Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2019/0774/З |
Дугаар | 221/МА2020/0362 |
Огноо | 2020-05-28 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2020/0362
2020 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 221/МА2019/0493 | Улаанбаатар хот |
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 235 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 235 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019/08 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай 422 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо: “... 1. Нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 422 дугаар “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/08 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, “Санал хүргүүлэх тухай” Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг үндэслэн тус ХХК-ийн зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн байдаг.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “ ... Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална ... ” гэж заасан ба “ ... 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан ... ” бол Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай.
Яамны дүгнэлт нь зорилгодоо нийцсэн бөгөөд олон жил бугшсан, орон нутгийн иргэдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн уурхайн лицензийн асуудлыг шийдсэн юм.
3. Тухайн орон нутагтаа Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөрдүүлэх эрх бүхий байгууллага буюу нутгийн захиргааны байгууллагаас дээрх хуулийн дагуу саналаа ирүүлсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хяналт, шалгалтын байгууллага биш бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “... Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ ... ” гэж заасан.
Харин шүүх яамыг хяналт шалгалтын байгууллага мэтээр дүгнэж шийдвэрлэж байгаа нь хууль тогтоомжийг зөрчиж байна.
4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-д “ ... Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ ... ” гэж заасан бөгөөд 16.2.4-д “... нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх ... гэж, 16.2.10-д “... байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах ... ” гэж тус тус заасан.
5. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д “... Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ ... ” гэж заасан бөгөөд 17.2.4-д “... нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх ... ” гэж, 17.2.8-д “... байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах ... ” гэж тус тус заасан.
Шүүх орон нутгийн захиргааны байгууллагад БОХТХ-ийг сануулаагүй, энэ заалтуудын дагуу орон нутагт хууль зүйн шахалт үзүүлж ажиллаж чадаагүй.
Ашигт малтмалын харилцаа нь нутгийн иргэд, нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар гэсэн 6-7 этгээдийн хооронд явагддаг. харин шүүгч хамгийн чухал буюу ашигт малтмалын өдөр тутам хяналт тавьж ажилладаг орон нутгийн байгууллагын төлөөллийг хэлбэр төдий оролцуулсан, тэдний байр суурь аймгийнхаа Засаг даргын байр сууриас илтэд зөрсөн, нэхэмжлэгчийг хамгаалсан /эсхүл тэдний нөлөөнд автсан/ зэргийг шүүх нягтлан шалгаагүй, нутгийн иргэд, байгууллагаас гэрч оролцуулаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох үзлэг, шалгалтыг хийгээгүй нь хууль хэрэглэх, нотлох баримтыг шинжлэн судлах зарчмуудыг зөрчиж байна.
Иймд дээрх хуулийн агуулга, хэм хэмжээг зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шийдвэрийн үндэслэх хэсэгт “Энэ хэргийн маргаан бүхий тохиолдлынх хувьд, дээрх ажиллагааг хийгээгүй бөгөөд хуулийн 28 дугаар зүйлд “Сонсох ажиллагааг хийхгүй байх”, 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж зааснаар сонсох ажиллагааг хийгээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэгч компани нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал нь тогтоогдоогүй байхад дээрх хуулийн заалтыг үндэслэн сонсох ажиллагааг хийхгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна” гэжээ.
1. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, мөн хуулийн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шууд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Төрийн захиргааны байгууллага тухайн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй бол байгаль орчин хор нөлөө үзүүлж, орон нутгийн иргэд, малчдын эрүүл амьдрах орчин нь хязгаарлагдан, мал уух усгүй болж бэлчээр улмаар экологийн тэнцвэрт байдал алдагдаж мал их хэмжээгээр хорогдох байсан.
Иймд дээрх гарцаагүй байдлыг улмаас нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай байсан тул төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргасан.
2. Нэхэмжлэлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, “Санал хүргүүлэх тухай” Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг үндэслэн тус ХХК-ийн зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн байдаг.
3. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “ ... Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална ... ” гэж заасан ба “ ... 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан ... ” бол Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-д “ ... Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ ... ” гэж заасан бөгөөд 16.2.4-д “... нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх ... гэж, 16.2.10-д “... байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах ... ” гэж тус тус заасан.
Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д “... Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ ... ” гэж заасан бөгөөд 17.2.4-д “... нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх ... ” гэж, 17.2.8-д “... байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах ... ” гэж тус тус заасан.
Шүүх орон нутгийн захиргааны байгууллагад БОХТХ-ийг сануулаагүй, энэ заалтуудын дагуу орон нутагт хууль зүйн шахалт үзүүлж ажиллаж чадаагүй.
5. Ашигт малтмалын харилцаа нь нутгийн иргэд, нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар гэсэн 6-7 этгээдийн хооронд явагддаг. харин шүүгч хамгийн чухал буюу ашигт малтмалын өдөр тутам хяналт тавьж ажилладаг орон нутгийн байгууллагын төлөөллийг хэлбэр төдий оролцуулсан, тэдний байр суурь аймгийнхаа Засаг даргын байр сууриас илтэд зөрсөн, нэхэмжлэгчийг хамгаалсан /эсхүл тэдний нөлөөнд автсан/ зэргийг шүүх нягтлан шалгаагүй, нутгийн иргэд, байгууллагаас гэрч оролцуулаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох үзлэг, шалгалтыг хийгээгүй нь хууль хэрэглэх, нотлох баримтыг шинжлэн судлах зарчмуудыг зөрчиж байна.
Иймд дээрх хуулийн агуулга, хэм хэмжээг зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь “... Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайд очиж үзээгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа гэх нөхцөл байдлыг тогтоох ямар нэгэн ажиллагаа ... сонсох ажиллагаа хийлгүйгээр маргаан бүхий дүгнэлтийг гаргасан ... манай компани ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй ... маргаан бүхий захиргааны акт нь бодит байдалд үндэслээгүй, хууль бус ... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс маргаан бүхий ... актыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан ажиллагаа хийгээгүй ... яамны дүгнэлтийг манай компанид хүргүүлээгүй, мэдэгдээгүй байхад тусгай зөвшөөрлийг цуцалсан ... компанийн MV-001410 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь ... эдэлбэр газрын ашигт малтмал ашиглах эрхийг зөрчиж байна ... ” гэсэн үндэслэлээр “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/08 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 422 дугаар шийдвэрийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасан байна.
Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Архангай аймгийн Засаг даргаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд “... MV-001410 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Б” ХХК ... -ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа ... тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү” гэх агуулга бүхий 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 02/975 дугаар албан бичиг[1]-ийг хүргүүлсэн, мөн өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/08 дугаар дүгнэлт[2] гарч, уг дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 422 дугаар тушаал[3]-аар нэхэмжлэгч компанийн MV-001410 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан үйл баримт тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтэс нь нэхэмжлэгч компанийн ашигт малтмал ашиглалтын MV-001410 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргахдаа хамааралтай, бодит нөхцөл байдлыг тодруулаагүй, нотлох баримтыг цуглуулаагүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн маргаан бүхий 2019/08 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 422 дугаар шийдвэрүүд нь захиргааны үйл ажиллагаанд баримтлагдах “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” тусгай зарчимд нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6/-д “байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна” гэж тус тус хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд байгаль орчин, түүний баялгийг бохирдуулсан, муутгасан, гэмтээж сүйтгэсэн, мөн сөнөөж мөхөөх үйлдэл эс үйлдэхүй бодитоор бий болсон буюу эдгээр нөхцөл байдал бий болсны улмаас байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа талаар нутгийн захиргааны байгууллагын санал гарсан тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яам тухайн саналыг харгалзаж үзсэний үндсэн дээр байгаль орчинд хортой нөлөөлж байгааг тогтоосон дүгнэлт гаргах, уг дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаар байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргэгдсэн Архангай аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 02/975 дугаар[4]-тай “... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа ... ” гэх агуулга бүхий албан бичигт нэхэмжлэгч компани хамрагдсан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийг тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа “байгаль орчинд хортой нөлөөлсөн үйл ажиллагаа явуулсан талаарх бодит нөхцөл байдал бий болсон байсан”-ыг батлах баримт нотолгоо авагдаагүй байх тул хариуцагч нарын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.
Тодруулбал,
Хэрэгт Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 29 дүгээр албан бичиг[5]-ээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн “Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Б-ийн “... байгаль орчинтой холбоотой асуудлаар аймгийн Засаг даргын захирамжаар хэд хэдэн удаа ажлын хэсэг байгуулж ажиллаж байсан ... Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ц ахалж ажилласан ... 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Засаг дарга эзгүй байсан ... энэ асуудлаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ц сайн мэднэ, миний бие зөвхөн гарын үсэг зурсан бөгөөд дэлгэрэнгүй тайлбар гаргах боломжгүй байна ... ” гэх мэдүүлэг, мөн тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ц-ын “... “Б” ХХК-ийг ажиллаж байх хугацаанд тус компанитай холбоотой ямар нэгэн зөрчил гарсан эсэхийг миний бие нарийн мэдэхгүй, хэрэв тухайн үед ямар нэгэн зөрчил гарсан бол мэргэжлийн хяналт, байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын акт, дүгнэлт ... баримтуудаар тогтоогдох байх ... “Б” ХХК нь жил бүр менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнүүлж явж байсан ... нөхөн сэргээлтийг хангалттай хийсэн байна гэж харсан ... 02/975 дугаартай албан бичгийн тухайд, өмнө нь аймгийн Засаг даргаас байгаль орчны яаманд Орхон багт тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай санал явуулж байсан ... Эдгээр санал нь “Мг” ХХК, “MGH” ХХК-тай холбоотой санал байсан ... орлогч саналыг явуулсан ... ” гэх мэдүүлэг[6] зэрэг баримтууд авагджээ.
Түүнчлэн хэрэгт авагдсан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “... “Б” ХХК нь MY-001410 лицензтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийж ирсэн ... Энэ хугацаанд сумын Засаг даргын тамгын газраас Байгаль орчны үнэлгээ хийх боломжгүй, зөрчил гарсан нь тогтоогдож байгаагүй ... суманд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр ... ажлуудыг хийж гүйцэтгэсэн ...” гэх агуулга бүхий 01/163 дугаар албан бичиг[7], Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “... Б ХХК-ийн эзэмшиж байсан MV-001410 тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх хугацаанд тус газраас тусгай зөвшөөрөлтэй нь холбоотой санал, дүгнэлт гаргаж байгаагүй болно ...” гэх агуулга бүхий 01/122 дугаар албан бичиг[8], Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “... алт олборлох үйл ажиллагааг 2016 оноос эхлэн явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр батлуулж дүгнүүлж ирсэн ... тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэгэн санал дүгнэлт гаргаж байгаагүй болно ...” гэх 115 дугаар албан бичиг[9] , Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хяналт шалгалтын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/76 дугаар[10], 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/53 дугаар[11] танилцуулгууд болон хэргийн оролцогчдын тайлбар, өмнө дурдсан баримтууд зэргээс үзвэл нэхэмжлэгч “Б” ХХК-ийг ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасан байгаль орчинд хортой нөлөөлсөн нөхцөл байдал үүсгэсэн байжээ гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн маргаан бүхий 2019/08 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлтийн үндэслэл болох нутгийн захиргааны байгууллагын санал үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч компани нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд “байгаль орчинд хортой нөлөөлсөн нөхцөл байдал үүсгэсэн” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 422 дугаар шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй, анхан шатны шүүх “... үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/08 дугаар дүгнэлт нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэлгүй болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг үндэслэн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь мөн үндэслэлгүй ...” гэж дүгнэн уг шийдвэрүүдийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус хуульчилсан.
Хариуцагч нар нь Архангай аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 02/975 дугаар[12] “... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа ... ” гэх агуулга бүхий албан бичгийн үндэслэлийг хянаагүй, хавтаст хэрэгт нэхэмжлэгч компани байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдохгүй байх тул бодит байдлыг нягтлан шалгалгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүйн дээр шийдвэр гаргахаас өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, тайлбар, баримт гаргах эрх, оролцоог хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны байгууллага үйл ажиллагаандаа мөрдлөг болговол зохих “бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх” тусгай зарчимд нийцээгүй байна.
Иймээс хариуцагч захиргааны байгууллагуудын “... яамны дүгнэлт нь зорилгодоо нийцсэн бөгөөд олон жил бугшсан, орон нутгийн иргэдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн уул уурхайн лицензийн асуудлыг шийдсэн ... шүүх яамыг хяналт шалгалтын байгууллага мэтээр дүгнэж шийдвэрлэж байгаа нь хууль тогтоомжийг зөрчиж байна ... ”, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Төрийн захиргааны байгууллага тухайн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй бол байгаль орчинд хор нөлөө үзүүлж, мал уух усгүй болж бэлчээр улмаар экологийн тэнцвэрт байдал алдагдаж мал их хэмжээгээр хорогдох байсан ... нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай байсан тул төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргасан ... ” гэх гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй.
Анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1541 дүгээр захирамжаар Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан байх бөгөөд тус сумын Засаг даргаас “Тус сумаас “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаануудад оролцох боломжгүй” гэх агуулга бүхий 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/161[13], “... миний биеийг байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй ...” гэх агуулга бүхий 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/181[14] дүгээр албан бичгүүдийг тус тус шүүхэд ирүүлсэн, мөн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Шүүхийн даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 0341 дүгээр захирамжаар “Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Б-д эрх, үүрэг тайлбарлаж, гарын үсэг зуруулан, гэрчийн мэдүүлэг авч, мөн Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 02/975 дугаартай санал хүргүүлэх тухай албан бичигтэй холбоотой нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан авах”-аар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн захирамжид заасан даалгаврыг гүйцэтгэж ирүүлсэн, нэхэмжлэгчээс Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын саналтай холбогдуулан маргаагүй байх тул хариуцагч захиргааны байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... ашигт малтмалын харилцаанд өдөр тутам хяналт тавьж ажилладаг орон нутгийн байгууллагын төлөөллийг хэлбэр төдий оролцуулсан, тэдний байр суурь аймгийн Засаг даргын байр сууриас илтэд зөрчсөн, нэхэмжлэгчийг хамгаалсан /эсхүл тэдний нөлөөнд автсан/ зэргийг шүүх нягтлан шалгаагүй, нутгийн иргэд байгууллагаас гэрч оролцуулаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох үзлэг, шалгалтыг хийгээгүй нь хууль хэрэглэх, нотлох баримтыг шинжлэн судлах зарчмуудыг зөрчиж байна ... ” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Иймд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/08 дугаар дүгнэлт, түүнийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 422 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна гэж үзлээ.
Харин Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасны дагуу нутгийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгааг баримтаар тогтоож, энэ талаар холбогдох баримтад үндэслэн санал гаргах, тус саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргах, мөн уг дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах боломжтой, эрх бүхий байгууллага албан тушаалтнууд энэ талаар зохих шийдвэр гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч төрийн байгууллагуудаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] 1-р хавтаст хэргийн 60 дахь тал
[2] 1-р хавтаст хэргийн 55 дахь тал
[3] 1-р хавтаст хэргийн 56 дахь тал
[4] 1-р хавтаст хэргийн 60 дахь тал
[5] 1-р хавтаст хэргийн 141 дэх тал
[6] 1-р хавтаст хэргийн 145-149 дэх тал
[7] 1-р хавтаст хэргийн 204 дэх тал
[8] 1-р хавтаст хэргийн 227 дахь тал
[9] 1-р хавтаст хэргийн 1 дэх тал
[10] 1-р хавтаст хэргийн 158-162 дахь тал
[11] 1-р хавтаст хэргийн 164-171 дэх тал
[12] 1-р хавтаст хэргийн 60 дахь тал
[13] 1-р хавтаст хэргийн 205 дахь тал
[14] 1-р хавтаст хэргийн 210 дахь тал