| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0731/Э |
| Дугаар | 739 |
| Огноо | 2019-09-30 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 739
2019 09 30 2019/ШЦТ/739
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Нямсүрэнгийн Батнямд холбогдох эрүүгийн 1911022250980 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроник инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ээж, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 4-53 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Нямсүрэнгийн Батням /РД:УШ89072691/,
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Теди худалдааны төв”-ийн 3 дугаар давхарт байрлах бэлэн мөнгөний машинаас 30,000 төгрөг авах гэж байхдаа бэлэн мөнгөний машин /АТМ/-аас илүү гарч ирсэн 770,000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хувьдаа завшиж, алдаатай гүйлгээ завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв.
Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 11 дүгээр сард Банк бус санхүүгийн байгууллагаас “Хаммер Эйч-3” загварын тээврийн хэрэгслийг урьдчилгаа өгч үлдэгдэл мөнгийг зээлээр авч байсан ба 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дээрх тээврийн хэрэгслийн мөнгө болох 2,400,000 төгрөг төлөх хэрэгтэй болчихоод 2019 оны 06 дугаар сарын 21-ний өглөө гэрээсээ гараад өөрийн “77-97 УНД” улсын дугаартай “Бенз” маркийн тээврийн хэрэгслийг “Хуримын ордны” хажууд байрлах банк бус санхүүгийн байгууллагад унаж очоод барьцаанд тавьж 5,000,000 төгрөгийн зээл аваад банкны 2,400,000 төгрөгийн төлөлт хийчихээд үлдсэн 2,600,000 төгрөгөөр нь өөрийн тээврийн хэрэгслээ засуулахад зарцуулахаар мөнгөө авья гэж бодоод Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Теди худалдааны төв”-ийн 3 дугаар давхарт байрлах Худалдаа хөгжлийн банкны бэлэн мөнгөний машинаас 800,000 төгрөгөөр 2 удаа буюу нийт 1,600,000 төгрөг авчихаад тухайн бэлэн мөнгөний машин дээрээ үлдэгдэл мөнгөө шалгаад үзтэл 1,590,614 төгрөг байсан. Тэгэхээр нь гайхаад алдаа гарчихсан юм болов уу гэж бодоод 800,000 төгрөг авахаар команд өгсөн чинь бэлэн мөнгөний машинаас 800,000 төгрөг гарч ирсэн. Тэгээд би нийтдээ 2,400,000 төгрөг авчихаад өөрийн интернет банкаар дансны хуулгаа харсан чинь 759,914 төгрөг үлдсэн байхаар нь ээжийнхээ “Хаан” банкны 5083022318 дугаартай данс руу 755,000 төгрөг шилжүүлчихсэн юм. Энэ үед би бэлэн мөнгөний машинд алдаа гарсан байна гэж мэдэж байсан. Тэгээд үүнээс хойш 4-5 хоногийн дараа санагдаж байна уу миний утас руу худалдаа хөгжлийн банкнаас залгаад манай бэлэн мөнгөний машин алдаатай гүйлгээ хийгээд таны данс руу 770,000 төгрөг илүү орсон байна та энэ мөнгийг шилжүүлж өнгө үү гэж хэлэхээр нь за би ойрын хугацаанд шилжүүлээд өгнө гэж хэлээд одоогоос нэг сар гаруй хугацааны өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны данс руу 220,000 төгрөг шилжүүлж байсан. Дараа нь Худалдаа хөгжлийн банкнаас миний утас руу нилээн олон удаа ярьж үлдсэн мөнгөө шилжүүл гэж хэлсэн ба надад мөнгөний боломж гарахгүй байсан болохоор өнөөдрийг хүртэл өгч чадахгүй явж байсан. Харин үлдэгдэл 550,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны дансанд тушааж хохиролгүй болгосон...” гэх /хх-ийн 21-22х/,
Хохирогч Г.Нямтулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Худалдаа хөгжлийн банкны төв салбарт тусгай активын мэргэжилтнээр ажилладаг юм. 2019 оны 07 дугаар сарын дундуур манай хэлтэст Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Теди худалдааны төв”-ийн 3 дугаар давхарт байрлах бэлэн мөнгөний машин 770,000 төгрөгийн алдаатай гүйлгээ хийсэн ба мөнгө авсан Н.Б гэгч нь төлбөр мөнгөө барагдуулахгүй байгаа талаар албан бичиг ирүүлсэн ба миний бие энэ асуудлыг шалгаж шийдвэрлэхээр болсон. Уг асуудал нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд болсон асуудал байгаа юм. Тэгээд би албан бичиг хүлээн авангуутаа Батнямын 88081211 дугаарын утсаар холбогдож та “Теди худалдааны төв”-ийн 3 дугаар давхрын бэлэн мөнгөний машинаас 770,000 төгрөг илүү авсан байна гэж сануулахад би 220,000 төгрөг төлсөн байгаа гэхэд та хэзээ төлж барагдуулах вэ гэхэд удахгүй төлж барагдуулна гэхээр нь за тэгвэл та 07 дугаар сардаа багтаагаад төлөөд дуусгачихаарай гэхэд хүлээн зөвшөөрсөн. Тэгээд хугацаандаа төлж дуусгаагүй байж байгаад түүнээс хойш 3-4 удаа холбогдож төлбөрөө барагдуулах талаар мэдэгдсэн боловч удахгүй хийх гэж байна. Банкин дээр ирж байна гэж хэлээд л явж байгаад сүүлдээ утсаа ч авахгүй байна. Ийм учраас манай банкны зүгээс цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгч байна...” гэх /хх-ийн 16х/,
Гэрч Н.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрөө Хаан банкны 5083022318 дугаартай тэтгэвэрийн данс эзэмшдэг юм. Миний хүү Батням нь дээрх даанс руу 06 дугаар сарын 21-ний өдөр мөнгө хийсэн талаар надад сүүлд хэлсэн. Би мөнгө орсон талаар мэдээгүйн учир нь би карт ашиглаж чадахгүй. Дээрх дансанд орсон 755,000 төгрөгийг Батням өөрөө авч ашигласан байх. Миний тэтгэвэр орсон үед мөн л хүү Батнямаар мөнгөө авахуулдаг өөр байдлаар дээрх картыг ашиглаад байдаггүй юм...” гэх /хх-ийн 18х/,
“Худалдаа хөгжлийн банк”-ны депозит дансны хуулга /хх-ийн 12-13х/,
Шүүгдэгч Н.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23х/,
Шүүгдэгч Н.Бын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 24х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25х/,
Шүүгдэгч Н.Бын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 31х/,
Хохирогч Г.Нямтулгын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 32х/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 37х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Н.Быг алдаатай гүйлгээ завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Быг таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8 ,36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Нямсүрэнгийн Батнямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4.Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээриййн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД