Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 223/МА2026/00006

 

 

 

 

 

 

 

2026           02               26                                                223/МА2026/00006

 

 

 

“Т С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Т аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 317/ШШ2025/01662 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Т С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

        

 

          Хариуцагч: Б, орон сууцны корпораци /ОНӨААТҮГ/

 

          Хариуцагч: Т З

      

 

          Хариуцагч: “Д” ХХК нарт холбогдох,

      /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 57/2 байр 28 тоот/

 

“Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 652,857,393 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Түмэнбаярын гаргасан давж заалдах гомдлын дагуу 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Түмэнбаяр, С.Пүрэвсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Манай компани нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулахаар үүсгэн байгуулагдаж, тасралтгүй 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Бид 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр З хотын Мөргөө Тайлын орон сууцны хороололд баригдах 90 айлын орон сууцны барилгыг барих гэрээг Б, орон сууцны корпораци /ОНӨААТҮГ/-тай байгуулсан. Манай компани гэрээг байгуулсан өдрөөс барилгын зураг, төслийг гарган барилгын ул суурийг өөрийн 100 хувь хөрөнгө, төсвөөр санхүүжүүлэн цутгах ажлыг гүйцэтгэсэн. Захиалагч Т Зболон Б, орон сууцны корпораци /ОНӨААТҮГ/ бидэнтэй байгуулсан гэрээг үндэслэлгүйгээр цуцлаж, өөр компанитай гэрээ байгуулан бидний хийсэн ажлыг үргэлжлүүлэн барилгын ажлыг гүйцэтгүүлсэн.  Бид ямар учир шалтгааны улмаас гэрээ цуцлах болсон талаар захиалагч талаас тодруулахад тодорхой хариу өгөөгүй.

 Манай “Т С” ХХК энэхүү төслийг эхлүүлэхийн тулд менежмент болон хөрөнгийн эх үүсвэр гаргаж эхлүүлсэн туйлын тодорхой үйл баримт байсаар байтал төрийн эрх бүхий байгууллага Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан өмчлөгчийн эрхэд халдаж байна.

“Д” ХХК нь Б орон сууцны корпораци ОНӨААТҮГ, Т Знартай хуйвалдаж, тус байгууллагын хууль ёсны хүчин төгөлдөр гэрээний дагуу гүйцэтгэсэн барилгын суурийн ажил байсаар байхад манай гүйцэтгэсэн ажлын зардлыг шийдвэрлэхгүйгээр шууд хоорондын гэрээнийхээ зүйл болгох замаар ашиг хүртэж, өөрийн өмчлөлд шилжүүлэн авч суурин дээр үргэлжлүүлэн барилга барьж иргэдэд худалдан борлуулж ашиг олсон.

Гэрээний дагуу өөрсдийн төсөв санхүүгээрээ хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл өгөлгүй манай компани эрх, ашгийг зөрчиж байна. Иймд нийт 652,857,390 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч Т Зхариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, үндэслэлээ: “Б, орон сууцны корпораци /ОНӨААТҮГ/, “Т С” ХХК нар нь Б, орон сууцны корпораци /ОНӨААТҮГ/-ийн эзэмшлийн Т аймгийн З сумын 1 дүгээр багт байрлах орон сууцны зориулалттай **нэгж талбарын дугаартай 19187 мкв газраас 2250 мкв газарт 90 айлын орон сууцнаас Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан түрээсийн орон сууц хөтөлбөрийг 4.3.2.1-т зааснаар нийт талбайн 2.0 хувийг буюу 30 м.кв талбайтай 3 орон сууцыг үнэ төлбөргүй орон нутгийн өмчлөлд шилжүүлэх, барилга ашиглалтанд оруулсны дараа газрыг буцаан нийтийн эзэмшилд шилжүүлэх үүргийг тус тус хүлээж, 08/2019 дугаар гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан. Тус гэрээгээр “Т С” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлэхгүйн улмаас барилгын ажил удаашрах нөхцөл байдалд хүрсэн. ** зүгээс удаашралтай байгаа орон сууны барилгуудыг идэвхжүүлэх, гэрээг дүгнэх ажлын хэсгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/143 дугаар захирамжаар байгуулан ажилласан. Тус ажлын хэсгийн хуралдаануудаар “Т С” ХХК-ийн ажлын гүйцэтгэл, цаашид үргэлжлүүлэх боломжтой эсэх талаар санхүүгийн баримт зэргийг ажлын хэсэгт ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч тус баримтуудыг ажлын хэсэгт ирүүлээгүй болно. Ажлын гүйцэтгэл, санхүүгийн баримтуудыг ирүүлээгүй тохиолдолд хамтран ажиллах гэрээг цуцлаж, өөр хуулийн этгээдэд шилжүүлэх мэдэгдэл хүргүүлж ажилласан. Б, орон сууцны корпораци /ОНӨААТҮГ/, “Т С” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд Т Зтөлбөр төлөх үүргийг хүлээгүй, ямар нэг гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

 

3.Хариуцагч Б, орон сууцны корпораци /ОНӨААТҮГ/ хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, үндэслэлээ: “Т С” ХХК-тай Т аймгийн З сумын Мөргөө Тайлын орон сууцыг барьж улсын комисст хүлээлгэн өгөх гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 08/2019 дугаар гэрээг байгуулсан. Гэрээгээр Т аймгийн З сумын 1 дүгээр багт байрлах орон сууцны зориулалттай **нэгж талбарын дугаартай 19187 м.кв газраас 2250 м.кв газарт 90 айлын орон сууцнаас Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан түрээсийн орон сууц хөтөлбөрийг 4.3.2.1-т зааснаар нийт талбайн 2.0 хувийг буюу 30 м.кв талбайтай /3/ орон сууцыг үнэ төлбөргүй орон нутгийн өмчлөлд шилжүүлэх, барилга ашиглалтанд оруулсны дараа газрыг буцаан нийтийн эзэмшилд шилжүүлэх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан.

Тус гэрээгээр “Т С “ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй, барилгын ажил удаашрах нөхцөл байдалд хүргэсэн. Үүнийг Б, орон сууцны корпораци /ОНӨААТҮГ/-ийн зүгээс удаа дараа мэдэгдсэн болно.  ** зүгээс удаашралтай байгаа орон сууцны барилгуудыг идэвхжүүлэх, гэрээг дүгнэх ажлын хэсгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/143 дугаар захирамжаар байгуулан ажилласан ба тус ажлын хэсгээс “Т С” ХХК-ийн ажлын гүйцэтгэл, цаашид үргэлжлүүлэх боломжтой эсэх талаар санхүүгийн баримт зэргийг ажлын хэсэгт ирүүлэхийг удаа дараа шаардаж ажилласан.

Ажлын гүйцэтгэл, санхүүгийн баримтуудыг Т С ХХК-аас ирүүлээгүй тохиолдолд хамтран ажиллах гэрээг цуцлаж, өөр хуулийн этгээдэд шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлж ажилласан.

Б, орон сууцны корпораци болон “Т С” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр “Т С” ХХК-д төлбөр төлөх үүргийг хүлээгээгүй болно. Иймд “Т С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

  

4.“Д” ХХК хариу тайлбартаа: “Т С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, үндэслэлээ: “Д” ХХК нь Б, орон сууцны корпораци /ОНӨААТҮГ/-тай 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн /03/2020/ дугаар гэрээг байгуулсан. Гэрээг үндэслэн нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Д”-ийг хамтран хариуцагчаар татсан байх бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02/2020 гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-т заасны дагуу захиалагч талын эзэмшлийн газарт гэрээ хэрэгжих хугацаанд ашиглан гэрээ хэрэгжиж дуусмагц захиалагчид буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн болно. Тухайн газар түүний бүрдэлд хамаарах зүйлс нь захиалагч талын гэрээний үүрэгт хамаарах бөгөөд гүйцэтгэгчид бие даасан үүрэг үүсгээгүй. Нэхэмжлэгч “Т С” ХХК болон  хамтран хариуцагч нарын хооронд ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулагдаагүй бөгөөд аливаа хэлбэрээр шаардах эрх бий болох эрх зүйн харилцаа үүсээгүй болно. Нэхэмжлэгч нь зөвхөн барилгын зураг төсөлд хамаарах баримт бичигт үндэслэн шаардлагаа тодорхойлох бөгөөд зохиомол нөхцөл байдлыг зориудаар бий болгон шаардах эрхээ хийсвэрээр тодорхойлж байгаа үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

5.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Т аймаг, Барилга захиалагч орон сууцны корпораци ОНӨААТҮГ, Т аймгийн Засаг дарга, “Д” ХХК нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 604,956,747 төгрөг гаргуулах тухай Т С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,526,634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаар хойш 14 хоногийн дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдаж шийдвэрлэжээ.

 

 6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Түмэнбаяр давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хариуцагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нөхцөлд дүгнэлт хийгээгүй. Бид анхнаасаа хариуцагч талыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Нэхэмжлэгч "Т С" ХХК нь хариуцагч Т аймгийн Засаг дарга, Б, орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-тай 2019 оны 04 сарын 22-ны едер Тдугаар "З хотын "Мөргөө" Тайлын орон сууцны хороололд баригдах 90 айлын орон сууцны барилгын хамтран ажиллах гэрээ" (цаашид "Гэрээ" гэх) -г байгуулсан. Уг гэрээний дагуу хуулийн хүчинтэй байх хугацаанд нэхэмжлэгч нь тус 90 айлын орон сууцны барилгын суурийн ажлыг өөрийн хөрөнгөөр, бодитоор гүйцэтгэсэн бөгөөд уг ажил нь барилгын салшгүй бүрдэл хэсэг болж, улмаар гэрээ цуцлагдсаны дараа шинээр үргэлжлүүлэн барьсан дараагийн гүйцэтгэгч болох хариуцагч "Д" ХХК тус суурин дээр барилгыг үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулан, орон сууцыг худалдан борлуулж бодит ашиг хүртсэн юм.

Түүнчлэн анхан шатны шүүхээс мөн нэхэмжлэгч нь тус 90 айлын орон сууцын барилгын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар ерөнхий төлөвлөгөөний дагуу хийлгэж, зоорийн давхрын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь нотлох баримтаар нотлогдож буй талаар дүгнэлт хийсэн Шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 14./ хэдий ч тус ажлын төлбөрийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн зардал, хөрөнгө, хөдөлмөрийн үр дүн болох барилгын суурийн ажлын үр шимээр хариуцагч "Д" ХХК бодитой хөрөнгөжсөн ба нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн суурийн ажлыг ашигласнаар хариуцагч суурь барихад шаардагдах хэмжээний хөрөнгө, барилгын зураг төсөл, барилгын материал, техник, хөдөлмөрийн зардлыг огт гаргаагүй бөгөөд барилгын ажлыг шууд үргэлжлүүлэн барьснаар эдийн засгийн давуу байдлыг олж авсан. Өөрөөр хэлбэл, хэрэв нэхэмжлэгч суурийн ажлыг гүйцэтгээгүй байсан бол хариуцагч уг ажлыг өөрөө гүйцэтгэх эсхүл гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, ижил хэмжээний зардал зайлшгүй гаргах байсан нь тодорхой юм. Энэ зардлыг гаргалгүйгээр барилгыг үргэлжлүүлэн барьж, ашиг хүртсэн нь хариуцагчийн хоронгөжсөн бодит хэлбэр юм.

Энэ нь нэхэмжлэгчийн зардлаар хариуцагч "Д" ХХК хөрөнгөжиж буй Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" нөхцөл байх атал анхан шатны шүүх нэхэмжлэгч болон "Д" ХХК нарын хооронд взэмжлэгчийн омно үүсээгүй гэж үзэн энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн нь гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тул хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэг Шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 97 хууль хэрэглээний ноцтой алдаа бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна. Учир нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих харилцаа нь хуулиас үүдэх үүрэг буюу гэрээний бус үүрэг атал гэрээ Байгуулагдаагүй гэх үндэслэлээр дүгнэлт хийлгүй орхисон нь үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн тус барилгын зоорийн давхрын ажлыг барихад зарцуулсан 652,857,393 төгрөгийг хариуцагч “Д" ХХК-аас гаргуулах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгчийн "өөрийн хөрөнгөөр" гүйцэтгэсэн гэх тайлбар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч "Т С" ХХК нь шаардаж буй үнийн дүн болох 652,857,393 төгрөгийг “өөрийн хөрөнгөөр” гаргасан гэж тайлбарлаж байх хэдий ч энэ нь үйл баримтаар нотлон тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Шүүх уг дүгнэлтийг гаргахдаа нэхэмжлэгч "Т С" ХХК болон “Цэгц болд" ХХК карын хооронд байгуулсан гэрээнд “Цэгц болд" ХХК нь суурийн ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэнэ гэж заасан байдлыг үндэслэн, нэхэмжлэгч тус ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгээгүй гэж үзсэн нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн дүгнэлт юм.

Учир нь нэхэмжлэгч гэрээний дагуу ажлыг гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгч оруулах бүрэн эрхтэй бөгөөд энэ нь захиалагч буюу хариуцагчийн өмнө хүлээсэн нэхэмжлэгчийн үндсэн үүргийг үгүйсгэх, өөрчлөх, шилжүүлэх эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм. Өөрөөр хэлбэл, "Цэгц болд" ХХК нь нэхэмжлэгчийн өмнөөс тодорхой ажлыг гүйцэтгэж буй туслан гүйцэтгэгч бөгөөд уг ажлын гүйцэтгэл, үр дүн, төлбөртэй холбоотой бүх хариуцлагыг нэхэмжлэгч бүрэн хариуцсан болно. Туслан гүйцэтгэгч “өөрийн хөрөнгөөр" ажил гүйцэтгэнэ гэж гэрээнд тусгасан нь тус ажлыг хөлсийг нэхэмжлэгч хариуцахгүй гэсэн агуулга биш юм. Энэ нь нэхэмжлэгч нь "Цэгц болд" ХХК-тай байгуулсан гэрээнээс үүсэх төлбөрийн үүргийг бүрэн хүлээж байгаа бөгөөд уг гэрээний дагуу хийгдсэн ажил нь нэхэмжлэгчийн захиалгаар, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлын хүрээнд гүйцэтгэгдсэн ажил мөн болно.

Иймд туслан гүйцэтгэгч оролцуулан гүйцэтгүүлсэн уг ажлыг нэхэмжлэгч өөрийн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээр гүйцэтгэсэнд тооцох бүрэн үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “өөрийн хөрөнгөөр" ажил гүйцэтгээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Д” ХХК нь барилгын 0 давхар буюу суурийн давхрыг үргэлжлүүлэн барьсан, тухайн барилгын зураг төслийг ашигласан нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл өмнөх зураг төслөөр барилга баригдсан байна. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа хариуцагч тал өөрсдөө тооцоо гаргаж, уг барилгын суурийн ажилд “Д” ХХК-иас 300,000,000 төгрөг, “Цэгцболд” ХХК-иас 200,000,000 төгрөг, бусад этгээдээс 122,000,000 төгрөг тус тус орсон, мөн зураг төслийн ажилд 18,000,000 төгрөг зарцуулсан талаар санхүүгийн баримт гаргаж өгсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх эдгээр баримтыг үнэлж дүгнээгүй. Энэ нь “Т С” ХХК-ийн оролцоо, уг компанийн хөрөнгө барилгын ажилд орсон болохыг харуулж байна. Шүүхийн шийдвэрт “Цэгцболд” ХХК нь барилгын 0 давхрыг өөрийн хөрөнгөөр босгохоор гэрээнд заасан тул “Т С” ХХК-ийн хөрөнгө оруулалт нотлогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэвч “Цэгцболд” ХХК нь 100 хувь өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн гэх дүгнэлт нь нэхэмжлэгч талаас гаргасан баримтуудаар үгүйсгэгдэж байна. “Цэгцболд” ХХК нь уг барилгын ажилтай холбоотой бодит нөхцөл байдлыг мэдэх этгээд. Нэхэмжлэгч талаас тус компанийг хамтран хариуцагчаар татуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй. Хэрэв “Цэгцболд” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан бол хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох боломжтой байсан гэж үзэж байна. Дараа нь гуравдагч этгээдээр татсан боловч 2 жилийн хугацаанд удаа дараа дуудсан ч шүүх хуралдаанд ирээгүй. Энэ нь нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа биш. Иймд “Цэгцболд” ХХК-ийг хэрэгт бүрэн оролцуулахгүйгээр уг хэргийн бодит нөхцөл байдал бүрэн тогтоогдох боломжгүй. Улмаар “Т С” ХХК-ийн хөрөнгө оруулалт үгүйсгэгдэх нөхцөл байдал үүсэж байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв

1.Анхан шатны шүүх зохигчдын эрхийг зөрчсөн зүйлгүй боловч маргасан, маргаагүй үйл баримтыг зөв тогтоож чадаагүй, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлоогүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

2.Нэхэмжлэгч “Т С” ХХК нь “...2019 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр Б, орон сууцны корпораци ОНӨААТҮГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан З хотын Мөргөө Тайлын орон сууцны хороололд баригдах 90 айлын орон сууцны барилгыг барихаар болж, барилгын зураг, төслийг гарган, барилгын суурийн өөрийн 100 хувь хөрөнгөөр гүйцэтгэсэн...Захиалагч тал бидэнтэй байгуулсан гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, “Д” ХХК-тай гэрээ байгуулсан. Харин “Д” ХХК нь өөрийн өмчлөлд шилжүүлэн  авч суурин дээр үргэжлүүлэн барилга барьж, иргэдэд худалдан борлуулж ашиг олсон. Иймд  суурийн ажилд зарцуулсан зардал 652,857,390 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж тайлбарласан.

 

Хариуцагч Т З“...Т С ХХК болон Т аймгийн барилга  захиалагч, орон сууцны корпораци  нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй...” гэж,

 

Хариуцагч Т аймгийн барилга  захиалагч, орон сууцны корпораци “...Т С ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй,...ажлын гүйцэтгэл болон цаашид үргэлжүүлэх боломжтой эсэх талаар санхүүгийн баримтыг ажлын хэсэгт ирүүлэх талаар удаа шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн, захиалагч тал гэрээгээр төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй...” гэж,

 

Хариуцагч “Д” ХХК “...Т аймгийн барилга  захиалагч, орон сууцны корпорацитай 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан, харин Т С ХХК-тай  ямар нэгэн гэрээ байгуулаагүй буюу эрх зүйн харилцаа үүсээгүй тул аливаа хэлбэрээр шаардах эрх үүсэхгүй. Нэхэмжлэгч зөвхөн барилгын зураг төсөлд хамаарах баримт бичгийг үндэслэн шаардлагаа тодорхойлох бөгөөд зохиомол нөхцөл байдлыг зориудаар бий болгож шаардах эрхээ хийсвэрээр тодорхойлж байгаа нь үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байдаг.

 

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т “Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Т С” ХХК нь шаардаж буй үнийн дүн болох 652,857,393 төгрөгийг “...өөрөө хөрөнгөөр...” гэж тайлбарлаж байх хэдий ч энэ үйл баримт баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ”,

-14-т “Нэхэмжлэгч Т С ХХК нь Б орон сууцны корпораци ОНӨААТҮГ-тай байгуулсан гэрээний дагуу “Мөргөө” хорооллын 90 айлын орон сууцны барилгын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар ерөнхий төлөвлөгөөний дагуу хийлгэж зоорины давхрын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. Суурийн ажлыг хийсэн эсэх талаар хэн аль нь маргаагүй” гэж зөрүүтэй дүгнэсэн,

 

мөн хэрэгт авагдсан 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Тдугаартай “З хотын “Мөргөө” Тайлын орон сууцны хороололд баригдах 90 айлын орон сууцны барилгын хамтран ажиллах гэрээ”-нд Б орон сууцны корпораци:

-2.1-т “Захиалагч Б орон сууцны корпораци нь Т аймгийн З сумын 1 дүгээр баг Мөргөө хороололд орон сууцны зориулалтаар эзэмшиж буй **дугаар бүхий 19187 м2 газраас 2250 м2 газрыг гүйцэтгэгч “Т С” ХХК-нд 90 айлын орон сууцны барилга барих зориулалтаар 2019 оны 12-р сарын 25-ны өдөр хүртэл ашиглуулахыг хүлээн зөвшөөрлөө.” гэж,

** тамгын газар:

-2.7-д “Засгийн газрын 2015 оны 248 тоот тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн 4.3.2.1 дахь заалтыг үндэслэн баригдсан орон сууцны нийт талбайн 2.0 хувь буюу 30 м2 талбайтай /3/ орон сууцыг орон нутгийн өмчлөлд шилжүүлэн авч түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх” гэж,

-3.6-д “Орон сууцны барилгын ажлыг энэхүү гэрээний хүчинтэй хугацаанд багтаан бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн байна” гэж гэрээнд талууд хамтран оролцох эрх, үүрэгтэй талаар заасан байхад анхан шатны шүүх “...ажил гүйцэтгэх гэрээг амаар болон бичгээр аль ч хэлбэрээр хийж болох ба хариуцагч “Д” ХХК болон Т аймгийн Засаг даргатай амаар хэлцэл хийсэн эсэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хуульд болон гэрээгээр хүлээсэн үүрэг Т С ХХК-ийн өмнө үүсээгүй гэж үзэж, энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй” гэх ойлгомжгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”,

мөн хуулийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

 

3.Түүнчлэн нэхэмжлэгч Т С ХХК нь 604,956,747 төгрөгийн гэрээг цуцалснаас учирсан хохирол нэхэмжлээгүй байхад хохирол шаардсан гэж үзсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүй гэж үзэх үндэслэл болж байна.

 

4.Дээрх нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн  116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэж үзэх  үндэслэлд хамаарна.

5.Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 317/ШШ2025/01662 дугаар шийдвэрийг хүчингүй болгож мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Түмэнбаярын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг буюу “...үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардлагаа тодорхойлсон, анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй...” гэх хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ. 

 6.Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,422,236 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1.Т  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 317/ШШ2025/01662 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Түмэнбаярын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.  

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Түмэнбаярын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,422,236 /гурван сая дөрвөн зуун хорин хоёр хоёр зуун гучин зургаа/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

   3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                                     

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       З.ТҮВШИНТӨГС

                                     ШҮҮГЧИД                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                               А.ЦЭРЭНХАНД