Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 658

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 02-03 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ88040504, Зуутраг овогт Батсуурийн Энхзаяагийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хоригдож байгаа, 1990 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ90102430, Бурам овогт Анхтуяагийн Ариунбатад холбогдох,

   Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхзаяа, хариуцагч А.Ариунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Б.Энхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1988 онд төрсөн. Би 2009 онд охин  Энэрэлтийг төрүүлсэн. 2012 оны 9 дүгээр сарын 17-нд иргэн А.Ариунбаттай гэр бүл болсон. Бидний  дундаас 2012 онд охин А.Номин-Эрдэнэ, 2013 онд охин А.Анар нар тус тус төрсөн. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр А.Ариунбат нь охин Энэрэлтийг минь хүчирхийлснээр цаашид эхнэр нөхөр байх шаардлагагүй болсон. Тиймээс эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулахгүйгээр шууд Иргэний хэргийн шүүхэд хандаж байна. Иймд охин А.Номин-Эрдэнэ, А.Анар хоёрыг минь миний асрамжид үлдээж, хоёр охиндоо эцэг болох А.Ариунбатаас хуулийн дагуу тэтгэлэг тогтоож, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно” гэжээ.

      Хариуцагч А.Ариунбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б.Энхзаяагийн гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Би одоо удахгүй Улаанбаатар хот руу ачигдах гэж байгаа. Хэзээ шоронгоос гарах нь мэдэхгүй байж тэтгэлэг төлөхийг зөвшөөрөхгүй байна” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Б.Энхзаяа нь хариуцагч А.Ариунбатаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

     Б.Энхзаяа,  А.Ариунбат нар 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр охин А.Номин-эрдэнэ, 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр охин А.Анар нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

     Хариуцагч А.Ариунбат нь өөрийн дагавар охин Э.Энэрэлтийг хүчиндсэн болох нь Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

     Гэрлэгчдийн 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин А.Номин-эрдэнэ, 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин А.Анар болон дагавар охин Э.Энэрэлт нарыг  эх Б.Энхзаяагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар А.Ариунбатын төрсөн охин А.Номин-эрдэнэ, А.Анар нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг А.Ариунбатаар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

    Шүүх хүүхдүүдийг эх Б.Энхзаяагийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

      Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.

     Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч А.Ариунбатаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж /Увс аймагт амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 164.800 төгрөг байх ба үүний 50 хувь буюу 82.400 төгрөгийг хариуцагч сар бүр нэхэмжлэгчид төлөх тул үүнийг 12 сараар тооцвол 988.800 төгрөг/ 28.281 төгрөг, нийт 98.481 төгрөг гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:             

    1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Зуутраг овогт Батсуурийн Энхзаяа, Бурам овогт Анхтуяагийн Ариунбат нарын гэрлэлтийг цуцалсугай.

    2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин А.Номин-эрдэнэ, 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин А.Анар, 2009 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Э.Энхзаяа нарыг эх Б.Энхзаяагийн асрамжид үлдээсүгэй.

    3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин А.Номин-эрдэнэ, 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин А.Анар нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг А.Ариунбатаар тэжээн тэтгүүлсүгэй.

   4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

    5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.  

     6. 3охигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

    7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Энхзаяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч А.Ариунбатаас улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг,  хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 /хорин найман мянга хоёр зуун наян нэг/ төгрөг, нийт 98.481 /ерэн найман мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөг гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ