Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0231/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  М.Сайнболд

Улсын яллагч                                                  Д.Отгонтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Г.Баярсайхан

Шүүгдэгч                                                         Д.О нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О холбогдох 193900............. дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр  сарын 13-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.О нь  2019 оны 06 дугаар сарын 08-ны  өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Онон багт иргэн Б.Б зүүн гаран тус газарт хутгалж   эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.О нь:...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэжээ.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Б.Б өгсөн:...2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчим манай гадаа хотоос  машин ирээд  машин янзалж байсан юмаа. Би гэрт орон  дээрээ хэвтэж байсан. Тэгээд гэнэт гаднаас О ороод ирсэн. Тэгээд орж ирээд юу байна гэж мэндэлээд хөгшиндөө ганц юм аваад өгөөч гэсэн. Тэгэхээр би надад архи байхгүй ээ гэтэл гараад явсан. Тэгээд би гэртээ байж байтал гүүрэн дээр ажил хийдэг Ламчин ахыг О урагшаа аваад явчихлаа гэж эхнэр хэлсэн. Би араас нь явж очоод О боль чи зүгээр ажлаа хийж байгаа  хүмүүсийг яах гээд байгаа юм гэж хэлтэл би танилцах гэсэн юм гэж О хэлсэн, тэгэхээр нь би чи хэд танилцдаг юм бэ гээд Ламчинг яв яв гээд явуулсан. Тэгээд би О одоо чи яв гээд хэлсэн. Тэгээд О машин янзалж байсан хүмүүс дээр байж байгаад явсан. Тэгээд орой 19 цагийн орчимд би эхнэртэйгээ гэртээ хэвтэж байтал гаднаас О орж ирээд  сандал дээр суусан. Тэгээд манай эхнэр босч ирээд яв гээд хөөсөн. Тэгээд манай эхнэр хутга барьчихсан байна ш дээ гээд хэлэхээр нь босоод хартал О баруун гартаа скочин бариултай хутга барьчихсан байсан.  Тэгэхээр нь би хутгыг нь авах гээд яваад очтол хутгатай баруун гараараа миний гэдэс хэсэг рүү хатгах гэж оролдохоор нь би зүүн гараараа хутгыг нь бариад авсан. Тэгээд барьж авахдаа би зүүн гараа гэмтээсэн. Тэгээд хутгыг нь булааж аваад би О хаалгаар түлхээд гаргасан. Манай эхнэр хойд айл руу гүйж очоод сумын цагдаад мэдэгдсэн. Ийм л зүйл болсон...Зүүн гарын алганы булчингийн хэсэгт бага зэрэг зүсэгдсэн. Эмч ирээд судас нь тасарсан байна гээд оёдол тавьсан...Энэ хүн дахин ингэж ирж  танхайрахгүй байвал надад гомдол санал гээд байх юм алга...Би О хутгалуулсанаас болж 30.000 төгрөгийг өөртөө зарцуулсан.  Надад эмчилгээний зардал гэж О мөнгө төгрөг өгөөгүй. Би О гомдоогүй. О хутгалуулсан асуудлыг хуулийн дагуу шүүх шийднэ биз дээ. Би мөнгө төгрөг нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/

Гэрч Г.Төгсмаагийн  өгсөн...орой 19 цаг болох дөхөж байхад би нөхөртэйгөө гэртээ байж байхад О согтуу орж ирээд юм ярихгүй суугаад байсан. Тэгээд би манай нөхрийг сэрээчихэж магадгүй гээд яв гэтэл ханцуйнаасаа хутга гаргаад ирсэн. Тэгээд би хутга гаргаад ирлээ гээд нөхрөө сэрээтэл хутгаа бариад нөхрийн өөдөөс дайрсан. Тэгээд манай нөхөр хутгыг  нь булааж авах гээд зүүн гараараа хутганы ирнээс бариад авсан. Тэгэхдээ гарынхаа алга хэсэгт зүсүүлчихсэн. Тэгээд хутгыг нь  булааж аваад О хаалгаар түлхээд гаргасан. Тэгээд би хойшоо Гүрцог ахын очоод цагдаад дуудлага өгсөн. Ийм л зүйл болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/

Гэрч Д.Пүрэвбатын  өгсөн...тэднийд хэрэг тарьсан нөхөр  өдөр нь согтуу  гүүрний ажилчидтай хэрүүл хийгээд намайг хэн гэдгийг мэдэх үү  гээд янз янзын  юм яриад яваад байсан. Тэгээд тэр ах маань  хөөгөөд явуулсан. Оройхон би арматур өлгөөд байж байтал Дамбын О гэх нөхөр дахин Ононгийн гүүрээр  гараад хүрээд  ирсэн. Тэгэхдээ гартаа  бургас тулчихсан. Зүүн гарынхаа ханцуйг дотогшоо хумьчихсан явж байсан.  Надад намайг мэдэх үү Дамбын О гэж мэдэх үү гээд согтуу томроод байсан. Тэгэхээр нь би ярих зүйл байвал эрүүл саруул болоод ирээд ярь гээд явуулсан. Тэгээд тэр нөхөр Батмөнх ахынх руу явсан. Тэгээд төд удалгүй Төгсмаа эгч ирээд  энэ нөхөр согтуу хутгатай  орж ирээд манай нөхрийн гарыг зүсчихлээ гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20  хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний  өдрийн 263 дугаартай дүгнэлт

  1. Б.Б биед зүүн сарвуу, шуунд язарсан шарх, гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл  ир, ирмэгтэй зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдуулахгүй, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй гэх дүгнэлт  /хх-ийн 26 хуудас/

Д.О  яллагдагчаар өгсөн:...Би 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр  Норовлин  сумын 3 дугаар багийн  нутагт байх дүү  Отгонжаргалын мал  дээр  байж байсан. Би шилбүүрний бургас авах санаатай гэрээс  хутга аваад гарсан юмаа. Тэгээд би Энхдалайгийнд  очоод нэрмэл  хувааж уусан.  Тэгээд тэднийхээс гараад  явж байгаад  Гангантөгс ахынд очсон.  Тогоо тавьсан болов гээд  ганц литр нэрмэл архи уух  санаатай очсон.  Би богино түрийтэй  гуталтай явж байсан болохоор  хутгаа далд хийх газаргүй  болохоор бариад  явж байсан.  Тэгээд тэдний гэрт ортол  Гангантөгс ахын хүргэн Б унтаж байсан, охин Төгсмаа нар байсан. Тэгээд би гэрт нь сууж байтал эхнэр Төгсмаа нь намайг яв архи уучихаад энүүгээр яах гээд яваад байгаа юм бэ, хүүхэд айчихана явж үз гээд  хөөгөөд загнаад байсан. Тэгээд би хутга барьчихсан халамцуу явж байсан  болохоор Төгсмаа надаас айгаад нөхрийгөө дуудан сэрээсэн. Тэгээд Б босч ирээд О чи хутгаар яах гээд байгаа юм бэ гээд  миний хутгыг булааж авах гэж байгаад зүүн гарын алга, шууны доод хэсэгт зүсчихсэн юмаа. Би хутгаа авч хариад бургасаа янзлах  байсан учир өгөхгүй гээд татсан чинь Б гараа зүссэн. Тэгээд Төгсмаа баахан загнаад, намайг зэмлээд  нөхрийн маань гарыг зүслээ гээд  цагдаа дуудсан. Ийм л зүйл болсон. Би хүний биед гэмтэл учруулсан үйлдэл гаргасандаа  маш их  харамсаж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 03, 08-09 хуу/

Наалддаг туузаар ороосон шар өнгийн модон бариултай нийт 32.5 см урттай хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 04 хуу/

Д.О  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36 хуу/

Д.О  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 70-71 хуу/

Хохирогч Б.Б гаргасан “Д.О сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар маргаангүй тухай” хүсэлт /хх-ийн 73 хуу/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  Д.О холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.О нь  2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн үед  хохирогч Б.Б гэрт согтуугаар маргалдан хутгалж, Б.Б зүүн гарын алганд 4.5х2 см, зүүн гарын шууны дотор хэсэгт 1.2х05 см зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Д.О  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б,   гэрч  Г.Төгсмаа, Д.Пүрэвбат  нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч Д.О  нь хохирогч А Б.Б хутгалсны улмаас зүүн сарвуу, шуунд учирсан зүсэгдсэн шарх нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

 

   Аймгийн Прокурорын газраас Д.О үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Д.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн, хүсэлт гаргасан  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан наалддаг туузаар ороосон шар өнгийн модон бариултай нийт 32.5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон                   

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  3   /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  наалддаг туузаар ороосон шар өнгийн модон бариултай нийт 32.5 см урттай хутгыг  устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ