Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1192

 

 

 

Б.Түвшинбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/03595 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Түвшинбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 333 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний эргийг, 

Зохигчдын гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Түвшинбаяр, түүний өмгөөлөгч Ц.Гансүх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунжаргал

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Адоре пропертиз” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхээ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Түвшинбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:  Манай байрны урд талын нийтийн эзэмшлийн зам талбай байх ёстой газарт Нийслэлийн засаг дарга захирамжаар бусдад газар эзэмшүүлэн, улмаар 12 давхар болон 2 давхар барилга барьснаар энэхүү маргаан эхэлсэн юм. Хуучнаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  Ч.Цэцэгмаа, Б.Түвшинбаяр нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэж 49 тоот шийдвэр гаргасан. Уг шийдвэрээр Нийслэлийн засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 тоот захирамжийн Х.Анхбаяр, Л.Чимгээ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Үүний дараа Нийслэлийн засаг даргын 2009 оны 03 дугаар 01-ний өдрийн Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай 80 тоот захирамжаар Л.Чимгээ, Х.Анхбаяр нартай байгуулсан газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж, газар чөлөөлж, холбогдох арга хэмжээ авахыг даалгасан боловч ямар нэг ажиллагаа хийгээгүй. Шүүхэд дахин нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж 180 тоот шийдвэр гаргасан. Уг шийдвэрт Нийслэлийн засаг дарга 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаар захирамжийн биелэлтийг хангах арга хэмжээг зохион байгуулж хяналт тавих үүргээ биелүүлээгүй орхигдуулсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх шийдвэрийг биелүүлэх арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг даалгасан. Үүний дагуу 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай 1003 тоот шүүгчийн захирамж, 42 тоот гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан болно. Гэтэл газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй, өөрөөр хэлбэл 2 давхар барилгын суурь үлдсэн, 12 давхар барилга бүтнээрээ байсаар байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 119 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 333 дугаар тогтоол гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 333 дугаар тогтоолд урьдчилан шийдвэрлэх журмын дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 333 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хариуцагч болон гуравдагч этгээд нарын тайлбарлаж байгаа шиг Засаг даргын 33 дугаар захирамжаар 80 дугаар захирамжаа хүчингүй болгоогүй бөгөөд шүүхийн шийдвэр 80 дугаар захирамжаа биелүүл гэж гарсан гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхэд гаргасан  тайлбартаа:

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 180 дугаар шийдвэрээр  Нийслэлийн Засаг дарга 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаар захирамжийн биелэлтийг хангах арга хэмжээг зохион байгуулж, хяналт тавьж үүргээ биелүүлээгүй орхигдуулсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх шийдвэрийг биелүүлэх арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг даалгасан.  Дээрх шийдвэрийн дагуу  2010 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 441 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн Нийслэлийн засаг даргад 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1/8678 тоот албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 33 дугаар захирамжаар дээрх шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 14, 15 дугаар байрнуудын дунд байрлах Х.Анхбаяр, Л.Чимгээ нарын “Адоре пропертиз” ХХК-иар бариулсан зочид буудлын С блокын барилгын хэсгийг албадан буулгаж, газрыг чөлөөлөхөөр захирамжилсан байна. Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн өмчийн харилцааны газар, Х.Анхбаяр, Л.Чимгээ, “Адоре пропертиз” ХХК, Б.Түвшинбаяр нарын хамтарсан хурлаар “Адоре пропертиз” ХХК нь зөвшөөрөлгүй барьсан С блокын барилгыг өөрийн хөрөнгөөр 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор буулгаж, газрыг чөлөөлөх үүрэг хүлээсэн байна. “Адоре пропертиз” ХХК нь тус албанд 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үүргээ бүрэн биелүүлж газар чөлөөлөн өгсөн талаар албан бичгийг ирүүлсэн тул гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн засаг даргын төлөөлөгч Ё.Энхээ нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн засаг дарга нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 180 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 173 тоот тогтоолыг биелүүлж 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаар захирамжаар “Адоре пропертиз” ХХК-ийн өмчлөлийн зочид буудлын С блокийн барилгыг буулгаж газар чөлөөлөх шийдвэр гаргасан бөгөөд “Адоре пропертиз” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дээрх барилгыг буулгаж газар чөлөөлсөн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгах тухай шийдвэр гүйцэтгэгчийн 333 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Адоре пропертиз” ХХК-ийн төлөөлөгч Д.Ундрахтамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 333 дугаар тогтоолыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй.  Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дүгээр шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн газар эзэмших эрх хүчингүй болгох тухай 80 дугаар захирамжаар Л.Чимгээ, Х.Анхбаяр нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 173 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн газрыг албадан чөлөөлөх тухай 33 дугаар захирамж гарсан. Уг захирамжид Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 14 болон 15 дугаар байрны дунд байрлах зочид буудлын барилгын С блокыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх асуудлыг шийдвэрлэсэн. “Адоре пропертиз” ХХК нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан зөвлөмжийн дагуу өөрийн хөрөнгөөр уг барилгын С блокыг буулгаж Нийслэлийн Засаг даргын 33 дугаар захирамж биелэгдсэн. Үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 333 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гарсан. Иймд   нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү. Одоо яригдаж байгаа 12 давхар барилга нь анх Х.Анхбаяр, Л.Чимгээ нарын эзэмшиж байсан газар дээр байгаа талаар маргаагүй бөгөөд уг газар одоогоор нийслэлийн өмчид байгаа, хэн нэг нь эзэмшээгүй газар юм. Мөн энэхүү 12 давхар барилгыг буулгах талаар аль нэг шүүхийн шийдвэрт тусгагдсан зүйл байхгүй. Засаг даргын 33 дугаар захирамжийг шүүхийн шийдвэрийн дагуу гаргаад улмаар биелэсэн. 33 дугаар захирамжид 12 давхрыг буулгах талаар зүйл байхгүй гэжээ.

Шүүх:  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Түвшинбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 333 дугаар тогтоолыг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Түвшинбаярт олгож шийдвэрлэжээ.  

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Адоре пропертиз” ХХК-ийн төлөөлөгч Э.Ганболор давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Адоре пропертиз” ХХК нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан зөвлөмжийн дагуу өөрийн хөрөнгөөр “Тод Бум констракшн” ХХК-иар өргөтгөл хэсэг буюу С блокыг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр буулган газрыг Нийслэлийн газрын албаны эрх бүхий албан тушаалтануудад хүлээлгэн өгсөн. Шүүхийн шийдвэрээр иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь “Адоре пропертиз” ХХК-ийн өмчлөлийн 12 давхар барилгыг бүхэлд нь нураах үндэслэл болохгүй юм.

Нийслэлийн Засаг даргын 80 дугаар захирамжийг биелүүлэхийг даалгасан
хэсгийн зарим хэсгийг биелүүлэхээр зааж 33 дугаар захирамж гаргасан нь
үндэслэлгүй бөгөөд өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх бүхий
субъект биш болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөх
боломжгүй юм.  Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаар газрыг албадан чөлөөлөх тухай захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг зааснаар Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд гарсан акт бөгөөд захирамжид гомдол гаргаагүй хуулийн хүчинтэй хэвээр байгаа.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсгийг буруу хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг зөвтгөх боломжгүй юм. Хуулийн энэ заалт нь тухайн газрыг эзэмших, ашиглах эрх нь дуусгавар болсон мөн газрыг зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд хэрэглэх хуулийн заалт юм. “Адоре пропертиз” ХХК нь иргэдийн хууль ёсны дагуу эзэмшиж байсан газар, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсны дагуу 12 давхар барилга барьсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар мэдэгдээгүй бөгөөд гуравдагч этгээд Нийслэлийн Засаг дарга болон “Адоре пролертиз” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, нотлох баримттай танилцуулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаатай шийдвэр гарсан гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн уулзалтуудад Б.Түвшинбаяр биечлэн оролцсон бөгөөд уг хурлаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 33 тоот “Газар албадан чөлөөлөх" тухай захирамжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах тухай буюу С блокыг асуудлыг хэлэлцэж маргаан бүхий С блокыг манай компани өөрийн хөрөнгөөр буулгана. 14, 15 дугаар байрны оршин суугчид болон СӨХ-той хамтран ажиллах, С блокыг буулгаснаар шүүхийн шийдвэр болон Засаг даргын захирамжийн биелэлт хангагдана гэж шийдвэрлэсэн.

 Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 19 дүгээр хороолол Чингисийн өргөн чөлөө 39, 39/1 тоот хаягт байрлах зочид буудал, конторын зориулалттай барилгын өмчлөгч нь “Адоре пропертиз” ХХК юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Энхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн өмчийн харилцааны газар, иргэн Х.Анхбаяр, Л.Чимгэз, "Адоре пропертиз" ХХК, Б.Түвшинбаяр нарын хамтарсан хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргаж, гуравдагч этгээдээр "Адоре пропертиз" ХХК-ийг татан оролцуулсан болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунжаргал нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гэмтлийн улмаас ажлаас түр чөлөөлөгдсөн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй гэж тэмдэглэн шүүх хурлыг хийсэн бөгөөд иргэний хэргийн хариуцагч болох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүх хурлын товыг мэдэгдээгүй, хамтран хариуцагч болох Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргаж ирүүлсэн хурлын тэмдэглэл болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримттай танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой  гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Түвшинбаяр нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 333 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг шаардсаныг хариуцагч “…шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн “Адоре пропертиз” ХХК гэрээний дагуу буулгалтын ажлыг хийж дуусгасан”  гэж маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 180 дугаар шийдвэрийг бүрэн биелүүлээгүй, 2 давхар барилгын суурь, 12 давхар барилга бүтнээрээ байгаа гэж тайлбарласан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 33 тоот захирамж, Өмч харилцааны газрын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5-275 тоот албан бичиг, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 8/1952 тоот албан бичгийн хариу, 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хамтарсан хурлын тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2015/33017 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. /хх-81-82/

Гэвч уг захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн зөрчилд хамаарч байна.

Мөн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШЗ2016/03956 дугаар захирамжаар Нийслэлийн засаг дарга болон “Адоре пропертиз” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулжээ. /хх-95-96/

2016 оны 03  дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн Засаг даргын тамгын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Ууганжаргалд итгэмжлэл олгосон боловч энэхүү итгэмжлэл нь Б.Түвшинбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох уг хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийн хувийг түүнд гардуулан өгсөн байна. /хх-121, 123/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ш.Төмөрбаатар, Ё.Энхээ нарт итгэмжлэл олгожээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т зааснаар шүүхээс зайлшгүй хийгдэх ажиллагааны нэг бол хэргийн оролцогч бүрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгөх  явдал юм.

Гэтэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар, Ё.Энхээ нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан эрх, үүргийг тайлбарлан өгөөгүй байна.

Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/03595 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Адоре пропертиз” ХХК-ийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                  ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Ш.ОЮУНХАНД