Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 979

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Д.Үүлэн (томилолтоор), шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Б.Дагиймаа, Б.Мөнхбат, шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, гэрч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт П-ийн Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Ч овогт П-ийн О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 0100 0004 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овогт П-ийн Д, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч ажилтай (Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний 44 дугаар зарлигаар шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн), ам бүл хоёр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар **********, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Ч овогт П-ийн О, Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Уламжлалын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, нөхөр, гурван хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар **********, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч П.Д нь Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан “Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол улсын үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол улсын олон улсын гэрээнд захирагдана”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.17 дахь хэсэгт заасан “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах”, 27.1.18 дахь хэсэгт “шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаа тогтоох”, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол оролцохоос татгалзах, эсхүл уг болзошгүй нөхцөл байдал үүсэж болохыг шүүх ажиллагаанд оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзан гаргах санал тавих боломжийг хангах үүрэгтэй” гэх заалтыг тус тус зөрчиж иргэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй Өмнөговь аймаг дахь Сум дундын 15 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1051 дугаартай иргэний хэргийн хариуцагч П.О-ы ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 20.000.000 /хорин сая/ төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, улмаар П.О-оос 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хамаатан болох А.Н-ээр дамжуулан 1,000,000 /нэг сая/ төгрөг авсан гэх,

Шүүгдэгч П.О нь иргэн Б.Ба-ийн нэхэмжлэлтэй Өмнөговь аймаг дахь сум дундын 15 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1051 иргэний хэргийн хариуцагчаар оролцож байхдаа 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Д-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний хамаатан болох А.Н-ээр дамжуулан 1,000,000 /нэг сая/ төгрөг өгсөн гэх   гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч, гэрч нараас өгсөн мэдүүлэг болон талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Шүүгдэгч П.О-ы шүүх хуралдаанд өгсөн: “...Энэ хэрэг 3 дахь жилдээ явж байна. Энэ хэрэгт холбогдолтой шаардлагатай бүхий л нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Өнөөдөр энэ хэргийн үнэн мөнийг олох байх гэж найдаж байна. Би 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Би өөрөө нэхэмжлэгч байсан. Дараа нь Б 12 дугаар сард сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнээс бүх зүйл эхэлсэн. Давж заалдах шатны хурал дээр анх Д шүүгчийг харсан. 2015 онд байсан, харин сарыг нь санахгүй байна. Д шүүгч хэргийг процессын алдаатай гэж 3 удаа хэрэгсэхгүй болгосон. Нийт 2.5 жилийн дотор 3 удаа хэргийг хянан хэлэлцсэн. Ингэхдээ дандаа процессын алдаатай гээд анхан шатны шүүх рүү буцааж байсан. Надтай уулзаж надаас зөндөө зүйл нэхсэн. Би өгөөгүй. 2016 оны 2 дугаар сард надтай уулзсаны дараа 5 дугаар сард орсон хурал дээр надаас илүү төлсөн гэсэн мөнгө ямар ч нотлох баримтгүй гээд түр зээлдүүлсэн мөнгө болгоод шал өөр тайлбар гаргаж өгсөн. Би Солонгос явж ирээд Д-тай “Хайрхан” дэлгүүрт таарсан. Тэрээр “Би замбараагүй дугаар авчихсан байгаа, чам руу ярина” гэж хэлсэн. Би гайхаад яваад өгсөн. Дараа нь 5 дахь өдрийн орой 18:30 минутын үед над руу залгаад намайг эмнэлгийн хашаанд хүрээд ир гэж хэлсэн. Миний машин маш содон машин байсан. Цагаан дээвэртэй час улаан өнгийн машин байсан. Намайг ирэхэд Д “чи яаж ийм содон машинтай хүрч ирж чадаж байна аа? Чи ямар аймар юм бэ” гэж хэлэхэд нь би мэдэхгүй сандраад машинд нь орсон. Машин дотор 2 цаг гаруй бүхий л амьдралаа ярьсан. Яг үнэндээ Д шүүгч намайг залхаан цээрлүүлж, хясан боогдуулж, дарамт шахалт үзүүлсэн. Би Д-тай уулзахаас айж байсан. Тэрээр 2 цаг гаруй ярьсныхаа дараа “чи надад тусал, чиний ч амьдрал, миний ч амьдрал”, надад 20,000,000-30,000,000 төгрөгийг зээл” гэсэн утгатай зүйл ярьсан. Би Эрдэнэтэд ном бичсэн тэрний мөнгө орж ирнэ гэж хэлсэн. Би тэр талаар мэдэхгүй. Надаас 20,000,000-30,000,000 төгрөг нэхсэн. Дараа нь “Надад аяга таваг хэрэгтэй байна. Манай ах дүү нар ирэх гээд байна. Түрээсийн байр хэрэгтэй” гэж хэлсэн. Надаас 20-30 сая төгрөг нэхэхдээ “Чиний ч амьдрал, миний ч амьдрал. Чи надад тус бол, би чамд тус болъё. Хэргийг чинь аргалж өгнө. Э шүүгч өглөө болгон над дээр орж ирж хэргээ асуудаг” гэж хэлж байсан. Ерөөсөө “Авна, авна. Өг, өг” гэж нэхэж шаардаж байсан. Үнэхээр аймшигтай. Шүүгч хүнд байж боломгүй ёс зүйг гаргасан. Би үнэхээр гайхаад сууж байсан. Миний байрыг очиж үзэхээр болоод тэндээсээ хөдлөхөөсөө өмнө “чи надад 1,000,000 төгрөг өгчих“ гэж хэлсэн. Би үнэхээр шокт орсон. Би гайхаж байгаад “та надад дансаа өгөх үү” гэж асуухад Д “чи намайг хоолноос минь салгах нь уу “ гэж хэлээд инээсэн. Та тэгээд мөнгөө яаж авах юм бэ гэхэд “маргааш дүүгээ явуулаад авхуулъя” гэж хэлсэн. Тэндээс хөдлөөд явж байхад цагдаа нар зогсоосон. Тэр үед Д маш омголон, давилуун байсан. Би хэргийг үнэн зөвөөр нь шийднэ гэж найдаж байсан. Тэрнээс биш би Д-д мөнгө төгрөг өгье гэсэн бодол огтоос байгаагүй. Маргааш өглөө нь намайг сэрээд босчхоод байж байхад миний утас дуугарсан. Би утсыг нь авч чадахгүй байсан. Яагаад  гэвэл би солонгосоос ирэхдээ 2 сая төгрөгтэй ирсэн. Би хүүхдийнхээ төлбөрийг өгмөөр байдаг. Надаас 1,000,000 төгрөг нэхээд байсан. Би үнэндээ өгмөөргүй байсан. Би энэ талаараа ээждээ хэлсэн. Миний ээж “шүүгч нар өндөр хангамжтай баймаар юм, яасан ханаж цаддаггүй юм бэ” гэж хэлсэн. Над руу дахиж залгасан. Би утсаа авахгүй байхын аргагүй байсан учраас утсаа авсан. Тэгээд утсаа авахад “дүүгээ явууллаа, мөнгөө өгөөд явуулчих” гэж хэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 27-ны орой төөрсөөр байгаад бүрэнхий болж байхад дүү нь ирсэн. Би тэр хүүхдэд мөнгөө өгөөд тоолж аваарай гээд өгөөд явуулсан. Д хүүхдийнхээ утсаар над руу өдөр залгаад байсан. Орой нь өөр утаснаас залгасан байж магадгүй. Доко эгч намайг явууллаа гэхээр нь би мөнгийг өгч явуулсан. Хаан банк болон Хас банкны урд талд саад байдаг. Би саадан дотор зогсож байсан. Охин ирээд мөнгийг аваад явсан. Би өөр шүүгчтэй мөнгөний асуудал огтоосоо байхгүй. Би өс хонзонгийн сэдэлтээр гомдол гаргаж, гүтгэсэн зүйл байхгүй. Би шүүгчийн ёс зүйгүй байдалд Ёс зүйн хороонд гомдол гаргасан. Ийм ёс зүйтэй хүн олон хүнийг хохирооно. Би хохирол гэдгийг өөрийн биеэрээ үзэж байна. Мөнгө дамжуулан өгсөн хүүхдийг би өмнө нь танихгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Шүүгдэгч П.Д-гийн шүүх хуралдаанд өгсөн: “....Нийслэлийн прокурорын газраас үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд үндэслэн мэдүүлгээ өгнө. Яагаад гэвэл яллах дүгнэлтийг анхнаасаа зөвшөөрөөгүй. Энэ утгаараа энэ гэмт хэргийг үйлдээгүй гэсэн байртай суурьтай оролцож байна. 2014 оны 6 дугаар сард Өмнөговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон очсон. Шүүгдэгч П.О-ы гаргасан гомдлын хувьд Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд 2015 оны сүүлчээр буюу Б-ийн нэхэмжлэлтэй О-д холбогдох хэрэг ирээд 01 дүгээр сард буцсан. 2016 оны 04 дүгээр сарын 12-ны надад тэр хэрэг дахин ирсэн. Болсон үйл явдлын хувьд О-ы гомдол шалгагдаад яллах дүгнэлтэд бичигдсэн үйл баримт, эхлээд 1,000,000 төгрөгийг авсан, зээлсэн, авлига өгсөн гэж мөрдөн байцаалтын шатанд өөрчлөгдөж байсан. Одоо яллах дүгнэлтэд 1,000,000 төгрөгийг авсан гэж бичсэн байна. 20,000,000 төгрөг нэхсэн гэх асуудал байсан. Өнөөдрийн яллах дүгнэлтэд авлигад 20,000,000 төгрөгийг шаардсан гэж орж ирж байна. Ийм асуудал огтоосоо байхгүй. Би 20,000,000 төгрөгийг нэхээгүй. Ямар нотлох баримтаар үүнийг тогтоогоод намайг яллаад байгааг ойлгохгүй байна. Би О-той нэг зүйл дээр санал нэг байна. Энэ хэрэг дээр 3 жил явсан. Үнэндээ залхаж байна. Мөн л энэ хэргийг шударга шийдэх байх гэсэн хүсэл мөрөөдөлтэй явж байгаа. 1,000,000 төгрөгтэй холбоотойгоор өгсөн гэрчийн мэдүүлэг, О-ы мэдүүлэг, Г, С нарын мэдүүлгүүдийг дүгнээд үзэх юм бол үнэндээ хоорондоо зөрөөтэй. О-ы 5 удаагийн мэдүүлэг байдаг. Энэ тухай үгүйсгэсэн мэдүүлэг хүртэл байдаг. Мэдүүлэгтээ 1,000,000 төгрөгийг миний дүү Нандинцэцэгт өгсөн тухайгаа ярьдаг. Нандинцэцэг нь “Амралтын өдөр байсан. Өглөөний цайны дараа Д эгч яваад ир гэсэн. Д эгч ангийнхаа хүүхдээс зээлдүүлсэн мөнгө аваад ир” гэж мэдүүлсэн. Гэрч Б нь “Д эгч ангийнхаа хүүхдээс зээлдүүлсэн мөнгө аваад ир гэсэн, тэрийг би мэдүүллээ” гэсэн мэдүүлэг өгдөг. Энэ юунаас эхлэлтэй вэ гэхээр шүүхийн ёс зүйн хорооны ажилтан Х анх шалгасан байдаг. Шалгалт хийсэн тэмдэглэлийн хувьд бол тэр хүүхдийг утасны цаанаас “худал мэдүүлсэн бол” гэсэн асуудал яригддаг. Би үүгээр гомдол гаргахад шүүхийн ёс зүйн хороо авч хэлэлцээгүй. Анхнаасаа Х энэ ажиллагааг хийхдээ  мэдүүлгийн эх сурвалж гэж үзээд байгаа яллах дүгнэлт бол хуульд нийцээгүй үйл ажиллагаа болсон. Тэгээд 1,000,000 төгрөгийг авахдаа Н “өглөө байсан” гэж тогтвортой мэдүүлдэг. Харин О дандаа “орой” гэж мэдүүлдэг. Намайг орой залгасан эсэхийг шалгахын тулд утасны биллийг хараад үзээрэй. Намайг олон удаа залгасан гэж мэдүүлсэн. Гэтэл утасны биллд тийм зүйл байхгүй. Би О-ы мэдүүлгийг 3 жил сонсож байна. О юу гэж ч хэлж болно. Гагцхүү хуульд заасны дагуу авагдсан нотлох баримтууд нь хууль ёсны байх ёстой гэж бодож байна. Яллах дүгнэлтийг аваад үзэхээр шүүгчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон, нарийвчлан зохицуулсан хуулийн 4 заалтыг намайг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт бланкетны акт буюу тусгайлан нарийвчлан зохицуулсан актыг зөрчсөн гэсэн үг үсэг ерөөсөө байхгүй. Тиймээс үүнийг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ 4 заалтаар шүүгчийн ёс зүйн хорооноос надад шийтгэл ногдуулчихсан. Би өнөөдрийг хүртэл шүүхийн 61 дүгээр магадлалыг хэзээ ч хүлээн зөвшөөрч чаддаггүй. Энэ үйл явдал энэ хэрэгтээ хамааралгүй явсан гэдгийг Өмнөговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн бүртгэл мэдээлэл, цахим бүхий л баримтаар нотлогддог. Би О-оос аяга, шанаг авч хэрэглэсэн нь миний буруу болсон. Гэхдээ хэргийн үйл баримтад ямар ч хамааралгүй. Хамаатуулаад шийдсэнд нь гомддог. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн тухайлсан 4 заалтаар дахин ял шийтгэл хүлээх үндэслэл надад байхгүй. Би давхар шийтгэл хүлээмээргүй байна. Би Орхонтой 2 удаа уулзсан. Анх “Хайрхан” гэх дэлгүүр дээр уулзсан. Миний төрсөн ах Бямбаа гэх хүнтэй Орхоны аав нь найзууд болж таарсан. Бид хоёр Б ахын тухай л ярьсан. Тэр үед Б ах хүнд байдалтай зүрхний хагалгаанд орсон байсан. Би 2016 оны 02 дугаар сарын 22-ноос 26-ны хооронд чөлөө авсан байсан. 02 дугаар сарын 26-ны өдөр О-той тааралдсан. Тухайн үед О-той ганцаарчлаад уулзсан уу, энэ асуудлын тухай ярьсан эсэхийг нотлох баримтаар нотлох байх аа гэж бодож байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 27.1.18 дахь хэсэгт “шүүгч хэргийн оролцогч этгээдтэй харилцахдаа” гэсэн заалтаар би шийтгүүлчихсэн. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн адил шийтгүүлсэн. Иргэний шүүх хуралд Орхоныг хүнд байдалд оруулаагүй, шүүгч тийм үйлдэл гаргаагүй байна гэж дүгнэчихсэн. Шүүгч шударгаар ажиллаагүй байна гэдэг дээр би нэг хариулт өгмөөр байна. Хавтаст хэрэгт авагдсан байгаа магадлал, улсын дээд шүүхийн шинээр илэрсэн нөхцөлөөс хяналтын шатны гомдол хэлэлцсэн 2 тогтоол авагдсан байгаа. До даргалж, илтгэсэн Н, О нарын бүрэлдэхүүнтэй шийдсэн магадлал анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийн эсрэг шийдвэрийг гаргасан. Мөнгийг хүүтэй зээлж байгаа тохиолдолд бичгээр гэрээ байгуулдаг хуулийн заалтыг өөрөө зөрчөөд нөгөө хүнээс үндэслэлгүйгээр мөнгө авсных нь төлөө үндэслэлгүй хөрөнгөжсөн байна энэ мөнгийг гаргуулах ёстой гээд шийдээд үүн дээр Улсын дээд шүүх тогтоолоороо нэмээд гаргасан. Түүн дээр хууль хэрэглээний талаар алдаатай байна гэсэн зүйлийг яриагүй. Тооцоон дээр алдсан байна гээд нэмсэн. Энэ нь Д шүүгч давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэн нэгний нөлөөнд авталгүйгээр шийдвэрээ гаргасан гэдгийн нэг том нотлох баримт байна гэж үзэж байна.

Дараагийн асуудалд О бид хоёр өнөөдөр шүүгдэгчээр зэрэгцээд сууж байна. Яллах дүгнэлтэд О-ы гэрчийн мэдүүлгийг оруулсан. Тэгвэл миний гэрчийн мэдүүлэг хаана байна вэ. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим үндсэндээ 2017 оноос буюу Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаас хойш үнэндээ аймшигтай зөрчиж байгаа. Би өнөөдрийг хүртэл дугараагүй явж байна. Авлигатай тэмцэх газар өмгөөлөгчгүй ороход үнэхээр аймшигтай. Гэрч хуульд зааснаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. О-ы мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Гэрч Г нь миний туслахаар ажиллаж байсан. Энэ хүний мэдүүлэг бол бичигдсэн байдлаасаа эхлээд буруу явж байна. 2016 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 5 дугаартай хэрэг хуваарилах журам гэж байна, энэ худлаа. Шүүгчдийн зөвлөгөөнөөс 01 дүгээр сарын 05-ны өдөр 01 дүгээр тогтоолоо гаргасан. 2017 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн зөвлөгөөний загварыг тараасан.  2017 оны 5 дугаар сард Г мэдүүлэг өгсөн байсан. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч бичгийн нотлох баримтад 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийсэн. 2007 онд анх иргэний хэргийн стандартыг хэрэглэж эхэлсэн. Хуулиар зохицуулаагүй үлдсэн нарийвчилсан зүйлийг зохицуулдаг. Энэ стандартын шаардлага нь Judge программ, Иргэн 2014 программууд батлагдаад зохиогчийн эрх аваад шүүхүүдэд тараагдаад өөрийнхөө шаардлагыг хангахгүй болоод ирэнгүүт 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоолоороо иргэн, эрүү, захиргааны гэсэн 3 төрлийн стандартыг батлахдаа манайд харьяалагдаж ирсэн иргэний хэрэг нь 62 дугаар тогтоолоор батлагдсан. Иргэн 2014 гэх цахимаар бүртгэхэд шүүгчийн гарын үсэг үлдэхгүй учраас бодитой байлгах үүднээс гар бүртгэлийг баталж ашигладаг болсон. 2016 оны 02 дугаар сарын 18-ны Иргэний хэргийн хөдөлгөөний аргачлал гээд шинэчилсэн. 2007 оноос 2016 он хүртэл энэ стандарт үйлчилдэг байсан. 2014 онд зөвхөн хавсралтыг хүчингүй болгож шинээр хавсралт үүсгэсэн. 2016 оны аргачлал нь өмнөх аргачлалуудаа хүчингүй болгоогүй, одоо ч хэрэглэж байгаа. Хавтаст хэргийн 160-166, 156-159 дүгээр хуудас хүртэл авагдсан гар бүртгэл, цахим дээр Б-ийн нэхэмжлэлтэй, О-д холбогдох хэргийг Д хэзээ хүлээж авсан бэ гэдгийг тодорхой бичсэн байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 168 дугаар хуудсанд шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгчид хэрэг хуваарилалтыг цагаан толгойн үсгийн дарааллаар хуваарилахаар болсон. Миний нэрийг Д гэдэг ба Д үсэг буюу надаас эхэлсэн. Журмын дагуу хэрэг хуваарилагдсанаар Од холбогдох хэрэг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цаг 45 минутад миний нэр дээр хуваарилагдсан. О намайг өөрөө дураараа хуваарилж авсан гэж ярьдаг. Авлигатай тэмцэх газраас надаас байцаалт авахдаа мөн намайг дураараа өөр дээрээ авсан гэж гүтгэсэн. Энэ нь үгүйсгэгдэнэ. Яагаад гэвэл нэгдүгээрт: шүүгчдийн чөлөө олгосон баримтад 2016 оны 4 дүгээр сарын 12-оос 19-ний өдрийн хооронд шүүгчид тархины зураг авхуулах үеэр би эзгүй байсан. Хоёрдугаарт: энэ журам, цахим, шүүх хөндлөнгийн байх утгаараа хэргийн хөдөлгөөн бидэнд ямар ч хамаа байхгүй. Алдаа оноотой байвал тамгын газрын ажилтан, зохион байгуулагч өдөр тутам ажиллагаанд хяналт тавих ёстой байдаг учраас бидэнд ямар ч хамааралгүй байдаг. Т-т очих ёстой байсан хэрэг Д-д очсон гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт байна. Т 04 дүгээр сарын 11-ний өдөр журмынхаа дагуу хэрэг хүлээгээд авчихсан байсан. Эндээс надад ямар ч хамааралгүй гэдэг нь харагдана. Гар бүртгэл болон цахимаар намайг дур мэдэж аваагүй гэдгийг нотолж байна. О-ы ээж С, О-ы нөхөр Гэрэлт-О нарын мэдүүлгийг дамжмал нотлох баримт гэж үзнэ. Эх сурвалж нь О-ы мэдүүлгээс уламжлалтай. Яагаад гэвэл гэр бүлийн хүмүүс байна. Мэдүүлэгтээ нэг шүүгч л гэж яриад байдаг. Чухам ямар шүүгчийг яриад байгааг мэдэхгүй. Би Өмнөговь аймгийн шүүхэд 2014 онд томилолтоор очиж ажилласан. Бие биеэ тодорхой хэмжээнд танина. Яагаад гэвэл хөдөө, орон нутаг нь Улаанбаатар хот биш. О надтай 6 удаа ярьсан. Би дандаа аяга, тавгийн асуудлаар ярьж байсан. Яагаад аяга, таваг хэрэгтэй болсон учир нь Дэлхийн хэмжээнд НҮБ-д Монгол Улс тэмээтэй гэдгийг харуулах зорилгоор 6 аймгийн тэмээчид, дээрээс нь гадаад дотоодын зочид ирэх байсан болохоор тухайн үед маш ачаалалтай байсан. Миний дүү над дээр ирээд аяга таваг, байр сав олж өг гэсэн. Б шүүгч надад О-ыг зааж өгсөн. Би аяга, таваг авч хэрэглэсэн, түүнийгээ буцаагаад өгчихсөн. Орхон надад үнэ төлбөргүй ашиглуулсан гэдгээ сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байсан. Ёс зүйн хорооны мэдүүлэгт мөн адил өгсөн байсан. 6 удаагийн утсаар ярьсны эхнийх дээр аяга, тавгийнхаа асуудлыг л ярьсан. Ажилтай байгаа учраас “та орой ажил тарахаар ярь” гэж хэлдэг. 02 дугаар сарын 27-ны өдөр 11 цаг 38 минутын үед би хүүгийнхээ үнэгүй утсаар ярьсан. Тэгэхэд “би ээждээ эм, тариа хийж байна. Миний ээж хорт хавдартай хэвтэрт байна, зочин гийчин ихтэй та 10-20 минутын дараа залгачих” гэж ярьсан. Удахгүй би дахин залгахад “өнөөдөр амжихгүй юм байна, та ажлын өдрөөр ав”  гэж надад хэлсэн. Би 03 дугаар сарын 03-ны өдөр ярихад “орой ирээд авчих“ гэж ярьсан. Би очиж авах гэж утсаар ярьсан. Очиж авсан, хэрэглэсэн, 03 дугаар сарын 07-ны өдөр буцааж өгсөн. Буцааж өгөх гэж ярьсан яриа нь байгаа. Ийм учраас гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэж байна.  Мөн яллах дүгнэлтэд Шүүхийн ёс зүйн хороон дээр үнэлэгдсэн асуудлаар дахин намайг яллаж байна гэж би ойлгож байна. О-той 6 удаагийн ярьсан асуудал, юнителийн ярианы дэлгэрэнгүй хуулгатай холбоотой асуудлууд бүгд хэлэлцэгдсэн. Яллах дүгнэлтийн хавсралтын 10 дугаарт: 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2 дугаар магадлалаар намайг огцруулсан шийдвэрийг оруулж ирсэн байна. Энэ шийдвэр хүчингүй болчихсон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд намайг огцруулсан шийдвэрийг хэлэлцээд шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлээд 6 сарын хугацаагаар цалингийн 30 хувиар хасаж шийдсэн. О энэ асуудалд гомдол гаргаад дахин хяналтын шатны шүүхэд очсон. Хяналтын шатны шүүх ёс зүйн хороо руу хүчингүй болгож буцаагаад хамгийн сүүлийн шийдвэр 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 61 дүгээр магадлал гарч би 6 сарын хугацаагаар цалингийн 30 хувиар хасуулсан. Тийм байхад хүчингүй болсон эрх зүйн актыг үндэслэж байгаад миний эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг;

3. Гэрч Н.Г-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн үед Давж заалдах шатны шүүх тойргийн журмаар ажилладаг байсан. Захиргааны ажилтнаас би ганцаараа байдаг байсан. Ерөнхий шүүгчийн туслах, шүүгчийн туслах, нарийн бичиг, мэдээлэл лавлагаа гэх мэт бүх ажлыг би ганцаараа хийдэг байсан. Шүүх хуралдааны тэмдэглэл хөтөлнө, хэргийг хүлээн авна, шүүгч нартаа хуваарилна, хурлын тов мэдэгдэнэ, магадлалын төсөл бичнэ гэх мэт ажлуудыг би ганцаараа хийдэг байсан...С гэх хүн 2017 оны 01 дүгээр сард манай шүүхэд ирж үзлэг хийсэн. Тухайн үед би шүүгчийн туслахын ажил хийж байсан. Шүүгчдийн зөвлөгөөнөөр гаргасан хэрэг хуваарилах журмын дагуу хэрэг хуваарилсан тэмдэглэлийг тулгасан. Тухайн үед манай шүүх 4 шүүгчтэй байсан. Зөвлөгөөний тогтоолоор цагаан толгойн үсгийн дагуу хэргийг хуваарилахаар тогтоосон. Бүртгэлийг дэвтрийг хэрэг хуваарилсан тэмдэглэлтэй тулгаж үзэхэд 01 сард байх журмын дагуу хуваарилагдаагүй хэргүүд байсан. Би яагаад ийм зүйл болсныг мэдэхгүй. Яагаад гэвэл би 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаартай тушаалаар шүүгчийн туслахын албан тушаалд ажиллаж эхэлсэн. Тэрнээс өмнө би шүүх хуралдааны нарийн бичгийн дарга байсан. Миний өмнө ажилладаг байсан хүн бол Н гэх хүн байсан. 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлээд шүүгчийн туслахын ажил хийсэн. О-д холбогдох иргэний хэрэг манай шүүхэд 2016 оны 4 дүгээр сард ирсэн. Намайг ажлаа авснаас хойш 1 сар гаруйн дараа ирсэн. С ирээд хэрэг хуваарилсан бүртгэлийн дэвтэр болон зөвлөлийн тогтоолоор хэн гэдэг шүүгч дээр хэрэг очих байсан болохыг хамт шүүж үзсэн. Тэгж үзэхэд Т шүүгч дээр таарч байсан. С буцаж хот орчхоод Авлигатай тэмцэх газраас намайг гэрчийн мэдүүлэг өг гэж дуудсан. Би тамгын газрын даргаас чөлөө аваад очсон. Мэдүүлэг авахдаа “журмын дагуу хэрэг хуваарилбал хэн шүүгч дээр хэрэг очих байсан бэ” гэсэн агуулгатай асуултыг асуусан. Яг журмынхаа дагуу хуваарилсан бол Т шүүгч дээр хуваарилагдах байсан. Би 02 дугаар сарын 22-ноос хойш ажлаа хүлээж авсан. Өмнө нь яагаад алдаа гарсныг би мэдэхгүй байгаа. Алдаа гараагүй байсан бол Т шүүгч дээр хуваарилагдах байсан гэсэн агуулгатай мэдүүлгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг;

Улсын яллагчийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд: 

4. Гэрч Н.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Өмнөговь аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байсан. Анхан шатны шүүхээс ирсэн хэрийг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5 дугаартай хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилж байсан. Энэ нь цагаан толгойн үсгийн дарааллаар буюу Д, Н, О, Т гэсэн дарааллаар тогтоосон байсан. Тэгээд 2016 оны 06 дугаар сард өөрчлөлт орсон П.О-д холбогдох хэрэг анх 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр давж заалдах шатны шүүхэд ирээд шүүгч Ц.О-т хуваарилагдаад 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэрлэгдсэн. Дахин 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ирэхдээ П.Д шүүгчид хуваарилсан... энэ хэргийг зөвлөгөөний тогтоолоор хуваарилсан бол Ш.Т шүүгч дээр хуваарилагдах ёстой байсан...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 4-5 дугаар хуудас);

5. Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 26-ны орой П.О гэртээ байж байгаад шүүгч дуудаад байна гээд ажил тарсны дараа байхаа 18-19 цагийн хооронд гарсан. Тэгээд нэлээн удаж байгаад ирсэн ба ирэхдээ П.Д шүүгч мөнгө нэхэж байна гэж хэлэхээр нь хэдэн төгрөг гэсэн чинь 1 сая төгрөг гэж байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь байхаа 1 сая төгрөгийн өгсөн. Тэгээд 2 хоногийн дараа байхаа П.О өөрөө нэхэж байгаад авсан. Нэг сая төгрөг нэхэхээсээ өмнө хэрэг төвгийг чинь аргалаад өгье 10 бил үү 20 сая төгрөг олоод өгчих гэж хэлж байсан. Тэгээд байхгүй гэсэн чинь 1 сая төгрөг өгчих гэж хэлж авсан...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 8-9 дүгээр хуудас);

6. Насанд хүрээгүй гэрч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би Д эгчийг Д эгч гэж дууддаг юм. Би 2016 оны 02 дугаар сард Өмнөговь аймгийн 1 дүгээр 10-н жилд 10 дугаар ангид сурч байхдаа Д эгчийн гэрт амьдарч байсан. 2016 оны 02 дугаар сард амралтын өдөр Д эгч энэ утсыг аваад яв гээд М-ын гар утсыг өгч  явуулсан. Тэгээд энэ утсаар яриад цэцгийн дэлгүүрийн тэнд байгаа нэг хүнээс очоод мөнгө аваад ир гэсэн. Тэгээд би гараад тэр дугаар луу залгасан чинь наашаа яваад цэцэрлэгт хүрээлэн ороод ир гэхээр нь яваад очтол нэг өндөр эгч байсан. Тэгээд Д шүүгчийн явуулсан хүн мөн үү гээд надад мөнгө тоолоод 1 сая  төгрөг өгсөн. Тэр мөнгийг би Д эгчид өгсөн...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн хэргийн 237 дугаар хуудас);

7. “ХААН” банкин дахь иргэн П.О-ны эзэмших ******** дугаартай дансны 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12:00 цагт АТМ-аас 1 сая төгрөгийн зарлага гаргасан тухай хуулга (1хх-ийн 75 дугаар хуудас);

8. Үүрэн харилцааны Юнител компанийн утасны ярианы “...П.О-ны эзэмшил ********* дугаарын утас руу ******** дугаараас 2016-02-26-ны өдрийн 18:05:59 цаг, 2016-02-27-ны өдрийн 11:38:07 цаг, 12:02:21 цаг, 2016-03-02-ны өдрийн 13:39:03 цаг, 2016-03-03-ны өдрийн 20:46:52 цаг, 2016- 03-08 ний өдрийн 12:07:03 цагт тус тус холбогдсон...” талаар дэлгэрэнгүй хуулга (1хх-ийн 8-9 дүгээр хуудас);

9. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл (2хх-ийн 158-160 дугаар хуудас);

10. 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл (2хх-ийн 208-210 дугаар хуудас);

11. Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 108 дугаар “...Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Д-д сахилгын хэрэг үүсгэсүгэй...” гэсэн тогтоол (1хх-ийн 112-115 дугаар хуудас);

12. Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар “...Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Д-г шүүгчийн албан тушаалаас огцруулсугай...” гэсэн магадлал (1хх-ийн 116-129 дугаар хуудас);

13. Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 61 дүгээр “...Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Д-д 6 сарын хугацаагаар 30 хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэл оногдуулсугай... “ гэсэн магадлал (3 хх-ийн 175-176 дугаар хуудас);

14. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “...Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Д-гийн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй...” гэсэн зарлиг (4 хх-ийн 183 дугаар хуудас);

15. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (3хх-ийн 215-216 дугаар хуудас);

16. Гэрч Г.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 онд байхаа би сар өдрийн сайн санахгүй байна. О луу нэг хүн утсаар залгаад мөнгөний талаар яриад нэлээн удаан ярьж байсан, тэгэхээр би хэн яриад байгаа юм бэ гэж асуухад О нэг шүүгч надаас мөнгө өгөөч гээд байна гэж хэлсэн юм тэгэхээр би хэдэн төгрөг юм ямар учиртай юм бэ гэж асуухад 1.000.000 төгрөг өгөх юм гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 10-12 дугаар хуудас);

17. Гэрч Ж.Х-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны хяналт шалгалт хариуцсан референтээр 2014 оны 05 дугаар сараас ажиллаж байна. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр П.О гэж хүнээс хороонд гомдол гаргасан юм. Тэр гомдлын дагуу өгсөн үүргийн дагуу Өмнөговь аймагт очиж ажилласан, ажиллах хугацаанд П.Д шүүгчийн дүү гэх Н-тэй утсаар ярьж тэмдэглэл хийж, материал хавсаргасан. Ёс зүйн хурлын гишүүн О.М нь гэмт хэргийн шинжтэй асуудал буюу мөнгө төгрөг авсан асуудлыг Авлигатай тэмцэх газарт явуулсан. Харин шүүгчийн ёс зүй зөрчсөн үнэ төлбөргүй эд хөрөнгө ашигласан I болон бусад асуудлыг хорооноос сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэсэн... “гэсэн мэдүүлэг (3хх-ийн 13-14 дүгээр хуудас);

18. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар зарлиг (4хх-ийн 183 дугаар хуудас);

19. Шүүгдэгч П.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:  ...2014 оны 10 дугаар сард иргэн Б.Б надад холбогдуулж иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан ба энэ нэхэмжлэлийн дагуу хэрэг маргаан анхан шатны шүүхээр хэрэгсэхгүй болоод нэхэмжлэгч нь давж заалдаад Өмнөговь аймгийн давж заалдах шатны шүүгч Д хэргийг анхан шат руу буцаасан юм. Дахин анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, тэгтэл дахин давж заалдах гомдол гаргаж, анхан шатны шүүх рүү буцаасан юм. Ингэж явтал 2016 он болж, би 3 сарын  хугацаатай Солонгос улс руу явсан бөгөөд 2016 оны 02 дугаар сард Монголд ирээд Өмнөговь аймгийн “Хайрхан” хүнсний дэлгүүрт явж байхад Д шүүгчтэй тааралдсан юм. Тэр надтай Сайн уу хэрэг нь юу болсон бэ гэж асуухаар нь би  мэдэхгүй байна гэж хэлтэл за би эргээд холбоо барья гээд миний утасны дугаарыг авсан. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 26-ны орой гэртээ байж байтал Д залгаад түргэн тусламжийн хашаанд байна хүрээд ир гэхээр нь яваад очтол хар өнгийн машинд сууж байсан бөгөөд би түүний машинд орж суугаад 167 дугаар цэргийн ангийн хашааны хажууд зогсож, бараг 2 цаг амьдрал ахуйгаа ярьсан. Тэгтэл Д шүүгч за О минь чиний ч амьдрал миний ч амьдрал чи надад тус бол би чамд ч тус болно. Хэргийг чинь би аргалж өгнө, Э шүүгч дээр байгаа биз дээ. Шүүгч өглөө болгон над дээр орж ирж хэрэг асуудаг юм би тусалж чадна гэж хэлээд надад 20-30 сая төгрөгийн хэрэг байна үүнийг чи зохицуулж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад ийм их мөнгө байхгүй, чадахгүй гэж хэлтэл тэгвэл үл хөдлөх хөрөнгө байгаа юу миний хуурай дүү Хаан банканд ажилдаг юм тэрний нэр дээр итгэмжлэл хийгээд зээл авч болох уу гэхээр нь за тэгье л гэж хэлсэн. Тэгсэн Д шүүгч удахгүй 1000 тэмээний баяр болно манай 30 гаран ах дүү нар ирнэ байрлуулах сав хэрэгтэй байна. Чи надад кафегаа хэрэглүүлээч хоол унд хийхэд зүгээр юм байна гэхээр бас л за тэгье л гэж хэлсэн. Бид 2 цаг шахам ярьж дээрх зүйлийг тохирсон бөгөөд эцэст нь Д шүүгч яг одоо надад 1 сая төгрөг хэрэгтэй байна чи зохицуулаад өгөөч гэхээр нь надад хүүхдийн сургалтын төлбөр л байна дансны дугаараа өгчих гэж хэлтэл шүүгч чи намайг хоолноос минь салгаад яах вэ дээ гэж хэлсэн тэгэхээр би тэгээд яаж авах юм бэ гэж хэлтэл би маргааш ярина гээд машинаа хөдөлгөж миний “Далай Кафе”-г очиж үзэхээр явсан. Маргааш нь буюу 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүгч над руу өөр дугаараас залгаад 1 сая төгрөгөө яасан бэ гэхээр нь яаж өгөх үү гэсэн чинь за би дүүдээ энэ утсыг өгөөд явууллаа холбогдож байгаад өгөөд явуулчих гэсэн. Тэгэхээр нь би ХААН банкны АТМ-с 1.000.000 төгрөгөө аваад хүлээж байхад нэг охин ирээд Д эгч явууллаа гэж хэлэхээр нь өгөөд явуулсан....” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 249-251, 3хх-ийн 1-3 дугаар хуудас) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Д-гийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд:

20. П.О-оос гаргасан “...дээрх хэрэг анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн гомдлын дагуу Давж заалдах шатны шүүх хуралдаан 5 дугаар сарын 11-ний өдөр болж П.О надтай өөрөө ярьж танилцан, надаас тусламж хүсэж байсан, шүүгч Д хуралдааныг даргалан өөрөө илтгэн, хуралдааны явцад илт намайг буруутган Б-т давуу байдал олгосоор байгаад нэхэмжлэлийн шаардлагаас огт үндэслэлгүй 79,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн...дээрх дурдсан тусламжийг хэргийн илтгэгч шүүгч Д миний зүгээс тусламж үзүүлээгүй гээд зээлдүүлсэн 1,000,000 төгрөгийг нэхэж авсан...”  гэсэн гомдол (1хх 5-6 дугаар хуудас);

21. 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 2 удаа тус бүр 1,000,000 төгрөг авсан талаарх АТМ-ээс мөнгө авсан баримт (1хх-ийн 7 дугаар хуудас);

22. 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 18 цаг 05 минут 59 секунд, 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 11 цаг 38 минут 07 секунд, 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 12 цаг 02 минут 21 секундэд тус тусад нь хийгдсэн утасны дуудлагын жагсаалт (1хх-ийн 8 дугаар хуудас);

23. Гэрч Х-ы “..О-оос Н-ийн дугаарыг авсан бөгөөд түүний өгсөн дугаар болох ******** дугаар луу ******** дугаараас 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 10 цаг 05 минутын орчимд залгаж...” “...гомдол гаргагч О нь 2 дугаар сарын 26-ны өдөр шүүгч Д-ийн машинтай явж байхад нь Замын цагдаа Б зогсоож бичиг баримтыг шалгасан...” .”...2019 оны 6 дугаар сарын  9-ний өдөр Б гэх замын цагдаагийн ажилтны ******** дугаар руу ******** дугаараас залгахад би аймагт байхгүй байгаа гэсэн бөгөөд та аймгийн ерөнхий шүүгч Долгормааг таних уу харж байсан уу, та 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр зогсоож бичиг баримтыг нь шалгаж байсан уу, түүний ямар хувийн машинтайг нь мэдэх үү гэхэд би ерөнхий шүүгчийг танихгүй, түүний машиныг зогсоож бичиг баримтыг нь шалгаж байснаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 11 дүгээр хуудас);

24. П.О-ы “...зээлүүлсэн 1,000,000 төгрөгөө нэхэж авсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 117 дугаар хуудас), П.О-ы “...Та Б, Д нартай ямар харилцаатай вэ гэсэн асуултад би Д-г шүүх хурал дээр анх харж байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 137 дугаар хуудас);

25. Гар бүртгэлийн тэмдэглэлийг бүхэлд нь судлуулах хүсэлтэй байна (1хх-ийн 155-157 дугаар хуудас), цахим үзлэгийн тэмдэглэлийг бүхэлд нь судлуулъя. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 6, 10, 12-ны өдрүүдэд Анхан шатны шүүхэд хэрэг хүргүүлсэн. Харьяалсан шүүгч нь 2 удаа Т, 12-ны өдрийнх Д байгааг тусгайлан судлуулъя (1хх-ийн 160-165, 1хх-ийн 162 дугаар хуудас);

26. Шүүгчдийн зөвлөгөөний “...Давж заалдах шатны шүүхийн хэргийг ерөнхий шүүгчийн туслах хүлээн авч цагаан толгойн үсгийн дарааллаар хуваарилна. Үүнд Д, Н, О, Т...” гэсэн тогтоол (1хх-ийн 168 дугаар хуудас);

27. 2016 оны 4 дүгээр сарын 12-оос 19-ний өдрийг хүртэл Д-д цалинтай чөлөө олгосон тухай Өмнөговь аймгийн шүүхийн Тамгын газрын даргын тушаал (1хх-ийн 218 дугаар хуудас);

28. Насанд хүрээгүй гэрч Н-ийн “...2016 оны 2 дугаар сар байсан шиг санагдаж байна, ямар ч гэсэн амралтын өдөр байсан. Би өглөө босоод цайгаа уучхаад байж байсан....би гараад тэр дугаар руу залгахад эмэгтэй хүн аваад хаана байна гэж асуухаар нь Хаан банкны урд байна гэж хэлэхэд наашаа яваад цэцэрлэгт хүрээлэн дотор ороод ир гэхээр нь очиход нэг өндөр эгч байсан. Намайг яваад очиход Д шүүгчийн явуулсан хүн мөн үү гэхээр нь би мөн байна гэсэн. Намайг хаана сурдаг вэ гэж асуухаар нь би 1 дүгээр 10 жилд сурдаг гэж хэлсэн....Би утасны дугаарыг нь санахгүй байна. Харин надад хэлэхдээ Д эгчийн ангийн хүүхдийн дүү л гэж хэлж байсан. Өөр зүйл хэлээгүй ...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 237-238 дугаар  хуудас);

29. Гэрч Б-гийн “...Д эгч зээлсэн мөнгөө өгөх гэж байгаа юм аа гэж хэлээд Нандинцэцэгийг явуулж байсан....” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 240 дүгээр хуудас);

30. Гэрч М-гийн “....ер нь бол О-той сууж юм яриагүй. Гэнэт өчигдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 17-ны орой 12 цаг өнгөрөөд О над руу гэнэт залгаад сайн уу шинэ оны мэнд хүргэе гэхэд маргааш 11 цагт шүүх дээр очоодхооч, Авлигатай тэмцэх газраас хүн ирж уулзана гэж хэлсэн. Өөр хүний талаар сайн мэдэхгүй байна. ...2016 оны 11 дүгээр сард байхаа Очир худалдааны төвд наймаа хийж байхад О ирээд юу зарж байгаа юм бэ гэсэн. Тэгээд О найз нь хотоор шүүх цагдаагийн асуудлаар явж байгаа гэж хэлсэн. Түүнээс биш мөнгө төгрөгийн талаар яриагүй. Ер нь мэнд устай явдаг....” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 241-242 дугаар хуудас), “...Надад тийм зүйл яриагүй, дэлгүүрээс гарсан даруйдаа шүүгч байгаа юм гэж хэлж байсан болохоос дахин шүүгчийн талаар яриагүй...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 243-244 дүгээр хуудас);

31. Гэрч Н-ын “...Орхон Өмнөговь аймгийн шүүхийн шүүгчтэй уулзаж мөнгө төгрөг өгч байсан талаар ярьж байсан уу гэсэн асуултад би тэр талаар мэдэхгүй, харин шүүх дээр маргаантай байгаа талаар мэднэ. Мөнгө төгрөг өгсөн, авсан талаар надад хэлж байгаагүй... Таны О-оос худалдаж авсан гэх цэцгийн дэлгүүрийн байр хэний нэр дээр байгаа вэ гэсэн асуултад одоо миний нэр дээр байгаа, банкны барьцаанд байгаа...О энэ дэлгүүрийг дахин барьцаанд тавих талаар ярьж байсан уу гэсэн асуултад надтай тэр талаар ярьж байгаагүй, энэ дэлгүүр миний нэр дээр байгаа ба 54 м/кв. Би анх 2 өрөөг нь худалдаж авсан одоо О гэгчийн нэр дээр байдаг...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 247-248 дугаар хуудас);

32. П.О-ы гэрчээр өгсөн “...3 дахь өдөр нь Д шүүгч залгаад дүүгээ явуулаад мөнгө өгье гэж хэлэхдээ нөгөө яриад байсан кафеныхаа юмнуудыг өгөөд явуулчхаарай гээд нэг Портер машинтай Б гэх залуу орж ирээд 1,000,000 төгрөгийг авсан....Би Б-тэй хамт явж байсан, Д шүүгч ганцаараа явж байсан, би анзаараагүй. Мөнгө төгрөг болон бүх асуудлыг манай ээж мэдэж байгаа, мөн манай нөхөр мэдэж байгаа. М гээд манай найз хүүхэн, үл хөдлөх хөрөнгөө итгэмжлэл хийж барьцаанд тавих асуудлаар цэцгийн дэлгүүрийн Н гэдэг хүн мэдэж байгаа..” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 249-250 дугаар хуудас);

33. Гэрч Г-гийн “....энэ хэрэг зөвлөгөөний тогтоолоор бол Т шүүгч дээр хуваарилагдах ёстой байсан, би сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 4-5 дугаар хуудас);

34. Гэрч Б-ийн “...би энэ хүнийг сайн танихгүй, харин нэг удаа уулзаж аяга таваг авч байсан...2016 оны 3 дугаар сарын 5-7-ны хооронд манай аймагт 1000 тэмээний баяр болсон. Хотоос манай М гэдэг ахын найзууд ирэхээр болж буудал хайсан боловч олдоогүй. Тэгтэл манай Д буюу Д эгч О гэдэг хүнийг зааж өгөөд энэ хүнтэй ярьж байгаад очоод аяга тавгаа ав гэхээр нь би очиж О-той уулзсан. О-ы ажиллуулдаг Далай гэдэг нэртэй кафенаас очиж авсан, ингэж авахдаа ширээ, аяга, таваг, халбага, сэрээ зэргийг авсан. Би энэ бүхийн ачиж авахдаа Д эгчийн хүүхэд, бас нэг танихгүй залуу байсан. Бас авч байхад Д эгч ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 6-7 дугаар хуудас);

35. Гэрч Б.Г-ын “...Өмнөговь аймгийн шүүгч Д-тай ямар нэгэн байдлаар уулзаж, мөнгө төгрөг өгч байсан уу гэсэн асуултад 2016 оны 2 дугаар сарын 26-ны орой О гэртээ байж байгаад шүүгч дуудаад байна гээд ажил тарсны дараа байхаа 18-19 цагийн хооронд гарсан. Тэгээд нэлээн байж байгаад ирсэн. Ирэхдээ Д шүүгч мөнгө нэхэж байна  гэхээр нь би хэдэн төгрөг гэж асуухад 1,000,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд маргааш нь байх Д шүүгчид 1,000,000 төгрөгийг өгсөн. 2 хоногийг дараа байхаа О өөрөө залгаад хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна гэж хэлээд авсан....1,000,000 төгрөгийг нэхэхээс өмнө хэрэг төвгийг чинь аргалдаад өгье гээд 10,000,000 билүү 20,000,000 төгрөг нэхсэн тэгээд байхгүй гэхэд 1,000,000 төгрөг өгчих гэж хэлээд авсан гэсэн... Би мөнгө өгснийг нь мэдсэн, буцааж авсныг нь мэдэхгүй. Нэг хүүхэд ирж мөнгийг нь өгсөн, Д өөрөө ирээгүй гэсэн....” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 8-9 дүгээр хуудас);

36. Гэрч С-ийн “...би тэр үед нь сонирхож хаана ажилладаг ямар шүүгч юм бэ гэж асуухад манай шүүгч байгаа юм, та танихгүй гэж хэлсэн. Би тухайн үед нь ярьж байсныг нь мэдэж байснаас өгснийг нь мэдэхгүй. Харин дараа нь өгөхдөө дансанд нь хийгээгүй юм шиг байгаа юм, нэг хүүхдээр дамжуулж өгсөн гэж ойлгосон, чухам тэр шүүгч нь яаж авсан талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 10-11 дүгээр хуудас);

37. Гэрч Х-ы “...харин шүүгчийн ёс зүйн хорооны дүрмээр гишүүн нь ажлын захирамж хэлбэрээр ажил даалгаж болно гэсний дагуу надад даалгавар өгч би холбогдох шалгалтыг хийж ёс зүйн хорооны гишүүдээрээ танилцуулдаг юм....” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 13-14 дүгээр хуудас);

38. П.О-ы мэдүүлгүүд нь асуулт хариулт хэлбэрээр биш урдаас бэлдсэн хэлбэртэй байгааг судалъя (3хх-ийн 29-33, 3хх-ийн 132-134 дүгээр хуудас);

39. П.Д-гийн “...О-ыг танина. Миний төрсөн ах Б нь О-ы аавтай найзууд байсан. Б ах ч О-ыг таньдаг байсан. О-ы төрсөн эгч Т-тай би 10 жилд хамт сууж байсан ба одоо ч бид уулзалддаг тул О-ыг сайн танина...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 123-126 дугаар хуудас);

40. Баримт бичигт үзлэг хийсэн “...шүүгч Т нарын дарааллыг тогтоосон байна. Үүний дараа бүртгэлд үзлэг хийхэд 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 01 дугаартай зөвлөгөөнөөс гарсан журам батлагдсантай холбоотой анхны хэрэг 2016 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр ирсэн бөгөөд Д-агаас эхлэн хуваарилагдах ёстой байтал Н-аас эхлэн хуваарилагдсан ба батлагдсан журмын дагуу Өмнөговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ирсэн Б-ийн нэхэмжлэлтэй О-д холбогдох иргэний хэрэг нь тус шүүхэд 28 дахь хэрэг болж ирсэн ба уг хэргийг журмын дагуу Т-т хуваарилах ёстой байсан байна...” гэсэн тэмдэглэл (3хх-ийн 205 дугаар хуудас);

41. П.Д шүүгчийн шийдвэрлэсэн иргэний хэргийг хэвээр үлдээсэн талаар хэргийн магадлал, тогтоол (4хх-ийн 84-91, 77-79 дүгээр хуудас) зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч П.О-ы өмгөөлөгч шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд:

42. Авлигатай тэмцэх газрын тэргүүн комиссар Э-д гаргасан гомдол (1хх-ийн 4 дүгээр хуудас);

43. Шүүхийн Ёс зүйн хорооны шийдвэр (1хх-ийн 17 дугаар хуудас);

44. Б-гийн Өмнөговь аймгийн цагдаагийн газарт газарт гомдол гаргасны дагуу Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч Ж.Г О-оос 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тайлбар авсан. Үүнд: Б-гийн дүү шүүгч Д-д холбогдох ёс зүйн хороон дээр Д бид хоёрын дунд 2016 оноос эхлэн маргаантай байгаа. Тэгээд уг маргаанаас шалтгаалаад Б дарга над руу утсаар ярьж дарамталж байсан. Энэ маргаан нь шүүхийн ажиллагаанд байгаа. Одоо авлигатай тэмцэх газар шалгаж эхлэх байх. Үүнээс болоод шүүх хурал дээр Д бид хоёрыг маргасан хурал завсарлахад Б дарга над руу залгаад чи намайг юу гэж хэлээд байгаа юм бэ, би харин ч зүгээр яваад байгаа шүү гөлөг минь гэх мэтээр хэлж дарамталсан. Тэгэхээр нь би та энэ муу муухайтай битгий хутгалд, таны асуудал биш гэж хэлсэн. Тэгээд Б дарга миний дүү тэгэх хүн биш гээд намайг дарамтлаад байсан. Тэгэхээр нь би та дүүгийнхээ юу хийгээд байгааг мэдэхгүй байна. 2016 оны 5 дугаар сараас эхлээд Б над руу залгаад дүүгээ өмөөрөөд гөлөг минь наад асуудлаа яах гээд байгаа юм бэ, одоо яамаар байна гэх мэтээр дарамталж дээрэнгүй харьцдаг байсан. Би настай хүн юм гэж бодоод хүндлээд юм хэлэхгүй байдаг. Би өөр дэлгэрэнгүй асуудал яримааргүй байна. Авлигатай тэмцэх газар шалгагдаж байхад Б дарга дүүгийнхээ урдуур ороод дайрч дарамтлаад байгаа. Би Б даргыг гүтгэсэн асуудал байхгүй. Дүү Д нь ахдаа янз бүрийн юм яриад Б намайг дарамтлаад байгаа. Д бид хоёрын маргаантай үүдэлтэй Б дарга гомдол гаргасан байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 137 дугаар хуудас);

45. Өмнөговь аймгийн цагдаагийн газарт Б-аас гаргасан гомдлын дагуу өгсөн О-ы тайлбар (1хх-ийн 137 дугаар хуудас);

46. 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Эрүүгийн хэрэг тусгаарлах тухай хууль цаазын зөвлөх М-н “..004 дугаартай хэргээс яллагдагч О-д холбогдох дугаартай хэргийг тусгаарласугай. Энэ тогтоолыг оролцогч О-д танилцуулахыг мөрдөгч С-д даалгасугай...” гэсэн тогтоол (5хх-ийн 1 дүгээр хуудас);

47. П.О-ы ял шалгах хуудас (6хх-ийн 175 дугаар хуудас), хэргийг прокурорт буцаах тухай Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн шүүгчийн захирамж (6хх-ийн 190 дүгээр хуудас);

48. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 826 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн “...прокурор М-н бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох тухай...” магадлал (6хх-ийн 217 дугаар хуудас), улсын дээд шүүхийн шүүгчийн “..эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй...” талаарх шүүгчийн захирамж (6хх-ийн 235 дугаар хуудас) зэргийг шинжлэн судлав.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр П.О-ыг хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол үйлдсэн атал 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлэг өгөхөөс татгалзвал, мөн худал мэдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хууль сануулан П.О-оос гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх ...-ийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байх тул 2 дугаар хавтаст хэргийн 249-250 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 1-3 дугаар хуудсанд авагдсан гэрчийг байцаасан тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Харин шүүгдэгч П.О-ы шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг дангаараа бус гэрч Б.Г, Г.С, насанд хүрээгүй гэрч А.Н нарын мэдүүлгүүдээр батлагдаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.    

Мөрдөгч П.О-ыг гэрчээр байцаасан тэмдэглэлээс бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Д болон түүний өмгөөлөгч нараас “Авлигатай тэмцэх газрын мөрдөгч насанд хүрээгүй гэрч А.Н-ээс мэдүүлэг авахдаа түүнд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлаж өгөөгүй тул энэ нотлох баримтыг үнэлэх боломжгүй” гэж мэтгэлцсэнтэй холбоотой шүүх дараах дүгнэлтийг өгч байна.

Монгол Улс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас батлан гаргасан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг соёрхон баталжээ.

Уг пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g)-д “өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” хэмээн хувь хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан хэдий ч Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа бүх ард түмнээрээ хэлэлцүүлэн батлахдаа өөрийн орны соёл, зан заншил, амьдралын хэв маягтай уялдуулан өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг “өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” хэмээн хүний эрхийг өргөжүүлэн баталгаажуулсан юм.

Гэтэл хууль тогтоогч 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсэгт “Гэрч нь гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхэд, төрөл садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” хэмээн улам дэлгэрүүлэн хуульчилсныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3 дугаар дүгнэлтээр энэхүү зүйл, хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаар тогтоолоор цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрчээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц: Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталж, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7-д “Гэрч нь гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхэд, төрөл, садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэж заасны “…гэр бүлийн гишүүн, эцэг, эх үр хүүхэд, төрөл, садан…” гэсэн үгүүд өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүдийн хэлбэрээр, холбогдох хүмүүсийг тоочин тодорхойлж бичсэн нь гэр бүлийн гишүүн биш “төрөл, садан”-г хамруулсан ойлголт болсон байх бөгөөд ингэснээрээ Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “…гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…” гэсэн заалтыг агуулгын хувьд дэлгэрүүлэн тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй хэмээн дүгнэсэн байдаг.

Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг” гэж, 3.1.4 дэх заалтад “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж тус тус заасан тул эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдралгүй, түр хугацаанд хамт амьдарч буй төрөл, садны хүмүүсийг гэр бүлийн гишүүнд хамааруулахгүй.

Иймд гэр бүлийн гишүүн биш төрөл садны хүмүүст Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан мэдүүлэг өгөхгүй байх эрх хамаарахгүй бөгөөд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр насанд хүрээгүй А.Н-ийг гэрчээр байцаасан процесс ажиллагаа нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлд заасан журмын дагуу насанд хүрээгүй гэрчид хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлан, түүний эх А.Б, сурган хүмүүжүүлэгч Б.Б нарыг оролцуулан явагдсан байх тул 2 дугаар хавтаст хэргийн 237-239 хуудсанд авагдсан, энэ шүүх хуралдаанаар шинжлэн судалсан насанд хүрээгүй А.Н-ийг байцаасан гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохуйц хууль ёсны нотлох баримт гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн прокурорын яллах дүгнэлтэд тусгасан “шүүгдэгч П.Д нь Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэргийн хариуцагч П.О-ы ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 20,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан” гэх хэргийн талаар хавтаст хэрэгт хангалттай баримт авагдаагүй, түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...хахууль өгөхийг шаардсан, ... бол...” гэсэн үйлдлийг гэмт хэрэгт шинээр тооцсон байгааг тус тус үндэслэн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Учир нь, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, ... хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж, Монгол Улсын соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл, эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй...” гэж тус тус заасан тул хэрэг гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгох нь хууль ёсонд нийцнэ.

Шүүгдэгч П.Д нь 2016 оны 02 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан болох нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаар болон 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар зарлигуудаар, харин шүүгдэгч П.О нь мөн цаг хугацаанд шүүгдэгч П.До-гийн шүүгчийн хувиар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн оролцогч байсан болох нь Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаар, мөн оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 41 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлүүд (2 дугаар хавтаст хэргийн 158-160 дугаар хуудас) болон гэрч Н.Г-гийн мэдүүлгүүдээр тус тус эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар талууд хэн аль нь маргаагүй.

Нэг талаас: шүүгдэгч П.Д нь Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа өөрийн хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэр гаргасан иргэний хэргийн оролцогч П.О-той 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр уулзсан, утсаар ярьсан, улмаар түүний ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу “би чамд энэ хэрэг дээр тусалъя” гэж урьдчилан амлаж 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч П.О-оос нэг сая төгрөгийн хахууль авсан болох нь;

Нөгөө талаас: шүүгдэгч П.О нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өөрт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч П.Д-тай уулзсан, утсаар ярьсан, улмаар өөрт давуу байдал бий болгох зорилгоор буюу “би чамд энэ хэрэг дээр тусалъя” гэсэн албан тушаалтны амлалтын дагуу 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч П.Д-д нэг сая төгрөгийн хахууль өгсөн болох нь:

- Гэрч Б.Г-ын “...2016 оны 02 дугаар сарын 26-ны орой П.О гэртээ байж байгаад “шүүгч дуудаад байна” гээд ажил тарсны дараа байх аа 18-19 цагийн хооронд гарсан. Тэгээд нэлээн удаж байгаад ирсэн ба ирэхдээ “П.Д шүүгч мөнгө нэхэж байна” гэж хэлэхээр нь “хэдэн төгрөг” гэсэн чинь “1 сая төгрөг гэж байна” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь байх аа 1 сая төгрөгийг өгсөн. Тэгээд 2 хоногийн дараа байх аа П.О өөрөө нэхэж байгаад буцаагаад авсан. Нэг сая төгрөг нэхэхээсээ өмнө хэрэг төвгийг чинь аргалаад өгье 10 бил үү, 20 сая төгрөг олоод өгчих гэж хэлж байсан. Тэгээд байхгүй гэсэн чинь 1 сая төгрөг өгчих гэж хэлж авсан...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 8-9 дүгээр хуудас);

- Насанд хүрээгүй гэрч А.Н-ийн: “...Би Д эгчийг Д эгч гэж дууддаг юм. Би 2016 оны 02 дугаар сард Өмнөговь аймгийн 1 дүгээр 10-н жилд 10 дугаар ангид сурч байхдаа Д эгчийн гэрт амьдарч байсан. 2016 оны 02 дугаар сард амралтын өдөр Д эгч энэ утсыг аваад яв гээд М-ын гар утсыг өгч явуулсан. Тэгээд энэ утсаар яриад цэцгийн дэлгүүрийн тэнд байгаа нэг хүнээс очоод мөнгө аваад ир гэсэн. Тэгээд би гараад тэр дугаар луу залгасан чинь наашаа яваад цэцэрлэгт хүрээлэн ороод ир гэхээр нь яваад очтол нэг өндөр эгч байсан. Тэгээд Д шүүгчийн явуулсан хүн мөн үү гээд надад мөнгө тоолоод 1 сая  төгрөг өгсөн. Тэр мөнгийг би Д эгчид өгсөн...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн хэргийн 237 дугаар хуудас);

- Гэрч Г.С-ийн: “...2016 онд байхаа би сар өдрийг нь санахгүй байна. О руу нэг хүн утсаар залгаад мөнгөний талаар яриад нэлээн удаан ярьж байсан, тэгэхээр нь би “хэн яриад байгаа юм бэ” гэж асуухад О “нэг шүүгч надаас мөнгө өгөөч гээд байна” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “хэдэн төгрөг юм, ямар учиртай юм бэ” гэж асуухад 1.000.000 төгрөг өгөх юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 10-12 дугаар хуудас);

- Гэрч Ж.Х-ы: “...Би шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны хяналт шалгалт хариуцсан референтээр 2014 оны 05 дугаар сараас ажиллаж байна. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр П.О гэж хүнээс хороонд гомдол гаргасан юм. Тэр гомдлын дагуу Өмнөговь аймагт очиж ажилласан, ажиллах хугацаанд П.Д шүүгчийн дүү гэх Н-тэй утсаар ярьж тэмдэглэл хийж, материалд хавсаргасан. Ёс зүйн хорооны гишүүн О.М нь гэмт хэргийн шинжтэй буюу мөнгө төгрөг авсан асуудлыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Харин шүүгчийн ёс зүй зөрчсөн буюу үнэ төлбөргүй эд хөрөнгө ашигласан болон бусад асуудлыг хорооноос сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэсэн...“ гэсэн мэдүүлэг (3хх-ийн 13-14 дүгээр хуудас);

- Шүүгдэгч П.О-ы Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан “...яг одоо надад нэг сая төгрөг хэрэгтэй байна, би чамд энэ хэрэг дээр тусалъя, чи надад тусал гээд ... Э шүүгчид хэрэг чинь хянагдаж байгаа юм байна ... би хэлье гэдэг санал тавьсан...” гэсэн гомдол (1хх-ийн 5-6 дугаар хуудас);

- Шүүгдэгч П.О-ы шүүх хуралдаанд өгсөн: “...5 дахь өдрийн орой 18:30 минутын үед над руу залгаад намайг эмнэлгийн хашаанд хүрээд ир гэж хэлсэн. Миний машин маш содон машин байсан. Цагаан дээвэртэй час улаан өнгийн машин байсан. Намайг ирэхэд Д “чи яаж ийм содон машинтай хүрч ирж чадаж байна аа? Чи ямар аймар юм бэ” гэж хэлэхэд нь би мэдэхгүй сандраад машинд нь орсон. Машин дотор 2 цаг гаруй бүхий л амьдралаа ярьсан. Яг үнэндээ Д шүүгч намайг залхаан цээрлүүлж, хясан боогдуулж, дарамт шахалт үзүүлсэн. Би Д-тай уулзахаас айж байсан. Тэрээр 2 цаг гаруй ярьсныхаа дараа “чи надад тусал, чиний ч амьдрал, миний ч амьдрал”, надад 20,000,000-30,000,000 төгрөгийг зээл” гэсэн утгатай зүйл ярьсан. Би Эрдэнэтэд ном бичсэн тэрний мөнгө орж ирнэ гэж хэлсэн. Би тэр талаар мэдэхгүй. Надаас 20,000,000-30,000,000 төгрөг нэхсэн. Дараа нь “Надад аяга таваг хэрэгтэй байна. Манай ах дүү нар ирэх гээд байна. Түрээсийн байр хэрэгтэй” гэж хэлсэн. Надаас 20-30 сая төгрөг нэхэхдээ “Чиний ч амьдрал, миний ч амьдрал. Чи надад тус бол, би чамд тус болъё. Хэргийг чинь аргалж өгнө. Энхтөр шүүгч өглөө болгон над дээр орж ирж хэргээ асуудаг” гэж хэлж байсан. Ерөөсөө “Авна, авна. Өг, өг” гэж нэхэж шаардаж байсан. Үнэхээр аймшигтай. Шүүгч хүнд байж боломгүй ёс зүйг гаргасан. Би үнэхээр гайхаад сууж байсан. Миний байрыг очиж үзэхээр болоод тэндээсээ хөдлөхөөсөө өмнө “чи надад 1,000,000 төгрөг өгчих“ гэж хэлсэн. Би үнэхээр шокт орсон. Би гайхаж байгаад “та надад дансаа өгөх үү” гэж асуухад Д “чи намайг хоолноос минь салгах нь уу “ гэж хэлээд инээсэн. ...Маргааш өглөө нь намайг сэрээд босчхоод байж байхад миний утас дуугарсан. Би утсыг нь авч чадахгүй байсан. Яагаад  гэвэл би солонгосоос ирэхдээ 2 сая төгрөгтэй ирсэн. Би хүүхдийнхээ төлбөрийг өгмөөр байдаг. Надаас 1,000,000 төгрөг нэхээд байсан. Би үнэндээ өгмөөргүй байсан. Би энэ талаараа ээждээ хэлсэн. Миний ээж “шүүгч нар өндөр хангамжтай баймаар юм, яасан ханаж цаддаггүй юм бэ” гэж хэлсэн. Над руу дахиж залгасан. Би утсаа авахгүй байхын аргагүй байсан учраас утсаа авсан. Тэгээд утсаа авахад “дүүгээ явууллаа, мөнгөө өгөөд явуулчих” гэж хэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 27-ны орой төөрсөөр байгаад бүрэнхий болж байхад дүү нь ирсэн. Би тэр хүүхдэд мөнгөө өгөөд тоолж аваарай гээд өгөөд явуулсан. Д хүүхдийнхээ утсаар над руу өдөр залгаад байсан. Орой нь өөр утаснаас залгасан байж магадгүй. Доко эгч намайг явууллаа гэхээр нь би мөнгийг өгч явуулсан. Хаан банк болон Хас банкны урд талд саад байдаг. Би саадан дотор зогсож байсан. Охин ирээд мөнгийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг;

- “ХААН” банкин дахь иргэн П.О-ы эзэмших ******** дугаартай дансны 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12:00 цагт АТМ-аас 1 сая төгрөгийн зарлага гаргасан тухай хуулга (1хх-ийн 75 дугаар хуудас);

- Үүрэн харилцааны “Юнител” корпорацаас гаргаж өгсөн гар утасны “...П.О-ны эзэмшил ******** дугаарын утас руу ******* дугаараас 2016-02-26-ны өдрийн 18:05:59 цаг, 2016-02-27-ны өдрийн 11:38:07 цаг, 12:02:21 цаг, 2016-03-02-ны өдрийн 13:39:03 цаг, 2016-03-03-ны өдрийн 20:46:52 цаг, 2016-03-08-ны өдрийн 12:07:03 цагт тус тус холбогдсон...” талаарх дуудлагын дэлгэрэнгүй лавлагаа (1хх-ийн 8-9 дүгээр хуудас) зэрэг талуудаас шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрээгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.

Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлтийн хэргийн товч утгад тусгасан шүүгдэгч П.Д нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэд хэдэн зүйл, хэсэг, заалт зөрсөн талаарх нөхцөл байдал нь хахууль авах, өгөх гэмт хэрэгт шууд хамааралгүй бөгөөд хууль тогтоогч энэ гэмт хэргийн зүйлчлэлд иш татсан хэм хэмжээ тогтоогоогүй тул шүүх хэргийн үйл баримтыг шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд, шүүхийн мэтгэлцээнд тулгуурлан шинэчлэн тодорхойлсон болно.

Эдгээр нотлох баримтаас насанд хүрээгүй гэрч А.Н-ийн “...2016 оны 02 дугаар сард амралтын өдөр Д эгч энэ утсыг аваад яв гээд М-ын гар утсыг өгч явуулсан. Тэгээд энэ утсаар яриад цэцгийн дэлгүүрийн тэнд байгаа нэг хүнээс очоод мөнгө аваад ир гэсэн. Тэгээд би гараад тэр дугаар луу залгасан чинь наашаа яваад цэцэрлэгт хүрээлэн ороод ир гэхээр нь яваад очтол нэг өндөр эгч байсан. Тэгээд “Д шүүгчийн явуулсан хүн мөн үү” гээд надад мөнгө тоолоод 1 сая  төгрөг өгсөн. Тэр мөнгийг би Д эгчид өгсөн...” гэсэн мэдүүлэг энэ хэргийн гол нотолгоо болох бөгөөд энэхүү нотлох баримт нь шүүгдэгч П.Д-гийн урьд сэжигтэн, яллагдагчаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, мөн түүний өмгөөлөгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлтүүдийг бүхэлд нь няцаан үгүйсгэж байна.

Тодруулбал, шүүгдэгч П.Д-гийн өмгөөлөгч Б.Дагиймаа гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “О нь үдээс хойш, харуй бүрий болчихсон байхад уулзаж 1,000,000 төгрөгийг өгсөн гэж мэдүүлдэг. Харин Н нь өглөө гэж мэдүүлдэг. О-ы орой залгасан гэсэн нь утасны дуудлагын билл дээр байдаггүй” гэсэн боловч энэхүү дүгнэлт нь насанд хүрээгүй гэрч А.Н-ийн “2016 оны 02 дугаар сард амралтын өдөр цэцэрлэгт хүрээлэн орж нэг өндөр эгчээс 1 сая төгрөг авч, П.Д-д өгсөн” гэсэн хэргийн үйл баримтыг үндэслэл бүхий няцааж чадаагүй.

Түүнчлэн, шүүгдэгч П.Д-гийн өмгөөлөгч Э.Ганхөлөг шүүх хуралдааны дүгнэлтийн шатанд “насанд хүрээгүй гэрч хэнээс 1 сая төгрөг авсан юм гэдгийг тогтоох таньж олуулах ажиллагаа явуулаагүй, Н хэнээс 1 сая төгрөг авсан гэдэг нь одоо ч тодорхойгүй хэвээр байна” гэсэн дүгнэлт гаргасан боловч мөрдөн байцаагч 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол үйлдсэнээс хойш 2 жил 8 сарын хугацаанд шүүгдэгч П.Д нь би хамаатны дүү Нандинцэцэгийг өөр хүн рүү явуулж, 1 сая төгрөг авхуулсан юм гэсэн мэдүүлэг хэрэгт авагдаагүй, мөн энэ талаар хүсэлт гаргаж байгаагүй, насанд хүрээгүй гэрч А.Н шүүгдэгч П.О-оос бус, өөр хүнээс 1 сая төгрөг авч, шүүгдэгч П.Д-аад өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Д-гийн өмгөөлөгч нараас гаргасан иргэн П.О-д холбогдох иргэний хэргийн хуваарилалт болон шүүх уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх дүгнэлтүүд нь энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлд хамааралгүй байх тул анхан шатны шүүх тэр талаар дүгнэлт өгөх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч нэг бүрээр нь гэм буруутай эсэхийг дүгнэж үзвэл:

Шүүгдэгч П.Д нь Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа өөрийн хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэр гаргасан иргэний хэргийн оролцогч П.О-той 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр уулзсан, утсаар ярьсан, улмаар түүний ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу “би чамд энэ хэрэг дээр тусалъя” гэж урьдчилан амлаж 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч П.О-оос нэг сая төгрөгийн хахууль авсан үйл баримтын хүрээнд гэм буруугийн дүгнэлт хийв.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч П.Д-гийн үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх, гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэхээр байна.

Шүүгдэгч П.Д-гийн үйлдэл нь “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж бусдаас хахууль авсан” шинжийг хангаж байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх хууль зүйн үндэслэлтэй.

2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан тул хууль буцаан хэрэглэх үндэслэл бий эсэхийг шалгаж үзвэл зохино.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байх бөгөөд уг зүйл, хэсэгт оногдуулах хорих ялын хэмжээг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар тогтоож, хорих ялын доод хэмжээг нэг жилээр, дээд хэмжээг гурван жилээр хүндрүүлсэн байхад прокурор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хууль буцаан хэрэглэж зүйлчилсэн нь буруу байна.

Шүүгдэгч П.Д-гийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, Үндсэн хуулийн эрх мэдлээ ашигласан, шууд санаатай үйлдэл байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч П.Д-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “хээл хахууль авах“ гэмт хэргийг албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үүргийг хийхээр урьдчилан амлаж бусдаас нэг сая төгрөгийн хахууль авч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд уг зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч П.О нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өөрт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч П.Д-тай уулзсан, утсаар ярьсан, улмаар өөрт давуу байдал бий болгох зорилгоор буюу “би чамд энэ хэрэг дээр тусалъя” гэсэн албан тушаалтны амлалтын дагуу 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч П.Д-д нэг сая төгрөгийн хахууль өгсөн үйл баримтын хүрээнд гэм буруугийн дүгнэлт хийв.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч П.О-ы үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх, гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэхээр байна.

Шүүгдэгч П.О-ы үйлдэл нь “Албан тушаалтанд хээл хахууль өгсөн” шинжийг хангаж байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх хууль зүйн үндэслэлтэй.

2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан тул хууль буцаан хэрэглэх үндэслэл бий эсэхийг шалгаж үзвэл зохино.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байх бөгөөд уг зүйл, хэсэгт оногдуулах хорих ялын хэмжээг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар тогтоож, хорих ялын доод хэмжээг зургаан сарын хугацаагаар хөнгөрүүлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хууль буцаан хэрэглэсэн прокурорын зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч П.О-ы үйлдэл нь өөртөө давуу байдал бий болгох зорилготой, шууд санаатай үйлдэл байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.О-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх“ гэмт хэргийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалтай нь холбогдуулан нэг сая төгрөг өгч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд уг зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ” хэмээн ард түмэндээ тангараг өргөсөн, Үндсэн хуулийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгч атал тангаргаа зөрчсөн шүүгдэгч П.Д-гийн ёс зүйгүй үйлдэлтэй шууд холбоотой гэж дүгнэв.

Хахууль авах болон өгөх гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд бодит хохирол шууд учраагүй боловч Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын удиртгалд заасанчлан ардчилсан тогтолцоо, нийгмийн үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх ёсонд хор уршиг учруулсан гэж үзнэ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Д нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтад заасанчлан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байгааг, шүүгдэгч П.О нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.5 дахь заалтад заасанчлан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалын байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан байгааг тус бүр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд тэдэнд хэн алинд нь хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-д нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жил 10 сарын хугацаагаар хасаж 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох, өнөөдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 1 сарын хугацаагаар хасаж 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. Үүнээс өөр шүүхэд гаргах саналгүй. Өмгөөлөгч Баатарбилэгийн дүгнэлттэй холбоотой 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбар нь зөвхөн хясан боогдуулсан тохиолдолд хамаарна. Харин өмгөөлөгч нарын бусад дүгнэлттэй холбоотой нэмэлт тайлбар байхгүй...” гэв.

Өмгөөлөгч Э.Ганхөлөг нь шүүгдэгч П.-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд өмгөөлөл явуулахгүй гэв.

Өмгөөлөгч Б.Д, Б.М нар эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүх нэгэнт гэм буруутайд тооцсон тул дараах өмгөөллийг явуулна. Шүүгдэгч П.Д нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар прокурорын санал болгосон хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож өгнө үү...” гэв.

Өмгөөлөгч Х.Баатарбилэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд хууль тогтоогч хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн бол ялаас чөлөөлнө гэж тайлбар хийсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнийг ялаас чөлөөлж болохоор заасныг тус тус үндэслэн шүүгдэгч П.О-ыг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь заалт, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч П.Д, П.О-ы нарын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил буюу 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дуусах тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Д-гийн хувьд улсын яллагчаас санал болгосон ялын төрөл хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, хувийн байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод бүрэн нийцэж байх тул түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жил арван сарын хугацаагаар хасаж нэг жил таван сарын хугацаагаар хорих ял оногдуулж, биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч П.Д нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул өмгөөлөгч Б.Д, Б.М нарын саналыг хүлээн авч, улсын яллагч уг саналыг няцаан үгүйсгээгүйг харгалзан шүүгдэгч П.Д-д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, хоёр жилийн хугацаагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хянан харгалзуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ.

Шүүгдэгч П.О-ы хувьд улсын яллагчаас санал болгосон ялын төрөл хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, хувийн байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангаж байх тул түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

Хууль тогтоогч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд “...Хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад илчлэн ирсэн нь түүнд хүлээлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно” хэмээн хуульчилсан тайлбар баталсан бөгөөд шүүгчийн албан тушаалын хувьд Шүүхийн ёс зүйн хороо нь дээрх тайлбарт дурдсан эрх бүхий байгууллагад хамаарах бөгөөд шүүгдэгч П.О-ы уг хороонд гаргасан гомдлын агуулгаас үзвэл өөрийгөө болон албан тушаалтныг илчилсэн гэж үзэхээр байна.

Мөн өмгөөлөгч Х.Баатарбилэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.О-ыг ялаас чөлөөлж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг улсын яллагч няцаан үгүйсгээгүй болно. Уг зүйл, хэсэг, заалтын хэрэглээ нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд шүүгдэгч П.О-д холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлан удаашруулсан төрийн үйл ажиллагаатай холбоотой нөхцөл байдлыг харгалзан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан болохыг дурдах нь зүйн хэрэг. 

Харин шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс яллах чиг үүрэгтэй оролцсон улсын яллагч шүүгдэгч нарт оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар санал гаргаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ... оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гээд, мөн хэсгийн 1.3 дахь заалтад “хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ” гэж заасан нь шүүхийн эрх хэмжээний хүрээнд сонгож хэрэглэх зохицуулалт болсон байх тул шүүх нь тал үл харах буюу мэтгэлцээнд тулгуурласан хөндлөнгийн байр суурьтай болохын хувьд улсын яллагчаас санал болгоогүй бөгөөд хуульд сонгож хэрэглэхээр заасан эрүүгийн хариуцлагыг санаачилгаараа хэрэглэх нь зохимжгүй.

Түүнчлэн, энэ гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд бодит хохирол учраагүй, мөн авлигын зарим хэрэг шиг ард түмэн, олон нийтийн өмч хөрөнгө (төсөв) болон тэдний тэгш боломжид халдсан нөхцөл байдал үүсээгүй байгааг харгалзан анхан шатны шүүх нэг сая төгрөгийг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Д, П.О нар цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Д-д холбогдох хэргээс “2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр П.О-оос хорин сая төгрөг шаардсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч П.Д-д холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3.Б овогт П-ийн Д-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “хээл хахууль авах” гэмт хэргийг албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үүргийг хийхээр урьдчилан амлаж бусдаас нэг сая төгрөгийн хахууль авч үйлдсэн, Ч овогт П-ийн О-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэргийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалтай нь холбогдуулан нэг сая төгрөг өгч үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

4.Шүүгдэгч П.Д-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жил арван сарын хугацаагаар хасаж нэг жил таван сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.О-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял тус бүр шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч П.О-ыг түүнд оногдуулсан 3,000,000 (гурван сая) төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-д оногдуулсан нэг жил таван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Д, П.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-д оногдуулсан нэг жил таван сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хоёр жилийн хугацаагаар хянан харгалзахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Д, П.О нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                   Б.БАТАА