Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2026/00523

 

 

 

****** нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/10000 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ****** нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******-д холбогдох,

урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс ******* даргаар ажилласан. 2025 оны 01 дүгээр сард ******-ийн гүйцэтгэх захирал солигдсонтой холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/189 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг захиргааны санаачилгаар цуцалсан. Тус тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөн.

Учир нь тушаалын хууль зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлийг барьсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд ямар нэг сахилгын зөрчилгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй.

Иймд ******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/189 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* дарга ****** нь ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангадаггүй бөгөөд өртөөний дарга, орлогч нарын ажлын гүйцэтгэл болон нормативыг шалгахад зөрчлүүд илэрсэн.

******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.1, 6.1.7, 6.1.14 дэх заалтыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/189 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Иймд ******-ийн гүйцэтгэх захирлын шийдвэр нь хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/189 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ******ыг ******-ийн ******* даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 45,150,498 /дөчин таван сая нэг зуун тавин мянга дөрвөн зуун ерэн найман/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч ****** эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч ******-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч ******-иас 383,702 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1, 6.1.7-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай талаас тус ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ******* байцаагчийн улаан дэвтэр, тус ажилтны ажлыг шалгасан инженерийн илтгэх хуудас зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус нотлох баримтуудад ****** нь ажлын байранд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлж ажиллаагүй гэдэг нь нотлогдож байхад хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан зөрчил биш гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчилд хамаарахгүй, тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Түүнчлэн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд байгууллагын удирдлага солигдсонтой холбоотойгоор албан тушаалд дахин томилох нөхцөл үүссэн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

1.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

 

2. Нэхэмжлэгч ****** нь ******-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Нэхэмжлэгчийн гаргасан ******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/189 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус, харин нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах шинжтэй байхад анхан шатны шүүх уг асуудлыг бие даасан шаардлагын хэмжээнд авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэхүү дүгнэлтээр дээрх алдааг залруулав.

 

3. ******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/189 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1.7, 6.1.14 дэх заалтыг үндэслэн ******* дарга ******ыг удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолтод заасан өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхэд нарийн чанд мөрдлөг болгон ажиллах дүрэм журмыг зөрчсөн нь Хяналтын албаны байцаагч нарын шалгалтаар батлагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

 

3.1. Уг тушаалын үндэслэл болсон Хяналтын албаны байцаагч нарын шалгалтын дагуу хийгдсэн ажлыг инженер С.Нямжав, Д.Мандаа нарын бүрэлдэхүүнтэй шалгаад 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн илтгэх хуудсаар дараах зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж дүгнэсэн. Үүнд:

3.1.1. Барилга, эрчим хүч, ус хангамжийн чиглэлээр:

- Хуурай салгуурууд тохиргоо байхгүй, контакт зөрсөн, дутуу орсон, дэд станц болон цахилгаан хангамжийн бүдүүвч схем зөрүүтэй, гэрэлтүүлэг матч асахгүй,

- Агаарын шугамд гарсан өндөр хүчдэлийн кабель эмх цэгцгүй, дэд станцын трансформатор битүүмж алдагдсан, тос гоожсон, уурын зууханд хэрэглэж байгаа монометр, термометр, зуухны аваарын клапан баталгаат туршилтад ороогүй, хяналтын хэмжүүр хэт өндөрт байрласан, үзэгдэлт муу,

- Усан хангамж, ариутгах татуургын системийн зураг, схем байхгүй, заавар хуучирсан, зууханд хөтлөгдөх техникийн болон ХАБЭА-н бичиг баримт байхгүй, бичлэг худлаа хийдэг, бусад бичиг баримтын хөтлөлт муу,

- Худагт ариун цэврийн бүсгүй, хориг хашаа байхгүй, ашиглалт хангалтгүй, амрах байрны цахилгаан нөөц үүсгүүрт асаалтын батарей байхгүй, ажилд бэлэн биш, гэрэлтүүлгийн шугам сүлжээ, хуваарилах самбарт арчилгаа хангалтгүй, тоос шороо ихтэй.

3.1.2. Дотоод хяналтын чиглэлээр:

- Түлшний нөөцийн савнаас автомашинуудад гар насосоор олгож байгаа нь түлш олголтыг хянах боломжгүй,

3.1.3. Өртөөний дарга, орлогч дарга нарын ажлын гүйцэтгэл болон нормативын биелэлтийг шалгасан талаар:

- Амралт, баяр ёслолын өдөр, шөнийн цагаар ажилтнууд технологийг хэрхэн мөрдөж байгаад гэнэтийн эргүүл хяналт шалгалт хийх нормативыг 2024 оны 1, 2, 3, 11, 12 дугаар саруудад болон 2025 оны 02 дугаар сард хийгээгүй,

- Хатуу тооцоот багаж хэрэгслийг ашиглах болон хүлээлцэх журам-ын хэрэгжилт, хөдлөх бүрэлдэхүүний бэхэлгээг шалгах ба үзлэг тооллого хийх нормативыг 2024 онд хийж хэрэгжүүлээгүй, бусад саруудад өртөөний орлогч даргатай хамт хийсэн нормативын биелэлт хангалтгүй,

- Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний үед ажилтнууд дүрэм, журмыг хэрхэн мөрдөж байгааг хяналтын компьютер, дүрс ажиглагчийн камер, албан ярилцлага баримтжуулан бичих төхөөрөмжийн бичлэгийг шалгах /ДХА, ИТА, ЗДД/ нартай хамтран хяналт шалгалтын тэмдэглэл хийх нормативыг 2024 оны 1, 2, 3, 4, 7, 8, 9, 11, 12 саруудад хийж хэрэгжүүлээгүй бөгөөд бусад саруудад өртөөний орлогч даргатай хамт хийсэн нормативын биелэлт хангалтгүй,

- Галт тэрэг солилцох үеийн технологийн хэрэгжилтэд хяналт тавих нормативыг 2024 оны 1, 2, 3, 5, 6, 7, 8, 10, 11, 12 саруудад хийж хэрэгжүүлээгүй, өртөө, зөрлөгүүдийн сарын ажлын тайланг сонсож дүн шинжилгээ хийх нормативыг 2024 онд хийгээгүй, нормативын биелэлт хангалтгүй,

- Өртөө, зөрлөгүүдийн нормативын гүйцэтгэлийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх нормативыг 2024 онд хийгээгүй, нормативын биелэлт хангалтгүй,

- Хөдөлгөөний зурмаг, техникийн бүх бичиг баримт, бланк, маягтуудын хөтлөлт, хадгалалт, программ хангамжийг шалгах нормативыг 2024 оны 1, 2, 3, 5, 6, 11, 12 саруудад хийж хэрэгжүүлээгүй бөгөөд бусад саруудад өртөөний орлогч даргатай хамт хийсэн нормативын биелэлт хангалтгүй,

- Өртөө зөрлөгүүд дээрх хориг хашааны бүрэн бүтэн байдал, зам парк, салбар зам, төмөр замын гарам, гарцад Төмөр замын аюултай бүсийн дэглэм-ийн хэрэгжилтийг шалгах нормативыг 2024 оны 1, 2 улиралд хийж хэрэгжүүлээгүй,

- Техникийн сургалтыг биечлэн зохион байгуулах, /гарын авлага, конспект, презентаци/ бэлтгэн сургалтад ашиглах нормативыг 2024 онд сургалт зохион байгуулаагүй нормативын биелэлт хангалтгүй.

 

3.2. ******* даргын ажлын байрны тодорхойлолтод гүйцэтгэх чиг үүрэг, хүлээх хариуцлагыг дараах байдлаар заасан:

3.2.1. Ажлын байрны зорилго:

- Өртөөний хамт олныг удирдан зохион байгуулж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, тээвэрлэгдэж буй ачааны бүрэн бүтэн, тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган, ажилтнуудыг удирдлага, зохион байгуулалтыг хангах үүргийг гүйцэтгэнэ.

3.2.2. Ажлын байрны зорилт, үндсэн чиг үүргүүд:

- Өртөөний галт тэрэгний хөдөлгөөний үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хүрээнд Өглөө, оройн ээлжийн зөвлөлгөөнийг удирдах, дээд шатны удирдлагаас өгсөн тушаал, захирамж, удирдамжийг тогтоосон хугацаанд нь биелүүлж, хариу илтгэх,

- Өртөөний ажиллагсдын ажиллах амрах цагийг зөв зохион байгуулах, ээлжийн зохион байгуулалтыг сайжруулах, ажлын хуваарийг урьдчилан төлөвлөн батлуулах, тэднийг эмнэлгийн үзлэгт бүрэн хамруулах,

- Шинээр ажилд орж байгаа ажилтныг сургаж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, ажиллаж амьдрах таатай нөхцөл бололцоогоор хангах, техникийн шалгалт зохион байгуулах, сургалт, техникийн хичээлийг тогтмол явуулах,

- Ажилтнуудаас галт тэрэгний хөдөлгөөн, ачаа тээвэрлэлттэй холбоотой дүрэм, заавар, тушаалуудыг хэрхэн биелүүлж байгаад тогтмол хяналт тавьж, ажлын хариуцлага сахилгыг сайжруулж ажиллах,

- Ажлын байр, тоног төхөөрөмж нь галын аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгаа болон ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгсэл бүрэн бүтэн олгосон, өмсч хэрэглэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавин, үзлэг, шалгалтыг хугацаанд нь хийж, аливаа зөрчил, дутагдал илэрсэн тохиолдолд түүнийг нэн даруй арилгах ажлыг зохион байгуулах,

- Ашиглалтын ажлын үзүүлэлтүүдийн биелэлт, тайлан мэдээ гаргалтад хяналт тавьж, орон нутгийн вагоны сул зогсолтыг багасгах, вагоны эргэлтийг хурдасгахад идэвх санаачилгатай ажиллах,

- Өртөөний барилга байгууламж, тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх, шаардлагатай материал хэрэгслээр хангах асуудлыг удирдлагатай урьдчилан зөвшилцөж, уг ажлыг хэрэгжүүлэх,

- Галт тэрэгний хөдөлгөөн ба бусад үйл ажиллагаатай холбоотой материалын зарцуулалтад хяналт тавьж, үр ашиггүй зардлыг багасгаж, ашиг орлоготой ажиллах,

- Өртөөний техник захирамжийн акт, технологийн процесс, орон нутгийн заавар, бусад техникийн болон технологийн бичиг баримтыг чанд мөрдөх, тэдгээрийг улам боловсронгуй болгон шинэчлэх ажлыг зохион байгуулах,

- Өртөөний болон ачилтын замын гэрэлтүүлгийн хэрэгсэл, зам сумын хэвийн ажиллагаанд тогтоосон журмын дагуу үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчлийг нэн даруй арилгуулах талаар холбогдох аж ахуйн нэгж, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдэж байх, галт тэрэгний хөдөлгөөн, ачаа тээвэрлэлт, вагоны засвар үйлчилгээтэй холбоотой болон бусад асуудлаар тодорхой үүрэг даалгаврыг өөрийн удирдлагад байгаа албан тушаалтанд өгч, үр дүнг нь тооцож байх,

- Өртөөний үйл ажиллагаатай холбоотой материал, сэлбэг, хөрөнгө, мөнгөний зардлын ба бусад тайлан мэдээг холбогдох материалын хамт хугацаанд нь гаргаж, холбогдох газарт хүргүүлж, тооцоо хийж байх,

- ХАБЭА-н хууль, дүрэм, хөдөлгөөнтэй холбоотой ээлжийн ажиллагсдын аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөх,

- Ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож энэ талаар ажил олгогчид шуурхай мэдэгдэх.

3.2.3. Ажилтны мөрдөх хууль тогтоомж, дүрэм журам:

- Ажилтан тухайн ажлын байрны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм болон Компанийн дүрэм, журам холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллана.

3.2.4. Ажилтны хүлээх хариуцлага:

- Шууд харьяалах ажилтнуудын өдөр тутмын ажил үүрэг, түүний биелэлтэд хяналт тавих, албан тушаалын чиг үүрэг, үйл ажиллагааны хүрээнд хамаарах бүхий л асуудлаар өөрийн шууд харьяалан удирдах болон чиг үүргээр хамаарах ажилтнуудад үүрэг өгөх, биелэлтэд хяналт тавих, шалгах, шаардлага тавих зэргээр бүрэн удирдлагаар хангаж ажиллах,

- Удирдах дээд албан тушаалтны өмнө албан тушаалын чиг үүргийн хүрээнд бүрэн хариуцлага хүлээж ажиллах,

- Өөрийн хариуцаж буй эд хөрөнгө, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж түүний бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцах,

- Ажиллаж буй албаны үйл ажиллагааны хүрээнд зарцуулж буй элдэв төрлийн төсөв, түүний төлөвлөлт болон гүйцэтгэлд хяналт тавьж, алдаа дутагдал гарахаас сэргийлэн ажиллах.

 

3.3. Талуудын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1.7-д удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолтод тусгасан ажлыг удаа дараа биелүүлээгүй, 6.1.14-т ажил олгогчоос тогтоосон холбогдох заавар, журмыг хориглосон хэм хэмжээг зөрчсөн, түүнчлэн ажлын байрны тодорхойлолтод заасан өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхэд нарийн чанд мөрдлөг болгон ажиллах дүрэм журмыг зөрчиж, буруутай үйлдэл хийсэн нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд тооцохоор харилцан тохиролцжээ.

 

3.4. Эдгээр үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь зааснаар үнэлэхэд тогтоогдов.

Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, байцаагчийн заалтын дэвтэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангаагүй. Гэхдээ талууд дээрх баримтуудад тусгагдсан үйл баримтын үнэн зөв байдлын талаар маргаагүй бөгөөд үнэлэх боломжтой гэж тайлбар гаргасан, мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/30531 дугаар захирамжийн дагуу хариуцагч байгууллагаас шүүхэд ирүүлсэн тул уг баримтуудыг нотлох баримтаар үнэлсэн болно.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан.

Хариуцагчийн хувьд 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/189 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээний 6.1.7, 6.1.14-д заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ.

 

4.1. Хэрэгт авагдсан илтгэх хуудсаар ****** нь ******* даргын албан тушаалыг эрхлэх хугацаандаа барилга, эрчим хүч, ус хангамжийн ашиглалт, дэд бүтцийн хэвийн ажиллагаа, аюулгүй ажиллагаатай холбоотой хяналт тавих, аж ахуйн болон техникийн баримт бичгийг хөтлөх, байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх, өртөөний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлэхдээ зөрчил гаргасан нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт авагдсан байцаагчийн заалтын дэвтэр /улаан дэвтэр/-ээр илтгэх хуудсанд заагдсан зөрчлийг гаргаагүй болох нь нотлогдоно гэж тайлбарласан боловч уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд энэ нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

4.2. Ажлын байрны тодорхойлолтод заагдсанаар ******* даргын албан тушаал нь төмөр замын тээврийн үйл ажиллагаанд удирдах, зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, ачаа тээвэрлэлтийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангахтай шууд холбогдсон албан тушаал байна.

Төмөр замын тээврийн үйл ажиллагаа нь өндөр эрсдэл бүхий салбар бөгөөд техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний технологи, аюулгүй ажиллагааны дүрэм журмын хэрэгжилтэд алдаа дутагдал гарсан тохиолдолд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах, ачаа тээвэрлэлт доголдох, улмаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах эрсдэл үүсэх боломжтой байдаг.

Өртөөний дарга нь өөрийн удирдлагад байгаа ажилтнуудын үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, техник тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний технологийн хэрэгжилтэд тогтмол шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг нэн даруй арилгуулах талаар зохих арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллах үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх чиг үүргийн хүрээнд хийх ёстой хяналт шалгалт, зохион байгуулалтын ажлыг удаа дараа хангалтгүй хэрэгжүүлсэн, зарим тохиолдолд огт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, өртөөний даргын албан тушаал нь төмөр замын тээврийн аюулгүй байдалтай шууд холбоотой тул ажил үүргээ хэрэгжүүлэхдээ өндөр хариуцлагатай ажиллах шаардлагатай бөгөөд энэ чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс байгууллагын хэвийн үйл ажиллагаа, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй нөхцөл байдал үүсжээ.

 

4.3. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчлүүдийг ажлын байрны онцлог, хүлээсэн үүргийн хүрээ, төмөр замын тээврийн үйл ажиллагааны аюулгүй байдлын шаардлагатай уялдуулан авч үзэхэд хөдөлмөрийн гэрээний 6.1.7-д удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон ажлын байрны тодорхойлолтод тусгасан ажлыг удаа дараа биелүүлээгүй, 6.1.14-т ажил олгогчоос тогтоосон дүрэм, журам, хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэх хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцогдох зөрчилд хамаарч байна.

Хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар тодорхой заасан байхад анхан шатны шүүх нь ****** гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчилд хамаарахгүй гэж хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримтад нийцээгүй дүгнэлт өгчээ.

 

4.4. Иймд ажилтан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан, ажил олгогч хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцэж байна.

 

5. Хяналтын албаны байцаагч нарын шалгалтын дагуу хийгдсэн ажлыг инженер С.Нямжав, Д.Мандаа нарын бүрэлдэхүүнтэй шалгахад нэхэмжлэгч нь оролцсон, зохих тайлбар өгсөн болохоо шүүх хуралдаанд тайлбарласан тул ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ажилтанд мэдэгдэж, тайлбар авах ажиллагааг хэрэгжүүлсэнд тооцно.

 

5.1. Мөн нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь цаг хугацааны хувьд удаан хугацаанд үргэлжилсэн шинжтэй байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн гаргасан нотлох баримтын үнэлгээний хуваарилалтын алдааг зөвтгөж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/10000 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар хариуцагч ******-д холбогдох урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч ****** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383,651 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Т.БАДРАХ