Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00262

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09234 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 22,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талууд 2024.04.15-ны өдөр 2024/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 15 хоногийн хугацаанд Монгол Улсын ******* үйлчилгээний зах зээлийн өнөөгийн байдал, цаашид *******үйлчилгээг хөгжүүлэх боломжууд судалгааг гүйцэтгэх, манай компаниас гэрээ хүчин төгөлдөр болмогц 10,000,000 төгрөг, судалгааны ажил 60 хувийн гүйцэтгэлтэй товч тайланг хүлээн зөвшөөрснөөр 10,000,000 төгрөг, ажлыг бүрэн гүйцэтгэсэн актыг хүлээн авснаар үлдэх 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь 2024.04.19-ний өдөр урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөг, 2025.05.07-ны өдөр дундын санхүүжилт 10,000,000 төгрөгийг тус тус төлсөн. ******* ХХК нь судалгааны ажлыг гэрээний хугацаанд гүйцэтгээгүй ба шаардлага тавихад УИХ-ын сонгуульд ажиллаж байгаа талаар хэлсэн тул нэмэлт хугацаа тогтоосон. Гэвч үр дүн гараагүй учир 2024.10.21-ний өдөр гэрээг цуцалж байгааг мэдэгдэж, төлбөрт шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэхийг шаардсан ч буцаан өгөөгүй. Иймд ******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн 20,000,000 төгрөг, гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон тул алдангид 2,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хоёр компани 2024.04.15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Мөн 2024.11.25-ны өдөр захиалагчийн хүсэлтийн дагуу нэмэлтээр гэрээнд тусгагдаагүй судалгааны тайлан, дата мэдээлэл, нэмэлт ажлуудыг хийж хүлээлгэн өгсөн. ******* ХХК нь урьдчилгаа 10,000,000 төгрөгийг шилжүүлснээр ******* ХХК нь гэрээнд заасан эхний 2 судалгааны ажлыг хийсэн. 3 дахь ажил хэтэрхий цар хүрээ ихтэй, товч танилцуулга хийж нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр ажлыг үргэлжлүүлэх байсан. Салбарын мэргэжилтнүүдтэй уулзан ажлыг 2024.05.04-ний өдөр танилцуулж, ажлыг зөвшөөрч 2024.05.07-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 5,000,000 төгрөгийг ажлын засварын талаар үүрэг даалгавар өгөх, улмаар талууд акт үйлдэх байсан. ******* ХХК-ийн захирлын эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил удааширч, акт үйлдээгүй. ******* ХХК-ийн захирал танилцан, мөнгө шилжүүлсэн тул доголдолгүй гэж үзэж байна. Эхний 2 ажлыг гүйцэтгээд хүлээлгэн өгсөн. Мөнгө авсан болон огноотой маргахгүй. Хугацаа хэтрүүлсэн алдангийг зөвшөөрч үлдэгдэл 5,000,000 төгрөгийг авахгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 2,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 20,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэг.Шүүхийн шийдвэрт хариуцагч "******* ХХК нь ажлыг гүйцэтгэж цахимаар хүлээлгэн өгсөн, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацаатай холбоотойгоор үлдэх хөлс 5,000,000 төгрөгийг шаардахгүй гэж маргасан гэж дурдсан. Гэтэл бодит байдалд талууд 2024.04.15-ны өдөр 15 хоногийн хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Монгол Улсын ******* үйлчилгээний зах зээлийн өнөөгийн байдал, цаашид *******үйлчилгээг хөгжүүлэх боломжууд судалгааг гүйцэтгэх байсан. Дээрх судалгааг гэрээний хугацаанд гүйцэтгээгүй ба экспертүүдтэй уулзалт зохион байгуулсан, гэхдээ тухайн уулзалт нь нууцлалтай тул нотлох баримт, дүгнэлт, тайлбарыг албан бичиг болон имэйлээр илгээх боломжгүй гэх хариуг бидэнд өгч байсан. Улмаар 2024.06.27-ны өдөр гүйцэтгэлийг шаардахад ene buten saind yag ugnuu? Ireh 1 dehees uulzay, Udaad bgaad uuchlaarai гэх хариу өгсөн. Мөн сар бүр ажлын гүйцэтгэлийг шаардсан. Гүйцэтгэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүй, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй учир 2024.10.21-ний өдөр 24/41 дугаартай Шаардлага хүргүүлэх тухай албан бичгээр гэрээнээс татгалзаж, төлбөрийг буцаан төлөхийг шаардсан.

Хоёр.Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид шилжүүлэх, мөн зүйлийн 343.1-д зааснаар захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авах үүрэгтэй. Хариуцагч ажлын үр дүн болох судалгааны тайланг 2024.05.04-ний өдөр цахим шуудангаар хүргүүлсэн гэх боловч нэхэмжлэгчид 11-р сард цахим шуудан ирсэн. Энэ нь товч тайлан байсан гэж маргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэн аль нь өөрийн тайлбарыг баримтаар нотлоогүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хүсэлт гаргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч маргаж буй судалгааны тайланг хүргүүлсэн гэх цахим шууданд үзлэг хийх хүсэлтээс татгалзсаныг дурдах нь зүйтэй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Учир нь хариуцагч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1, 350.1.6-д заасан үүргээ биелүүлээгүй. Гэтэл хариуцагч татгалзлын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байтал зөвхөн шүүх хуралдаанд 2024.05.04-ний өдөр цахим шуудангаар хүргүүлсэн гэсэн тайлбарыг нь үндэслэж, захиалагч ажлын үр дүнг хүлээн авах үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан урьдач нөхцөл болох шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдсан буюу ажлын үр дүнг хариуцагч 2024.05.04-ний өдөр илгээсэн, нэхэмжлэгч илгээгээгүй гэж тус тус тайлбар гаргасан. Анхан шатны шүүхээс ажлын үр дүнг илгээсэн баримтыг хариуцагчаас гаргуулах байсан ч хэн аль нь хүсэлт гаргаагүй гэж шийдвэрт дурдсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч ажлын үр дүнг цахимаар 2024.05.04-ний өдөр хүлээн аваагүй тул энэ тухайгаа нотлох боломжгүй юм.

Гурав. Шүүхийн шийдвэрт хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 4 багц судалгааны тайлан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй боловч ажлын үр дүн цахим хэлбэрээр хүлээлцэхээр тохиролцжээ. Гэрээний 4.2-т хөлс төлөх хуваарийг тохиролцсон ба 4.2.2-т зааснаар ажлын үр дүн 60 хувь гүйцэтгэгдсэн бол 2 дахь удаагийн төлбөр 10,000,000 төгрөгийг төлөхөөр заасан байна. Иймд хоёр дахь төлбөр төлөгдсөн тул хариуцагч ажлын тайлангийн уулзалт болж, нэхэмжлэгч ажлын үр дүнг цахимаар хүлээн авсан гэх тайлбар хэргийн бодит байдал нийцэхээр байна гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Талуудын ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл нь Монгол улсын ******* үйлчилгээний зах зээлийн өнөөгийн байдал, цаашид *******үйлчилгээг хөгжүүлэх боломжууд судалгаа ба гэрээний хавсралтад бүрдлийг тодорхой заасан. Ажлын даалгаврыг гүйцэтгэгч бүрэн гүйцэтгэж дуусган, захиалагч нь албан ёсоор акт үйлдэн хүлээн авснаар бүрэн дууссан гэж үзнэ хэмээн маш тодорхой тогтсон. Хариуцагч гэрээний хугацаанд ажлыг гүйцэтгээгүй бөгөөд ажлыг цахимаар илгээснээ нотлоогүй. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг судалгааг хүлээн авсан гэж үзсэн. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Ажлаа хийж гүйцэтгээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Бид 60 хувийн ажлаа хийж гүйцэтгэн төлбөрөө авсан. Хоёр дахь шатны ажлаа хийж гүйцэтгэж байх явцад нэхэмжлэгч компанийн захирал солигдсон. Бид ажлаа хийж гүйцэтгэхэд хугацаа алдсан. Талууд 2-3 удаагийн уулзалт зохион байгуулж, зөвшилцсөний үндсэн дээр ажлаа хаах зорилгоор гэрээнд хамааралгүй ажлуудыг хийсэн. Уг ажлыг гэрээний үүрэгт хамааралгүй гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч компанийн ******* үйлчилгээтэй холбоотой, гадаадад байгаа Монголчуудын зан төлөвийн талаар судлах зорилгоор бид өөрсдийн зардлаар судалгаа зохион байгуулсан. Үүний дараа ажлуудыг хаах талаар тодруулахад арай болоогүй байна гэсэн тул өөрсдийнх нь үйл ажиллагаатай холбоотой маркетинг болон удирдлагуудын шийдвэр гаргалтад хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг гаргаж өгсөн. Бид 25,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан боловч 50,000,000 төгрөг болон түүнээс дээш төгрөгийн ажлуудыг хийж өгсөн тул ажлаа хийж гүйцэтгэж дууссан гэж бодсон. Гэтэл биднийг ажлаа хийж дуусгаагүй гэх үндэслэлээр шүүхэд өгсөн. Үүний дагуу уулзалт зохион байгуулахаар хандсан боловч нэхэмжлэгч компанийн захирал солигдсон учраас бидэнтэй тохиролцохгүй гэх хариу өгсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 20,000,000 төгрөгийг, алданги 2,000,000 төгрөгийн хамт хариуцагч ******* ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, судалгааны ажлыг гүйцэтгэж цахимаар хүлээлгэн өгсөн, гэрээний хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой гэрээнд тусгагдаагүй ажлыг нэмэлтээр хүлээлгэн өгсөн гэж тайлбарлан маргажээ.

 

3.Зохигчийн хооронд 2024 оны 04 сарын 15-ны өдөр байгуулсан 2024/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч ******* ХХК нь Монгол Улсын ******* үйлчилгээний зах зээлийн өнөөгийн байдал, цаашид *******үйлчилгээг хөгжүүлэх боломжууд судалгааг 21 хоногийн хугацаанд гүйцэтгэж, гэрээний хавсралтад заасан 5 төрлийн ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээ байгуулсан даруй 10,000,000 төгрөгийг, ажлын гүйцэтгэл 60 хувьд хүрсэн үед хүрч товч тайланг хүлээн зөвшөөрснөөр 10,000,000 төгрөг, ажлыг бүрэн гүйцэтгэсэн актыг үндэслэн 5,000,000 төгрөг буюу нийт 25,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлсон байна.

 

4.Гэрээний хугацаанд хариуцагч ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй талаар зохигч маргаагүй боловч, хариуцагчаас 2024.11.25-ны өдөр ажлын тайлан цахим шуудангаар илгээсэн гэж, нэхэмжлэгчээс 2024.10.21-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн ба ажлын үр дүнг хүлээж аваагүй гэж харилцан зөрүүтэй тайлбар гаргаж, ажил гүйцэтгэх гэрээний зүйл болсон судалгааны ажлыг талууд хүлээлцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Хариуцагчаас 2024.05.04-ний өдөр ажлын товч тайланг нэхэмжлэгчид цахим шуудангаар илгээсний дагуу ажлын 2 дахь үе шатны төлбөр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба энэ үндэслэлээр ажлын 60 хувийг гүйцэтгэснийг нотолно ... 2024.11-р сард гол ажил болох судалгааны дэлгэрэнгүй тайланг MS PPT хэлбэрээр мөн цахим шуудангаар илгээсэн, гэрээний хавсралтад заасан бусад 4 ажлын багтаамж их байсан тул цахим шуудангаар илгээж болоогүй тул хүлээлцээгүй гэсэн тайлбарыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугара зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч шаардлага ба татгалзлаа өөрөө нотлох үүргийг хүлээх ба хэрэв зохих баримтыг өөрөө шүүхэд гаргах боломжгүй бол шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй. Хариуцагчийн хувьд дээрх тайлбар, татгалзлаа нотолж нэхэмжлэгчид 2024.05.04-ний өдөр, мөн 2025.11-р сард цахим шуудангаар ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн талаархи баримтыг шүүхэд гаргаагүй, мөн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

Хариуцагч ******* ХХК-ийг гэрээнд заасан үүргээ биелүүлсэн буюу хэргийн 2-р хавтасны 7-88 дахь талд авагдсан Монгол Улсын ******* үйлчилгээний зах зээлийн өнөөгийн байдал, цаашид *******үйлчилгээг хөгжүүлэх боломжууд судалгааны ажлыг нэхэмжлэгч ******* ХХК-д хүлээлгэн өгсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Түүнчлэн хариуцагч нь гэрээний хавсралт Ажлын даалгавар-т заасан Хүлээлгэн өгөх материалууд болох Судалгаанд оролцогчдын дата мэдээлэл MS xsl форматаар, Судалгаанд оролцогчдын дуу хоолойны бичлэг MP3 форматаар, Фокус бүлгийн судалгаа MP3, MP4 форматаар, Судалгааны явцын зураг авалт JPEG форматаар тус тус хүлээлгэн өгөөгүйд зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч гэрээний 4.2.2-т зааснаар дундын санхүүжилт 10,000,000 төгрөгийг 2024.05.07-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн нь ажлын гүйцэтгэл 60 хувьд хүрснийг дангаар нотлохгүй буюу дээрх байдлаар ажлын гүйцэтгэлээ хариуцагч нотолж чадаагүй тул энэхүү мөнгөн шилжүүлгийг ажлын гүйцэтгэлтэй холбоотой гэж үзэх боломжгүй юм.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасны дагуу гэрээгээр тохиролцсон ажлын үр дүнг нэхэмжлэгчийн өмчлөлд хүлээлгэн өгөөгүй гэж дүгнэж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

5.Хариуцагч ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй тул талуудын байгуулсан гэрээний 5.1-д Ажлын даалгаврыг гүйцэтгэгч бүрэн гүйцэтгэж дуусган, захиалагч нь албан ёсоор акт үйлдэн хүлээн авснаар бүрэн дууссан гэж үзнэ гэж заасан нөхцөл биелэгдээгүй байна. Нэхэмжлэгчээс хариуцагчид хандан 2024.10.21-ний өдрийн 24/41 дугаартай Шаардлага хүргүүлэх тухай албан бичгээр гэрээг цуцалж, ажлын хөлс 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан ба хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон учир нэхэмжлэгч гэрээг цуцалж, төлсөн хөлсийг хохиролд тооцон буцаан гаргуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ үндэслэлээр хариуцагчаас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэнэ.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2,000,000 төгрөгийн алданги шаарджээ. Ажил гүйцэтгэх гэрээний 6.2-т зааснаар гэрээгээр тогтоосон хугацаанд ажлын даалгаврыг биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн бол гүйцэтгэгч алданги төлөхөөр талууд тохиролцжээ. Нэхэмжлэгч гэрээний үүргийг бус гэрээг цаашид үргэлжлүүлэхгүй гэж дүгнэн гэрээг цуцалж байгаа нөхцөлд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхгүй, уг шаардлага Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцээгүй байна. Иймд хариуцагчаас алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

 

6.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж хариуцагч ******* ХХК-аас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09234 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн,

2 дахь заалтын ... 46,950 төгрөг... гэснийг 257,950 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

Э.ЭНЭБИШ