Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00342

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/11418 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 08 сарын 01-ний өдөр 4 тонн, 2022 оны 08 сарын 03-ны өдөр 5 тонн, нийтдээ 9 тонн бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнийг хариуцагч болох ******* ХХК-д нийлүүлсэн.

1.2. Энэхүү худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн болох 27,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагчийн зүгээс төлж барагдуулаагүй учраас хариуцагчаас энэ бүтээгдэхүүний үнийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ямар гэрээний дагуу, ямар үүрэг хүлээсний дагуу хариуцагчаас шаардаж байгаа тухайгаа худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардаж байгаа гэж тодорхойлсон.

2.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах худалдах авах гэрээний дагуу худалдагч, худалдан авагчид нийлүүлсэн бүтээгдэхүүнийг шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 196 дугаар зүйлд зааснаар гэрээний агуулгыг талууд харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлснээр тухайн хэлцэл хүчин төгөлдөр болдог.

2.3. ******* ХХК ямар нэгэн байдлаар ******* ХХК-тай гэрээ хэлэлцээр байгуулаагүй буюу ******* ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй учраас нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ******* ХХК-тай хариуцагч нь ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй учраас Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсэхгүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй.

2.4. Түүнчлэн, хариуцагч нь ******* ХХК-тай холбоотой ямар нэгэн төлбөр тооцооны харилцаатай байсан талаарх анхан шатны баримт байхгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Компанийн тухай хуульд зааснаар анхан шатны баримт, гэрээ хэлцэл компани дээр хадгалагдаж байх ёстой.

2.5. Гэтэл хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт болох өөр хуулийн этгээд буюу ******* ХХК, ******* ХХК нарын хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаа гээд ... 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл өгч авсан зүйлээ баталгаажуулав гээд 2 компанийн санхүүгийн тамга тэмдэгтэй баримт байна.

2.6. Энэхүү баримтаас үзэхэд гэрээний харилцаа ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд үүссэн, уг гэрээний дагуу үүссэн өглөг авлагаа ингэж баталгаажуулсан байна. Энэхүү 2 талын хүсэл зоригоо илэрхийлсэн санхүүгийн баталгаатай баримт байгаад байна.

2.7. Тиймээс нэхэмжлэгч нь ******* ХХК-тай ямар нэгэн байдлаар гэрээний харилцаанд оролцоогүй, харилцан тохиролцож баталгаажуулаагүй, гэрээний оролцогч бус этгээд ******* ХХК-ийн өмнөөс шаардах эрхгүй. Энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан ******* ХХК-аас 27,000,000 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор гэрч *******, ******* нарыг гэрчээр асуулгаж мөн гэрч *******ын гар утсанд үзлэг хийлгэсэн байдаг. Гэрчийн мэдүүлэг болон гэрчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд зохигч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь хөдөлгөөнгүйгээр нотлогдон тогтоогдсон.

4.2. Өөрөөр хэлбэл бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүн худалдаж авах саналыг хариуцагч болох ******* ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон *******д гаргасан, гэрч ******* хариуцагчийн энэхүү саналыг нэхэмжлэгчид танилцуулсан бөгөөд хариуцагчийн гаргасан бетон зуурмагийн нэмэлт худалдан авах саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч тэдний хүсэлтийн дагуу бараа бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлж дуусгасан байдаг.

4.3. Гэвч хариуцагч нь гэрээний зүйлийн үнийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргийг хүлээхээр хуульчилсан байх бөгөөд хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчтэй огт худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэх утга агуулгатай тайлбарыг гаргасан.

4.4. Харин шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээ байгуулагдсан эсэхийг мэдэхгүй байна, тухайн үед компанид ажиллаж байсан хүмүүс нь одоо байхгүй тул бид мэдэхгүй гэсэн хариултыг өгч шүүх хуралдаандаа оролцсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэхийг мэдэхгүй байна гэх тайлбар нь татгалзлын үндэслэлийг хөдөлгөөнгүйгээр нотолж байгаа хэлбэр биш гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна.

4.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно мөн хуулийн 43.3-т Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.

4.6. Болсон үйл баримтын талаар ******* нь мэдүүлэхдээ би өмнө нэхэмжлэгч ******* ХХК-д жолоочоор ажилладаг байсан. Тухайн үед уг бараа бүтээгдэхүүнийг ******* ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрт 2 удаагийн тээвэрлэлтээр хүргэж өгсөн нь үнэн гэсэн утга агуулгатай мэдүүлгийг өгсөн.

4.7. Харин гэрч ******* нь энэхүү бүтээгдэхүүнийг ******* ХХК худалдаж авсан нь үнэн, би энэхүү хоёр компанийг зуучилж холбож өгсөн. Тухайн үед бараа бүтээгдэхүүний үнийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардахад тухайн үед гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан ******* гэх хүн төлөхөө илэрхийлдэг байсан бөгөөд барааны үнийн дүнд дүйцэх автомашинууд хүртэл санал болгож байсан гэх утга агуулгатай мэдүүлэг өгсөн.

4.8. Гэрчийн энэхүү мэдүүлгийн эх сурвалж нь түүний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагч ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний ар талд хийгдсэн улсын бүртгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогддог.

4.9. Гэрч нь өөрийн мэдэж байгаа асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй энэ үүргийнхээ хүрээнд мэдүүлгээ өгсөн, өгсөн мэдүүлэг нь харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн нотолсон байтал энэхүү мэдүүлгийг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаараа анхан шатны шүүх шийдвэртээ тусгаагүй нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Гомдолд тайлбар хэлэхээс өмнө нэг зүйлийн талаар дурдъя. Даргалагч шүүгч тайлбарлахдаа өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөсөө татгалзаагүй байна гэж тайлбарлаж байна. Миний өнөөдрийн гаргаж өгсөн итгэмжлэлд өмгөөлөгч *******, төлөөлөгч ******* нараас татгалзсан зүйл байгаа.

5.2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би өмгөөлөгчгүй учир хууль зүйн үүднээс тайлбар хэлэх боломжгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-аас гэрээний үүрэгт 27,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа ... худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн болох 27,000,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс төлж барагдуулаагүй учраас энэ бүтээгдэхүүний үнийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч нь тайлбар, татгалзлын үндэслэлээ ... ******* ХХК-тай ямар ч гэрээ хэлэлцээр байгуулаагүй буюу ******* ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй учраас нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй ... гэж тайлбарласан.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Тодруулбал, талуудын хооронд аман болон бичгийн хэлбэрээр бетон зуурмаг нийлүүлэх гэрээний тохиролцоо үүсээгүй ба хэрэгт цугларсан баримтаар хариуцагч байгууллага бусад хуулийн этгээдээс бетон зуурмаг худалдан авсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардах эрхгүй.

 

4. Нэхэмжлэгч талын дараах үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

4.1. Нэхэмжлэгч талын ... гэрчийн мэдүүлгийг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаараа анхан шатны шүүх шийдвэртээ тусгаагүй нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй. гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл боловч гэрчийн мэдүүлэг хэрэгт цугларсан бусад бичгийн баримтаар тогтоогдож байж үнэлэгдэх боломжтой.

Гэрч *******, ******* нарын мэдүүлгээр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч байгууллагаас ******* ХХК-д ... ******* ХХК нь өнөөдрийг хүртэл бараа бүтээгдэхүүний төлбөр болох 27,000,000 төгрөгийг төлж барагдуулахгүй байгаа тул энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч манай төлбөрийг төлж барагдуулах шаардлагыг тавьж өгнө үү гэж, ******* ХХК-аас нэхэмжлэгч байгууллагад ... манай зүгээс удаа дараа шаардлага тавьж төлбөр тооцоогоо барагдуулахыг ******* ХХК-аас шаардсаар байгаа, мөн танайд төлөх ёстой төлбөрийн тухай актыг 2023 оны 08 сарын 31-ний өдөр танай хүсэлт албан бичгийн дагуу үйлдэж, өр төлбөрийг баталгаажуулан авсан болно гэж дурдаад, ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулсан Тооцооны үлдэгдлийг баталгаа-г хавсарган хүргүүлсэн байх тул гэрчийн мэдүүлгийг үндэслэн талуудын хооронд худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

4.2. Анхан шатны шүүх ******* ХХК-ийн менежер *******, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нарын харилцсан зурваст үзлэг хийсэн боловч уг үзлэгийн тэмдэглэлээр талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй, мөн бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүний үнийг ******* ХХК-д төлөх агуулгагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй баримт гэж үнэлэхгүй.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/11418 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ХУЛАН

 

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

С.ЭНХБАЯР