Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/00419

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Д.Хулан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/10841 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, ******* ХХК-д тус тус холбогдох,

 

Орон сууц захиалгын гэрээний үүрэгт төлсөн 65,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* ХХК-ийн 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 641 тоот Зөвшөөрөл олгох бичгийг үндэслэн нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн захирал *******тай 2022 оны 12 сарын 28-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхийг шилжүүлэх гэрээ-г байгуулсан. Уг гэрээний 3.2-т зааснаар 65,000,000 төгрөгийг 3 хувааж ******* ХХК-д шилжүүлсэн.

1.2. Гэрээ байгуулсан үеэс нэхэмжлэгч ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 12 сарын 08-ны өдрийн ОСЗГ-4117 (BAR 22/57) тоот "Орон сууц захиалгын гэрээ-ний захиалагчийн эрхийг нэхэмжлэгч шилжүүлэн авч захиалагч болсон. Орон сууцны үлдэгдэл төлбөр 76,336,000 төгрөгийг төлөх дутуу байсан.

1.3. Гэтэл ******* ХХК нь 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 159 тоот албан бичгээр ******* ХХК болон *******" ХХК нарын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-гээр гүйцэтгэсэн ажил нь чанарын доголдолтой тул ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тул ажлын хөлсөнд шилжүүлсэн талуудын хооронд байгуулсан 2022 оны 12 сарын 08-ны өдрийн ОСЗГ-4117 (BAR 22/57) тоот Орон сууцны захиалгын гэрээ давхар цуцлагдаж байгаа тул нэхэмжлэгчид олгосон 2022 оны 12 сарын 28-ны өдрийн №641 тоот зөвшөөрөл хүчингүй болсныг мэдэгдсэн.

1.4. ******* ХХК нь нэхэмжлэгчид ******* ХХК-ийн орон сууцны захиалагчийн эрхийг шилжүүлэх зөвшөөрлийг өгсөн. Уг зөвшөөрлийг үндэслэн нэхэмжлэгч ******* ХХК-тай Эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан тул миний шилжүүлсэн 65,000,000 төгрөг хуулийн хүрээнд ******* ХХК-ийн орон сууцны төлбөрт орж тооцогдсон гэж үзэж байна.

1.5. Нэгэнт гэрээг цуцалж байгаа тул зөвшөөрлийн гэрээний дагуу хийгдсэн хариу төлбөрийг ******* ХХК-аас нэхэмжлэх эрх нь үүссэн гэж үзэж байна.

1.6. Иймд 2022 оны 12 сарын 08-ны өдрийн ОСЗГ-4117 (BAR 22/57) тоот Орон сууцны захиалгын гэрээ цуцлагдсан учир орон сууцны төлбөрт төлсөн 65,000,000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Дэлгэрэх чандмань ХХК-ийн хариу тайлбарын агуулга:

2.1. Манай компани 2022 оны 08 сарын 30-ны өдөр ******* ХХК-тай 22/57 дугаартай Барилгын вакум цонх, хаалга хийж угсрах ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээний хариу төлбөрийн тодорхой хэсэгт ******* хотхоны А блок байрны 15 давхарт байрлах 54.36 м.кв талбай бүхий орон сууцыг барьж хүлээлгэн өгөхөөр тохиолцсон.

2.2. Гэвч ******* ХХК-ийн хугацаа хэтрүүлэн, дутуу хийж гүйцэтгэсэн ажил нь Монгол улсад мөрдөж буй норм, дүрэм, стандартад нийцээгүй болох нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул ******* ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж, хийгдсэн ажлыг бүгдийг буулгаж, өөр этгээдээр шинээр хийж гүйцэтгүүлсэн.

2.3. Уг нөхцөл байдлаас шалтгаалж, ******* ХХК-тай байгуулсан 2022 оны 12 сарын 08-ны өдрийн ОСЗГ-4114 (BAR 22/57) дугаартай гэрээ, уг гэрээний эрх шилжүүлэх зөвшөөрөл хүчингүй болсныг нэхэмжлэгч талд албан бичгээр мэдэгдсэн.

2.4. Мөн ******* ХХК-тай байгуулсан 2022 оны 12 сарын 08-ны өдрийн ОСЗГ-4117 (BAR 22/57) дугаартай гэрээний 3.3, 4.3, 7.2 дахь хэсгүүдэд зааснаар уг гэрээний хэрэгжилт нь ******* ХХК-тай байгуулсан 2022 оны 08 сарын 30-ны өдөр 22/57 дугаартай Барилгын вакум цонх, хаалга хийж угсрах ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлтэй шууд хамааралтай, ажил гүйцэтгэх гэрээ дүгнэгдэж, акт үйлдсэн нөхцөлд орон сууц захиалгын гэрээ хэрэгжих нөхцөлийг талууд гэрээгээр тохиролцсон байсан ба компанийн зүгээс нэхэмжлэгчээс ямар ч төлбөр хүлээн аваагүй тул нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга:

3.1. Манай компани нь ******* ХХК-тай 2022 оны 08 сарын 30-ны өдөр вакум цонх, хаалга хийж гүйцэтгэх нийт 742,000,000 төгрөгийн гэрээг байгуулсан.

3.2. Уг гэрээний дагуу ажлын гүйцэтгэлтэй уялдуулан ******* ХХК-аас манай компанид өгсөн 2 өрөө байрыг иргэн *******т ******* ХХК-аас олгосон захиалгын гэрээг шилжүүлж зарах эрхийн дагуу шилжүүлсэн.

3.3. *******ийн байрны төлбөрт өгсөн 65,000,000 төгрөгийг манай компани гэрээт ажлын цонхны материалын төлбөрт зарцуулсан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 32,500,000 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас 32,500,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас тус бүр 241,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг ... 2022 оны 12 сарын 08-ны өдрийн ОСЗГ-4117 (BAR 22/57) тоот Орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан учир миний орон сууцанд төлсөн 65,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

5.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг бус, харин ******* ХХК болон ******* ХХК хооронд байгуулагдсан ОСЗГ-4117 тоот орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан болохыг хүлээн зөвшөөрч, уг гэрээний захиалагчийн эрхийг шилжүүлэн авахдаа төлсөн 65,000,000 төгрөгөө буцаан гаргуулахыг шаардсан.

5.3. Хариуцагч ******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэхдээ нэхэмжлэгчийн 65,000,000 төгрөг гаргуулах шаардлага нь *******тай байгуулсан 2022 оны 12 сарын 28-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу шилжүүлсэн төлбөрөө буцаан шаардаж буй, уг гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулахтай холбоотой тул уг хэргийн жинхэнэ хариуцагч биш болохыг тайлбарлаж. холбогдох баримтуудыг гарган өгсөн.

5.4. Гэтэл шүүх нэхэмжлэгч болон манай компанийн хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэлийн шаардлага нь аль хариуцагчид хамааралтай болох талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй, нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.

5.5. Түүнчлэн ******* ХХК-ийн 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 641 тоот Зөвшөөрөл олгох тухай албан бичгээр ОСЗГ-4117 орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх зөвшөөрлийг ******* ХХК-д олгосон.

5.6. Дээрх зөвшөөрлийг үндэслэн нэхэмжлэгч нь иргэн *******тай 2022 оны 12 сарын 28-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний 3.2 дахь хэсэгт төлбөрийг *******ын хувь дансаар авахаар тохиролцсон байдаг.

5.7. Нэхэмжлэгчийн гарган өгсөн баримтаас харахад ******* гэх хүний данснаас *******т 18,000,000 төгрөг, *******д 20,000,000 төгрөг, О.Жанцаннамжил гэх хүний дансанд 20,000,000 төгрөг, харин нэхэмжлэгчээс *******т 7,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн байх бөгөөд эдгээр нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай эсэх нь тодорхойгүй, мөн төлбөрийг ******* ХХК-д шилжүүлээгүй болох нь тодорхой харагдаж байна.

5.8. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн талаар огт дурдаагүй, холбогдох нотлох баримтыг гарган өгөөгүй ба шүүх хуралд оролцоогүй.

5.9. Дээрх нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт заасны дагуу ******* ХХК нь нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэх үр дагаврыг үүсгэх байсан боловч үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг манай компанид хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

6.1. Давж заалдах гомдлын 1, 2 дугаар үндэслэлийн хувьд агуулгын хувьд ижил төстэй байна. Харин хариуцагч тал эрх шилжүүлэх гэрээ болон орон сууц захиалгын гэрээг хооронд нь тусгаарлан, бие даасан хоёр өөр харилцаа мэтээр ойлгож, үр дагаврыг нь салгаж тайлбарлаж байгаа нь буруу гэж үзэж байна.

6.2. Өөрөөр хэлбэл, эрх шилжүүлэх гэрээний тухайд ******* гэх нэр дурдагдаж байгаа боловч 641 дугаартай эрх шилжүүлэх гэрээгээр *******т шилжүүлэх зөвшөөрлийг ******* ХХК олгосон. Өөрөөр хэлбэл, ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, түүний төлбөрт орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

6.3. Улмаар уг орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхийг *******т шилжүүлэхийг ******* ХХК зөвшөөрсөн. Иргэний хуулийн 51 дүгээр зүйлд заасан зөвшөөрлийн зохицуулалтын дагуу, тухайн хэлцэл хүчин төгөлдөр болох нөхцөлийг ******* ХХК өөрөө бүрдүүлж өгсөн. Тодруулбал, баригдаж ашиглалтад орох орон сууцны өмчлөх эрхийг ирээдүйд ******* эдэлнэ гэх агуулгаар эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Иймээс нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан буюу 65,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасан нь үндэслэлтэй.

6.4. Харин хариуцагч тал бид уг гэрээний оролцогч биш, 2022 оны 12 сарын 08-ны өдөр байгуулсан 4117 дугаартай орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхийг ******* ХХК-аас ******* авч байгаа тул бидэнд хамааралгүй гэх тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх гэрээний үүргийн хүрээнд 65,000,000 төгрөгийг гаргуулах талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй.

6.5. Мөн хариуцагч тал зөвхөн орон сууц захиалагчийн эрх шилжүүлэх гэрээг тусгаарлан авч үзэж, зөвхөн түүний үр дагаврыг ярьж байгаа боловч бодит байдал дээр эрх шилжүүлэх гэрээ нь орон сууц захиалгын гэрээтэй салшгүй холбоотой, нэг эрх зүйн харилцааны үргэлжлэл юм. Хэрэгт орон сууц захиалгын гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, төлбөр шилжүүлсэн баримт, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтууд авагдсан. Уг нөхцөлд Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн зохицуулалт хамаарна.

6.6. Тухайлбал, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна. гэж заасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч нарын үүргийг тэнцүү хэмжээгээр хуваарилан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн тодорхой нэр бүхий иргэдэд мөнгө шилжүүлсэн асуудлаар маргаан үүсгээгүй.

6.7. ******* ХХК тухайн мөнгийг авч, барилгын вакум цонхны ажилд зарцуулсан нь тодорхой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шилжүүлсэн 65,000,000 төгрөг барилгын бүтээгдэхүүн болж, тухайн барилгын хийцэд шингэсэн. Мөн эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгч захиалагчийн эрхийг олж авсан тул гэрээний үүргийг хоёр хариуцагчаас хувь тэнцүүлэн гаргуулсан шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

6.8. Мөн хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн гэх асуудлаар гомдол гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад хамаарна. Харин хариуцагч ******* ХХК хариу тайлбар гаргасан, мөнгийг хүлээн авсан нь тогтоогдсон тул уг зохицуулалтыг хэрэглэх үндэслэл бүрдээгүй.

6.9. Иймд Иргэний хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу зөвшөөрөл олгогдож, уг зөвшөөрлийн хүрээнд эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Үүний үр дүнд нэхэмжлэгч ******* ХХК болон ******* ХХК нарын хоорондын орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхийг олж авсан. Иймээс гэрээний үүргийн хүрээнд 65,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

6.10. Мөн хэлцэл хүчин төгөлдөр бус, жинхэнэ хариуцагч биш гэх мэт маргааныг зохих журмын дагуу нотолж, холбогдох хүсэлт гаргах боломж хариуцагч нарт байсан. Хэрэв жинхэнэ хариуцагч биш гэж үзсэн бол нотлох баримтаа гаргаж, нэхэмжлэгч зөвшөөрөхгүй бол гуравдагч этгээдээр оролцуулах зэрэг хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжтой байсан. Гэвч эдгээр эрхээ бүрэн хэрэгжүүлээгүй.

6.11. Түүнчлэн гомдлын гурав дахь үндэслэлээр дурдсан асуудлаар тухайн үед хангалттай мэтгэлцээгүй. Хэрэв тухайн үед уг асуудлыг тодорхой тавьж мэтгэлцсэн бол нэхэмжлэгч байр сууриа илэрхийлж, холбогдох баримтаа гаргах боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ******* ХХК-ийн тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэлийн шаардлага нь орон сууц захиалгын гэрээний үндсэн дээр гаргасан гэж ойлгож байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх ёстой.

7.2. Тухайн орон сууц захиалгын гэрээний анхны захиалагч нь ******* ХХК, гүйцэтгэгч нь ******* ХХК байсан. 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 641 дугаартай зөвшөөрөл олгох тухай албан бичгээр ******* овогтой *******ийг уг гэрээнд захиалагчийн байр сууринаас оролцох боломжийг олгосон.

7.3. Өөрөөр хэлбэл, орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээний 8.2-т талууд харилцан тохиролцож, бичгээр үйлдсэн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд гэрээнд өөрчлөлт оруулж болно гэж заасан. Тус зохицуулалтын дагуу захиалагчийн эрхэд өөрчлөлт орж, ******* гэрээний тал болсон гэж үзэх үндэслэлтэй.

7.4. Орон сууц худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт орсны үр дүнд ******* ХХК болон ******* нарын хоорондын харилцаанд уг гэрээ үйлчилж ******* ХХК нь уг гэрээний харилцаанд ямар ч хамааралгүй болсон. Ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлэхийн тулд хөрөнгө оруулалт шаардлагатай болсон учраас ******* ХХК нь ******* ХХК руу эрх шилжүүлэх хүсэлт гаргаж, байрнуудыг борлуулж орж ирэх мөнгөөр барилгын ажлыг хэрэгжүүлэхээр зохицуулсан.

7.5. Гэвч мөнгийг шууд манай компанид шилжүүлэх ёстой гэх ******* ХХК өгөөгүй. Үүний оронд талуудын харилцан тохиролцооны дагуу *******ээс 65,000,000 төгрөгийг ******* ХХК руу шилжиж, барилгын угсралтын ажилд зарцуулагдсан. Уг нөхцөл байдлаас харахад ******* ХХК нь орон сууц худалдан авах гэрээний харилцаанд ямар ч хамааралгүй. Хэрэв 65,000,000 төгрөгийг нэхэмжлэх эсвэл ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан гэж үзсэн бол ******* ХХК тусдаа нэхэмжлэл гарган шийдвэрлэх боломжтой.

7.6. Учир нь хэрэгт ******* ХХК болон ******* ХХК хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ аль хэдийн дуусгавар болж, цуцлагдсан баримт байхгүй. Эцэст нь орон сууц худалдан авах гэрээний харилцаа зөвхөн ******* ХХК болон ******* нарын хооронд үргэлжилж байгаа бөгөөд гэрээнд нэмэлт өөрчлөлт орсноор талууд үүнийг хүлээн зөвшөөрсөн. Иймд ******* ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК-д тус тус холбогдуулан орон сууц захиалгын гэрээний үүрэгт төлсөн 65,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 08 сарын 30-ны өдөр №22/57 дугаар Барилгын вакум цонх, хаалга хийж угсрах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр *******дугаар хороонд баригдаж буй *******/1-р байр/ 16 давхар, 2 орцтой орон сууцны барилгын вакум цонх, хаалгыг үйлдвэрлэж, угсарч, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээний нийт үнэ 742,965,200 төгрөгийн 537,632,000 төгрөгт орон сууц болон автомашиныг шилжүүлэхээр харилцан тохиролцсон;

3.2. Дээрх гэрээний дагуу ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2022 оны 12 сарын 08-ны өдөр №ОСЗГ-4117(BAR22/57) дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* хороо, *******хотхоны, ******* давхар, 54,36 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлсэн;

 

3.3. ******* ХХК-аас ******* ХХК-д 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 641 тоот Зөвшөөрөл олгох тухай албан бичгээр ******* хороо, *******хотхоны, ******* давхар, 54,36 м.кв талбай бүхий орон сууцны захиалгын эрхийг ******* шилжүүлэх зөвшөөрлийг олгосон байна;

 

3.4. ******* нь *******тай 2022 оны 12 сарын 28-ны өдөр 0164 дугаар Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, *******хотхоны, ******* давхар, 54,36 м.кв талбай бүхий орон сууцны эрхийг шилжүүлж, ******* нь гэрээний төлбөр 141,336,000 төгрөгөөс эрх шилжүүлэгчид гэрээ байгуулсан өдөр 65,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлөх, үлдэгдэл төлбөрийг Зээлийн гэрээ байгуулж, гэрээнд заасан хугацааны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон;

 

3.5. ******* ХХК-аас *******т 2023 оны 05 сарын 01-ний өдөр хүргүүлсэн албан бичигт ... ******* ХХК-тай байгуулсан 2022 оны 08 сарын 30-ны өдрийн №№22/57 дугаартай Барилгын вакум цонх, хаалга хийж угсрах ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан болно. Иймд дээрх шалтгаанаар ******* ХХК-тай байгуулсан 2022 оны 12 сарын 08-ны өдрийн ОСЗГ-4114 (BAR 22/57) дугаартай Орон сууц захиалгын гэрээ мөн давхар цуцлагдаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор уг орон сууц захиалгын эрхийг *******ын ******* (РД: ) танд шилжүүлэхийг зөвшөөрсөн ******* ХХК-ийн 2022 оны 12 сарын 28-ны өдрийн №641 дугаартай албан тоот хүчингүй болсныг үүгээр мэдэгдэж байна ... гэж дурджээ;

 

4. Анхан шатны шүүх анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүрэг тэнцүү байх зарчмыг баримтлан гэрээнээс татгалзсаны үр дагаврыг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

5.1. Нэхэмжлэгч ******* болон ******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ******* нарын хооронд 2022 оны 12 сарын 28-ны өдөр 0164 дугаар Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулагдсанаар нэхэмжлэгч нь ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-ний нэг тал болсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Тодруулбал, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ******* нь Орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлснээр гэрээний нэг тал захиалагч нь ******* болж өөрчлөгдсөн гэж үзнэ.

 

Хариуцагч ******* ХХК нь ... ******* ХХК-д 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 641 тоот Зөвшөөрөл олгох тухай албан бичгээр ******* ХХК-д эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн, харин ******* эрх шилжүүлэхийг зөвшөөрөөгүй гэх боловч хэргийн баримтаар ******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ******* бөгөөд уг албан бичигт ... *******тэй гэрээ байгуулахыг зөвшөөрсөн ... нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж, үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрлийг авсан байх тул энэ талаар гомдлыг хангахгүй.

 

5.2. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас гэрээнээс 32,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч зохигчид гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгч, уг шийдлийг өөрчлөхгүй.

 

5.3. Нэхэмжлэгч нь Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-ний 3.2-т зааснаар 2022 оны 12 сарын 28-ны өдөр урьдчилгаа төлбөр 65,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-д шилжүүлсэн боловч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэг заанаар хариуцагч ******* ХХК-тай байгуулсан гэрээнд нэрлэн заасан этгээдэд мөнгөн хөрөнгийг шилжүүлснийг хариуцагч мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тодруулбал, ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 3.3-д Захиалагч энэхүү гэрээний 3.1-д заасан төлбөрийг ... ******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 08 сарын 30-ны өдөр №22/57 дугаар Барилгын вакум цонх, хаалга хийж угсрах ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ажил гүйцэтгэж төлөхөөр харилцан тохиролцсон ... гэсэн тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлахад дээрх гэрээний үнийг ажил гүйцэтгэгч байгууллагад төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг ******* ХХК-д төлснийг дээрх гэрээний үнийг төлсөн гэж үзнэ.

 

5.4. Хариуцагч ******* ХХК нь ... ******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 08 сарын 30-ны өдөр №22/57 дугаар Барилгын вакум цонх, хаалга хийж угсрах ажил гүйцэтгэх гэрээ-ний маргаантай, ажлаа бүрэн гүйцэтгээгүй тул гэрээг цуцалсан ... гэх боловч ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2022 оны 12 сарын 08-ны өдөр №ОСЗГ-4117(BAR22/57) дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний эрхийг шилжүүлэн авсан *******т хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний маргаан хамааралгүй, мөн ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээ нь хариуцагчийн буруугаас хэрэгжих боломжгүй болсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

 

******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 4.3-д Захиалагч нь ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэх ажлыг бүрэн гүйцэтгэн орон сууцны төлбөрийг бүрэн төлснөөр энэхүү гэрээнд заасан орон сууцны өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон ба шаардах эрх шилжүүлэх гэрээгээр захиалагчийн эрх зүйн байдлыг олж авсан *******т уг тохиролцоо хамаарахгүй. Учир нь нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний тал биш, мөн уг ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хүлээлгэн өгөх эсэх асуудал нь хариуцагч нарын тусдаа маргаан тул *******т уг гэрээний гүйцэтгэлтэй холбоотой зохицуулалт хамааралгүй. Энэ талаар гомдлыг хангахгүй.

 

5.5. Хариуцагч ******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь түүний ажил гүйцэтгэх гэрээний харилцаатай байсан талд шилжүүлэн өгсөн тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, хариуцагч ******* ХХК-аас 32,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, улмаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардаж байхад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримтлаагүй байх тул уг хуулийн зохицуулалтыг нэмж баримталсан өөрчлөлт оруулна.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/10841 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 ... гэсний дараа ... 205 дугаар зүйлийн 205.1 ... гэснийг нэмж баримталсан өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.ОЮУНТУЯА

 

 

ШҮҮГЧИД  Д.ХУЛАН

 

 

С.ЭНХБАЯР