| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 205/2017/0186/Э |
| Дугаар | 469 |
| Огноо | 2017-06-27 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 469
Д.Бямба-Эрдэнэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Агар,
Шүүгдэгч Д.Бямба-Эрдэнийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Алтанжолоо, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 159 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Агарын бичсэн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 5/27 дугаартай эсэргүүцлээр, Д.Бямба-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2016 2501 3076 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Даваасүрэнгийн Бямба-Эрдэнэ, 1986 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Залуус” хорооллын 48 дугаар байрны 999 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:МХ86011819/;
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Д.Бямба-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Жи-Эс-Паб” караокены гадаа найз А.Алтанхундагатай маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь цохиж, санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Бямба-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Бямба-Эрдэнэд холбогдох 2016 2501 3076 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийсэн гэж үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Үүнд:
1. Мөрдөн байцаалтад гэрч Б.Баярсайханы “... Хундагаа, Эрдэнээ 2 хэзээ гарч явсныг мэдээгүй. Сууж байхад Эрдэнээ сандарсан байдалтай орж ирээд “манайхан Хундагаа хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнээгийн хамт хэрэг болсон газар очиход талийгаач баруун зүг рүү толгойгоороо харж, урд талаараа доошоо харж унасан байсан. Нүүр нь доошоо харсан байсан. Хурхираад унтаж байгаа юм шиг байхаар нь сэрээх гээд харахад, нүүр нь битүү цус болсон байсан. Эрдэнээ “бид хоёр хамт 2-3 хүнтэй маргалдаад зодуулчихлаа, тэр хүмүүс цохиод зугтаачихлаа” гэж ярьсан. Тэгэхээр нь би өөрийн 86834364 дугаарын утаснаас 103 луу залгаж дуудлага өгч, хаягийг нь заасан. Дараа нь 102 луу залгаж цагдаад дуудлага өгөх гэхэд Д.Бямба-Эрдэнэ “цагдаа дуудаад яах вэ, мань хоёр сая хоорондоо муудалцаад би ингэчихлээ, Хундагаа удахгүй босоод ирнэ, хоёрын хооронд юман дээр цагдаа дуудаад яах вэ” гэж хэлэхээр нь би больсон. Ингэж хэлэх үед өөр хүн байгаагүй. Удаагүй Баараа, Үүлэнсолонго, Цээгий нар хүрч ирээд талийгаачийг харсан. Би “ийм болсон байхад цагдаа дуудъя” гэхэд нөгөө хэд Эрдэнээгийн үгийг дэмжээд байсан. Би “түргэн дуудсан, яаж буцаах юм бэ” гэсэн. Эрдэнээ “миний таньдаг “Генерал” нэртэй буудал байгаа, тэнд очоод шархыг нь янзалъя, Хундагаа тэнд очоод сэргэнэ” гэхэд нөгөө хүмүүс дэмжсэн. Би “тэгвэл гэрт нь очъё, чи ээж, аавд нь хүлээлгэж өгөөд, чи өөрөө энэ асуудлаа зохицуул, учрыг нь тайлбарлаж хэл” гэж хэлээд гэрт нь очихоор болсон. Эрдэнээ “чи түлхүүрээ өгчих, би машиныг чинь бариад явъя” гээд талийгаачийг машины хойд талд суулгаад өөрөө бариад явсан. Бид нар такси бариад араас нь дагаад явсан. Талийгаачийн гэрийн гадаа ирэхэд Эрдэнээ айгаад “гэрт нь ороод яах вэ, таньдаг буудалд очоод шархыг цэвэрлээд сэргээчихье” гэж хэлсэн. Тэгээд Офицеруудын ордны хойд талд байх “Генерал” буудалд очсон. Очиход таньдаг ресепшин нь байхгүй байсан, тэгээд өөр таньдаг буудал руу нь явахаар болсон. Тэндээс Амгалангийн тийшээ замд буудалд очсон. Буудлын үүдэнд очоод би “буцаж яваад талийгаачийн утсыг караокеноос авах ёстой, барьцаанд үлдээсэн, шархыг нь янзлах эм тариа аваад ирье, идэх юм аваад ирье” гэж хэлсэн. Талийгаачийн карт нь Үүлэнсолонгын гэрийн гадаа, машин дотор нь үлдсэн гэж байсан учир тэндээс би такситайгаа цуг Үүлэнсолонгын байрны гадаа ирээд талийгаачийн машины голын хайрцагнаас талийгаачийн цүнхийг авсан. Цүнхэн дотор нь карт нь байсныг “Оргилуун” төвийн АТМ-д очиж уншуулаад, 200.000 төгрөг авсан. Талийгаач өмнө нь надаар мөнгө авахуулж байсан болохоор картны нууц үгийг мэддэг байсан. Мөнгө аваад нөгөө караокед очиж үлдсэн 60.000 гаруй төгрөгийн тооцоог нь хийж, талийгаачийн гар утсыг авсан. Сансарын колонкийн КФС-ээс хоол аваад, замаараа аптек хайхад онгорхой аптек байгаагүй. Замдаа Эрдэнээтэй ярихад талийгаачийг өрөөнд оруулаагүй гэхээр нь “яаралтай оруул” гэж хэлсэн. Тэгээд нөгөө буудалд очиход талийгаачийг дотогш оруулаад газар хэвтүүлсэн байсан. Үүлэнсолонго, Баараа 2 унтаж байсан. Эрдэнээ, Цээгий 2 шархыг нь жоохон цэвэрлэх гэж оролдсон байсан ба гэрэлд харахад хөмсөг нь язарсан, хүнд шархтай байхаар нь Эрдэнээд “энэ санаа чинь болохгүй юм байна, яаралтай эмнэлэгт үзүүл, та нар бүгд хэрэгт холбогдоно шүү” гэж анхааруулж хэлсэн. Тэгэхэд Цээгий “чи яасан муу амтай юм бэ, өглөө инээгээд босоод ирнэ” гэж хэлж байсныг санаж байна. Тэгэхээр нь би “тэгвэл би цагдаа дуудлаа” гэхэд Эрдэнээ “за тэгвэл гялс эмнэлэг явъя” гэж хэлсэн. Би талийгаачийн утаснаас 1950 дугаар луу залгаж такси дуудсан. Такси ирэхээр нь би Эрдэнээд таксины мөнгө өгөөд талийгаачтай цуг суулгаад явуулсан. Талийгаачийн утсыг Эрдэнээд өгөөд явуулсан. Бид нар үлдээд би “яаралтай үзүүлэхгүй бол болохгүй, Эрдэнээ өөрөө Хундагааг цохисон гэж надад хэлсэн” гэж хэлэхэд Цээгий “тийм үү, тэгвэл ямар муухай юм бэ, худлаа хэлээд” гэж хэлсэн. Тэгээд бид нар араас нь очих гэхэд Баараа сэрэхгүй байсан учир үлдээгээд, бид 3 Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Очоод асуухад Эрдэнээ “гэр бүлд нь мэдэгдээгүй” гэсэн учир би хэлж байгаад Алтанжолоо ах руу Эрдэнээгээр яриулж мэдэгдсэн. Би талийгаачийн биеийн байдлыг асуухад Эрдэнээ “оёдол хийж байхад Хундагаа гараараа түлхээд байсан” гээд бараг ухаан орсон юм шиг зүйл ярьсан. Сүүлд талийгаачийг нас барсны дараа мэдүүлэг өгөх үедээ Эрдэнээ Гэмтлийн эмнэлэгт байдаг цагдаад “талийгаачийг шатнаас унасан” гэж худлаа ярьсныг мэдсэн. Баараа, Үүлэнсолонго, Цээгий нарын хажууд Эрдэнээ яасан талаараа огт яриагүй. Би Эрдэнээгийн ярьсан зүйлийг Цээгий, Үүлэнсолонго нарт дамжуулж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-52-59/,
Үүнээс үзэхэд:
1. Хохирогчийн амь бие аюултай нөхцөлд байхад туслалцаа үзүүлэх бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, эсхүл тусламж үзүүлэх шаардлагатай зохих байгууллагад мэдэгдээгүй, хохирогч А.Алтанхундагыг Офицеруудын ордны хойд талд байх “Генерал” буудал болон тэндээсээ Амгалангийн тийшээ замд буудлууд руу авч яваад цаг хугацаа алдагдуулсан үйлдлүүдийг шалгаагүй байна.
2. Гэрчүүдийн мэдүүлгүүдээр хохирогч А.Алтанхундага нь гэрч Б.Баярсайхантай зодолдсон байдаг, энэ үйлдлийг Б.Баярсайхантай холбогдуулан шалгаж үйлдэл холбоотой, холбогдолгүй болохыг тогтоогоогүй байна.
3. Б.Баярсайхан нь талийгаачийн гар утсыг үйлчлүүлсэн баарандаа барьцаалсан болон картнаас нь 200.000 төгрөгийг авч захиран зарцуулж байгаа үйлдэл нь хуулийн дагуу үйлдэл эсэхэд дүгнэлт өгч шалгах шаардлагатай байна.
4. Хохирогч А.Алтанхундага нь 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тархиндаа гэмтэл авч, мэс заслын хагалгаанд орж байсан болох нь Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн өвчтөний түүх хэрэгт авагдсан байна /хх-210-220/. Үүнээс үзэхэд 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр авсан гэмтэл цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандсан бол амь нас нь аврагдах боломжтой эсэхийг тархины гэмтлийн эмчилгээгээр мэргэшсэн мэргэжилтнээс асууж тодруулах шаардлагатай байна.
Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бямба-Эрдэнэд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Прокурорын газарт буцаажээ.
Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүх тогтоолдоо: Хохирогчийн амь бие аюултай нөхцөлд байхад туслалцаа үзүүлэх бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, эсхүл тусламж үзүүлэх шаардлагатай зохих байгууллагад мэдэгдээгүй, хохирогч А.Алтанхундагыг Офицеруудын ордны хойд талд байх “Генерал” буудал болон тэндээсээ Амгалангийн тийшээ замд буудлууд руу авч яваад цаг хугацаа алдагдуулсан үйлдлүүдийг шалгаагүй байна гэжээ.
Хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Баярсайханы “... Хундагаа, Эрдэнээ 2 хэзээ гарч явсныг мэдээгүй. Сууж байхад Эрдэнээ сандарсан байдалтай орж ирээд “манайхан Хундагаа хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнээгийн хамт хэрэг болсон газар очиход талийгаач баруун зүг рүү толгойгоороо харж урд талаараа доошоо харж унасан байсан. Нүүр нь доошоо харсан байсан. Хурхираад унтаж байгаа юм шиг байхаар нь сэрээх гээд харахад нүүр нь битүү цус болсон байсан. Эрдэнээ “бид хоёр хамт 2-3 хүнтэй маргалдаад зодуулчихлаа, тэр хүмүүс цохиод зугтаачихлаа” гэж ярьсан. Тэгэхээр нь би өөрийн 86834364 дугаарын утаснаас 103 луу залгаж дуудлага өгч хаягийг нь заасан. Дараа нь 102 луу залгаж цагдаад дуудлага өгөх гэхэд Д.Бямба-Эрдэнэ “цагдаа дуудаад яах вэ, мань 2 сая хоорондоо муудалцаад би ингэчихлээ, Хундагаа удахгүй босоод ирнэ, хоёрын хооронд юман дээр цагдаа дуудаад яах вэ” гэж хэлэхээр нь би больсон. Ингэж хэлэх үед өөр хүн байгаагүй. Удаагүй Баараа, Үүлэнсолонго, Цээгий нар хүрч ирээд талийгаачийг харсан. Би “ийм болсон байхад цагдаа дуудъя” гэхэд нөгөө хэд Эрдэнээгийн үгийг дэмжээд байсан. Би “түргэн дуудсан, яаж буцаах юм бэ” гэсэн. Эрдэнээ “миний таньдаг “Генерал” нэртэй буудал байгаа, тэнд очоод шархыг нь янзалъя, Хундагаа тэнд очоод сэргэнэ” гэхэд нөгөө хүмүүс дэмжсэн. Би “тэгвэл гэрт нь очъё, чи ээж, аавд нь хүлээлгэж өгөөд, чи өөрөө энэ асуудлаа зохицуул, учрыг нь тайлбарлаж хэл” гэж хэлээд гэрт нь очихоор болсон. Эрдэнээ “чи түлхүүрээ өгчих, би машиныг чинь бариад явъя” гээд талийгаачийг машины хойд талд суулгаад өөрөө бариад явсан. Бид нар такси бариад араас нь дагаад явсан. Талийгаачийн гэрийн гадаа ирэхэд Эрдэнээ айгаад “гэрт нь ороод яах вэ, таньдаг буудалд очоод шархыг цэвэрлээд сэргээчихье” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг, мөн хавтаст хэрэгт авагдсан түргэний эмчийн бүртгэлд дуудлага өгөөд буцаалгасан зэрэг нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүх хуралдаанд шинжээч эмч А.Амгаланболд, Ч.Эрдэмболор нар оролцож шүүхийн хэлэлцүүлэгт “... дээрх гэмтлийг авсан хүний амь насыг аврах боломжгүй” гэж мэдүүлдэг ба хохирогчийн амь бие аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй, зохих байгууллагад мэдэгдээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хохирогчийн амь бие аюултай нөхцөлд байхад нь туслалцаа үзүүлээгүйгээс, мөн тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс хор уршиг үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүх тогтоолдоо, “Гэрчүүдийн мэдүүлгүүдээр хохирогч А.Алтанхундага нь гэрч Б.Баярсайхантай зодолдсон байдаг, энэ үйлдлийг Б.Баярсайхантай холбогдуулан шалгаж үйлдэл холбоотой, холбогдолгүй болохыг тогтоогоогүй байна” гэжээ.
2016 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Жи-Эс-Паб” караокед амь хохирогч А.Алтанхундага нь Б.Баярсайхантай маргалдаж, улмаар бие биенээ нэг нэг удаа өшиглөсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог, гэвч дээрх зодооны улмаас А.Алтанхундагын биед гэмтэл учраагүй, гэрч нарын мэдүүлгээр ил харагдах гэмтэл байхгүй, амь хохирогч А.Алтанхундага нь “гавал тархины битүү гэмтэл, тархины баруун зулай, чамархай, дух суурийн хэсгийн тархины хатуу хальсан доорх цус хураа, тархи дарагдал, тархины дагз хэсгийн болон бага тархины зөөлөн эдийн бүрхүүл доорх цус харвалт” гэмтлийн улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт болон гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогддог.
“Б.Баярсайхан нь талийгаачийн гар утсыг үйлчлүүлсэн баарандаа барьцаалсан болон картнаас нь 200.000 төгрөгийг авч захиран зарцуулж байгаа үйлдэл нь хуулийн дагуу үйлдэл эсэхэд дүгнэлт өгч шалгах шаардлагатай байна” гэжээ.
Б.Баярсайхан нь амь хохирогч А.Алтанхундагын гар утсыг үйлчилгээний хөлсөнд барьцаанд тавьсан, картнаас нь 200.000 төгрөг авсан үйлдэл нь хэрэгт ач холбогдолгүй байна.
“Хохирогч А.Алтанхундага нь 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тархиндаа гэмтэл авч, мэс заслын хагалгаанд орж байсан болох нь Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн өвчтөний түүх хэрэгт авагдсан байна /хх-210-220/. Үүнээс үзэхэд 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр авсан гэмтэл цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандсан бол амь нас нь аврагдах боломжтой эсэхийг тархины гэмтлийн эмчилгээгээр мэргэшсэн мэргэжилтнээс асууж тодруулах шаардлагатай байна” гэжээ.
Амь хохирогч А.Алтанхундагын цогцост задлан шинжилгээ хийж, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1915 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан эмч А.Амгаланболд, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Ч.Эрдэмболор нар шүүхийн хэлэлцүүлэгт оролцож, А.Алтанхундагын биед учирсан “гавал тархины битүү гэмтэл, хальсан доорхи цусан хураа, тархи дарагдал, тархины дагз хэсгийн болон бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт” гэмтлийн үед амь насыг аврах боломжгүй гэдгийг мэдүүлсэн байдаг.
Шүүхээс Д.Бямба-Эрдэнэд холбогдох гэмт хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэх заалтын дагуу яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 159 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Алтанжолоогийн өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Алтанжолоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна. Танхайн сэдэлттэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй ...” гэв.
Шүүгдэгч Д.Бямба-Эрдэнийн өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: “... Мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсан учраас прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Тогтоолд дурдсан үндэслэлүүдээр шалгах зүйлс байгаа, шүүхийн тогтоол үндэслэлтэй зөв гарсан. ...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг судлан үзэхэд, 2016 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө шүүгдэгч Д.Бямба-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, найз А.Алтанхундагатай маргалдаж, түүний толгойн тус газарт нь цохиж, хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Бямба-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Мөрдөн байцаалтын шатанд Б.Бямба-Эрдэнэд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулжээ.
Талуудын хүсэлтээр гэрч, хохирогч, шинжээч эмчийг оролцуулан, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч Д.Бямба-Эрдэнийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн шийдвэрлэх боломжтой байх тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
Иймд Д.Бямба-Эрдэнэд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 159 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Д.Бямба-Эрдэнэд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол Д.Бямба-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ