| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2019/0218/Э |
| Дугаар | 214 |
| Огноо | 2019-10-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Гэрэлбадрах |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2019/0218/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд
Улсын яллагч М.Гэрэлбадрах
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөр-Отгон
Өсвөр насны шүүгдэгч Б.А нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А холбогдох 193900................. дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч Б.А нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багийн Бүрдийн 6-9 тоотод байрлах иргэн З.У үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Баялаг” мини-маркет нэртэй 6 нэрийн дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч Parliament тамхи 10 ширхэг, бэлэн 52.000 төгрөг зэргийг авч нийт 90.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч З.У өгсөн:..Би Батноров суманд “Баялаг мини маркет” нэртэй 6 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг дэлгүүртээ тусдаа худалдагч ажиллуулдаг юм би өөрөө хот хооронд бараагаа зөөдөг юм. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үдээс хойшоо 18 цагийн орчимд эхнэр бид хоёр Улаанбаатар хот руу бараа авахаар явсан юм тэгсэн шөнө 03 цагийн орчимд Налайх дүүрэг орж явахад миний утасанд дуудлага ирээд манай ээж залгаад дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн юм. Тэгээд би Улаанбаатар хот ороод ажлаа амжуулаад 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ирсэн юм. Тухайн үед манай дэлгүүрийн худалдагчаар манай сумын Г.Наранжаргал гэх хүн суудаг байсан юм манай дэлгүүр өглөө 09 цагт онгойгоод орой 21 цагт хаадаг өөрсдөө байвал орлогоо тоолж хүлээж авдаг юм. Манай дэлгүүр нь дотор талдаа 3 ширхэг телекамертай юм... Надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... Манай дэлгүүр хоёр хаалгатай гадна талын хаалга нь гараар онгохгүй хөшиж онгойлгосон байсан. Дотор талын хаалга нь гараар татахад хаалганы цүү холхиндог учраас онгойгоод байдаг юм...Манайх хүнсний дэлгүүр ажиллуулаад 2 жил гаран хугацаа өнгөрч байна. Урд нь бяллард тоглоомын газар байсан...худалдагчаас асуухад бэлэн гоймон 1 ширхэг, ундаа 1 ширхэг, тамхи 10 ширхэг, бэлэн мөнгө 52.000 төгрөг алдсан гэж байсан бэлэн гоймон ундааг авчихаад буцаагаад тавьсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 хуудас/
Гэрч Г.Наранжаргалын өгсөн:...Би Батноров сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Баялаг мини маркет хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг юм. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс худалдагч хийж байгаа юм. 2019 оны 06 дугаар сарын 08-ны орой 22 цаг өнгөрч байхад дэлгүүрээс хаагаад гэртээ очсон. Манай дэлгүүр 2 давхар хаалгатай хаалга бүр цоожтой. 2019 оны 06 дугаар сарын 09-ний үүрээр гэртээ унтаж байхад 03 цаг өнгөрч байхад дэлгүүрт хулгай орлоо гэж манай аав надад хэлсэн. Манай аавд Цэвээлээ гэх хүн хэлсэн юм байна лээ. Би тэгээд аавыгаа дагуулаад өөрийн ажилдаг дэлгүүр дээрээ очиход дэлгүүрийн хаалганы цоож цүү нь зүүлттэй тагнууд нь далийсан байсан тэгээд дэлгүүрт ороогүй...Манай дэлгүүрээс тамхи кассанд байсан мөнгө дутсан. Дэлгүүрийн камер үзэхэд бэлэн гоймон, ундаа тамхи, бэлэн мөнгө авч байгаа харагдсан. Парламент гэдэг тамхи 10 ширхэг, эссэ нэртэй тамхи 1 ширхэг дутсан. Би дэлгүүрийн орлого 20.000, 10.000 төгрөг дэвсгэртийг буюу бүхэл мөнгийг нь өөрөө авсан байсан нийт 300.000 төгрөгийг бэлнээр би авсан байсан. 5000 төгрөг болон түүнээс бага мөнгө дэвсгэртүүдийг кассын машинд орхисон. Хэдэн төгрөг үлдээснийг мэдэхгүй байна. Одоо кассын машин 5000 төгрөг 18 ширхэг, 1000 төгрөг 70 ширхэг, 500 төгрөг 60 ширхэг байна лээ. Дээд талаас нь авсан байна лээ. Би яг хэдэн төгрөг алга болсон гэдгийг мэдээгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/
Гэрч М.Гантулгын өгсөн:..Би найз Зоригтбаатарын гэрт унтаж амарсан юм. 2019 оны 06 дугаар сарын 09-ний шөнө 03 цаг 10 минутын орчим босоод хөдөө явах гээд Зоригтбаатарын гэрээс гарахад Зоригтбаатарын хүүгийн дэлгүүрийн хаалга нь онгорхой байсан очоод харсан чинь цоожийг хөшөөд онгойлгосон байсан. Би хаалгаар нь шагайтал над руу нэг хүн дайрсан би хаалгыг дарж зогссон тэгээд тэр хүн хаалгыг онгойлгоод түлхээд гараад ирсэн би тэр хүнтэй ноцолдсон. Тэр хүн тэгээд зугатаад явсан. Тэр хүн улаан юүдэнтэй цамцтай гадуураа савхин куртиктай байсан. Тэр хүн бэлэн гоймон ундаа барьсан байсан. Би гэрт байсан хүмүүсийг гараад ир ээ гээд хашгирсан боловч гарч ирээгүй унтаж байсан...Сургуулийн хүүхэд байх шиг байсан. Шөнө сайн харагдаагүй нүүрээ нуугаад тонгойгоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/
Гэрч Б.Өнөр-Отгоны өгсөн:...Би 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багт амьдардаг юм. Миний том хүүхэд Ариунчимэг гэдэг юм. Дунд хүүхдийг А гэдэг бага хүүхдийг Мөнх-Ирээдүй гэдэг юм. 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд ургийн баярт явсан. Би ургийн баярт том хүүхэд Ариунчимэг бага хүүхэд Мөнх-Ирээдүй нарыг дагуулж явсан. Хүү А гэртээ үлдээсэн. Би 2019 оны 06 дугаар сарын 09-ний өглөө Батноров суманд ирсэн. Би хүүхдээ Батноров суманд ирээд дэлгүүрээс хулгай хийсэн гэдгийг Батноров суманд ирээд мэдсэн...Миний хүү А 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн одоо 16 настай. Батноров сумын ерөнхий боловсролын сургуульд Боржинчулуун багшийн ангид 10 дугаар ангид суралцдаг. Сурлага сайтай хүүхэд байгаа. Урд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Тамхи татдаг надаас нууж татдаг юм. Архи уудаггүй юм. Үндэсний бөх, жүдо, чөлөөт бөхөөр хичээллэдэг. Сургуулиас зохион байгуулсан тэмцээн уралдаанд их ордог амжилт гаргаж байсан. Аймгийн физикийн олимпидад оролцож байсан. Аймгийн хүүхдийн чөлөөт бөхийн аврага болж байсан. Улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд оролцож байсан. Сургуулиас зохион байгуулсан арга хэмжээнд идэвхитэй оролцдог нийгмийн идэвхи сайтай...надад өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/
Б.А яллагдагчаар өгсөн:... тэр дэлгүүр урд нь биллъардны тоглоомын газар байсан. Биллъардны газар байхад нь орж тоглодог байсан. Биллъардны эзэн цоожийг нь эргүүлээд онгойлгоод ор гэдэг байсан. Би тэр дэлгүүрийн цоожийг хажуугаар нь явж байхдаа харахад хуучин хэвэндээ байсан миний ам цангаад байсан болохоор цоожийг нь эргүүлж үзсэн чинь онгойчихсон...Ундаа бэлэн гоймон, тамхи бэлэн мөнгө авсан. Намайг дэлгүүрээс гарах гэхэд гаднаас танихгүй хүн дэлгүүрийн хаалга дарчихаад гаргахгүй байсан. Би гармаар байна гэж хэлэхэд дэлгүүрээс авсан юмаа буцаагаад тавь гэсэн тэгэхээр нь ундаа гоймон хоёрыг нь буцаагаад тавьсан...Би буруу үйлдэл хийсэндээ их гэмшиж байна дахиж буруу үйлдэл гаргахгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/
Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 8-10 хуудас/
Б.А эзэмшлийн сурагч цүнхэнд үзлэг хийж 52.000 төгрөгийг хураан авсан тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 11-12 хуу/
Батноров сумын 6 дугаар баг, Салхит хорооллын 15-21 дугаар гудамжинд байх нүхнээс 10 хайрцаг parliament тамхи олж, хураан авсан тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд / 14-15 хуу/
Баялаг мини маркетийн худалдагч Г.Наранжаргалд 52.000 төгрөг, 10 хайрцаг parliament тамхийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 13 хуудас/
10 хайрцаг parliament тамхины үнэлгээг 38.000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 19-22 дугаартай дүгнэлт /хх-ийн 41 хуудас/
Б.А хувийн байдал, сурлагын болон спортын амжилтуудтай холбоотой өргөмжлөл, сурагчийн хувийн хэргийн хуулбар, бусад баримтууд /хх-ийн 52-95 хуу/
Б.А иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 99 хуу/
Б.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 хуу/
Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 135-136 хуу/
Хохирогч З.У гаргасан “хохирол барагдуулсан тул гомдолгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт / хх-ийн 137 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Ариунболдод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд өсвөр насны шүүгдэгч Б.А нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний шөнийн 03 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг Бүрдийн 6-9 тоотод байрлах “Баялаг мини-маркет” хүнсний дэлгүүрийн цоожийг нь онгойлгон нэвтэрч Parliament тамхи 10 хайрцаг, бэлэн мөнгө 52.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч З.Ууганбаярт нийт 90.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч З.У, гэрч Г.Насанжаргал, М.Гантулга, Б.Өнөр-Отгон нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.А үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд өсвөр насны шүүгдэгч Б.А нь хүнсний дэлгүүрт цоожийг нь онгойлгон орж эд зүйл хулгайлсан байх бөгөөд түүний энэ үйлдлийг нь хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Б.А нь 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй буюу 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 16 нас 6 сар 9 хоногтой байсан болох нь түүний иргэний үнэмлэхний лавлагаагаар / хх-ийн 99 хуу/ тогтоогдсон байх тул түүнийг өсвөр насны хүн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.А хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ гэж заасан байх тул өсвөр насны шүүгдэгч Б.А зан үйлээ засах сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Хохирогч З.У нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлэг өгсөн, тодорхойлолт гаргасан байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.А ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Өсвөр насны шүүгдэгч Б.А оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Ариунболдод зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
5. Өсвөр насны шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Өсвөр насны шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ