| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/06526/И |
| Дугаар | 210/МА2026/00338 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00338
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/11664 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК, ******* НҮТББ-д холбогдох,
Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээллийг үндэслэлгүй болохыг тогтоолгож, залруулга, няцаалт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Хариуцагч нар нь 2024 оны 11 сарын 01-ний өдөр өөрийн www.*******.mn цахим сайтад ...*******-даа 1.1 тэрбум долларын хохирол учруулсан гэх *******ын түншүүд нь улс төрчид биш биз... гэсэн гарчигтай нийтлэл гарсан.
1.2. Тус нийтлэлдээ ...*******-гийн Монгол дахь салбар буюу ******* нь "... Бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, ... ******* компанийн тогтоосноос хэтрүүлсэн мөнгийг төлсөн, улмаар ... Монголын нэр бүхий түншүүдтэй хийсэн гүйлгээний нарийн төвөгтэй сүлжээг үүсгэсэн гэдгийг зарлажээ. Энэ бол фактад тулгуурласан тэдний дүгнэлт байгаа юм. Тэгэхээр *******тай төвөгтэй сүлжээ үүсгэсэн түншүүд нь хэн бэ, улстөрчид үү гэдэг асуулт тавигдаж байна... гэж нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдэж, ******* компанийн эд хөрөнгийг залилсан мэтээр үндэслэлгүй нийтлэл бичсэн байна.
1.3. Уг мэдээллийн эх сурвалжаа тодорхойлохдоо ... гадаадын мэдээллийн агентлагууд ... Монгол дахь салбарынхаа луйврын хэргийн улмаас ******* компани 1.1 тэрбум ам.долларын хохирол амсахаар боллоо гэсэн мэдээллийг цацаад эхэллээ. Тодруулбал, уг мэдээлэлд ******* групп Монгол дахь салбарынхаа ажилтнуудын нефтийн бизнесийн луйврын хэргүүдийг илрүүллээ. Энэ нь тус компанид 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулж болзошгүй байна гэсэн болон ******* компанийн Сингапур дахь газраас өөрийн албан ёсны цахим сайтаар 2024 оны 10 дугаар сарын 30-нд мэдэгдлийг үндэслэсэн гэж ... нийтлэлдээ дурджээ.
1.4. Гэтэл эх сурвалж болгон ашигласан мэдээлэл нь надтай аливаа байдлаар холбоогүй, тус компанийн дотоодын аудитын дүгнэлтийн хүрээнд хийгдсэн Монгол дахь бизнесийн харилцагч байгууллагуудын өр авлагатай холбоотой асуудал байх ба хуурамчаар бичиг баримт үйлдсэн, эд хөрөнгө залилсантай холбоотойгоор бичигдсэн, зарласан, улмаар энэ асуудлыг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлж байгаа асуудал огт байхгүй юм.
1.5. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл болон Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт ... Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ ... гэж, нэхэмжлэгчийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ ... гэж тус тус заасан буюу бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд нь тухайн мэдээллийнхээ үнэн зөв эсэх, бодит байдалд нийцэж буй эсэхийг өөрөө хариуцах бөгөөд уг мэдээллийн үндэслэлийг нотлох баримтаар нотолж чадахгүй бол бусдад учруулсан гэм хорыг хуульд заасан арга хэрэгслээр арилгахаар тус тус заасан байдаг.
1.6. Нэхэмжлэгч нь дээрх нийтлэлд дурдсан шиг ******* компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, улс төрч нартай холбогдон 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулсан үйлдэл огт байхгүй. Дээрх нийтлэл гарснаас хойш ******* групп Монголд 1.1 тэрбум доллар алдаад ******* Монгол-ын *******ыг ажлаас нь чөлөөлжээ. /2024.11.04/, *******ээс эзний суудлыг авсан ******* гэж хэн бэ гэсэн гарчигтай огт үндэслэлгүй нийтлэл бичсэн байна.
1.7. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын нэгдүгээр зүйлд ... Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно гэж заасан бөгөөд мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ ... гэж заасан ба аливаа мэдээллийг хүргэхдээ эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэж, бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, эшлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана гэж заасан.
1.8. Гэтэл хариуцагч нь энэхүү ёс зүйн зарчмаа зөрчин олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн гэсэн ганцхан өгүүлбэрээр хаацайлж, тус мэдээний агуулгыг өөрчилж, ямар ч нягтлах, бодит үнэнийг тодруулах оролдлого хийлгүйгээр хувь хүн рүү чиглүүлэн, гарчиг болон мэдээллийг олон нийтэд буруугаар ойлгогдохоор өгч худал мэдээллийг удаа дараалан нийтэлсэн болно.
1.9. Иймд хариуцагчийн гаргасан дээрх мэдээллүүд нь нэхэмжлэгчийн нэр нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл байх тул энэхүү нийтлэлүүдийг үндэслэлгүй болохыг тогтоож, уг мэдээлэлдээ залруулга, няцаалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Тус шүүхэд ******* нь ******* ХХК болон ******* НҮТББ нарыг хариуцагчаар татан 2024 оны 11 сарын 01-ний өдрийн www.*******.mn цахим сайт ...*******-даа 1.1 тэрбум долларын хохирол учруулсан гэх *******ын түншүүд нь улс төрчид биш биз гэх нэр бүхий нийтлэл нь нэхэмжлэгч миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл байх тул энэхүү нийтлэлийг үндэслэлгүй болохыг тогтоож, уг мэдээлэлдээ залруулга, няцаалт хийхийг даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийг шаардлага гаргасан байна.
2.2. Тус нэхэмжлэлийг шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хариуцагч нарын хэнээс юу шаардаж байгаа нь тодорхой биш. Тодруулбал жинхэнэ хариуцагч хэн болох нь тодорхой биш.
2.3. Тухайн мэдээнд эх сурвалжийг тодорхой заасан байтал ямар үндэслэлээр худал мэдээ гэж үзэж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:
******* сонины гаргасан мэдээг www.*******.mn цахим сайт хуулсан. Ингэхдээ утга агуулгыг нь өөрчлөөгүй юм байна. Нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон юм болов уу. Нэр төрд нь халдсан зүйл байхгүй гэж үзэж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан www.*******.mn цахим сайтад 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нийтлэгдсэн ...*******-даа 1.1 тэрбум долларын хохирол учруулсан гэх *******ын түншүүд нь улс төрчид биш биз... гэсэн гарчиг бүхий мэдээнд нэхэмжлэгч *******ын нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ******* НҮТББ-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нь маргаан бүхий нийтлэлийг ******* сонины дугаараас бүрэн эхээр нь хуулбарлан дамжуулсан, энэ талаарх эх сурвалжаа тодорхой заасан гэж тайлбарлах боловч уг мэдээллийн үнэн зөв эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягтлаагүй, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан үүргийн нотолж чадаагүй болно гэж, мөн мэдээ тараасан гэх ойлголтод уг мэдээг өөрөө бэлтгэсэн эсэхээс үл хамааран гуравдагч этгээдийн мэдээллийг олон нийтэд түгээсэн аливаа үйлдлийг хамардаг гэх хууль зүйн дүгнэлт хийсэн.
5.2. Хариуцагчийн зүгээс тухайн мэдээтэй холбоотой эх сурвалжийг тодорхой тусгаж өгсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлээгүй гэж үзэж байна.
5.3. Хэрэв ******* сонинд гарсан мэдээ, нийтлэл нь худал мэдээ болж, иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ гэдэг нь тогтоогдсон тохиолдолд тухайн мэдээг дамжуулсан хариуцагч тухай дамжуулсан мэдээ нь худал байсан талаар залруулга хийх нь дамжиггүй.
5.4. Гэтэл тухайн ******* сонинд гарсан мэдээ нь үнэн худал нь тогтоогдсон зүйлгүй, энэ талаар хэрэгт ямар нэг нотлох баримт байхгүй байхад хариуцагчийг худал мэдээ тараасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарах хуулийн шаардлага хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
6.1. Энэ талаар нэхэмжлэлд дэлгэрэнгүй тусгасан. Давж заалдах журмаар гаргасан гомдолд ******* сониноос бид эх сурвалжаа тодорхойлж бичсэн буюу мэдээний эх сурвалж тодорхой учир бид хариуцахгүй гэх агуулгаар гомдолд дурдсан байна. Энэ талаар шүүх шийдвэр болон нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой дурдсан байдаг.
6.2. Хариуцагч нь иргэн эсхүл хуулийн этгээд биш, хэвлэл мэдээллийн байгууллага юм. Хэвлэл мэдээллийн байгууллага нь тодорхой ёс зүйн дүрэм болон бусад хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд тухайн мэдээний эх сурвалжийг нягталж, бодитой эсэхийг тодруулах ёстой.
6.3. Мөн тухайн мэдээг олон нийтэд түгээхдээ үндэслэлтэй эсэх, тухайн асуудал нотлогдсон эсэх талаар тодорхойлох ёстой. Хариуцагч байгууллага нь хэвлэлийн ёс зүйн дүрэмд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой байсан.
6.4. Хариуцагч байгууллага нь манайх ******* сонины мэдээг тавьсан гэж тайлбарладаг бөгөөд хариуцагчийн сайтаар тухайн мэдээлэл олон нийтэд тархаж байгаа гэх үйл баримтыг манай байгууллагад хамааралгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* НҮТББ-д тус тус холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээллийг үндэслэлгүй болохыг тогтоолгож, залруулга, няцаалт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа үйл баримтыг тодруулаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, залруулах боломжгүй байна.
3.1. Нэхэмжлэгч нь 2025 оны 12 сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагч байгууллагын нийтэлсэн 5 нийтлэлийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа талаар тодруулсан байна.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг хариуцагч нарт гардуулах ажиллагаа хийж, хариу тайлбар гарган мэтгэлцэх боломжоор хангаагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн тодруулсан шаардлага нь зөвхөн нэг нийтлэлтэй холбоотой бус дараалан гарсан 5 нийтлэлээр нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх үндэслэлээр залруулга хийлгэхээр тодруулсан байхад анхан шатны шүүх нийтлэл тус бүрд тайлбар гаргах, нотлох баримт гаргах, мөн уг үйл баримт тус бүрд мэтгэлцэх боломжийг олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт журмыг зөрчсөн байна.
3.2. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал ... ******* сонины тухайн нийтлэлтэй холбоотой иргэний хэрэг шийдвэрлэгдсэн. гэж, хариуцагч тал ... нийтлэлийн эх сурвалж ******* сонин гэж тус тус тайлбарласан.
Энэ тохиолдолд хариуцагчийн мэдээллийн эх сурвалжийг нэрлэн заасан ******* сонинд холбогдох хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь маргааныг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байжээ.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/11664 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
С.ЭНХБАЯР