Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 655

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

    зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-00 хаягт байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5941469 регистрийн дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 05-02 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ66031015, Борлууд овогт Дамдингийн Даваасамбуу,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 05-02 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ66081307, Зурхайч овогт Чулуунбаатарын Жаргал нарт холбогдох,

   Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.531.904,57 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг, нийт 4.535.905,57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

  Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Дамдин овогтой Даваасамбуу нь Төрийн банктай 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 162000190013 тоот зээлийн гэрээ байгуулан 8.624.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 1,6 хувь, жилийн 19,2 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлийн барьцаанд цалин, 8 ханатай битүү шалтай гэр барьцаалсан. Зээлдэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 4.190.727,66 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 334.163,73 төгрөг, зээлийн торгуулийн хүүгийн үлдэгдэл 7.013,18 төгрөг болно. Зээлдэгч Д.Даваасамбуу нь гэрээний үүргээ зөрчиж хуваарь ёсоор төлбөрөө төлөөгүй тул 162000190013 тоот зээлийн гэрээний 5.1-д заасны дагуу гэрээг цуцалж өгнө үү. Зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 4.531.904,57 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 87,524 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний төлбөр 4.000 төгрөг, нийт 4.623.428,57 төгрөгийг зээлдэгч Д.Даваасамбуугаас гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Д.Даваасамбуу, Ч.Жаргал нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Төрийн банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 4.535.905 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Д.Даваасамбуу, Ч.Жаргал нарын хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

      Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Д.Даваасамбуу, Ч.Жаргал нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.531.904,57 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг, нийт 4.535.905,57 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.           

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Даваасамбуу, Ч.Жаргал нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.531.904,57 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 4.535.905,57 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Д.Даваасамбуу, Ч.Жаргал нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

   Хариуцагч Д.Даваасамбуу, Ч.Жаргал нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.531.904,57 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 4.535.905,57 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

   Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.524 төгрөгийн тал хувь болох 43.762 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 43.762 төгрөг, хариуцагч Д.Даваасамбуу, Ч.Жаргал нараас 43.762 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Нэхэмжлэгч Төрийн банкны  зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.531.904,57 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 4.535.905,57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Даваасамбуу, Ч.Жаргал нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 43.762 /дөчин гурван мянга долоон зуун жаран хоёр/ төгрөг, хариуцагч Д.Даваасамбуу, Ч.Жаргал нараас 43.762 /дөчин гурван мянга долоон зуун жаран хоёр/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, 43.762 /дөчин гурван мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.   

    3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Даваасамбуу, Ч.Жаргал нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ