Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00261

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/10346 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь *******тай гэр бүлийн найз дүүгийн харилцаатай байсан. ******* нь төрсөн дүүгийн бие муудсан гэж 2021 оны 05 сарын 12-ны өдөр 2021 оны 10 сард буцаад өгнө гэсэн нөхцөлтэй 110,000,000 төгрөг зээлсэн. ******* нь хугацаандаа зээлсэн мөнгөө өгөхгүй, итгэл эвдэж, удахгүй өгнө гэж хойшлуулсаар байна. Миний бие удаа дараа шаардсаны үндсэн дээр 2025 оны 04 сард *******ын эхнэр ******* 40 сая төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр /20 саяар 2 удаа/ шилжүүлж, үлдэгдэл 70,000,000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй. Иймд *******аас зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Бид гэр бүлийн хуурай ах дүүгийн харилцаатай хорь гаруй жил болж байна. Миний төрсөн дүү ******* 2021 онд хавдрын эмчилгээнд БНСУ руу явах үед *******, ******* нар гэр бүлээрээ надад тусалъя гээд 10 сая төгрөгийг хандивлаж байгаа юм, 100 сая төгрөг зээлүүлье гэсэн. Миний бие ******* тоглолтоо 2026 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Буянт ухаа спорт цогцолборт зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү тоглолтын дараа санхүүгийн хүндрэлээс гарч, *******, ******* нар болон бусад тусалсан найз нөхдийн мөнгийг төлөх юм. Энэ хугацаанд ******* контентын эзэмшигчийнхээ эрхээр *******, ******* нарын гэр бүлийн *******-ийн реклам, оролцсон нэвтрүүлгийг ******* телевизээр цацуулж ирсэн. Одоогийн байдлаар цацагдсан реклам, оролцсон нэвтрүүлгийн үнийн дүн нийтдээ 103,582,000 төгрөг болоод байна. Би дараах нөхцөлийг харилцан зөвшилцсөн тохиолдолд эвлэрэн хэлэлцэх саналтай байна. Үүнд:

1.*******, ******* нарын гэр бүлийн хамтын зөвшилцлөөр энэхүү мөнгийг авсан тул *******ыг заавал байлцуулж энэ асуудлыг хамтран хэлэлцэх,

2.Тоглолтоо хийж буцаан төлөх болзолтойгоор энэхүү мөнгийг авсан боловч эрүүл мэндийн шалтгаанаар тоглолт хойшлогдсон болон 2023 оноос хойш *******-ын гэр бүлийн компанийн нэвтрүүлэг, рекламыг цацсан дүн болох 103,582,000 төгрөгийн тодорхой хэсгийг зээлийн төлбөрт тооцож, төлөх үнийн дүнгээс хасуулах,

3.Мөн тухайн үед надад хандиваар өгсөн 10 сая төгрөгийг төлөх үнийн дүнгээс хасуулах,

4.Төлөх дүнг эвлэрэн хэлэлцэж тогтоосон хэмжээгээр уран бүтээлийн тоглолтоо хийсний дараа төлөх болно гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 126 дугаар зүйлийн 126.2.1-д зааснаар хариуцагч *******аас 30,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт 10 сая төгрөгийг бусдад бэлэглэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч ******* миний бие хариуцагч *******д 10 сая төгрөг бэлэглэх хүсэл зориг байгаагүй, бэлэглээгүй атал шүүх бэлэглэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх 30 сая төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Миний бие ******* нь 2021.05.12-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн *******-тэй гэр бүл болоогүй байсан. Мөн ******* бид хоёрын дундын бизнесийн данс тусдаа байсан бөгөөд *******д зээлсэн 110 сая төгрөг нь миний өөрийн Голомт банкны данснаас гарсан. Уг данснуудын талаар анхан шатны шүүхэд бүх баримтыг гаргаж өгсөн атал нэхэмжлэлийг бүрэн хангаагүй тул гомдол гаргаж байна гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Тухайн үед ******* болон ******* нар нь гэр бүл болоогүй байсан гэж тайлбарласан. Тус тайлбараас үзвэл, шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн тал харагдаж байна. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь тухайн үед *******-ийн гүйцэтгэх захирал байсан нь үнэн. Тус байгууллага нь өөрийн дансгүй байсан тул гэр бүлийн хамтран эзэмшдэг дансаар үйл ажиллагааныхаа орлого, зарлагын гүйлгээ хийдэг байсан. 2025 оны 09 дүгээр сараас гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгч, улмаас гэр бүл салалтын асуудал яригдсан бөгөөд үүний дагуу харьяалах дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус асуудал шийдвэрлэгдэж байгаа. Гэр бүл байх үедээ шилжүүлж байсан мөнгөтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зааснаар төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байгаа нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, тайлбарууд анхан шатны хуралд оролцсон гэрч ******* -ийн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна. Үүнд:

******* нь 2007 оноос хойш Солонгос улсын иргэн *******-тэй гэр бүл болж хамтран амьдарч эхэлсэн гэх бөгөөд Солонгос улсын иргэн ******* нь Монгол Улсад *******-ийг үүсгэн байгуулж Солонгос улсад Монгол Улсаас оюутан залуусыг их дээд сургуульд жуулчлан явуулах бизнесийг эрхэлж байсан ба ******* телевизийн захирал *******тай хамтран ажиллаж үйл ажиллагааг өргөжүүлэн ирсэн нь хариуцагч *******ын хариу тайлбарууд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, мэдүүлгүүд болон бичгийн нотлох баримт зэргээр ******* нь Солонгос улсын иргэн *******-тэй хамтран ажиллаж байсан нь тогтоогддог. Иймд Солонгос улсын иргэн *******-ийг гэрчээр оролцуулах талаар бичгээр хүсэлт өгч гэрчээр анхан шатны шүүх хуралд оролцуулсан ба гэрч Солонгос улсын иргэн ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бичгээр тайлбар гаргаж өгөхөд хүлээж аваагүй бөгөөд анхан шатны шүүх хуралд гэрч нь хоцорч орж ирсэн ба гэрч шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцох талаар мөн бичгээр хүсэлт гаргаж бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгөхөд мөн хүлээн аваагүй, анхан шатны шүүхэд гэрчээр оролцсон Солонгос улсын иргэн *******-ийн мэдүүлгийг шийдвэр гаргахад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хариуцагчийн гаргаж өгсөн зардлын баримтуудыг шинжлэн судлаагүй, гэрчийн мэдүүлгээр 150,000,000 төгрөгийн реклам зар сурталчилгаа, нэвтрүүлгийг хийж өгсөн бид харин мөнгө авах биш эргүүлж өгөх ёстой гэсэн гэрчийн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт хийгээгүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт ...Өмнөд Солонгос улсын иргэн ******* нь Монгол Улсад *******-ийг үүсгэн байгуулж, Солонгос улс руу оюутан залуучуудыг суралцуулахад зуучлах үйл ажиллагаа эрхэлдэг гэх ба хариуцагч *******ын үүсгэн байгуулсан ******* телевизтэй хамтран ажиллаж, ******* тэмцээний шүүгч, мөн ивээн тэтгэгчээр ажилладаг талаарх баримтуудыг шүүхэд өгсөн. Энэ талаар гэрч Солонгос улсын иргэн ******* мөн тайлбарладаг гэсэн нь гэрчийн мэдүүлсэн мэдүүлгийг эсрэгээр бичсэн.

Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 126 дугаар зүйл 126.2.1-д заасныг баримталж шийдвэрлэхдээ *******д Солонгос улсын иргэн ******* нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр *******гийн нэр дээрх Голомт банкны хамтран эзэмшдэг данснаас 100,000,000 төгрөгийн шилжүүлсэн ба 10,000,000 төгрөгийг дүүгээ сахих эмчлүүлэхэд ирж очих зардлын мөнгө гэж өгсөн мөн хариуцагч ******* нь 40,000,000 төгрөгийг буцаан өгсөн нь нэхэмжлэгч, хариуцагч, гэрчийн мэдүүлэг тайлбаруудаар тогтоогдож маргадаггүй хүлээн зөвшөөрдөг. ******* нь 40,000,000 төгрөгийг өөрөө авч хэрэглэсэн гэх ба үүнийг ******* нь дээрх мөнгийг өгснийг мэдээгүй байсан ба уг өгсөн мөнгөнөөс авч хэрэглээгүй гэдгээ мэдүүлсэн зэргээс үзэхэд хариуцагч ******* нь 110,000,000 төгрөг авсан ба үүний 10,000,000 төгрөгийг бэлэг замын зардлын мөнгө гэж өгсөн үлдсэн 100,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр *******гийн дансанд шилжүүлсэн. Энэ нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэхэд хариуцагч ******* нь 100,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч *******д 40,000,000 төгрөгийг өгсөн ба одоо 10,000,000 төгрөгийг төлчихвөл *******гийн тухайн үедээ нөхөр байсан гэрч *******-д 50,000,000 төгрөгийг төлөхөөр байна.

Гэрчийн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Мөн гэрчийн тайлбар болон гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг хүлээж аваагүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Эрүү болон Иргэний хэргүүдэд гомдол гаргаж эд хөрөнгийн маргаантай асуудлаар хохирогч, нэхэмжлэгч, холбогдогчоор шалгагдаж байгаа зэрэг гэр бүлийн маргаантай асуудлаас болж хамтран эзэмшиж байсан данснаас шилжүүлсэн мөнгийг ******* нь гүйцэтгэх захирлын ажпаа өгсний дараагаар шүүхэд гомдол гаргаж нэхэмжилж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь *******-ийг үүсгэн байгуулагч, одоогийн гүйцэтгэх захирал Солонгос улсын иргэн *******-ийн мэдүүлэгт дурдагдсанаар манай компанийн реклам зар сурталчилгааг явуулсан нь 150,000,000 орчим төгрөг болсон бид харин *******д мөнгө өгөх ёстой гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад болсон зүйлийн талаар ярьж байна. *******-ийн дансны хуулгатай холбоотой асуудлыг хариуцагч тал дурдсан. Тус хуулга хэргийн 75-84 дэх талд авагдсан ба тус баримтыг би гаргаж өгсөн. Тус баримтыг гаргаж өгөх үед 2 тусдаа дансны хуулга гэх талаар шүүгчид хэлсэн боловч хурлын тэмдэглэлд энэ талаар бичээгүй байсан. Нэг хэсэг нь нэхэмжлэгчийн дансны хуулга бөгөөд үлдэх хэсэг нь *******-ийн дансны хуулга юм. Хариуцагч тал ******* өөрийн гэсэн данстай байгаагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд тус баримтуудаас харвал, *******-ийн данс эзэмшиж байсан тодорхойлолт, дансны хуулга, нэхэмжлэгчийн дансны хуулга нь тус тусдаа байдаг. Гэтэл тус үйл баримтыг үгүйсгэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн тухайн мөнгийг нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан. Бид үүнийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд ******* нь 100 хувь нэхэмжлэх эрхтэй этгээд юм. Хэрэв ******* нь тухайн мөнгийг хариуцагчид зээлсэн бол *******-ийн эзэмшлийн Голомт банкны дансанд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан мөнгийг өгөх хэмжээний үлдэгдэл байсан. ******* нь Солонгос хэл мэдэхгүй бөгөөд мөнгөтэй болон хувийн харилцаатай холбоотой асуудлын талаар мэдэхгүй. Нэхэмжлэгч нь миний төрсөн эгч бөгөөд тухайн үед хариуцагчийн хэлсэн зүйлийг *******-д дамжуулж хэлсэн. ******* ахад мөнгө зээлүүлээч гэж нэхэмжлэгч гуйсан тул тухайн мөнгийг зээлүүлсэн. Мөнгө зээлүүлэхдээ гүйлгээний утга дээр нь ******* гэж бичсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, зохигчийн гаргасан давж заалдах гомдлоос нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 30,000,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, уг төлбөрийг 2026.10-р сард төлөх боломжтой гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

 

3.Нэхэмжлэгч ******* 2021 оны 05 сарын 12-ны өдөр 110,000,000 төгрөгийг хариуцагч *******д шилжүүлсэн, хариуцагч зээлээс 40,000,000 төгрөгийг буцаан төлсөн нь нэхэмжлэгчийн Голомт банкин дахь ******* тоот дансны хуулгаар тогтоогдсон ба зохигч энэ үйл баримтад маргаагүй байна. Харин тухайн мөнгөнөөс 10,000,000 төгрөг нь бэлэг байсан эсэх, нэхэмжлэгч уг мөнгөн хөрөнгийг бүхэлд нь шаардах эрхтэй эсэх нь зохигчийн маргааны зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй талаар зөв дүгнэсэн ч зохигчийн маргаанд үл хамаарах гэр бүлийн дундын өмчийн асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

 

4.Нэхэмжлэгч нь дээрх мөнгийг хариуцагчид зээлдүүлэхдээ гүйлгээний утгыг ******* aas ******* гэсэн нь нэхэмжлэгч уг мөнгийг хариуцагчаас бүхэлд нь шаардах эрхтэй эсэхэд зохигч маргаж, хариуцагч татгалзлаа нотлох үүргийн хүрээнд БНСУ-ын иргэн ******* /*******/-ыг гэрчээр оролцуулсан байна. Гэрчийн мэдүүлэгт 110,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсний 10,000,000 төгрөгийг бэлэглэсэн ба 100,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, энэхүү 100,000,000 төгрөг нь нэхэмжлэгч, гэрч нарын хамтын үйл ажиллагааны орлого учир нэхэмжлэгч дангаар зээлийг шаардах эрхгүй гэсэн агуулга тусгагджээ.

Хэргийн оролцогчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нэхэмжлэгч нь гэрч *******-тэй хамтран амьдарч байхдаа болон ******* компанийн үйл ажиллагааг хамтран явуулдаг байсан орлогоос дээрх мөнгийг хариуцагчид шилжүүлсэн, энэ үед *******, ******* нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байжээ. Энэ үйл баримтад нэхэмжлэгч маргаагүй байх ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 241.1-д Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч *******, гэрч БНСУ-ын иргэн ******* нарыг хамтран үүрэг гүйцэтгүүлэгч гэж үзэхээр байна.

Гэрч ******* мэдүүлэгтээ хариуцагч нь гэрчид тусалж, түүний компанийг тогтвортой үйл ажиллагаа явуулахад өөрийн Улаанбаатар телевиз ХХК-аар зар сурталчилгааг нь явуулан дэмжиж байсан, харилцан тооцох төлбөр байгаа гэж дурдсан ба зээлийг хариуцагчаас шаардахгүй, татгалзсан болохыг илэрхийлээгүй байна. Иймээс мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-т Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь шаардлагаасаа татгалзвал үүрэг гүйцэтгэгч тухайн үүрэг гүйцэтгүүлэгчид оногдох хэсгээр үүргээс чөлөөлөгдөнө гэж зааснаар гэрч ******* нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах шаардлагаас татгалзсан гэж үзэх үндэслэлгүй.

Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчийн хэн нь ч үүргийг үүрэг гүйцэтгэгчээс шаардаж болох тул нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүргийг хариуцагч *******аас бүхэлд нь шаардсан нь мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасанд нийцнэ. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн хөрөнгө нь нэхэмжлэгчийн мөнгө биш, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасныг дээрх үндэслэлээр хангахгүй орхино.

 

Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулах бөгөөд шүүх зээлийн мөнгөн хөрөнгө 110,000,000 төгрөг нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-т заасан гэр бүлийн дундын өмчид хамаарна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүйн зэрэгцээ *******, БНСУ-ын иргэн ******* нарын гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгийн асуудлыг өөр эрх зүйн маргаанд хамааруулан тодорхойлж, улмаар тэдгээрийн шаардах эрхийн талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ. Энэ талаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулна.

 

5.Зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг 70,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч шаардсаны 10,000,000 төгрөг нь хариу төлбөргүй буюу бэлэг байсан нь хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна. Хариуцагч нэхэмжлэлээс 10,000,000 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч ...10,000,000 төгрөгийг бид 2 танд бэлэглэж байна, дүүгийнх нь эмчилгээнд өгч байгаа... гэж *******, ******* нар 110,000,000 төгрөгийг зээлдүүлэхдээ илэрхийлсэн тухай тайлбарлан татгалзсан нь гэрч *******-ийн ...10,000.000 төгрөг нь бэлэг байсан ... гэсэн мэдүүлгээр тогтоогджээ.

Анхан шатны шүүх 2025.12.02-ны өдрийн шүүх хуралдаанд *******-ийг гэрчээр оролцуулахдаа түүнд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг, мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг шүүгч амаар тайлбарлан өгчээ. Харин үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг нь танилцуулсан баримтад гэрчээр гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх боловч шүүгч шүүх хуралдааны танхимд гэрчид эрх, үүргийг нь амаар танилцуулсныг хуульд нийцсэн гэж үзэх бөгөөд энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

 

6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлдэгч шилжүүлэн авсан зээл буюу мөнгийг тохиролцсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй байна. Хариуцагч зээлээс 40,000,000 төгрөгийг төлж, үлдэх 70,000,000 төгрөгийн гэрээний үүргээ биелүүлээгүйд зохигч маргаагүй. Дээрх үндэслэлээр зээлийн гэрээний үүргээс 10,000,000 төгрөгийн хэмжээнд чөлөөлөгдөх үндэслэлтэй байх тул хариуцагч ******* нь 60,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний үүргийг хүлээх үндэслэлтэй байна.

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар зээлийг буцаан төлөх хугацаа, хуваарийг талууд бичгийн хэлбэрээр хэлэлцэн тохиролцоогүй байх ба нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардаж 2025.09.19-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ. Иймд мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж зааснаар хариуцагч зээлийг буцаан төлүүлэхээр шаардсан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Иймд хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулна.

 

7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 60,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/10346 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 60,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... 307,950 төгрөг... гэснийг 457,950 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ