Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 991

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Ж.Отгончимэг, шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С овогт О-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02119 0744 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

   Шүүгдэгч О.Г нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны орой 20-21 цагийн үед “Best” баарны хамгаалагчаар ажиллаж байхдаа “баарны шил хагаллаа” гэх шалтгаанаар Д.Э-ын бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэн зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

   - 2019 оны 04 сарын 04-ний өдөр иргэн Л.Л-ийн баруун гарын ядам хуруунаас очир хээтэй, шигтгээтэй монет бөгжийг хүч хэрэглэн дээрэмдэж, 370,000 төгрөгийн хохирол учруулсан,

    - 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 01 цагийн үед иргэн Н.Б-ийн гэрээс “Samsung S5” маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн аяга, шинэ цагийн чулуугаар хийсэн хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

    - 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Б.Д-ыг боож унагаан “Samsung Edge 6” загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, 165,000 төгрөгийн хохирол учруулсан.

  - 2019 оны 04 дүгээр сарын 13-ны орой иргэн Ч.У луу хүч хэрэглэн довтолж, түрийвч, иргэний үнэмлэх, 5,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хаан банкны төлбөрийн карт, “Huawei p20 lite” загварын гар утас, “Тоёота Истима” загварын автомашин зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, 13,331,190 төгрөгийн хохирол учруулсан, хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа Ч.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

   Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд С овгийн О-ийн Г нь:

- 2019 оны 02 дугаар сарын 18-ны орой 20-21 цагийн үед “Best” баарны хамгаалагчаар ажиллаж байхдаа “баарны шил хагаллаа” гэсэн шалтгаанаар хохирогч Д.Э-ыг зодож, түүний биед олон тооны гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн,

- 2019 оны 04 сарын 04-ний өдөр хохирогч Л.Л-ийн баруун гарын ядам хуруунаас 370.000 төгрөгийн үнэлгээтэй, очир хээтэй, шигтгээтэй монет бөгжийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан, хохирогч Н.Б-ийн гэрээс нийт 421,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung S5” загварын гар утас, 2 ширхэг мөнгөн аяга, шинэ цагийн чулуун хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

- 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б.Д-ыг боож унагаан “Samsung Edge 6” загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн 165.000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

            1. Шүүгдэгч О.Г-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Э-ыг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Б ийн хөөрөг, мөнгөн аягыг авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бийн гар утсыг эрүүлжүүлэхэд байхад хураасан. Д-ыг боож унаган “Samsung Edge 6” гар утсыг авсан хэргийг хувьд бид хоёрын дунд маргаан байхгүй. Хамт архи уусан нь үнэн. Утсыг нь ломбардад тавих гээд авсан. Тухайн үед хажууд явж байсан 2 залуу руу миний утсыг дээрэмдчихлээ гээд орилсон. Тэндээс би эрүүлжүүлэхэд орсон, тиймээс энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л-ийн бөгжийг дээрэмдсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. У-ыг дээрэмдсэн, хөнгөн хохирол учруулсан үйлдлийн хувьд бид хоёр паабад таараад танилцсан. Утай ярилцаад манай баар луу хамт орсон. Орохоосоо өмнө 20-30 минут ярилцаж байгаад дэлгүүрээс архи аваад баар луу орсон. Бааранд сууж байгаад У таньдаг залуутайгаа таараад бааранд үлдсэн. Би гараад явсан, машины талаар мэдэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа..” гэсэн мэдүүлэг;

            2. Хохирогч Ч.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед архи ууж байхдаа Г намайг архиар шахаад байхаар нь үгүй одоо уухгүй гэр лүүгээ харилаа гэсэн чинь Г намайг шууд нүүр лүү цохисон. Би газар унаад хэвтэж байтал Г миний гарыг хойш нь мушгиж миний зүүн гар талын ядам хуруунд байсан монет бөгжийг авах гээд ноцолдоод байсан миний монет бөгжийг авах гэж ноцолдож байх хоорондоо миний хүрмийн халаасыг ухаж түрийвч, гар утас, машины түлхүүр аваад зугтаах үед би араас нь гүйх гэхэд Г миний нүүр лүү хоёр удаа өшиглөсөн. Түрийвч иргэний үнэмлэх, 5,000 төгрөг, “Хаан банкны” төлбөрийн карт, “Huawei p20 Lite” загварын гар утас, миний эзэмшлийн “Toyota Stima” загварын автомашиныг дээрэмдсэн....” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 14-15 дугаар хуудас);

   3. Хохирогч Н.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 04 сарын 09-ний өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад 26 дугаар байрны буланд урьд нь “Бумба Од" хамгаалалтын газар ажиллаж байсан Г гэх залуутай таарч манай байрны хажуу талын дэлгүүр орж надад архи авч өгсөн. Архи ууж байхдаа танай гэр хаана байдаг юм гэхээр нь 26 дугаар байранд байдаг гэсэн чинь танай гэрт оръё гэхээр нь би за гээд дэлгүүрээс нэг шил архи аваад хамт манайд орж бид хоёр шилтэй архи уусан. Тухайн үед манай хадам ээж гэрт байсан. Хэсэг байж байгаад манай хадам ээж гараад явчихсаныг бодоход тухайн үед 1 цаг болж байсан байх. Удалгүй би тасраад унтчихсан байсан. Тэгээд хадам ээж намайг сэрээгээд нөгөө залуу чинь явчихсан юм уу гээд шкаф дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга байхгүй байна гэсэн. Тэгээд босоод утсаа гаргах гэтэл миний гар утас байхгүй болчихсон байсан. Би босоод Г аваад явсан байх гэж бодоод түүний араас гараад 32 дугаар байранд байдаг гэсэн болохоор тийшээ очтол олоогүй. Гэрээс миний “Samsung Galaxy S5” загварын гар утас, Орхончимэгт гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аяга, бичиггүй ногоон өнгөтэй дунд гарын мөнгөн аяга, улаан толгойтой цагаан өнгийн шинэ цагийн хөөрөг зэрэг эд зүйлийг алдагдсан, Г хулгайлж явсан ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 80-81 дүгээр хуудас);

  4. Хохирогч Д.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Best” бааранд ороод үйлчлэгч дээр нь очоод нэг пиво авах гэтэл миний зүс таних тухайн баарны хамгаалагч залуу танд пиво өгөхгүй гар гэж түлхэж унагаагаад үүднийхээ зааланд дотор учир зүггүй гараараа балбаад байсан. Тэгээд шалны модоор баахан цохисон. “Best” бааран дотор 00-н хажууд Г миний өмнөөс хараад зогсчихсон шүүрийн нарийн ишээр миний 2 гарын бугуй руу цохиж байхад би ухаан ороод миний дүү битгий цохиоч ах нь ингээд явъя гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 153-155 дүгээр хуудас);

   5. Хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байж байтал О.Г ах миний утас руу залгаад чи хүрээд ир ах нь маргаашаас Цагаан хад гэдэг газар руу явж том машин машин барихаар болсон дүүтэйгээ нэг уулзъя, чи караокед хүрээд ир гээд намайг Мустанг нэртэй караокед дуудсан. Би өөрт байсан 20,000 мянган төгрөгөөр 0.75 граммын Хараа архи, нэг хайрцаг тамхи авч өгсөн. Тэгээд би явлаа гэхэд чи яагаад байгаа юм бэ ахыгаа тоохгүй хамт жаахан байж байгаад яв гэхэд би зөвшөөрч Сонгинохайрхан дүүргийн шүүхийн хажууд байдаг 24 дүгээр байрны баруун талын булангийн орцонд 7 дугаар давхарт гараад авсан архи ууж байтал О.Г ах намайг дарамтлаад миний хамар луу нэг удаа цохиод миний хамраас цус гараад би тантай хамт байхгүй гээд орцноос баруун зүг рүү гүйгээд зугтааж байтал О.Г миний араас гүйж ирээд хоолой хэсгээр гараараа боосон юм. Би түүнд боолгуулаад хэсэг хугацаанд ухаан алдсан юм шиг байна лээ гэнэт ухаан ороод сэрэхэд би газар хэвтчихсэн миний хүрмийн халаасанд байсан “Samsung S6” загварын гар утас алга болчихсон байсан. Тэгээд миний хажуугаар үл таних хоёр залуу явж байхаар би тусламж гуйсан. Тэгээд тэр 2 залуу Г-ын араас гүйж очоод, барьж аваад миний гар утсыг авч өгсөн... би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 1-2 дугаар хуудас);

   6. Хохирогч Л.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 сарын 04-ний өдөр 11 цагийн үед би биеэ зассан. Тэгээд гэр лүүгээ орох гээд явж байтал манай хашаанд байдаг манай охин Э-ийн ажиллуулдаг түрээсийн байранд өрөө хөлсөлж амьдардаг Э гэдэг эмэгтэй намайг дуудаад манайд ороод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт нь яваад ортол үл таних урьд нь харж байгаагүй Г гэх залуу Э гэх эмэгтэй нар байсан. Тэгээд бид хэд танилцаад 0.5 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд архи дуусаад би нэлээн согтсон байсан. Тэгсэн Г гэгч “ах хоёулаа гараад уулзъя” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би цуг хашааны гадаа гартал миний эрүү рүү цохиод миний хуруунд байсан монет бөгжийг тайлж авсан. Тэгээд Г эргэж Э-ийн гэрт ороод хувцсаа сольж өмсөөд яваад өгсөн. Харин би шууд гэртээ орсон..." гэсэн мэдүүлэг (2хх-ийн 47-51-р хуудас);

    7. Гэрч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 сарын 13-ны өдөр байсан. Манай нөхөр У 22-23 цагийн хооронд нэлээн согтуу хувцас хунар нь шороо болсон байдалтай, хамраас нь цус гарсан, мөн нүүр нь хавдсан орж ирсэн. Тэгээд надад тухайн үед хүнд зодууллаа гэж л хэлсэн. Тэгээд тасраад унасан, Тэгээд би халаасыг нь шалгаад гар утас, түрийвч, машины түлхүүрийг үзэхэд байхгүй байсан. Тэгээд хэлтэл манай хүн 2 охин, нэг хүүтэйгээ буюу 3 хүүхэдтэйгээ хамт гарсан. Тэгээд жоохон явж байгаад ороод ирсэн. Тэгээд асуухад түрийвч утас байхгүй байна гэсэн. Тэгээд гар утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би өглөө сэрээд “машины түлхүүр, утас чинь хаана байна” гэж асуухад байхгүй байсан. Тэгээд манай нөхөр цонхоор машинаа хараад миний машин байхгүй байна цагдаа явлаа гээд гарсан. Тухайн үед манай нөхөр тэд эдэн хүнд зодууллаа гэж хэлээгүй, би хүнд зодуулчихлаа л гэсэн. Тэгээд би хаана, хэнтэй уусан юм бэ, хэнд ингээд зодуулчих ваа гэхэд ямар ч хариулах тэнхэлгүй байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 17 дугаар хуудас);

  8. Гэрч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр манай хашааны хаалганы урд талд цагаан өнгийн “Тоёота Истима” загварын улсын дугаарыг нь санахгүй байна урд тал нь нэлээн шавар болсон машин 2 хоног огт хөдлөхгүй байгаад байсан. Тэгээд манай дүү цагдаад мэдэгдсэн ба дугаарыг нь олоод машины эзэн лүү холбогдож машины байгаа газрын хэлэхэд эзэн нь би машинаа алдсан юм түр хараад байж байгаарай гэхэд нь хүлээгээд байж байтал удалгүй тарган, нүд нь хөхөрсөн саравчтай малгайтай залуу машин олдсон гээд цагдаа руу ярьсан..." гэсэн мэдүүлэг (1хх-ийн 19-20-р хуудас);

  9. Иргэний нэхэмжлэгч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 04 дүгээр сарын 10-аас 11-ний хооронд байх, манай дэлгүүрт 15 цаг болж байх үед гаднаас Г гэх залуу ганцаараа халамцуу, бага зэргийг согтолттой гэмээр орж ирээд надад хандан “эгчээ мөнгөн аяга, хөөрөг хоёрыг 40,000 төгрөгөөр тавьчихъя, би маргааш ирээд авчихна, дүү нь удахгүй хэлсэндээ хүрээд авчихна” гэхээр нь битгий удаагаарай гэж хэлээд 40,000 төгрөг өгөөд оронд нь хөөрөг, мөнгөн аяга хоёрыг авсан. Тухайн үед надад мөнгөн аяга, хөөрөг хоёрыг барьцаанд тавихдаа “би гэрээсээ авчирлаа” гэсэн. Өөр юм яриагүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 83-84 дүгээр хуудас);

   10. Гэрч Т.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би тухайн дэлгүүрийн эзний утсыг аваад дэлгүүрийн хүнтэй ярихад Г-ыг танина, манай дэлгүүрийн ойролцоо байнга явж байдаг залуу байгаа юм. Мөнгөн аяга, хөөргийг 40,000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 90 дүгээр хуудас);

  11. Гэрч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Д.Э нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед гэртээ орж ирэхдээ нүүр ам нь зулгарчихсан, хувцас хунар нь шороо болчихсон орж ирсэн, гадуур хувцсаа тайлаад зүүн талын хавиргаа дараад ёолоод байсан, хувцсыг нь тайлж үзэхэд баруун талын хавирганууд, баруун мөр нь хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 153 дугаар хуудас);

   12. Гэрч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 04 дүгээр сарын 10-ны орой 21 цаг болж байхад гэртээ харих гээд ах Б.Б-ын хамт хөл бөмбөгийн талбайн орчимд явж байтал үл таних 20 орчим насны залуу Б.Батболд ах бид хоёр дээр ирээд гар утсаа дээрэмдүүлчихлээ надад туслаач гэж хэлээд, дээрэмдсэн залуу дээр очоод цагдаа хүлээж байхад тэр залуу халааснаасаа “Samsung S6” загварын гар утсыг нь гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 5-6 дугаар хуудас);

 13. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр би дүү Д-ын хамт 83 дугаар сургуулийн орчим явж байтал 20 орчим насны залуу ирээд миний гар утсыг дээрэмдчихлээ адилхан монгол хүмүүс байна туслаач гэхээр нь бид 3 тэр залуугийн араас гүйсэн. Хар өнгийн савхин куртик өмссөн залуу байсан. Тэгээд цагдаа дуудаад хүлээж байх хооронд тэр залуу халааснаасаа “Samsung Edge 6” загварын гар утас гаргаад тэр Даашка гэх залууд өгсөн...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 9-10 дугаар хуудас);

  14. Иргэний нэхэмжлэгч О.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Титэм өргөө” хотхоны 1 давхарт байрлах “Арвин” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар манай ажилтан Э.Э-г ажиллаж байхад үл таних эрэгтэй хүн орж ирээд монет бөгж тавья гэж хэлсэн гэсэн. Тэгээд 3.7 граммтай 144 каратын хэвээ алдсан, очир хээтэй, голдоо жижиг шигтгээтэй монет бөгжийг О-ийн Г /РД:/ гэх хүн иргэний үнэмлэхээрээ манай ломбардад 190,000 төгрөгөөр тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 56-57 дугаар хуудас);

 15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4650 дугаартай: “...Хохирогч Ч.У-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 27 дугаар хуудас);

 16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2571 дугаартай: “...Д.Э-ын биед гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 170 дугаар хуудас);

  17. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний үнэлгээ (1хх-ийн 29-31 дүгээр хуудас),  “Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ (2хх-ийн 12-13 дугаар хуудас), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт (2хх-ийн 63-65 дугаар хуудас), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний үнэлгээ (1хх-ийн 91-93 дугаар хуудас),

 18. Хяналтын камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 41-42 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургууд (1хх-ийн 4-8 дугаар хуудас), автомашин байсан гэх газар болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон машин байсан гэх газрын гэрэл зургууд (1хх-ийн 44-50 дугаар хуудас),

  19. Таньж олуулах ажиллагаа болон таньж олуулах ажиллагааны гэрэл зургууд (1хх-ийн 58-65 дугаар хуудас), эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (1хх-ийн 67, 72-73 дугаар хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1хх-ийн 74 дүгээр хуудас), эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл (1хх-ийн 97- 101 дүгээр хуудас), таньж олуулах ажиллагаа болон гэрэл зургууд (1хх-ийн 112- 123 дугаар хуудас),

  20. Хохирогч Д.Э-ын гэрэл зургууд (1хх-ийн 141-142 дугаар хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 147-149 дүгээр хуудас);

   21. Шүүгдэгч О.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 108 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 192 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (1хх-ийн 203-204, 214-224 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Э-ын биед “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх саналтай байна. Учир нь Э-ын биед зовуурь шаналал үүсээгүй. Маргааш нь эрүүл саруул явж байсныг нь шүүх харгалзан үзээсэй. Дээрмийн үйлдлүүдээс У-ын машиныг дээрэмдсэн гэх үйлдэл тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад бааранд орж гарснаас биш тоглоомын талбай дээр очиж дээрмийн үйлдэл хийсэн харагддаггүй. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “энэ талбай дээр ямар нэгэн хэрэг үйлдэгдсэн гэх нотлох баримт байхгүй байна” гэж тэмдэглэгдсэн байгаа. Тиймээс энэ дээрмийн үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналтай холбоотойгоор Уын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгох саналыг мөн гаргаж байна. Бийн үйлдэлтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайн үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Тухайн үед Б шүүгдэгч хоёр хоёулаа хамт байсан. Шүүгдэгчийн өгч байгаа мэдүүлгийг үнэлэх боломжтой. Энэ үйлдлийг нотлох гэрч байхгүй. Шүүгдэгч үнэхээр хулгай хийсэн бол гэрийн ойролцоох дэлгүүрт очиж барьцаанд тавихгүй байсан. Зөвхөн архи уусан байсан гэсэн дээр тулгуурлан хулгай хийсэн гэж үзэж байгааг нь өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад 2 үйлдлийг гэмт буруутайд тооцож өгнө үү. Д-тай холбоотой үйлдэл нь нотлогдон тогтоогдохгүй байгаа учраас шүүгдэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ үйлдлийг мөн хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байна...” гэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний байгууллагын шүүх эмнэлгийн шинжилгээгээр хохирогч Д.Э-ын биед бүсэлхийн 4 дүгээр нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн 6 дугаар хавирганы хугарал, баруун мөр, хоёр бугалга, тохой, сээр, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт, зүүн нүдний гадна хэсэг, зүүн хацарт зулгаралт бүхий олон тооны гэмтэл учирсан болох нь тогтоогдсон бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 141, 142 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээс харвал хохирогч Д.Э-т бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокурорын яллах дүгнэлтэд тусгасан яллагдагч О.Г 2019 оны 04 дүгээр сарын 13-ны орой иргэн Ч.У-луу хүч хэрэглэн довтолж, түрийвч, иргэний үнэмлэх, 5,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хаан банкны төлбөрийн карт, “Huawei p20 lite” загварын гар утас, “Тоёота Истима” загварын автомашин зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, 13,331,190 төгрөгийн хохирол учруулсан, хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа Ч.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Харин эсрэгээрээ улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримт болох гэрч Б.У-н мэдүүлэгт “...Манай нөхөр У 22-23 цагийн хооронд нэлээн согтуу хувцас хунар нь шороо болсон байдалтай, хамраас нь цус гарсан, мөн нүүр нь хавдсан орж ирсэн. Тэгээд надад тухайн үед хүнд зодууллаа гэж л хэлсэн. Тэгээд тасраад унасан, Тэгээд би халаасыг нь шалгаад гар утас, түрийвч, машины түлхүүрийг үзэхэд байхгүй байсан. Тэгээд хэлтэл манай хүн 2 охин, нэг хүүтэйгээ буюу 3 хүүхэдтэйгээ хамт гарсан. Тэгээд жоохон явж байгаад ороод ирсэн. Тэгээд асуухад түрийвч утас байхгүй байна гэсэн. Тэгээд гар утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би өглөө сэрээд “машины түлхүүр, утас чинь хаана байна” гэж асуухад байхгүй байсан. Тэгээд манай нөхөр цонхоор машинаа хараад миний машин байхгүй байна цагдаа явлаа гээд гарсан. Тухайн үед манай нөхөр тэд эдэн хүнд зодууллаа гэж хэлээгүй, би хүнд зодуулчихлаа л гэсэн. Тэгээд би хаана, хэнтэй уусан юм бэ, хэнд ингээд зодуулчих ваа гэхэд ямар ч хариулах тэнхэлгүй байсан...” хэмээн тусгагдсан байх бөгөөд үүнээс үзвэл хохирогч Ч.Унь гэртээ орохдоо маш их согтуу, юу болсноо санахгүй байдалтай, мөн хаана, хэнд зодуулснаа ч хариулах тэнхэлгүй байжээ.

Гэтэл хохирогч Ч.У хохирогчоор мэдүүлэхдээ “...Г-д зодуулсан, эд зүйлсээ дээрэмдүүлсэн, араас нь хөөсөн, дахин зодуулсан бөгөөд газар унах үед нь Г цааш гүйгээд яваад өгсөн. Тэгэхээр нь гэртээ ороод эхнэр хүүхдээ дагуулж гараад Г-д зодуулсан газар очиж, гар утас, түрийвчээ хайсан...” гэсэн агуулгаар мэдүүлсэн нь гэрч Б.У-ийн мэдүүлгээс эрс зөрөөтэй буюу эхнэрээ дагуулан гарч гар утас, түрийвчээ хайсан гэж байгаа нь эргэлзээ бүхий байна.

Түүнчлэн, хохирогчийн хэргийн үйл баримтыг тодорхой санаж байгаа мэт мэдүүлэг нь түүний эхнэр болох гэрч Б.У-ийн өгсөн “...Тэгээд би хаана, хэнтэй уусан юм бэ, хэнд ингээд зодуулчих ваа гэхэд ямар ч хариулах тэнхэлгүй байсан...” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. 

Хэрэв хохирогч хэргийн нөхцөл байдлыг мэдүүлэг өгсөн шигээ санаж байсан бөгөөд тэр даруйдаа гэртээ орсон нь үнэн бол эхнэртээ тэр талаараа хэлэх бүрэн боломжтой байх байсан. Харин бодит байдал дээр түүний эхнэрийн мэдүүлсэнчлэн маш их согтуу, ямар ч хариулах тэнхэлгүй байдалтай орж ирээд тасраад унасан хохирогчийг хэргийн үйл баримтыг бүрэн санаж байсан гэдэгт шүүх эргэлзэж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны хувьд энэ хэрэгт хангалттай ажиллагаа явуулаагүй байх бөгөөд үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх бололцоогүй юм. Жишээ нь, мөрдөгч хохирогч Ч.У-ын автомашиныг олсон газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ криминалистикийн шинжээч оролцуулаагүй буюу гарын хээ зэрэг ул мөр бэхжүүлээгүй байгаа нь мөрдөгч хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэх хангалттай үндэслэл болно. Хэрэв тээврийн хэрэгслийн хаалганы гадна болон дотор бариул, жолооны хүрд, хурдны хайрцгийн зэргээс тусгай арга техник, бодис ашиглан ул мөр хайсан бол тухайн тээврийн хэрэгслийг хамгийн сүүлд жолоодсон хүний гарын хээ, бусад ул мөрийг бэхжүүлэх боломж байсныг үгүйсгэх аргагүй.

Иймд шүүгдэгч О.Г-д холбогдох 2019 оны 04 дүгээр сарын 13-ны орой иргэн Ч.У луу хүч хэрэглэн довтолж, түрийвч, иргэний үнэмлэх, 5,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хаан банкны төлбөрийн карт, “Huawei p20 lite” загварын гар утас, “Тоёота Истима” загварын автомашин зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, 13,331,190 төгрөгийн хохирол учруулсан, хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа Ч.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч О.Г нь хохирогч Н.Б-ийн гэрт хамт архи ууж байхдаа гар утас, хоёр мөнгөн аяга, шинэ цагийн чулуун хөөргийг хулгайлсан хэргийн тухайд өмгөөлөгчийн дүгнэлт зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэсэн байх бөгөөд түүний дүгнэлт нь хохирогч Н.Б, иргэний нэхэмжлэгч Д.Д, гэрч Т.Г нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэх чадамжгүй байсныг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр шүүгдэгч О.Г нь хохирогч Н.Б өөрөө надад эд зүйлсээ өгч, архинд явуулсан гэх боловч нэгдүгээрт хохирогчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг, мөн түүний авч гарсан эд зүйлс нь архинд явуулсан гэж үзэхэд ахадсан зүйлс байсан, гуравдугаарт шүүгдэгч О.Г нь архинд явсан гэх боловч тухайн эд зүйлсийн заримыг дэлгүүрт 40,000 төгрөгийн барьцаанд тавьж, заримыг өөртөө үлдээн авч явсан байгаа нь түүний шунахайн гэмт санааг нотолж байна.          

Шүүгдэгч О.Г-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол зориуд учруулсан байх тул түүнийг эдгээр гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Г-ыг “дээрэмдэх” гэмт хэргийг хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэн довтолж үйлдсэн, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, 11.4 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд шүүх хохирогч Ч.У-аас нэхэмжилсэн 531,190 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Г-ас нийт 764,400 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Б-т 251,000 төгрөг, хохирогч Д.Эт 270,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Д-нд 40,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Э-д 203,400 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Г-ын өмгөөлөгч О.О нь эрүүгийн хариуцлагын асуудлыг хэлэлцэхээс өмнө шүүх хуралдааныг ажлын хоёр хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдаан завсарлах хугацаанд шүүгдэгч О.Г нь шүүхээс тогтоосон 764,400 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгчид сайн дураараа нөхөн төлж, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар О.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч О.Г нь 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 1 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнө шийтгэгдсэн торгох ялын эдлээгүй үлдсэн 300,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 20 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 592 цагийн 8 цагийг нэг хоногоор тооцож 74 хоног буюу 2 сар 14 хоногийн хорих ялаар нийт 4 жил 9 сар 04 хоногийн хорих ял оногдуулах,  уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нийт 125 хоног цагдан хоригдсон хоногтой. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагдан хоригдсон нийт хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ  хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч нь шүүх хуралдааны завсарлагыг авч боломж бололцоогоороо хохирогч нарын хохирлыг барагдуулж хохирогч нарыг гомдол саналгүй болгохыг санаачилсан. Үүнийг харгалзан үзээсэй. Эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн хуулийн үзэл баримтлал байгаа. Энэ хүнийг өмнө ял шийтгэлтэй байсан, хүнд гэмт хэрэг олон үйлдсэн гээд хорих ялыг оногдуулахыг бол миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл энэ хүн өмнө нь алдаж байсан нь үнэн. Дахиад төрийн хайр халамжийг хүртчих юм бол дахиад цаашдаа нийгэмших боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхээр бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг хуульд тусгайлан зааж өгсөн байдаг. Хуульдаа “хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулахгүй” гэж заасан. Энэ хүний өмнө гэмт хэрэг үйлдэж байсан асуудал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хэргийн хувьд шүүгдэгч нь архи үедээ гэмт хэргийг үйлдэж байсан болохоор гэмт хэргийг үйлдсэн эсэх дээрээ жоохон эргэлзээд гэмт хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Харин явцын дунд прокурорын шатанд хавтаст хэрэгтээ танилцаад зарим үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ хүлээж байгаа нь хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд оруулж болно. Гантулгын нь зан чанарын хувьд хүмүүстэй найзархаг, хүнд тусархуу, ар гэрийн байдлын хувьд үр хүүхдээсээ хол байдаг ч гэсэн эцэг хүнийхээ үүргийг бол сайн биелүүлдэг, үр хүүхдэдээ санаа тавьдаг, найзуудынхаа дунд нэр хүндтэй хүн гэдгийг хянан шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчөөр оролцохдоо олж тогтоосон. Мөн шүүгдэгчийн ээж нь өрх толгойлсон эмэгтэй байдаг, эрүүл мэндийн хувьд ч нэг гар нь хугарсан, даралт нь байнга унадаг гэх мэт ар асуудалтай. Г 2 хүүхдээсээ хол байдаг ч гэсэн цагдан хоригдож байх хугацаанд нь эхнэр нь хамт амьдарч байсан нөхрийнхөө гарт амиа алдаж, тухайн хүн байтугай ар гэрт нь бол маш их уй гашуудал учирсан. Одоо 2 хүүхэд бол төрсөн эцгээ бараадахаас өөр арга байхгүй. 2 хүүхэд нь төрсөн эцэгтээ хайртай халамжтай гэдгээ илэрхийлж шүүхэд хүсэлт бичиж ирүүлсэн. Г нь хэргээ хүлээх чадвартай. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлыг сайн дураар төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах” гэсэн заалтын шаардлагыг хангаж байна. Прокурорын санал болгосон эдлээгүй үлдсэн 300,000 төгрөгийн торгох ялыг 20 хоногоор хорих ял болгон өөрчлөх саналыг хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд ялын доод санкц нь 2 жилийн хорих ял байдаг. Шүүгдэгчийн хохирлоо төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг нь харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаад 1 жил хорих ял оноож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн хувьд 6 сар хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж хөнгөнийг нь хүндэд нь багтаагаад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. Оногдуулсан 1 жилийн хорих ял дээр 20 хоногийн хорих ялыг нэмээд 1 жил 20 хоногийн хугацаагаар хорих ялыг тогтоож өгнө үү... Насанд хүрээгүй хоёр эмэгтэй хүүхэдтэй үлдсэн, хүүхдүүдийн эрх ашгийг харгалзан 20 хоногийн хорих ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

Шүүгдэгч О.Г нь хохирогч Л.Л, Б.Д нарыг дээрэмдсэн гэх хэргийн тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул түүнд уг зүйл, заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шүүх О.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүнд оногдуулах хорих ялын хэмжээг хоёр жилийн хугацаагаар тогтоож, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 978 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 300 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг 20 хоногоор, 592 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 74 хоногоор тус тус тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 жил 94 хоног буюу 2 жил 3 сар 4 хоногоор тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Г нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нийт 130 (нэг зуун гуч) хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүнд урьд авсан “цагдан хорих” таслан арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн хоёр ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган архивд хадгалуулахаар тогтож, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Г-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс О.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргээс хохирогч Ч.У-ыг дээрэмдсэн гэх хэргийг тус тус “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2.С овогт О-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийг хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэн довтолж үйлдсэн, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, 11.4 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч О.Г-д оногдуулсан хорих ялын хэмжээг хоёр жилийн хугацаагаар тогтоосугай.

5.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 978 дугаартай шийтгэх тогтоолоор урьд шүүгдэгч О.Г-д оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 300 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг 20 хоногоор, 592 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 74 хоногоор тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд энэ тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 (хоёр) жил 94 (ерэн дөрөв) хоног буюу 2 (хоёр) жил 3 (гурав) сар 4 (дөрөв) хоногоор тогтоосугай.

6.Шүүгдэгч О.Г-д оногдуулсан 2 (хоёр) жил 3 (гурав) сар 4 (дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ын цагдан хоригдсон нийт 130 (нэг зуун гуч) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган архивд хадгалуулсугай.

9.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч О.Г-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Г-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

                       

ДАРГАЛАГЧ                                          Б.БАТАА