Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00263

 

 

 

 

 

 

 

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/16582 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс татгалзаж, 13,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, зохигчийн гаргасан давж заалдах гомдлоос хариуцагчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 13,000,000 төгрөгийг авсан, гэрээнд төлбөрийг төлөөгүй бол сарын 500,000 төгрөгөөр тооцон түрээс төлөхөөр тохиролцсон ба хашаа байшинг суллаж өгөөгүй тул түрээсийн төлбөрт суутгасан гэж тайлбарлан маргажээ.

 

3.Талууд 2021 оны 12 сарын 22-ны өдөр байгуулсан Хашаа, байшинг хувь лизингээр авч, өгөх тухай гэсэн нэртэй хэлцлээр Хан-Уул дүүргийн ******* хороо, *******тоотод орших газрыг байшингийн хамт худалдах-худалдан авах, үнэ төлөх хугацааны хувьд 6 сарын дотор төлбөл 35,000,000 төгрөг, жилийн дотор төлбөл 40,000,000 төгрөгөөр тооцохоор, аливаа эрсдлийг үл харгалзан хугацаа, төлөлт өөрчлөгдөхгүй бөгөөд сард доод тал нь 1,000,000 төгрөг, түүнээс дээш хэмжээгээр төлөхөөр тохиролцжээ. Мөн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол газрыг бусдад худалдсаны дараа ашиглалтын зардал болон 1 сарын 500,000 төгрөгийн түрээсийг тооцон үлдэгдэл тооцоог шийдэх, 2018 онд хүлээгдэж байгаа газрын гэрчилгээг гарсан үед нь шилжүүлэх агуулгыг тусгаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Энэхүү хэлцлийн дагуу нэхэмжлэгч 13,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болон нэхэмжлэгч тал 2021.12-р сараас уг газрыг эзэмшиж эхэлсэн талаар зохигчид маргаагүй.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд 2021.12.22-ны өдөр байгуулагдсан гэрээг дүгнэхдээ гэрээний зүйл болох газар бүртгэлгүй, эрх бүхий этгээдийн зөвшөөрөл олгогдоогүй гэсэн үндэслэлийг заасан нь буруу биш боловч уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь хуульд нийцээгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх тухай зохицуулалт нь аливаа хэлцлийг хуулиар хориглосон бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгсөн. Иймээс Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг тул зохигчийн хооронд байгуулсан хэлцлийг хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагч уг газрыг 2024.07-р сард нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй шилжүүлэн авсан үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 13,000,000 төгрөгөө буцаан шаардсан бол хариуцагч гэрээг үргэлжлүүлнэ гэж тайлбарлан нэхэмжлэгчийн уг газарт амьдарсан хугацааны төлбөрт нэхэмжлэгчийн төлсөн 13,000,000 төгрөгийг суутгасан гэж нэхэмжлэлээс татгалзжээ. Зохигчид хэлцлийн хүчин төгөлдөр байдалд маргаагүй, хэлцлийг хүчин төгөлдөр гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

Талууд гэрээ байгуулах үедээ уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй болохыг мэдэж байсан, гэрчилгээг гарсан үед газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсоноос үзвэл зохигчийн хувьд эрхийн доголдолтой хөрөнгө худалдсан гэж үзэхгүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.Зохигчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хэн аль нь гэрээг цаашид үргэлжлүүлэх бус гэрээнээс татгалзсан агуулгыг илэрхийлсэн байна.

Анхан шатны шүүх зохигчийн байгуулсан хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэхдээ уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн ч нэхэмжлэгч газрыг ашигласан хугацааны төлбөрийг суутган тооцохдоо уг хэлцэлд үндэслэсэн нь логикийн хувьд зөрчилтэй болсон, мөн нэхэмжлэгчийн газрыг ашигласан хугацааг буруу тооцсон байгааг тус тус залруулна.

Талуудын байгуулсан гэрээгээр худалдан авагч газрын үнийг 6-12 сарын хугацаанд төлж дуусгах, худалдагч тухайн газарт эзэмших эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн үед гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсоныг өмнө дурдсан. Нэхэмжлэгч газрын үнийг хугацаанд нь төлөөгүй шалтгаанаа уг газар бичиг баримтгүй байсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй буюу тэрээр гэрээ байгуулах үедээ энэ тухай мэдэж, уг нөхцөлийг зөвшөөрөн гэрээ байгуулжээ.

Иймд талуудын гэрээнээс татгалзсан явдал нь нэхэмжлэгчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой, талууд гэрээнээс татгалзсаны үр дагаварт нэхэмжлэгч буруугүй тул 13,000,000 төгрөгийг бүхэлд нь гаргуулна гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Газрын урьдчилгаа төлбөр 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхөөс татгалзсан хариуцагчийн татгалзал мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан олох байсан орлогод хамаарна. Энэ нь талууд гэрээнээс татгалзсаны үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх талаар гэрээндээ тусгасан учир нэхэмжлэгч тал 2021.12 сараас 2024.07 сарын хугацаанд гэрээний зүйл болох газрыг ашигласан хугацаагаар тооцож, нэг сарын төлбөрийг 500,000 төгрөгөөр тооцвол 15,000,000 төгрөг болж байх тул нэхэмжлэгчийн гэрээний үнэд төлсөн төлбөрийг газар ашигласны төлбөрт суутгасан тухай хариуцагчийн татгалзал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д нийцжээ.

Энэ үндэслэлээр хариуцагч нь нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзэх тул энэ тухай хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

5.Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч *******аас гэрээнээс татгалзсаны үр дагаварт 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/16582 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,500 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

Э.ЭНЭБИШ