Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 800

 

 

                                                           

 

 

 

 2019         10           22                                 2019/ШЦТ/800

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их тугтан овогт Батнасангийн Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1911025321039 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, зөөгчийн ажил эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хорооллын 33 дугаар байр 55 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Их тугтан овогт Батнасангийн Мөнх-Эрдэнэ, /РД:ОЛ95101357/,

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 44-03 тоотоос Б.Энхбаярын эзэмшлийн “Делл” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,032,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв. 

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...”, “...Би Багануур дүүрэгт амьдардаг бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 22-нд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 44-03 тоотод байх хамаатан Бат-Эрдэнэ гэх ахын гэрт амьдарч байсан. Гэтэл тэдний гэрт Увс аймгаас Энхбаяр гэх манай хамаатны залуу ирж 1-2 хоног амьдарсан. Тэгээд би 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Энхбаяр өөрийн зөөврийн компьютерыг Бат-Эрдэнэ ахын авдарт хийгээд цоожлоод явсан үед нь түлхүүрээр нь онгойлгож зөөврийн компьютерийг нь хулгайлан авч Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим байх барьцаат зээлийн газарт 230,000 төгрөгөөр тавьсан. Тухайн үед би Ганчимэгээс 200,000 төгрөг зээлсэн байсан болохоор түүний өрийг өгөх гэж хулгай хийсэн. Би Ганчимэгт манай эгчийн зөөврийн компьютер байгаа юм надад бичиг баримт байхгүй болохоор чиний бичиг баримтаар тавих гэсэн юм гэж гуйж байгаад Ганчимэгийн бичиг баримтаар ломбарданд тавьсан. Тэгээд тэр орой цагдаа нарт баригдаж зөөврийн компьютерийг барьцаат зээлийн газраас авч Энхбаярт хүлээлгэн өгсөн. Одоо бид хоёрын дунд ямар нэгэн санал гомдол байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэх /хх-ийн 32-33х/,

Хохирогч Б.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Увс аймгаас 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр  Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 44-03 тоотод оршин суудаг хамаатны айл болох Бат-Эрдэнэ гэх ахындаа ирж түр байж байсан. Тэгтэл 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 09 цагийн орчимд гэрээс гараад 13 цагийн үед буцаад ирэх үед миний нөүтбүүк байсан. Тэгээд би буцаад 14 цаг 30 минутын үед Багшийн дээд орж хэдэн зураг хэвлүүлчихээд орой 19 цаг 20 минутын үед гэрт ирэхэд цоожтой авдарт байсан нөүтбүүк алга болсон байсан. Тэгээд 30 орчим минутын дараа цагдаад дуудлага өгсөн...”, “...Миний нөүтбүүк хар өнгийн 14 инчийн 3567 В i3 маркийнх байгаа...”, “...Миний зөөврийн компьютерийг манай хамаатны дүү Б.М хулгай хийж авч яваад ломбарданд тавьсан байна лээ. Би зөөврийн комьпютераа ямар нэгэн асуудалгүй бүрэн бүтэн хүлээн авсан...”, “...Надад нэхэмжлэх зүйл ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх /хх-ийн 9-12х/,

Гэрч Т.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мөнх-Эрдэнэ надаас  4 сард 200,000 төгрөг зээлсэн. Тэгээд мөнгөө авья гэж 09 дүгээр сарын 23-нд хэлсэн чинь 2019 оны 09 дүгээр сарын 24-нд манай ажлын гадаа Мөнх-Эрдэнэ ирээд 99579633 дугаараасаа залгаад гараад ирээч гэхээр нь гартал, манай эгчийн нөүтбүүк байгаа юм үүнийг ломбарданд тавиад өгөөч чиний мөнгйиг гаргаж өгье гэхээр нь хамт Хүнсний 1 дүгээр дэлгүүр лүү явж ломбарданд 230,000 төгрөгөөр тавьсан. Тэгээд надад 110,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь Мөнх-Эрдэнэ өөрөө аваад явсан...” гэх /хх-ийн 18-19х/,

Дамно хөрөнгийн үнэлгээний ХХК-ны эд зүйлийн үнэлгээ хийсэн дүгнэлт “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 09 сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,032,000 /нэг сая гучин хоёр мянган төгрөг/-р үнэлэгдэв...” гэх /хх-ийн 26-27х/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 24х/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25х/,

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэний иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38х/,

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 42х/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 43х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                   

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их тугтан овгийн Батнасангийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар биелүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД