилгүй нөгөө залууг машиныхаа баруун урд талын буферээр биеийнх нь зүүн тал руу мөргөж унагаасан. Би машинаасаа бууж нөгөө залууг машиндаа оруулаад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн...” /хх-146/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн цогцост хийсэн 18 тоот шинжээчийн дүгнэлтэд “…Талийгаачийн цогцост дух, зулайн хэсгийн хуйхан дахь цус хуралт, гавлын ясны хальсан дахь цус хуралт, зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн дээд хэсгийн хатуу бүрхүүлийн доорх /50 гр/, баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн хатуу бүрхүүлийн доорхи цусан хураа /100 гр/, баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүлийн доорхи тархмал цус харвалт, духны баруун төвгөрөөс доош баруун нүдний ухархайн дээд хана, гавлын урд хонхорыг дайрч гавлын суурь ясны их далавч хүрсэн урагдал, бүдүүн гэдэсний салстын урагдал, хэвлийн өмнөд болон арын гялтангийн цус хуралт, дух, шанаа, хацар, цээж, ташаан толгой, гуя, өвдөгний нүдний арьсны зулгаралт, зовхи, хамрын нурууны цус хуралт, баруун болон зүүн дунд чөмөгний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн…” /хх-128-130/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 01 тоот дүгнэлтэд “…Шинжилгээнд ирүүлсэн “Б.Алтанхуяг 37 эр” гэж хаягласан цусанд 2.0 промилли спиртийн агууламж илрэв. Согтолтын дунд зэрэгт хамаарна…” /хх-121/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 17/1395 тоот дүгнэлтэд “…MNS4598:2011 стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан тоног төхөөрөмжөөр шалгасан үзүүлэлт нь техникийн бүрэн бүтэн байдлыг ерөнхий байдал өнгө үзэмж, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ зэрэг үзүүлэлтүүд хангахгүй байна. Техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжийн үзүүлэлтүүд нь тухайн осол хэрэгт нөлөөлөхгүй...” /хх-135-137/,

Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 42 тоот дүгнэлтэд “…Toyota crown 180 загварын улсын дугааргүй автомашины жолооч Б.Алтанхуяг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 13.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй. Явган зорчигч Т.Сумъяахүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна…” /хх-124-126/ гэх шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-17/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2-6, 8-9/, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн 28296 дугаартай амь хохирогч Т.Сумъяахүүгийн өвчний түүхийн хуулбар /хх-92-111/ зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.    

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг шалгасан, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, түүнд дүгнэлт өгөх боломж бүрдсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль зөрчигдөөгүй байх бөгөөд шүүх Б.Алтанхуягийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.  

Харин Б.Алтанхуяг нь анх удаа, болгоомжгүйгээр, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшсэн, хохирогчид учирсан шууд хохирлыг сайн дураар нөхөн төлсөн байх ба түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд амь хохирогчийн буруутай үйлдэл зохих хэмжээгээр нөлөөлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой талаар гаргасан ялтан Б.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Б.Гэршихбөртэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ хэрэгт Б.Алтанхуяг нь 33 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Б.Алтанхуягт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Б.Алтанхуягийг цагдан хорих байрнаас нэн даруй суллаж, түүнийг бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                       

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

 

 ШҮҮГЧИД                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                              Д.МЯГМАРЖАВ