| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0175/Э |
| Дугаар | 170 |
| Огноо | 2019-09-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 170
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,
улсын яллагч Д.Сүрэнхор,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,
шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б өд холбогдох эрүүгийн 1915003470187 дугаартай, 163/2019/0175/Э индекстэй хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт П.Б .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь хүн байнга амьдрах зориулттай орон байранд нэвтрэн эд зүйл авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б ийн өгсөн: Би төгсөлтийнхөө 30 жилийн уулзалтад ирсэн байсан юм. Уулзалт тараад 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Булганаас Цагаан голын рашаан руу хэдэн найзын хамт явсан. Бид нар замдаа болон амралт дээр очоод архи ууцгаасан. Тэгээд шөнө бие засах гэж гараад буцахдаа өөр шовгорт орсон байсан. Олон эгнэсэн шовгорын яг алинд нь орсоноо мэдэхгүй байна, ам цангаад уух юм хайж байгаад 3 мөнгөн аягыг авсан. Согтуудаа хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
Эрүүгийн 1915003470187 дугаартай хэргээс:
Хохирогч М.М ын өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлээд Булган аймгийн Баян-Агт сумын “Цагаан гол” рашаан амралтын газарт ах дүү болон гэр бүлийнхээ хүмүүсийн хамт амарч байсан юм. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 22-ны орой гэр бүл ах дүүгээрээ сууж юм ярьцгааж байгаад шөнө 01 цаг өнгөрч байхад унтацгаасан. Маргааш өглөө нь 08 цагийн үед босоод рашаандаа явах гээд мөнгөн аягаа хайгаад олоогүй учраас цагдаагийн байгууллагад хандсан. ...Хулгайд алдсан эд зүйлээ авсан болохоор санал гомдолгүй..." гэх мэдүүлэг /хх-н 14-15 тал/,
Гэрч П.А ийн өгсөн: “...Миний дүү П.Б нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр надруу залгаад би “Булган аймгийн Баян-Агт сумын цагдаагийн хэсэг дээр саатуулагдаад байна” гэж хэлсэн. Тэгээд би үүний дагуу тус сумын цагдаагийн хэсэг дээр ирж өөртэй нь уулзахад ангийнхаа найзуудтай Эрдэнэт хотоос гараад Баян-Агт сумын “Цагаан голын рашаан” дээр ирж байгаад хэрэгт холбогдчихлоо гэж байсан. Тэгээд би тодруулж асуухад “Цагаан голын рашаан” дээр согтуу байж байгаад өөр амрагчийн шовгор луу андуурч ороод 3 ширхэг мөнгөн аяга байхаар нь аваад Баян-Агт сумын төвд явж байгаад цагдаад баригдсан гэж хэлсэн. ..." гэх мэдүүлэг /хх-н 20 тал/,
Гэрч Ш.У ын өгсөн: "...2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шиг санаж байна аа. Нэг танихгүй хүн манай цайны газарт өдөр 16 цаг өнгөрч байхад орж ирээд 3 ширхэг мөнгөн аяга давхарлаад барьчихсан “мөнгөн аяга зарна, та авах уу? гурвууланг нь 60,000 төгрөгөөр зарна, миний машин эвдэрсэн сэлбэг авах гэсэн юм” гэсэн. Тэгээд би давхарласан 3 ширхэг мөнгөн аягыг харахад жинхэнэ мөнгөн аяга байсан бөгөөд их үнэтэй гэмээр харагдсан. Тэгээд би “энэ хулгайн аяга юм уу” гэхэд “үгүй ээ, би амарч яваа юм гэрээсээ авч ирсэн” гэсэн тэгэхээр нь би “үгүй байхаа энэ ч хулгайн аяга байх. Хоёулаа эргээд уулзах байх. За яахав би чамд 60,000 төгрөг өгье” гээд мөнгөө өгөөд уг 3 ширхэг мөнгөн аягыг авсан. Тэгээд удалгүй 2 минут болоогүй байхад хэсгийн төлөөлөгч аяга зарсан хүнтэй хамт орж ирээд “Сайн байна уу та, энэ хүн танд аяга зарсан уу?, зарсан аяга нь байна уу” гэсэн. Тэгээд би гаргаж ирээд үзүүлэхэд “би энэ ямар учиртай аяга болохыг тодруулаад эргээд тантай холбогдоё” гэж хэлээд нөгөө хүнтэй хамт яваад өгсөн..., надад аяганы 60000 төгрөгийг буцааж өгсөн" гэх мэдүүлэг /хх-н 21 тал/,
Эд зүйлийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн: "...3 ширхэг мөнгөн аяга 540,000 төгрөг..." гэх дүгнэлт /хх-н 23-26 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, мөнгөн аяганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-06-12 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-27-28 тал/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-32 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-41-42 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б нь 2019 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын нутагт байрлах “Цагаан гол”-ын рашааны амрагчдын байр буюу иргэн Ш.М ын байрлаж байсан шовгороос 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хууль зүйн факт, хулгайлах гэмт хэргийн үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.
Гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч М.М ын мэдүүлгийн эх сурвалж гэрч Ш.У , П.А нарын өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, хүний биед болон мөнгөн аяганд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотолгооны ач холбогдол бүхий хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах”-д нэвтэрч үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.
Энэ хуульд заасан “орон байр” гэдэгт хүн байнга болон түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувилалын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох бөгөөд “Цагаан гол”-ын рашаан нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор амрагчдын байр /шовгор/ нь зун, намрын улиралд ажиллаж байх хугацаандаа амрагчдыг байрлуулах зориулалт бүхий хүн түр амьдрахад зориулагдсан орон байр юм.
Иймд шүүгдэгч П.Б өд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу 3 ширхэг мөнгөн аягыг биет байдлаар хохирогчид хүлээлгэн өгсөнөөр хохирогч М.М санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч П.Б өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Б ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан түүнийг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Б өд холбогдох эрүүгийн 1915003470187 дугаартай хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт П.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүгдэгч П.Б ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан шүүгдэгч П.Б өд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хягаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтыг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч П.Б өд тус тус сануулсугай.
6. Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД