Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2016/00352

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2016/00352

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүгч Г.Ариунаа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1960 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, эрэгтэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хилчний 7 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, Боржигон овогт Цэдэвийн Чүлтэмсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1984 онд Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин 2 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, Боржигон овогт Цэрэнлхагвын Дашдорж,

Хариуцагч: 1976 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, эрэгтэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчны 3 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, Монголууд овогт Бямбаагийн Ганхуяг нарт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 584.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Чүлтэмсүрэн, хариуцагч Ц.Дашдорж, Б.Ганхуяг, иргэдийн төлөөлөгч Д.Наранхүү, нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Чүлтэмсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2016.06.19-ний өдөр намайг ажлын байран дээрээ байхад Ц.Дашдорж, Б.Ганхуяг нар ирж 1 шил архи гаргаж уусан. Намайг архи уухгүй гэхэд гараас маань барьж байгаад албаар аманд минь хийсэн. Ингээд машины түлхүүрийг шүүрэн авч дотор нь байсан хүүхдийг ч буулгахгүй аваад явчихсан. Ажил тараад машинаа хайхад Нарны колонкын хажууд асахгүй болгоод хаячихсан, гэрэл дохио, духны гинж нь эвдэрсэн байсан. Намайг машинаа асаахад Дашдорж би унаад явъя, арыг нь даана гээд хөдөлтөл цагдаад баригдаж 384.000 төгрөгөөр торгуулсан. Би өөрийн буруугаас болж торгуулаагүй тул торгуулсан 384.000 төгрөг, машины эвдрэлд 200.000 төгрөг нийт 584.000 төгрөгийг Ц.Дашдорж, Б.Ганхуяг нараас гаргуулж өгнө үү. Машины эвдрэлд гаргасан 200.000 төгрөг бол би өөрөө авах сэлбэг хэрэгслээ тооцоолж, гаргасан үнийн дүн байгаа юм гэв.

Хариуцагч Ц.Дашдорж шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ хүн тэр өдөр ажилтай байсан нь үнэн, бид хоёр нэг шил архи авч очсон нь үнэн. Ам руу нь цутгасан юм байхгүй, худлаа ярьж байна. Аяганд хийгээд өөрөө бариад уусан. Машин авсан гэхээр нь би барьж үзье гэсэн болохоос түлхүүрийг нь авч зугтсан асуудал байхгүй. Өөрөө авсан машиныхаа духны гинж нь муу гэж ярьж байсан. Эвдэрхий машин авчихаад тэрнийхээ мөнгийг бид нараар төлүүлэх байна гэж ойлгож байна. Машиныг нь унаад явж байтал асахаа больсон, тэгэхээр нь Чүлтэмсүрэн рүү ярьж хэлэхэд өөрөө ирээд асаагаад зүгээр унаад явсан. Тэгээд колонкын дэргэд очтол цагдаа зогсоогоод, жолоочоох драгер үлээлгээд торгууль бичээд машиныг аваад явсан. баригдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Б.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Дашдоржийн хэлсэнтэй санал нэг байна. Бид гурав нэг шил архи уусан нь үнэн. Архиар шахсан зүйл байхгүй. Би бол машин барьж чадахгүй, Дашдорж машинтай байсан болохоор унаж үзье гэсэн. Чүлтэмсүрэн өөрөө хамгийн сүүлд машинаа унаад колонк дээр очсон, тэгээд цагдаад баригдаад торгуулсан. Бид хоёр машинд гэмтэл учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Ц.Чүлтэмсүрэн нь хариуцагч Ц.Дашдорж, Б.Ганхуяг нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 584.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нь өөрөө архи уусан, машинд гэмтэл учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Чүлтэмсүрэн нь 2016.06.21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 384.000 төгрөгөөр торгуулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч хариуцагч нарын гэм буруутай үйлдлээс болж торгуулсан болох нь нотлогдохгүй, нэхэмжлэгчийн машинд ямар ямар эд анги гэмтэж хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар баримт ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлага, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Цэдэвийн Чүлтэмсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Боржигон овогт Цэрэнлхагвын Дашдорж, Монголууд овогт Бямбаагийн Ганхуяг нарт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 584.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т хэсгүүдэд зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА.

ШҮҮГЧИД Г.АРИУНАА

Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ