Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 213

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0228/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   М.Сайнболд

Улсын яллагч                                                  Д.Энхжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Баярсайхан

Шүүгдэгч                                                         М.Э нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж   ирүүлсэн   М.Э холбогдох 19390040............ дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.Э нь  2019 оны 07 дугаар сарын 06-ны  өдөр Хэнтий аймаг Хэрлэн сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт  иргэн Б.Б хувийн таарамжгүй  харьцааны  улмаас маргалдаж хоорондоо  зодолдож, улмаар хэвлийн тус газар нь архиний шилээр зүсэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед:

Шүүгдэгч М.Э нь...хохирогчийг архины шил хагалж байгаад зүссэн нь үнэн, эмчилгээний зардалд тооцож хоёр сая төгрөг өгсөн...гэжээ.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Б.Б өгсөн:...Би 2018 оны 05 дугаар сард замын барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Наранбулаг Хан ХХК-д ковшийн оператороор ажилд орсон. Ингээд манай компани 2019 оны 05 дугаар сарын 07-ноос Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн зүүн хойд хэсэгт Чингис хотоос Дадал сумын чиглэлд 20 километр хатуу хучилттай зам  тавихаар болж ажлаа эхэлсэн. Ингээд ажил хийж байхдаа 2019 оны 07 дугаар сарын 06-ны орой ажлаа тараад цуг ажилдаг Э, Буяннэмэх, Номин-Эрдэнэ /Жижгээ/ нарын хамт дөрвүүлээ Номин-Эрдэний  мөнгөлөг саарал өнгийн Приус 20 маркын машин дотор 3 шил 0.75 литрийн архи хувааж ууцгаасан. Манай компаний кемп нь аймгийн төвөөс 5 км зайд аймгийн зүүн хойд талд байрлаж байсан. Кемпийг тойруулж машинуудыг байрлуулдаг байсан.Тухайн хэрэг болох  үед  ертөнцийн зүгээр кемпийн зүүн талаар байрлуулсан машин техникуудын зүүн урд хэсгээр Номин-Эрдэнийн приус-20  маркийн машиныг байрлуулсан байсан. Бид нар машин тэргийг хөдөлгөхгүй  юм яриад архи ууцгаасан юмаа. Ингээд бид нар ажлынхаа талаар ярьсан. Ингээд 3 дахь шил архиа ууж дуусгах үеэр би нэлээн согтсон байсан тэгээд нэг мэдэхэд Э маргалдаж  байсан.  Ажлын асуудлаас болж маргаан үүссэн.  Би яг тодорхой юу ярилцаж байснаа  бүдэг бадаг санаад байгаа юм. Би Э гадаа  машины гадаа харанхуйд  муудалцсан тэгэхэд бэлхүүсний хоёр талаар халуун оргиод явчихаар нь барьж үзэхэд нойтон оргиод  байсан. Тэгээд цус гарч байгааг мэдсэн. Тухайн үед Э намайг  юугаар гэмтээсэн гэдгийг мэдээгүй хутгалчихсан юм болов уу гэж болсон юм.  Тэгтэл архиний шил хагалаад  намайг архины шилний  хагархайгаар бэлхүүс рүү цохиж гэмтээсэн байсан...Би эмчилгээний зардалд 2.000.000  төгрөг  нэхэмжилж байна. Энэ зардалд  миний ажилгүй  байх хугацааны  цалин болох 1.000.000 төгрөг орсон байгаа. Би анх Хэнтий аймгийн Нэгдсэн  эмнэлэгт 22 оёдол тавиулснаас хойш шарх өдөр болгон боолгож, эмчилгээ хийж байгаа баруун гар талын бөөр орчмийн зүсэгдсэн шарх бохирдож боолт хийлгэж байна...Эмчилгээний болон бусад зардлаа төлүүлэх юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

Гэрч Н.Түмэнзоригийн өгсөн:...Би Хэнтий аймгийн төвөөс Батноров чиглэлд авто зам тавьж байгаа  Наранбулаг Хан  ХХК-д оператор хийдэг юм. 2019 оны 07  дугаар сарын 06-ны  шөнө амралтын байрандаа амарч байхад шөнийн 02 цаг өнгөрч байхад гадаа хүн орилж, хашгираад байхаар нь гараад яваад очтол Э, Б хоёр зодолдсон байдалтай салчихсан хоорондоо хэрэлдэж байхаар нь би та нар болиоя  хүн амьтан амраахгүй орилж хашгираад гэж хэлээд би эргэн гэртээ орж амарсан юм... Намайг  очиход Б гэдэсний орчимд зүсэгдсэн шархтай цус гарч байсан, харин Э нь зүгээр зогсож байсан. ...Б цээж нүцгэн байсан, Э мөн  цээжээрээ хувцасгүй байсан...Б, Э хоёр л маргалдсан зодолдсон байдалтай байсан,  өөр хэн нэгэнтэй маргалдсан зодолдсон  байдал анзаарагдаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 19 хуу/

Гэрч Б.Буяннэмэхийн өгсөн:... Би 2019 оны 07 дугаар сарын 06-ны орой 20 цагаас хойш ажил тарсаны дараа Б, Э, Номин-Эрдэнэ бид дөрөв архи уусан. Ингээд би  нэлээн согтсон байсан.  Тэгээд намайг Номин-Эрдэний машинд    Номин-Эрдэнэтэй хамт сууж байхад Б намайг Э хутгалчихлаа  гэхээр нь  хаана чинь хутгалсан юм бэ гэхэд  баруун бөөрөө  харуулсан. Тэгээд намайг харахад  баруун бөөр  орчим зүсэгдсэн  шархнаас цус  гарч  байсан. Тэгээд  би Номин-Эрдэний хамт Б  машинд  суулгаад бид гурав аймгийн  төв рүү эмнэлэг рүү явж байгаад эргүүл хийж байсан цагдаа нартай  тааралдсан.  Би Б  Э хоёрыг юунаас болж  муудсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Яг хоорондоо муудаж зодолдож байх үед бол хажууд нь байгаагүй. Бид нар 2 шил 0.75 литрийн архи уусан байсан болохоор бүгдээрээ л адилхан согтуу байсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22/

Гэрч Н.Номин-Эрдэнийн  өгсөн:...Би 2019 оны 07 дугаар сарын 06-ны орой 23 цагаас  хойш Б, Э, Номин-Эрдэнэ бид нар 2 шил 0,75 литрийн архи уусан. Ингээд би Буяннэмэх найзын  хамт машиндаа сууж байтал Баярбаатар машинд орж ирээд суугаад  манийг нь ингэчихлээ гэхээр нь  харсан чинь баруун билүү зүүн билүү бөөр орчмоо харуулсан, тэгтэл зүсэгдсэн байдалтай  нилээн цус гарсан байхаар нь  аймгийн эмнэлэгт хүргэж өгөхөөр  явж байгаад  цагдаатай таарч бид нарыг шалгаж байгаад Буяннэмэх бид хоёрыг эрүүлжүүлсэн... Бид  архи дуусмагц  машиндаа Буяннэмэхийг унтуулах гээд машиндаа оруулчихаад юм ярьж байх хооронд Б Э хоёр араар зодолдсон байсан... Б, Э томороод л би чамаас  ажилласан жилээр илүү гэх мэтээр  үгээр байсан. Тэгж байснаа машинаас  буусан. Тэгээд зодолдсон. Тэр үед нь Буяннэмэх бид тэр хоёрыг хоорондоо зодолдохоо боль  гээд салгах гээд байхад Б  дийлдэхгүй байсан. Б  бид нарыг бодвол  том биетэй болохоор дийлдэхгүй байсан. Тэр үед Э архины шил хагалаад  шилний хагархайгаар  Б  хэвлийн орчмоор нь зүссэн байсныг  маргааш нь Э мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний  өдрийн 374 дугаартай дүгнэлт

  1. Б.Б биед хэвлийд язарсан шарх, хүзүү, суга, шуунд сорви  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн нэг  болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй
  5. Дээрхи  гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх  цаг хцгацаанд үүссэн байх  боломжтой байна...гэх дүгнэлт  /хх-ийн 28 хуудас/

Хэргийн газарт болон хохирогч Б.Б биед үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 6-9 хуу/

            М.Э яллагдагчаар өгсөн :... би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Бид нарын ууж байсан 750 граммтай хар экс нэртэй архины хоосон шил машины дугуйны хажууд байхад нь би авсан...Буяа гэх залуу машин дотор согтоод унтаж байсан. Б Буяаг сэрээгээд авч явах гээд татаад байсан. Би тэрүүгээр  Буяаг наанаа унтуулчих гэж Бхэлсэн. Тэгсэн Б  чи муу бацаан юугаа мэддэг юм гээд Буяаг Б аваад явсан. Тэгээд би Номин-Эрдэний хамт автомашин  дотор сууж байтал Б  эргэж  ирээд машины хаалга онгойлгоод намайг гараараа мөр хэсэгт 3 удаа цохисон. Би тэгээд Б өөдөөс жийгээд автомашинаас буусан. Тэгээд маргалдаж зодолдсон...Би Б дийлэхгүй байсан тэгээд архины шил хагалж гартаа бариад  ойртвол хохь чинь шүү гэж айлгах гэсэн боловч Б айхгүй ирээд намайг цохисон би  тэгээд шилээр зүсчихсэн. Б надаас том биетэй...Надад ил харагдах гэмтэл шарх учраагүй...Би Б тэр асуудлаас хойш уулзаж чадаагүй байгаа. Би ажил хийж Б учруулсан хохирлыг барагдуулна...гэх мэдүүлэг / хх-ийн 45 хуу /

М.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 хуу/

М.Э иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 55 хуу/

Хохирогчийн Б.Б нэхэмжилсэн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 66-69 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 70-71

хуу/

Хохирогч Б.Б шүүхэд гаргасан “Э нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт / хх-ийн 94 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч М.Э холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Э нь  2019 оны 07 дугаар сарын 07-ны  шөнийн 03 цагийн орчим Хэнтий аймаг Хэрлэн сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт  байрлах Наранбулаг Хан ХХК-ий зам засварын автобаазад хохирогч Б.Б согтуугаар маргалдан зодолдож түүнийг архины шил хагалан зүсэж хэвлийн баруун доод хэсэгт 3х1 см, 4х1 см, зүүн суганы шугамаар 3,7 дугаар хавирганы түвшинд 8х0.2 см, 10х0.3 см, зүүн шууны дотор дээд хэсэгт 6х0.2 см, хүзүүний ар дээд хэсэгт 1.2х0.2 см хэмжээтэй зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч М.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б, гэрч Н.Түмэнзориг, Н.Номин-Эрдэнэ, Б.Буяннэмэх нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч М.Э нь архины шил хагалан хохирогч Б.Б зүссэн үйлдлийн улмаас учирсан гэмтлүүд нь хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

 

   Аймгийн Прокурорын газраас М.Э үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч М.Э хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтын явцад эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинд тооцож нийт 2.000.000 төгрөг нэхэмжилж, 674.000 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн боловч шүүхэд тодорхойлолт гаргахдаа “Э гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй”  гэсэн /хх-ийн 94 хуу/  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон                   

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Э хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700.000 /долоон зуун  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  1  /нэг/  жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ