Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/157

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Золзаяа

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн 1936000000178 дугаартай, 178/2019/0155/Э/ индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ногоочин, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Т.******* нь 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр Ховд аймгийн Ховд сумын Долоогийн газраас иргэн Х.*******ийн 1 тооны тугалтай үхэр буюу бод мал хугайлж Х.*******т 600000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Т.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлоо төлсөн гэх мэдүүлэг,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн... Ховд аймгийн Ховд сумын Улаан бураа багийн Наймын газар гэх газарт Ховд сумаас 33 км-ийн зайд Улаанбураа багийн иргэн Т.*******ы намаржааны газар үзлэг хийв.Т.******* үхрийг эндээс Портер машинд ачсан гэв.Ойр орчимд нь үхэр, ямаа айлуудын ногооны талбай их байв. Үхэр байсан гэх газарт модон шон суулгаастай байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 5-6-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэр Наймын газар иргэн Т.*******ы гэрийн гадна ******* ХОҮ улсын дугаартай, цагаан өнгийн Портер маркийн машинд үзлэг хийв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 7-8-р хуудас/

Хохирогч ******* овогт ын *******ийн / регистрийн дугаартай, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ня-бо мэргэжилтэй, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийнхөө тугалтай үхрийг Долоогийн газар байх ногооны талбайдаа авчирсан. Гэтэл 09 сарын эхээр манай тугалтай үхэр алга болсон. Т.*******ых манай ногооны талбайгаас 2 км зайтай байдаг. Тиймээс Т.*******ыг сэжиглэсэн.Манай үхэр хоншоор хэсэгт давхар ташуур тамгатай, тугал нь улаан зүсмийн, тамга байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 12-13-р хуудас/

Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны намар Ховд сумын иргэн Т.******* гэдэг хүн надаас Мустанг-150 маркийн, улаан өнгийн мотоцикль авч оронд нь тугалтай улаан гунжин үхэр авчирч өгсөн. Портер машинаар өөрийнхөө залуугийн хамт авчирч өгч байсан.Өөрийнхөө зэлний үхэр гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 20-21-р хуудас/

Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны намар 9 сарын сүүлээр Ховд сумын Т.******* гэдэг хүн манайд хүүгийнхээ хамт цагаан өнгийн Портер машинтай тугалтай улаан гунжин үхэр ачиж ирээд манайхаас Мустанг -5 маркийн мотоцикль аваад явсан. Удалгүй цагаан тугалтай цагаан үхэр авчирч өгсөн.Надаас хонгор зүсмийн зүүн гуяндаа дугуй тамгатай морийг 700.000 төгрөгөөр авч байсан.Би тэр хоёр тугалтай үхрийг Увс аймгийн Наранбулаг сумын Баяраа гэдэг хүнд өгөөд оронд хөөрөг авсан. Шинэ жилийн өмнө Т.******* ногоон өнгийн Портертой ирээд “ улаан зүсмийн тугалтай үхэр хулгайнх байсан буцааж авахгүй бол болохгүй нь “ гээд намайг дагуулж очоод авсан.Харин би хөөрөг авсан Баяраа гэдэг хүндээ оронд нь 70000 төгрөг өгсөн. Т.******* тэр улаан үхрийнхээ оронд мөнгө өгнө гэчихээд одоо хүртэл өгөөгүй... / хэргийн 22-23-р хуудас/

Гэрч Р.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны намар аав Т.******* бид хоёр өөрийнхөө ******* ХОҮ улсын дугаартай Портер машинаар тугалтай улаан зүсмийн үхэр ачиж яваад Мянгад сумын гэдэг хүнд аваачиж өгөөд оронд нь Мустанг-5 мотоцикль ачиж ирсэн. Тэр мотоциклио Темиржан гэдэг хүнд 2 үхрээр өгсөн. Дараа нь тэр хоёр үхрээ Увс аймгийн нэг хүнд өгөөд шар өнгийн Мустанг-5 мотоцикль авсан.Би тухайн үхрийг хулгайн үхэр байсныг өнгөрсөн өвөл мэдсэн... гэх мэдүүлэг / хэргийн 25-26-р хуудас/

Мал үнэлсэн тухай шинжээчийн... тугалтай үхэр /2 настай/ - 600000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 36-р хуудас/

Шүүгдэгч Т.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манайх Ховд сумын Наймын төвд байхад 2018 оны 08 дугаар сарын сүүлээр улаан зүсмийн гунжин үхэр улаан зүсмийн тугалтай манай ногооны талбай хавиар байхаар нь би авч өөрийнхөө үхэр нийлүүлсэн.Манай үхэртэй хамт сар гаруй хугацаанд байсан.2018 оны 9 дүгээр сарын сүүлээр Д. над руу залгаад “шинэ мотоциклиор солих үхэр байна уу” гэхээр нь би хүү Р.ы хамт өөрийн ******* ХОҮ улсын дугаартай Портер машинаараа өөрийнхөө 2 үхэр ачаад аваачиж өгөөд Мустанг-5 мотоцикль авсан. Харин улаан тугалтай үхрээр нэг тэмээ солихоор тохиролцоод, дараа нь тэмээгээ авахаар болоод аваачиж өгсөн.Тэгтэл уг улаан үхрийн эзэн Х.******* үхрээ мэдчихээр нь нөгөө тугалтай улаан үхрийг буцаагаад авчирч эзэнд нь өгсөн. Нэмж 400000 төгрөг, 5 уут тэжээл өгсөн... гэх мэдүүлэг/ хэргийн 42-43-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрхи баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Т.*******  нь 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр Ховд аймгийн Ховд сумын Долоогийн газраас хохирогч Х.*******ийн  тугалтай үхрийг  хулгайлж,  Д.д өгсөн болох нь хохирогч Х.*******ийн мэдүүлэг, гэрч Д.,Х.,Р. нарын мэдүүлэг, шүүгдэгч Т.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мал үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.*******  нь малаар мотоцикль наймаалцах үйлдлийг нэг бус удаа хийж байсан ба энэ явцдаа бусдын тугалтай үхрийг хууль бусаар авч өөр хүнд арилжаалсан  үйлдэл нь шууд санаатай шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Т.******* нь хохирогч Х.*******ийн тугалтай үхэр буюу бод малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-58/, хохирогчид  төлөх төлбөргүй болох нь хохирогч Х.*******ийн... Би хохирлоо бүрэн барагдуулж авсан, одоо нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...  гэх мэдүүлэг, мөн гэрч Д.Чулууны ...Т.*******д өгсөн мотоциклийнхоо оронд цагаан тугалтай үхэр авсан.Одоо энэ хүнд хохирол, гомдол байхгүй ... гэх хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.*******ы хувийн байдлын талаар гэрч Маруетханы өгсөн “...манай нөхөр Т.******* дээрээ 3 ах, дороо 3 дүүтэй айлын дунд хүүхэд.Дунд сургуулийн 8 дугаар анги төгссөн.Улаанбаатар хотод 1995-1996 онд цэргийн алба хаасан.Бид 1997 онд гэр бүл болж 5 хүүхэдтэй болсон.Т.******* нь даруухан, үг дуу цөөтэй, янз бүрийн ааш гаргаад байдаггүй.Манайх 250 гаруй бог, 20 гаруй бод мал, 2 га газар ногооны талбайтай...”  гэх мэдүүлэг хэргийн 29-30-р хуудас/

Гэрч М.Майрагүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.******* нь даруухан үг дуу цөөтэй, найз нөхөддөө нэр хүндтэй хүн. Эхнэр 5 хүүхдийн хамт Буянт сумын Норжинхайрхан багт амьдардаг...” гэх мэдүүлэг /хэргийн 34-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:..  Шүүгдэгч Т.******* нь өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Х.*******т учруулсан хохирлоо төлсөн, бусдад төлөх хохирол төлбөр байхгүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү... гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Т.*******ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хорих ялыг  01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ыг  01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 01 жилийн хорих ялыг 01 / нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг шүүгдэгч Т.*******д  тайлбарласугай.

5.Шүүгдэгч Т.*******ыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

6.Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүгдэгч Т.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ГАНТӨГС

Top of Form