Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 140

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,

улсын яллагч Д.Сүрэнхор,

хохирогч Б.Г ,

хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,

гэрч Д.Б ,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,

шүүгдэгч Ц.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2019/0133/Э индекстэй, эрүүгийн 1915000960110 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 09 сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн ... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ц.Б  .  

Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Ц.Б  нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын нутагт **-** ОРХ улсын дугаартай “Hyunda Sonota-6” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, улмаар Б.Г ын амь насыг хохироож, А.Ү ын эрүүл мэндэд хүндэвтэр, О.Б ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 Шүүгдэгч Ц.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Б.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний дүү Б.Г  нь авто ослын улмаас нас барсан. Гэртээ байсан хүүхдийг дуудаж авч яваад ийм байдалд оруулсанд гомдолтой байна. Бид нар дүүгээ алдаж сэтгэл санаагаар хохирчихоод дээр нь эд хөрөнгөөрөө хохирч байна. Бидний хохирлыг төлөөгүй, оршуулгын зардалд нийт 99281300 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Гэрч Д.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хүү 1998 онд төрсөн хорь нэгэн настай, ХАА-н чиглэлээр БНХАУ-д сурч байсан. Хүүгээ өнгөрсөнөөс хойш надад маш хэцүү байна. Найз нөхөд нь гэрээс нь авч яваад л ийм байдалд оруулчихаад биднийг үл хүндэтгэсэн, яасан ч яахав гэсэн байдалтай байгаад гомдож байна. Бид бодит хохирлоо нэхэмжилж байна, хүнээ алдчихаад дээр нь эд хөрөнгөөрөө хохирч байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн 1915000960110  дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч А.Ү ын өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр найз Б ийн граж дээр найз А , Б , талийгаач Г  нарын хамтаар юм хийж байхдаа пиво ууцгаасан. Орой болоод Б ийн граж дээр байж байхад Б  ирээд бид нар бүгд Б гийн машинд суугаад Орхон аймгийн төв рүү Дэнж багаас орсон. Тэгээд буцаж Б ийн граж дээр очоод байж байхад Б  машинаа унаад зугтсан. Тэгэхээр нь талийгаач Г , би болон А , Б  бид нар Б гийн машинтай араас нь явж байгаад осолд орсон. Миний хөл болон эгэм хугарсан, надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-44-45 тал/,

Хохирогч О.Б ийн өгсөн: Би 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр найз Б ийн граж дээр юм хийж байсан. Тухайн үед Ү , Б , А , талийгаач Г  бид нар цугласан ба Б  пиво авч өгөөд бид нар уусан. Тэгээд байж байтал Б  ирээд бид нар Б гийн машинд суугаад Орхон аймгийн төв рүү Дэнж багаас орсон ба шөнийн 00 цаг болж байсан. Тэгээд буцаж Дэнж орох үед Б  машинаа унаад зугтсан. Бид нар Б гийн **-** ОРХ улсын дугаартай “Hyunda Sonota-6” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан ба Б  урд явж байгаад зугтаад байсан. Тэгээд л нэг мэдсэн маргааш нь би эмнэлэгт сэрсэн. Тухайн ослын талаар юу ч санахгүй байна. Би ослын улмаас тархины хагалгаанд орсон, 3 хавирга хугарсан, зүүн нүд маань юм харахгүй байгаа. Надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-48-49 тал/,

Гэрч Б.Б гийн өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-нд шилжих шөнө 00 цаг 45 минутын үед намайг ажил дээрээ сууж байхад гадаа маш хүчтэй “тасхийх” чимээ гарсан...гараад харахад манай шатахуун түгээх станцын далан руу **-** ОРХ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл авто осолд орсон байсан. Би шууд ажлынхаа байрнаас ...эмнэлэгт хэлээд ...осолд орсон машин дээр очсон ... гэх мэдүүлэг /хх-56-57 тал/,

Гэрч О.Б ын өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өөрийнхөө ажил дээр ажлаа хийгээд байж байхад шөнийг 00 цаг 45 минутын үед гадаа машин унах шиг чимээ гарсан. Тэгээд цонхоороо харахад нэг машин манай шатахуун түгээх станцын хажуу талын үерийн далан руу орсон байсан ба мөн нэг машин тухайн машины цаахан талд цаашаа эргээд орж байсан ба цаашаа яваад Дэнж багийн зүгт хараад гэрлээ тусгаад зогссон. Тэгээд зогсож байгаад цаашаагаа Дэнж багийн зүгт явсан...гэх мэдүүлэг  /хх-58 тал/,

 

Гэрч Г.Б ийн өгсөн: ...Танил захын урдуур явж байхад манай найзууд миний ард явж л байсан, тэгээд цаашаа явж байгаад Хангай дэлгүүр өнгөрөөд толинд хойшоо харахад хойно ямар нэгэн машин байгаагүй. Тэгэхээр нь би буцаад явчихаж гэж бодоод цаашаа нэвт Булган аймгийн чиглэлд явж байгаад Магнай трейд, Петровис шатахуун түгээх станцын наагуур салах гээд эргэсэн чинь араас нэг машин ирээд шүргэх шиг болсон. ...Тэгээд байж байхад Орхон аймаг талаас цагдаа болон эмнэлгийн машин тухайн Петровис шатахуун түгээх станц дээр ирсэн. Тэгээд гайхаад яваад очиход нэг машин үерийн далан руу орсон байсан ба харахад манай найзуудын явж байсан **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан юм. Намайг очсоноос хойш эмнэлэг ирж Б гийн машинаас хүмүүс гаргаад аваад явж байсан, тухайн үед би яг хэн хэнийг нь гаргаад авч явж байгааг харах гэхэд нүүр ам нь цус болсон байсан учир хэн гэдэг нь танигдаагүй. Тэнд байсан цагдаа нар нэг нь газар дээрээ нас барсан гэж хэлж байсан. Би бол очиж харж чадаагүй. ...Анх би осол болсон газар ирээд л шууд шоконд орсон. ...Би найзуудаасаа зугтаад явж байхдаа замаасаа хэн нэгийг аваагүй, эхнэр дуудаад байхаар нь л найзуудаасаа салах гээд гэрлүүгээ явж байсан юм гэх мэдүүлэг /хх-59-62 тал/,

Гэрч Б.А ийн өгсөн: “...Бид нар араас нь дагаж явж байсан учраас ард хэсгийг нь шүргээд замын хажуу руу орох шиг болсон. Нэг мэдсэн гадаа сэрсэн ба осолд орсон байсан. Тухайн үед жолооч Б , би болон колонкийн залуу байсан. Тэгээд байж байтал цагдаа болон эмнэлэг ирсэн. ...Б  өөрөө жолоодож явсан. ...Б  урд явж байгаад гэнэт зогсож эргээд тэгээд л замын хажуу руу орсон. Тэрнээс осол гарахад хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. ...Манай машин бол тухайн үед 120 км цагийн хурдтай явсан ба 120 км цагийн хурдтай явахад Б ийг гүйцэхгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-63-67 тал/,

Шүүгдэгч Ц.Б гийн яллагдагчаар татагдаж өгсөн: “...Тэгээд гражийнх нь гадаа очоод Б  бид 2 машинаас буухад Б  өөрийнхөө **-** ОРА улсын дугаартай “Sonota -7” маркийн машиндаа суугаад машинаа асаагаад шууд яваад өгсөн. Тэгээд би явчихаар нь машиндаа суусан. Тэгсэн миний машинд сууж байсан манай найзууд болох Ү , Б , А  талийгаач Г  нар “Б ийн араас нь явъя” гэж хэлсэн. Тэгээд араас нь явахад Б  нь аюулгүйн тойрог тойроод байдаг 6-2 дугаар байрнаас хөдлөөд явсан. Араас нь явахад зугтаагаад гүйцэгдэхгүй байсан. Тэгээд л араас нь хөөгөөд Булган аймаг руу явдаг замаар явж байхад Петровис шатахуун түгээх станцын наахан талд би гүйцэж түрүүлэх гэж байтал Б  гэнэт зүүн гар тийш дараад эргэсэн, тэр үед би зайлах гээд баруун гар тийш дараад осолд орсон. Тэгээд би осолд орсныхоо дараа   хаалгаа   онгойлгох   гэсэн   боловч   онгойхгүй   байсан   ба шатахуун түгээх станцын хүмүүс гаднаас хаалга онгойлгоод намайг гаргасан. Яг ослын дараа бол талийгаач амьд байсан ба дуугараад юм яриад байсан. Түүнээс хойш би сайн санахгүй байна, ухаан санаа орж гараад байсан. Замын нөхцөл байдал бол хэвийн, ямар нэгэн эвдрэл гэмтэл, халтиргаа гулгаа байгаагүй. ...Би тухайн үед ямар нэгэн зогсоох арга хэмжээ авч чадаагүй. Учир нь маш богино хугацаанд осол болсон. ...Ойролцоогоор 100-120 км цагийн хурдтай явсан байх...” гэх мэдүүлэг /хх-132-134 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дүгээр сарын 06-ны өдрийн 49 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн “Б ” гэж хаягласан цусанд 0,8% спиртийн зүйл илэрсэн нь согтолтын “хөнгөн” зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-79 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дүгээр сарын 06-ны өдрийн 50 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн “II25...Б  28/эр” гэж хаягласан цусанд спиртийн зүйл илэрсэнгүй гэх дүгнэлт /хх-81 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн “Ү ” гэж хаягласан цусанд 1,2% спиртийн зүйл илэрсэн нь согтолтын “хөнгөн” зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-83 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дүгээр сарын 27-ны өдрийн 47 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн “21нас Б.Г ” гэж хаягласан цусанд 3,3% спиртийн зүйл илэрсэн нь согтолтын “хүнд” зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-87 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дүгээр сарын 01-ний өдрийн 82 дугаартай:

1.2. Магадлуулагч Б.А ийн биед тархи доргилт, зүүн дээд зовхинд оёдол бүхий шарх, нүдний салстад цус харвалт, дух, зүүн чамархайн хуйхан дор цус хуралт, зүүн хацар, шанаа, зүүн нүд, дух, зулай чамархай хэсгийн хуйхан дор хаван, зүүн хацар, духны зүүн хэсэгт жижиг олон тооны зураасан, баруун, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-90-91 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаартай:

1.2. Магадлуулагч А.Ү ын биед баруун эгэмний хөндлөн зөрөөтэй хугарал, зүүн шилбэний хоёр яс гадна хэсгээр хоёрлосон зөрөөтэй хугарал, баруун чамархайд оёдол бүхий шарх, баруун мөр, зүүн гуяны ар хэсгээс тавхай хүрсэн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл шарх нь хатуу мохоо зүйлийн цохих болон цохигдох хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-93-94 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 81 дугаартай:

1.2. Магадлуулагч О.Б ийн биед суурь яс, зүүн чамархай ясны урд хонхор 2 нүдний ухархайн дотор хана, хоншоор яс 2 талдаа, зүүн хацар ясны нум хамарсан нийлмэл хугарал, доод эрүүний зөрөөгүй хугарал, зүүн чамархайн тархины эдэд цусан хураа, баруун уушигны бүрэн бус авчил, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, баруун 1,2,3,4 дүгээр хавирганы бяцарсан хугарал, зүүн нүдний харааны мэдрэлийн дарагдал, дискийн хатингар, нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд шарх, олон тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт эмчилгээ эдгэрлээс хамаарна гэх дүгнэлт /хх-110-112 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай:

1. Талийгаач Б.Г ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын суурь яс их бие хэсгээрээ дотогш цөмөрч цагираг хэлбэрийн олон сэлтэрхий үүсгэсэн хугарал, их тархины зүүн тал бөмбөлөгийн суурь, чамархай хэсгийн аалзан бүрхүүл доорхи тархмал цус хуралт, уушигны эдийн няцрал, баруун бөөрний өөхлөг, уушигны угийн цус хуралт, элэгний язрал, дотор эрхтний доргилт, зүүн 1 дүгээр хавирганы хугарал, дух, хөмсгөнд шарх, баруун хацар, өвдөг шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн болно.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь нас бараад 16-18 орчим цаг болжээ.

5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

6. Амьдрах боломжгүй гавал, тархины хүнд гэмтэл тул эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэх дүгнэлт /хх-96-97 тал/,

Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 9 дугаартай:

1. Жолооч Ц.Б гийн В ангиллын ****** дугаартай жолооны үнэмлэх тухайн осол болох үед хүчинтэй байсан ба 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зөрчлийн оноо дуусаж тээврийн хэрэгсэл жолоодох эрх түдгэлзсэн байна.

2. ...Жолооч Б  нь МУЗХД-ийн 9.7 “... тухайн чигт хандсан дохио өгнө” гэсэн,

Жолооч Ц.Б  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

3. Зам тээврийн осол гарах үед **-** ОРХ улсын дугаартай “Sonota-6” маркийг, **-** ОРА улсын дугаартай “Sonota-7” тээврийн хэрэгслүүд хэдэн км цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй.

4. Уг зам тээврийн осол нь **-** ОРХ улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй байхаар хоорондын зайг авч яваагүй, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас гарсан байна гэх дүгнэлт /хх-103 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 5-6 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-1 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-10 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-22 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-26-31 тал/, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн “Sonota-6” маркийн ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2 010 000 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учирсан болохыг тогтоосон дүгнэлт /хх-115-120 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-137-139 тал/ баримтууд зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б  нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын нутагт **-** ОРХ улсын дугаартай, “Sonota-6” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, урдаа явсан тээврийн хэрэгслийг эргэх үед зайлах гэж баруун гар тийш дарсаны улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Г ын амь насыг хохироож, хохирогч А.Ү ын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч О.Б ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан хууль зүйн факт, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдлын талаар хохирогч А.Ү , О.Б , гэрч Б.Б , О.Б , Б.А , Г.Б  нарын өгсөн мэдүүлгүүд, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “зам тээврийн осол, хэрэг гарсан шалтгаан”-ыг тогтоосон дүгнэлт, амь хохирогч Б.Г ын биед учирсан гэмтэл болон нас барсан шалтгаан, хохирогч А.Ү ын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч О.Б ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б гийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.                             

       Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, Шүүхийн шинжилгээний болон Зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

  Шүүгдэгч Ц.Б гийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирч, нэг хүний амь хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан хэд хэдэн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд түүнд хамгийн хүнд зүйл хэсгээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

       Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Ц.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, нэг хүний амь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

        Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Ү, О.Б  нар нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, амь хохирогч Б.Г ын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Г  нь таалийгаачийн оршуулгын зардалд нийт 9281300 төгрөгийг нэхэмжилж, нотлох баримтаа ирүүлсэн боловч хохирол төлөгдөөгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотлогооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад

талийгаачийг оршуулахтай холбоотой гарсан зардалд /470000₮, 283000₮, 216000₮, 300000₮, 956000₮, 168300₮, 224000₮, 476500₮, 274800₮, 297600₮, 444500₮, 1207500₮, 1271000₮, 650000₮, 165500₮, 415000₮, 527200₮, 13200₮, 100000₮, 21500₮, 16000₮/ нийт 8497600 төгрөгийг шүүгдэгчээс даруй гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Г т олгохоор шийдвэрлэв.

        Харин нэхэмжлэлийн шаардлагаас шашины зан үйлтэй холбоотой гарсан зардал /150000₮, 60000₮, 50000₮, 200000₮, 165000₮, 50000₮, 60000₮, 50000₮/ нийт 785000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Шүүгдэгч Ц.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүнд оногдуулах ялын төрөл хэмжээ, хорих ял эдлэх дэглэмийг тогтоохдоо түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

       Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримт үгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт Ц.Б г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, нэг хүний амь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Ү , О.Б  нар нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримт үгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 785000 /долоон зуун наян таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 8497600 /найман сая дөрвөн зуун ерэн долоон мянга зургаан зуу/ төгрөгийг шүүгдэгч Ц.Б гээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Г т олгож, хохирлыг даруй буюу боломжит богино хугацаанд төлөхийг  шүүгдэгч Ц.Б д үүрэг болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б гийн таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчилж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд хорьж, эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД