| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0146/Э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 142
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б д холбогдох 163/2019/0146/Э индекстэй, эрүүгийн 1915000160107 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн ... суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, Х овогт Ч.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-наас 30-ны хооронд Булган аймгийн ... нутаг “У” гэх газраас иргэн О.Т ын 71 тооны ямаа, 21 тооны хонь буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б ы өгсөн: Миний бие 2018 оны 10 дугаар сарын 27, 28-ны өдөр адууныхаа эрэлд яваад буцах замд “У” гэх газарт тасарсан мал байхыг харсан. Тэгээд уг малыг тууж Б гэдэг айлын хашаанд аваачиж хашсан. Бүх л өдрийн туршид тэнд байсан ба Б малаа ав гэсэн болохоор нь орой нь Л гэх айлд шөнийн 1 цагийн орчимд тууж аваачсан. Л т “энэ малыг бөөнд нь худалдаж авсан, ганц нэг хонуулж байгаад авна” гэж хэлээд тэдний малтай нь нийлүүлсэн. Тэнд хоёр, гурав хонуулаад бүх малаа Улаанбаатар хот руу ачиж явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэлгээгээр гарсан хохирол 7570000 төгрөгийг болон малаа хайхад зарцуулсан бинзений үнэ болох 1000000 төгрөгийг төлсөн. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх мэдүүлэг,
Эрүүгийн 1915000160107 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч О.Т ын өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Бүрд сумын 1 дүгээр багийн нутгаас Булган аймгийн ... сум руу отроор явах гэж нүүсэн. ...... сумын 1 дүгээр багийн нутаг У гэх газарт ахын өвөлжөөнд буусан. Малаа 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тууж ирсэн. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний орой саахалт айлтай хонь нийлээд ялгаж тоолоход манай хонь, ямаанаас 90 орчим дутаад, бүртгэсэн чинь 71 ямаа, 21 хонь дутуу байхаар нь маргаашнаас нь эхэлж ойр орчмын хонинд очиж шүүж үзсэн, олдоогүй. ...Алдсанаас хойш 21 хоногийн дараа худгийн Б гийнд үхрээ усалж байхад Х өөрийн мотоцикльтой ирээд Б гийнд ороод бид 3 ярьж байгаад Х манайхыг “хонь, ямаагаа алдсан” гэсэн чинь Б ах “манай үхрийн битүү амбаарт Б 2018 оны 10 дугаар сарын 29-ний шөнө ямаа голдуу цөөвтөр хонь 100 арай хүрэхгүй, хашаад маргааш шөнө нь аваад явсан. Тэгэхдээ отрын ядарсан хүний мал байгаа юм хэлсэн гэж Б ярьсан. Ямаа, хонины ихэнх нь зөв чих хулгар, буруу талаасаа ухам имтэй, ямаа нь цэнхэр будагтай байсан ба 2,3 ямаа нь эврийн гадна талдаа улаан будагтай, хонинууд нь сэрвээн дээрээ улаан будагтай байсан” гэж ярьж байсан. ... 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн ... сумын У хайрханы “А” гэх газар өвөлжөөн дээрээ малаа тууж ирэхэд бүрэн байсан. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө гэрийн гаднаас алга болсон юм, ...манай хонь, ямаа яаж ч байсан тасрах ёсгүй. ...Үнэлгээгээр 7570000 төгрөгийн хохиролучирсан гэж гарсан...хохирлыг яллагдагч Ч.Б аас гаргуулж авсан. Одоо малаа хайж унаа, тэргэндээ хийсэн бинзений үнэ болох 1000000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-13-18 тал/,
Гэрч П.Г ын өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр саахалт айлын хонь нийлээд хонио тоолоод үзсэн зарим зүс мэдэх хонь дутуу байхаар нь тоолж үзтэл 71 ямаа, 21 хонь дутуу байна гэж манай нөхөр О.Н руу залгаж, бид хоёр ойр хавьдаа сураг ажиг тавихад олдоогүй. ...Булган аймгийн ... сумын нэгдүгээр багийн “У” гэх газраас 71 ямаа, 21 хонь алдсан юм. Яагаад тэгж хэлж байгаа юм гэвэл манай гадаа байхад би байнга хариулж, бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн юм. Өвөлжөөн дээрээ малаа тууж ирэхэд бүрэн байсан. 71 ямаа, 21 хонь алдсан талаар манай энэ хавийн хүмүүс бүгд мэдэж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-19 тал/,
Гэрч О.Н гийн өгсөн: “...Булган аймгийн ... сумын нэгдүгээр багийн “У” гэх газраас 71 ямаа, 21 хонь алдсан юм. Яагаад тэгж хэлж байгаа юм гэвэл манай гадаа байхад манай эхнэр Г байнга хариулж, бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн юм. Өвөлжөөн дээр малаа тууж ирэхэд бүрэн байсан. 71 ямаа, 21 хонь алдсан талаар манай энэ хавийн хүмүүс бүгд мэдэж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-20 тал/,
Гэрч Б.Ц ын өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын хавьд шиг санагдаж байна, Булган аймгийн ... сумын нэгдүгээр багийн “У” гэх газраас 71 ямаа, 21 хонь алдсан гэж хүмүүсээс сураглаж байна гэж л сонссон. О.Т надтай таарч сураглаж байгаагүй, нутгийн хүмүүсээс дээрх тооны малыг сураглаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-21 тал/,
Гэрч Г.Б ын өгсөн: “2018 оны 11 дугаар сарын 29-ний өдөр билүү 30-ны өдөр билүү ... сумын 1 дүгээр багийн нутаг “Ц” гэх газар манай малын хашаа үхрийн битүү саравчинд шөнө 70-80 орчим ямаа, 10- 20 орчим хонь хашсан байсан. Тухайн үед би болон манай гэрийнхэн мэдээгүй. Маргааш өглөө нь 07 цагийн үед Б ганцаараа мотоцикльтой ирээд “танай хашаанд отрын хонь хашсан байгаа одоо ирж авна” гэхээр нь “чи бид нарт яагаад хэлээгүй юм бэ” гэхэд “танайхан унтаж байхаар нь хашсан, баруун талаас яваа отрын хонь байгаа юм, машин тэрэг нь эвдэрсэн байгаа” гэсэн. Орой харанхуй болчихсон байхад эхнэр Ц.Б тай хамт мотоцикльтой ирээд хашаандаа хашна гээд туугаад явсан. ...Ихэнх нь цэнхэр будагтай харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/,
Гэрч П.Х ын өгсөн: “...О.Т манай хэдэн хонь, ямаа алга болсон байна гээд бид 2 хэд хоног эрэлд гарч Эрдэнэсант, Сант сумдын нутгаар яваад олоогүй. …Худгийн Б гийнд бид 2 үхэр усалж байсан чинь худгийн Б бид хоёрт “нэг зүйл хэлье” гэхээр нь би “юу юм бэ” гэж асуусан чинь Б “манай хашаанд /ямаа ихтэй, хонь цөөхөн/ хонь, ямаа шөнө хашсан байсан. Хонуулаад маргааш шөнө нь авч явсан, хэлэхдээ отрын мал байгаа юм” гэж хэлсэн байсан ба ямаа нь эвэр дээрээ цэнхэр будагтай, улаан голдуу ямаа байсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Б гийн эхнэр дээр очиж уулзахад ямаа голдуу хонь нь цөөхөн 80 орчим тооны мал хашсан, би өөр юм мэдэхгүй гэж эхнэр нь хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 26-27 тал/,
Гэрч Д.Б ийн өгсөн: “...Н надад хэлэхдээ “хоёулаа ханиндаа Сансар сумын төв орчихоод ирье” гэхээр нь “тэгье” гээд аавд хэлчихээд 16 цагийн үед манайхаас хөдөлсөн. Бид хоёр ... сум руу орж ирээд Н Б гийн эхнэртэй утсаар яриад Болдхуягийн дэлгүүрийн гадаа ирээд Б гийн эхнэрийг суулгаад Петровис клонк орж Б гийн эхнэр Б иас менгө авч бензин хийгээд ... сумаас урагш “Элстий” гэх газар байх Л гэж айлын гадаа очиход Б , Л нар байсан. Бид хэдийг очиход Б өөрийн /номер дугаарыг мэдэхгүй/ цагаан өнгийн портер маркийн машинд дан ямаа ачсан байсан. Гэрт нь оролгүй хашаатай байсан хонь, ямаан дотроос 20 гаран ямаа, 1 хонь ачсан. Ачсан ямаанууд нь улаан, хар зүсмийн цэнхэр, улаан будагтай байсан. Яг хаанаа байсныг санахгүй байна. ...Б Н бид хоёрыг Улаанбаатар луу явж бай, араас чинь бид хоёр очно гэсэн. Тэгтэл Б бид хоёрт махны бичиг егөхөөр нь хартал 2 хоногийн өмнө авсан Н ийн нэрийг бичсэн байсан...хөдлөөд шууд Улаанбаатар хотын Эмээлтийн дундуур замаас урагш нилээн зайтай блокон хашаан дээр очсон...бид 2 ямааг нь буулгаж өгчихөөд буцаад 03 цагийн үед Эрдэнэсант сум руу хөдөлсөн... би Н аас “юун мал ачиж байгаа юм бэ” гэсэн чинь “Б ах гуйгаад гуйлганд нь явж байгаа юм” гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-28-30 тал/,
Гэрч Г.О ийн өгсөн: “..Б гэх залуу манай гадаа мотоцикльтой ирээд “шөнө танай хашаанд хонь, ямаа хашсан шүү” гэхээр нь би “яагаад хэлж яриагүй юм бэ” гэсэн чинь “отроор яваа хүний хонь, ямаа байгаа юм” гэхээр нь “хэзээ авах юм бэ” гэсэн чинь “өнөөдөр авчихна” гэсэн. ...Тэгээд 19 цаг өнгөрч байхад гэрэл гараад байна гээд манай нөхөр гараад “Б , эхнэр Б ийн хамт мотоцикльтой ирээд хонь, ямаагаа туугаад явлаа” гэж орж ирсэн. ...Ойролцоогоор 70-80 орчим ямаа, 10 орчим хонь байсан. ...Б тай түүнээс хойш нэг удаа таараад “юун хонь, ямаа юм бэ” гэсэн чинь “Б өөрөө хашсанаараа мэдэж байгаа биз, би хамаагүй” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 31-32 тал/,
Гэрч Ш.Л ын өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 28-нд билүү 29-ний өдөр билүү шөнө 01 цагийн үед ... сумын төвд байдаг Б хочтой Б гэх залуу мотоцикльтой Булган аймгийн ... сумын 4 дүгээр багийн нутаг “Шар овоо” гэх газар байх манай өвөлжөөн дээр 70 гаран ямаа, 10 гаран хонь тууж ирээд “отрын танихгүй хүнээс бөөндөж авлаа, орой болчихсон болохоор танай хонь, ямаанд нийлүүлж байгаад авъя” гэхээр нь би саравчинд хашчих гээд хашуулсан юм. Ямаанууд нь хар голдуу нэг чих нь хулгар, нөгөө чих нь араасаа ухам имтэй, нэг эвэр дээрээ цэнхэр будагтай байсан. Тэгээд маргааш орой нь Ч.Б өөрийнхөө цагаан өнгийн портер машинтай ганцаараа ирээд дан ямаа ачаад явсан. ...Би Б аас “үлдсэн хонь, ямаагаа яах юм бэ” гэсэн чинь “маргааш өглөө би ирээд авна” гэхээр нь би 2 боодол өвс тавьж өгсөн. Маргааш орой нь Ч.Б өөрийн нөгөө машинтай ирээд хонь ямаагаа ачиж дуусч байхад Н гээд Эрдэнэсантын залуу цэнхэр өнгийн портер /марк, дугаарыг мэдэхгүй/ машинтай Ч.Б ы эхнэр Б маа, Х ийн хүү Б гэдэг залуу цуг ирээд хонь, ямаагаа ачсан. ...” гэх мэдүүлэг /хх 33-34 тал/,
Гэрч Б.Н ийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын сүүл 11 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна ... Ч.Б ахтай таарсан чинь “намайг машинаа өгчих” гэхээр нь “яах гэж байгаа юм бэ” гэхэд “ямааны наймаа хийсэн хот руу тээвэрлэх гэсэн юм” гэхээр нь би “машинаа өгөхгүй” гэсэн чинь “тэгвэл чи маргааш орой ирээд яваад өгөөч” гэсэн. ...Маргааш нь 15 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарч Х ийн Б гэдэг залууг “... орчихоод ирье” гээд авч явсан. ... сумын төв рүү орж ирээд Б иа эгч рүү залгасан…шатахуун аваад бид 3 сумын төвөөс урагш “ Шар хоолой” гэх газар Л буюу Л гэх айлд очиход Ч.Б ах өөрийнхөө портер маркийн машин дзэр ямаа ачсан байсан. Миний унаж явсан машинд 18-19 ямаа, 1 хонь ачсан. Ямаанууд нь улаан, цэнхэр будагтай, зөв чих нь хулгар, буруу чих нь ухам билүү цуулбар имтэй байсан санагдаж байна. ...Эмээлт орж явахад жижиг цагаан машинтай танихгүй залуу ирээд ямаагаа зарчих гэхэд Ч.Б ах уулзаад тохиролцоод... нэг бойны газар очиж хонь ямаагаа буулгасан. ...” гэх мэдүүлэг /хх 41-42 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-5-10 тал/, “Вендо” ХХК-ний малын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 51-54 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 55-56/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-68-70 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд /хх-77-79, 85-89 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-83 тал/, хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх 92/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 10 дугаар сарын 29, 30-ны үед Булган аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг “У” гэх газраас 71 тооны ямаа, 21 тооны хонь буюу олон тооны малыг тус сумын малчин Г.Б , Ш.Л нарын малын хашаанд хашиж байгаад тээврийн хэрэгсэл ашиглан Улаанбаатар хот руу тээвэрлэж “Эмээлт” зах дээр борлуулсан хууль зүйн факт, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар хохирогч О.Т , гэрч П.Г , О.Н , Б.Ц , Г.Б , П.Х , Д.Б , Г.О , Ш.Л , Б.Н нарын өгсөн хоорондоо зөрүүгүй мэдүүлгүүд, “Вендо” ХХК-ний малын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б ы гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг эрх бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Ч.Б нь гэм буруугийн талаар маргаагүй боловч түүний өмгөөлөгч шүүгдэгчийн үйлдэл нь алдуул мал завших гэмт хэргийн шинжтэй, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэжээ.
“Алдуул мал” гэдэгт гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож шилжсэн өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй байгаа малыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.Б ы отрын айлын мал гэж түүний өмчлөл, эзэмшлийн талаар мэдэж, түүнийг шөнийн цагаар тууж айлын хашаанд хашиж захиран зарцуулах боломжийг бүрдүүлж байгаа санаатай үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байгаа бөгөөд халдлагын зүйл нь бусдын олон тооны мал байна.
Иймд шүүгдэгч Ч.Б ыг бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч О.Т нь малын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтийн дагуу гэмт хэргийн шууд хохиролд 7570000 төгрөгийг, малаа эрж хайхтай холбоотой гарсан шууд бус хохиролд 1000000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Ч.Б нь шууд болон шууд бус хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Ч.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Б ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, бага насны олон хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж, эдлэх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж, түүний хулгайн гэмт хэрэгтээ ашигласан **-** БУЗ улсын дугаартай “Dayun” загварын мотоциклийг хураан улсын орлого болгож, хулгайн малыг тээвэрлэхэд ашигласан тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч, өмчлөгчид нь үлдээж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ч.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт битүүмжлэгдсэн **-** БУЗ улсын дугаартай “Dayun” маркийн мотоциклийг хурааж үнийг улсын төсөвт шилжүүлж, “Hyundai Porter” загварын **-** УНУ, **-** БУЗ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслүүдийг түүний өмчлөгч, эзэмшигч Ө.Б , Н.Ж нарт тус тус үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД