| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2023/03650/И |
| Дугаар | 210/МА2026/00416 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00416
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/00194 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шийтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, ээлжийн амралтын олговорт 691,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 09 сарын 05- ны өдрөөс эхлэн №04 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан *******ХХК-д ажилласан. Тус хөдөлмөрийн гэрээнд *******ХХК нь үндсэн цалин 1,000,000 төгрөг байхаар менежерийн албан тушаалд томилогдсон боловч ажиллах хугацаанд тус компанийн гүйцэтгэх захирал 800,000 төгрөгийн цалинг миний дансанд шилжүүлдэг байсан.
1.2. Нэхэмжлэгч тухайн үед холбогдох нийгмийн даатгал, ХХОАТ-ыг суутгаж олгодог байсан гэж бодож байсан боловч нэг ч удаа төлж байгаагүй болохыг нь 2023 оны 05 сарын эхээр олж мэдсэн. Үүнээс гадна ажил олгогчийн зүгээс цалин хөлсийг талуудын хооронд байгуулсан гэрээний 4.11 дэх хэсэгт сард хоёр удаа буюу 15 хоногт нэг удаа олгоно гэж заасан байдаг боловч нэг ч удаа олгож байгаагүй, би зохицоод ажилласаар ирсэн.
1.3. Нэхэмжлэгч 2023 оны 5 сарын эхний цалингаа авах үед хариуцагч нь Чи надад нийгмийн даатгал болон татварт гомдол гаргахгүй гэсэн бичиг хийж өг гэсэн Би тухайн бичгийг нь хийж өгснөөр 2023 оны 05 сарын 15-ны өдөр авах ёстой цалингаа 24-ний өдөр авсан. Үүнээс хойш намайг ямар үндэслэлээр ажлаас халсан талаар тушаалаа гаргаж өгөөгүй. Ажлаа хүлээж авна гэхээр нь хүлээлгэж өгсөн.
1.4. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т цалин хөлсөө Хамтын гэрээ-нд заасан хугацаанд авч байх гэж заасан боловч бидний хооронд хамтын гэрээ байгуулагдаж байгаагүй. Мөн гэрээний 7.4 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн хууль тогтоомжид заасны дагуу амрах, тэтгэвэр тэтгэмж авах, бусад хөнгөлөлт эдлэх гэж заасан боловч ажлаас халахдаа ээлжийн амралтын олговрыг олгоогүй.
1.5. Иймд нэхэмжлэгч *******ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч *******ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгүүлж, ээлжийн амралтын олговорт 2022 оны 09 сарын 05-ны өдрөөс 2023 оны 08 сарын 15-ны өдөр хүртэлх 11 сарын хугацааны ээлжийн амралтын олговорт 691,250 (1,000, 000/21.7*15) төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. ******* нь *******ХХК-д 2022 оны 09 сарын 05-ны өдрөөс эхлэн менежерийн ажилд орсон. Ажилд орохдоо 04 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба тус гэрээгээр ажилтантай хөдөлмөрийн хөлсийг 800,000 төгрөгөөр тохиролцсон. Ингэхдээ *******ад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварт хэдэн төгрөгийг суутгуулах тухай хэлсэн ба тухайн үед бусдад өр зээлтэй, гар дээрээ бүх мөнгөө авъя, харин 2023 оны 06 cap хүртэл нийгмийн даатгал шимтгэл төлөхгүй, 06 сараас эхлэн төлье гэж тохиролцсон.
2.2. ******* нь анх ажилд орохдоо байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 800,000 төгрөг ба нэхэмжлэлд хавсаргасан 1,000,000 төгрөгийн гэрээг 2023 оны 03 сард ******* ХХК-аас лизингээр нөүтбүүк авах гэсэн юм та хөдөлмөрийн гэрээний цалинг арай өндөр байхаар хийж өгөөч гэж хүссэний дагуу *******ад туслах үүднээс гэрээний цалинг 1,000,000 төгрөг байхаар тусгаж, шинээр гэрээ гаргаж өгсөн. Иймд тус гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ болно.
2.3. Хариуцагч байгууллага нь cap бүрийн 3, 18-ны өдрүүдэд цалинг олгодог ба 15-ны өдөр цалин буудаггүй. ******* нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажиллаад Ээжийн бие муу байна. Эрдэнэт явах шаардлагатай болсон гэж хэлээд хөдөө явсан. Тус өдөр цалин буух ёстой байсан ба өдөр нь ажил дээр ирээд *******ыг манай үйлчлүүлэгчээс надад төлөх ёстой байсан төлбөрийг хувьдаа завшсан болохыг олж мэдсэн. Өмнө нь ч миний өмнөөс мөнгө авч түүнийг хувийн хэрэгцээндээ, нөхрийнхөө машины засварт гэх мэт зарцуулсан зүйл удаа дараа гарсан байдаг. Үүнээс болж 2023 оны 05 сарын 24-ний өдөр ирж цалингаа тооцуулж авсан.
2.4. Цалинг тооцож олгох үед нийгмийн даатгал төлүүлэх тухай нэхэмжлэгч хэлэхэд нь ... Чи анхнаасаа төлөхгүй гээд бүх цалингаа суутгалгүй авсан хэрвээ нийгмийн даатгал төлүүлэхээр бол 9 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд авсан цалингийн 11,5 хувь буюу 736,000 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 406,400 төгрөгийг, нийт 1,142,400 төгрөгийг суутгуулснаар дээрх нийгмийн даатгалыг төлөх боломжтой болно. Хэрвээ төлье гэж бодож байгаа бол энэ мөнгийг байгууллагад төлөх хэрэгтэй гэдгийг хэлсэн.
2.5. Гэвч ******* ийм мөнгө надад байхгүй тул нийгмийн даатгал төлөхөө больё доо гэсэн тул хариуцагч нь Тэгвэл чи нийгмийн даатгалд хандах шаардлагагүй гэдгээ бичиж өгөөд цалингаа ав, хэрвээ нийгмийн даатгалд хандахаар бол авах цалингаасаа энэ мөнгөө төлөх нь зүйтэй гэж хэлэхэд нийгмийн даатгалд гомдол гаргахгүй тухай хүсэлт гаргаж өгсөн болно.
2.6. ******* нь өөрөө ажлаасаа гарна гэж хэлсэн бөгөөд ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажлаа орхиж явсан тул ажилд эгүүлэн тогтоох боломжгүй. Ээлжийн амралтын олговрын тухай ******* нь 2023 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан ба 05 сард ажиллаагүй. Иймд компанид нийтдээ 08 cap ажилласан.
2.7. Ээлжийн амралтын олговрыг тооцохдоо 2023 оны 08 cap хүртэл ажилласан мэтээр тооцсон ба тус мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг хасаж тооцоогүй алдаатай бодолт хийсэн байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 99 дүгээр зүйлийн 99.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******ХХК-аас 441,211.05 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэгч *******ын 2022 оны 09 сарын 05-наас 2023 оны 05 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч *******ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шийтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, мөн үлдэх 250,038.95 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэлийн зарим шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,886 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар бүртээ намайг ажлаа хийж байхад заасан хугацаанд минь цалин хөлсийг маань өгөхгүй байсан. Ингэхдээ огт хамааралгүй өөр хүнтэй холбоотой бичиг баримт бүрдүүлж өгсөн харилцааны төлбөрийг цалингаас чинь хасаж тооцно гэх байдлаар ажилтанд дарамт үзүүлж хийж гүйцэтгэсэн ажлынхаа цалин хөлсийг бодитоор үнэлүүлэн авах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн тул ... тэгвэл би ажлаас гарья ... гэдгээ илэрхийлснийг шүүх ямар ч дарамт шахалт үзүүлээгүй. Сайн дурын үндсэн дээр ажлаас гарах хүсэлтэй өгсөн гэж тайлбарласан нь бодит байдлаас зөрүүтэй.
4.2. Нэхэмжлэгч ажилдаа 2023 оны 05 сарын 20-ны өдөр очиход ажлыг нь хийж гүйцэтгүүлээгүй чиний ажлыг н.*******гаар гүйцэтгүүлсэн нь ажилтан ажлаа хийх бодит боломжгүй болгосон. Шүүх үүнийг сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Хариуцагч тухайн өрөөг камерын бичлэгтэй гэх боловч гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарладаг. Дээрх байдлыг шүүх сайн дурын үндсэн дээр гэж тайлбарласан нь өөрөө бодит байдлаас зөрүүтэй.
4.3. Иймд шүүхийн шийдвэрийн ажилтныг өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэж буруутгасан шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биедээ үгээр, биеэр, цахимаар болон бусад аливаа хэлбэрээр дараах байдлаар дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно гэж заасныг зөрчиж хөдөлмөрийн тэвчишгүй нөхцөлд байсныг шүүх зөвтгөж тайлбарласан нь үндэслэлгүй.
4.4. Шүүхийн шийдвэрийн 15 дугаар хэсэгт цалин хөлсний хэмжээг 1,000,000 төгрөг, 800,000 төгрөг гэх зэргээр харилцан адилгүй байдлаар тусгасан хэлбэрийн хувьд үгүйсгэх аргагүй хөдөлмөрийн гэрээнүүдийг зохигчийн хэн алинаас нь гарган өгч, шалтгааныг өөр өөр байдлаар тайлбарласан.
4.5. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай. ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Шүүх нэхэмжлэгчийг нийгмийн даатгалаа байнга шалгаж байх ёстой мэтээр дүгнэсэн байхаас гадна хувийн субьектив тайлбарыг оруулсан, мөн 1,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг яагаад үнэлэх боломжгүй талаар дурдаагүй бөгөөд шүүх шинжилгээний гарын үсгийн шинжээчийн дүгнэлт эх хувьтай таарч байгаа талаар заасан байхад дээрх баримтыг үнэлж дүгнээгүй.
4.6. Нэхэмжлэгч ******* цалингаа авахын тулд хариуцагчид энэ бичгийг бичиж өгч байж авсан талаараа 2 шатны шүүхэд гаргасан тайлбарыг үгүйсгэх ямар баримт байгаа талаар дурдаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс албан шаардлагын дагуу бичиж байсныг нотлуулахаар өөрийн бүхий л боломжийн хүрээнд хамт байсан гэрч н.*******г оролцуулах, камерын бичлэг гаргуулах хүсэлт тус тус гаргаж байсан нөхцөл байдлыг үнэлж дүгнэхгүй хэргийг шийдвэрлэсэн нь илт үндэслэл муутай байна.
4.7. Нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговрыг тооцож олгохдоо шүүхийн шийдвэрийн 18 дугаар зүйлд 800,000 төгрөгөөс бодож олгосон нь үндэслэлгүй. Учир нь гомдлын дээд хэсэгт дурдсанчлан 1,000,000 төгрөгөөр байгуулсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээг зохих ёсоор үнэлээгүйн улмаас тооцооллын хувьд алдаа гарч нэхэмжлэгч хууль тогтоомжийн дагуу ээлжийн амралтад авах 250,038.95 төгрөгийг хасаж тооцсон нь үндэслэлгүй болно.
4.8. Иймд дээрх ээлжийн амралтын олговор нь тооцооллын хувьд алдаатай болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
2. Анхан шатны шүүх хариуцагч *******ХХК-аас 441,211.05 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэгч *******ын 2022 оны 09 сарын 05-ны өдрөөс 2023 оны 05 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч *******ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцээд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрлийн гэрээний нөхцөл нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтын хүрээнд бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч ******* нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шийтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, ээлжийн амралтын олговорт 691,250 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч *******ХХК нь 1,700,000 төгрөгийг 2026 оны 02 сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Дээрх нөхцөлөөр зохигч эвлэрэн хэлэлцсэнийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/00194 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шийтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, ээлжийн амралтын олговорт 691,250 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, хариуцагч *******ХХК нь 1,700,000 төгрөгийг 2026 оны 02 сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,360 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч тал энэхүү магадлалыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
С.ЭНХБАЯР