Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00307

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09188 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, тээврийн хэрэгслийн үнэ 150,000,000 төгрөг гаргуулах, зөөврийн компьютерийг хариуцагчаас гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч байгууллага нь технологийн бүтээгдэхүүний зохион бүтээлт, инновацын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд барилгын компаниудтай ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн барилга, байгууламжид технологийн суурилуулалт хийх үйлчилгээ үзүүлдэг ба барилгын компаниудтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөө хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бартерын нөхцөлөө шилжүүлэх байдлаар тохиролцож, хүлээн авах тохиолдлууд байдаг.

1.2. ******* нь ******* ХХК-ийн Программ хангамжийн хөгжүүлэлт хариуцсан захирлын албан тушаалд ажилладаг байсан бөгөөд цаашид хамтран ажиллах боломжгүй нөхцөл байдалд хүрч, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

1.3. Нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байх хугацаандаа компанийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт бартерын нөхцөлөөр орж ирсэн ******* тоот хаягт байрлах, 117,67м.кв талбай бүхий манай байгууллагын өмчлөлийн орон сууцанд амьдарч байсан тул уг орон сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байна.

1.4. Мөн нэхэмжлэгч нь харилцагч байгууллагатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт бартерын нөхцөлөөр шилжүүлэн авах ёстой байсан хөрөнгө болох Toyota Avalon болон Toyota land cruiser-J200 маркийн автомашинууд *******гийн эзэмшилд байгаа ба Toyota land cruiser-J200 маркийн автомашиныг ******* нь гуравдагч этгээдэд худалдан борлуулсан байна.

1.5. Иймд *******гоос Toyota land cruiser-J200 маркийн автомашины үнэ 150,000,000 төгрөгийг гаргуулж, Toyota Avalon маркийн автомашиныг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Мөн компанийн өмчлөлийн 15,000,000 төгрөгийн үнэ бүхий Макбүүк про, M3 чип, 14-инч, 8GB рам, 256GB SSD, нил ягаан өнгийн, сериал J9TQ4WHQPC дугаартай зөөврийн компьютерыг *******гоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ******* ХХК нь *******, *******, ******* бид 4 хамтарч гэрийн ухаалаг автоматжуулалтын системийн чиглэлээр Добу гэх нэртэй технологийн шинэ брэнд бүтээгдэхүүнийг Монголын болоод Олон улсын зах зээлд гаргах гэж 10 гаруй жил зүтгэсэн төслийг маань хэрэгжүүлэгч компани болохоос биш дан ганц *******ынх биш юм.

2.2. Анх *******, түүний үеэл *******, *******, ******* бид 2009 оноос ******* ХХК-ийн Миний дэлгүүр сүлжээний 23 салбарын дохиолол системийг шинэчлэх төслийг *******ын үүсгэн байгуулсан ******* ХХК-ийн нэр дээр 1 жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусгасан ба энэ ажил дууссаны дараа Макс молл болон Рамада зочид буудалд томоохон төсөл хэрэгжүүлэх үед ******* нь ******* ХХК болон ******* сан ТББ-ын гүйцэтгэх захирал байсан болохоор ******* ******* сан ТББ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал, ******* би мэдээллийн технологийн мэргэжилтэн, ******* төслийн инженерийн үүргийг тус тус хүлээж ажиллаж эхэлснээс хойш төслийн үйл ажиллагаа ид жигдэрч хэрэгжүүлж байх үед буюу 2013 оноос ******* өөрийн төрсөн ах *******тай үүсгэсэн санхүүгийн маргаанаас болж ******* ХХК болон ******* сан ТББ-ыг *******таа шилжүүлэн өгсөн.

2.3. Ингээд ******* нь тусдаа бизнес хийх саналыг *******, ******* бид гуравт болон тухайн үед Герман Монголын хамтарсан ашигт малтмалын технологийн сургуулийн захирлаас ажиллаж байсан ******* нарт тавьсан.

2.4. Тухайн саналыг бид нар зөвшөөрч, 2014 оны 12 сарын 03-ны өдөр *******, *******, *******, *******, ******* гэх 5 хүн хамтарч, ******* ХХК-ийг үүсгэн байгуулж, *******ыг компани болон сангийн нэр дээр төсөл хэрэгжиж, эхэлснийг харгалзан гүйцэтгэх захирлаар томилж, компанийн хувьцааны 38 хувийг *******, 8 хувийг *******, харин *******, *******, ******* бид 3 тус бүр 18 хувийг эзэмшихээр дүрмээ баталж, хамтран ажиллаж эхэлсэн.

2.5. Гэтэл сүүлийн жилүүдэд төсөл маань олонд танигдаж, зах зээл тэлж, нэр хүндтэй болж, орлого ч тэрбумаар яригдаж эхэлснээс хойш ******* элдэв заль хэрэглэж эхэлсний жишээ нь энэ нэхэмжлэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар хариуцагч *******гоос Ланд круйзер ж200 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 150,000,000 төгрөгийг гаргуулж, *******гийн хууль бус эзэмшлээс *******тоот хаягт байршилтай, 117,67 м.кв талбай бүхий 4 өдөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж нэхэмжлэгч ******* ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,000,000 төгрөгийн үнэ бүхий Макбүүк про, M3 чип, 14-инч, 8GB рам, 256GB SSD, нил ягаан өнгийн, сериал J9TQ4WHQPC дугаартай зөөврийн компьютер гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн зарим хэсэг хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,248,301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1,015,351 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны байр суурь нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхээс хүлээн авахаас татгалзаж, хэт нэг талын баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Учир нь хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх болон үүргийн хүрээнд холбогдох нотлох баримтуудыг гарган өгсөн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтүүдийг гаргасан, хэргийн шийдвэрт хангалттай өөрчлөлт орох хүрээнд сөрөг нэхэмжлэлийг гаргаж оролцсон боловч анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3. Анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болсон маргаан бүхий орон сууцыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсэгт заасныг баримталсан.

4.4. Гэтэл ******* энэхүү маргаан бүхий орон сууцыг хэзээ, ямар үндэслэлээр, хаанаас анх авсан, өнөөдрийг хүртэл энд яагаад амьдарч буй гэдгээ тодорхойлсон ба харин ч хариуцагч ******* хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт орж ирсэн хөрөнгө юм. Энэхүү нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хамтран ажиллаж байсан бусад этгээдүүдийг гэрчээр оролцуулсан, өмчлөх эрх нь хуулийн этгээдэд бүртгэлтэй болохоос бусдаар энэ хэний хөдөлмөрийн үр шимд орж ирсэн, хэнд зориулж анхлан бусад хуулийн этгээдээс шилжүүлсэн авсан зэргийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дүгнээгүй гэж үзэж байна.

4.5. Уг маргаан бүхий орон сууц нь нэхэмжлэгч хуулийн этгээд байгуулагдахаас өмнө зохион бүтээгдсэн *******гийн оюуны өмчөөс бий болсон үр шим байтал нэхэмжлэгч хуулийн этгээд тухайн үл хөдлөх хөрөнгийг улсын комисс хүлээн авч, өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгүүлэх боломжтой цаг хугацаанд л гэрээг албажуулан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн гэрчилгээтэй болсон учир нэхэмжлэх эрхтэй гэж маргаж хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, мөн шүүхээс ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан боловч харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн.

4.6. Нэхэмжлэлийн шаардлагын 150,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд ******* гэж тодорхойлон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн. Гэтэл бодит нөхцөл байдалд талуудын хоорондын харилцаа гэх Орон сууцны захиалгын гэрээний талууд нь сайн дурын үндсэн дээр хэлцэл байгуулан төлбөрийн үүргийг эд хөрөнгөөр шийдвэрлэсэн.

4.7. Тухайн хөрөнгийг төлөөлөн хэлбэл байгуулсан этгээд болоод төлөөлүүлсэн этгээдүүд нь бүгд санал нэгтэйгээр хариуцагч *******д шилжүүлэн бүртгүүлсэн. Мөн хариуцагчийн талаас өөр хоёр автомашин өгсөн байдаг юм. Энэ тухай хариуцагч талаас гаргасан хариу тайлбарт дурдсан. Энэ тухай нэхэмжлэгч тал үгүйсгэсэн хариу тайлбар гаргаагүй.

4.8. Гэтэл нэхэмжлэгч талын төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хүлээж аваагүй мэт тайлбар гаргаж мэтгэлцэх зарчим алдагдуулан хүлээн зөвшөөрсөн эсэх асуудал нь эргэлзээтэй байдлаар тайлбарлаж, анхан шатны шүүхийг буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

4.9. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, мэтгэлцэх зарчмыг ханган хариу тайлбар авах, хариуцагч талын хүсэлтийг хүлээн авсан нөхцөлд тухайн хүсэлттэй холбоотой нотлох баримт бүрдэх эсэх, нотлох баримтыг хүлээн зөвшөөрөх эсэх, нотолгооны дараалал тодорхой болох, бичгийн нотлох баримтыг үгүйсгэж няцаах боломж олдох зэрэг олон асуудал орхигдсон гэж үзэж байна.

4.10. Нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт, бусад тайлбартай холбоотой хүсэлтээс шалтгаалан гэрч оролцуулах шүүгчийн захирамжаар хурлын бус цагаар гэрч асуух, тухайн гэрчийн мэдүүлсэн мэдүүлэгтэй жич танилцаж. шаардлагатай нөхцөлд мэдүүлсэн агуулгаас шалтгаалан нотлох баримт бүрдүүлэх буюу шүүхийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломж олгох ёстой байсан.

4.11. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн учир дахин хэлэлцүүлэх үндэслэл бүрдсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч нь нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэлээ нотолж чадаагүй болон мөрдөн шалгах ажиллагааны зарчмын талаар дурдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд өөрсдөө татгалзал болон үндэслэлээ нотлох ёстой бөгөөд захиргааны хэргийн шүүх шиг шүүх бүх баримтыг нь нотлох шаардлагагүй.

5.2. Мөн хүсэлт гаргах үе шатанд шүүгч миний хүсэлтийг хангаагүй гэх агуулгаар тайлбар гаргаж байна. Шүүх хуралдааны явцад нэг тал тайлбар гаргаж түүнтэй холбоотойгоор нөгөө талаас хүсэлт гаргах дэг журам процессын хуульд байхгүй. Иймд процесс ажиллагаа алдагдсан эсхүл зохигчийн эрхийг зөрчсөн зүйл болоогүй. байгаа. Хариуцагч хөдөлмөрийн гэрээтэй танилцуулаагүй гэж тайлбар гаргасан.

5.3. Нэхэмжлэгч нь 2024 оны 12 сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа ******* нь манай компанитай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг байсан гэх агуулгаар мэтгэлцдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай талаас 2-3 удаа нэмэлт тайлбаруудыг бичгээр гарган өгч мэтгэлцсэн ба тус тайлбарт *******той ямар шалтгаанаар хөдөлмөрийн харилцаанд орж байсан болох, ямар ямар гэрээ байсан болох талаараа тодорхой дурддаг. Түүнээс биш шүүх хуралдааны явцад манай талаас гэнэт 4 хуудас нотлох баримтыг гаргаж, хариуцагч талын тус баримттай танилцуулалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн асуудал гараагүй.

5.4. Дээр дурдсанчлан өмнө нь 10 сарын 23-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай нь танилцсан. Шүүх хуралдааны явцад хариуцагчийг хэргийн материалтай танилцуулаагүй шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн процесс болоогүй. Хариуцагч гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй гэж тайлбарлаж байна.

5.5. Гэтэл *******, *******, ******* гэх 3 гэрч нь хэргийн үйл баримтын талаар тодорхой тайлбар өгсөн. Шүүх хуралдааны явцад тухайн орон сууц нь *******гийн орон сууц мөн эсэх талаар гэрч нараас тодруулахад мэдэхгүй, би тухайн компаниас гарсан. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна гэдэг байр суурьтай байсан. Түүнээс биш тухайн орон сууц нь *******гийн өмч, түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ нь гарсан гэх агуулгаар тайлбар өгдөггүй.

5.6. Сөрөг нэхэмжлэл гаргасан талаараа дурдаж байна. Тухайн үед энэ асуудлаар шүүх талуудыг мэтгэлцүүлж, яагаад сөрөг нэхэмжлэл гаргасан болох сөрөг нэхэмжлэлийн шаардлага юу болох талаар тодруулсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийг энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх шаардлагагүй гэж өөрийн бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрлэсэн.

5.7. Талуудын хооронд 3 нэхэмжлэлийн шаардлага байгаа. Энэ 3 нэхэмжлэлийн шаардлага тус бүр дээр сөрөг нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй. Иргэний хуулийн 238 дугаар зүйлд зааснаар нэг үүргийн гүйцэтгэл буюу нэг гэрээний үүргийн харилцаанаас үүссэн харилцаан дээр сөрөг нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй. Жишээлбэл, орон сууцны хууль бус эзэмшлийг чөлөөлүүлж байгаа бол энэ асуудлын хүрээнд эд хөрөнгө хөлсөх гэрээ байсан, гэрээний хугацаа дуусаагүй байсан зэргээр сөрөг нэхэмжлэл гаргах бөгөөд хариуцагч тал энэ агуулгаар шаардлага гаргаагүй.

5.8. Өөрөөр хэлбэл 150,000,000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийн өр төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага дээр хариуцагч нь би тухайн эд хөрөнгийг эд хөрөнгө хөлслөх гэрээний үндсэн дээр орж авсан зэрэг шаардлага гаргаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүгч хуульд заасны дагуу өөрийн бүрэн эрхийг хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна.

5.9. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 8 удаа хойшилж байсан. Шүүх хуралдаан хойшлох бүрд хариуцагчийн зүгээс хүсэлт, тайлбар гаргаж оролцдог байсан. Түүнээс биш нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулсан үйл баримт тэмдэглэлд тусгагдаагүй бөгөөд энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэх нь зүйтэй.

Тодруулбал шүүх манай талын эрхийг хангаж, хариуцагч талын эрхийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн зүйл байхгүй.

5.10. Зохиогчийн эрх, оюуны өмчийн талаар маргадаг. Энэ талаарх үйл баримт давж заалдах журмаар гаргасан гомдол болон анхан шатны шүүх хуралдааны явцад яригдаагүй. Хэрэв оюуны өмч зөрчигдсөн гэж үзэж байгаа бол энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж тухайн оюуны өмчийг хууль бусаар эзэмшиж ашигласны улмаас үүссэн хохирлоо шаардах эрх нь нээлттэй байгаа.

5.11. Мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэрхэн, яаж олж авсан талаараа нотлох ёстой гэж тайлбарладаг. Энэ талаар хавтаст хэрэгт хангалттай баримтууд авагдсан. Дурдвал, 1 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар тал, 2 дугаар хавтаст хэрэгт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээс ирсэн материал, мэдээллүүд байгаа. Маргаан бүхий 117 м.кв орон сууц нь анхдагч бүртгэлээр бүртгэгдсэн.

5.12. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд өмнө нь эзэмшиж, ашиглаж, өмчлөлдөө байлгаж байгаад ******* ХХК руу шилжүүлсэн эсхүл тухайн компани *******гоос авсан үйл баримт байхгүй. Анх тэр тухайн орон сууц ашиглалтад орж улсын комисст хүлээлгэн өгсний дараа Беллвью пропертис ХХК-аас ******* ХХК-д шилжиж ирсэн хөрөнгө юм.

5.13. Тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор 2 тээврийн хэрэгсэл гаргаж өгсөн гэж тайлбарлаж байна. 2025 оны 11 сарын 10-ны өдөр болсон шүүх хуралдаанд хариуцагч энэ талаар ярьдаг. Хэрэв тээврийн хэрэгсэл гаргаж өгсөн бол ямар 2 төрлийн тээврийн хэрэгсэл гаргаж өгсөн болох, хэзээ гаргаж өгсөн, хэдэн төгрөгөөр үнэлсэн зэрэг нь тодорхойгүй бөгөөд энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах бүрэн боломжтой байсан.

5.14. ******* нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ би энэ талаар мэдэхгүй, би ******* ХХК ажиллаж байгаад ******* ХХК-д ажилд орсон бөгөөд ажлаасаа гарсан. Үүнээс хойш компанийн үйл ажиллагаанд оролцоогүй гэж тайлбарладаг. ******* нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ би нотариатч ажиллаж байсан бөгөөд энэ талаар мэдэхгүй гэх агуулгатай тайлбар гаргадаг. ******* нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой зүйл мэдэхгүй гэх агуулгаар тайлбар гаргасан. Тухайн мэдүүлгээр нотолсон зүйл байхгүй. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, тээврийн хэрэгслийн үнэ 150,000,000 төгрөг гаргуулах, зөөврийн компьютерыг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, уг алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

 

3.1. Хариуцагч нь 2025 оны 11 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчийн эрхийн гэрчилгээг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдож байхад анхан шатны шүүх мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэж, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу.

 

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэр хангаж байгаа эсэхийг хянаж, улмаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах зохицуулалтай байхад анхан шатны шүүх талуудын шүүхэд гаргах хүсэлттэй адилтган үзэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

3.2. Нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүд нэхэмжлэгч ******* ХХК-ийн санхүүгийн тайлан, бүртгэлд хэрхэн тусгагдсан талаарх үйл баримтыг тодруулах шаардлагатай байжээ. Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлээр нэхэмжлэгч байгууллагын өмчлөлд бүртгэлтэй боловч уг хөрөнгийг санхүүгийн тайланд тусгасан эсэх, мөн автомашиныг маргаантай хөрөнгийн бүртгэлд хэрхэн тусгасан зэрэг үйл баримтыг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

 

4. Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,015,351 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.НЯМСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД  Н.ОЮУНТУЯА

 

 

С.ЭНХБАЯР