| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00532/И |
| Дугаар | 659 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 659
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багт оршин суух, 1963 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ63122911, Таргуд овогт Гүржавын Баттөмөрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багт оршин суух, 1967 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЛ67090971, Таргуд овогт Гүржавын Гансүхэд холбогдох,
“Хэрээгийн хар толгой” гэх газар байрлах өвөлжөөний жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, тухайн өвөлжөөнөөс Г.Гансүхийг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Баттөмөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Г.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Баттөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1999 онд Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багийн нутагт Зүүн бэлд “Хэрээгийн хар толгой” гэх газарт өвөлжөөний хашаа барьж авсан юм. 2006 онд албан ёсоор сумынхаа газрын албанд бүртгүүлж өөрийн нэр дээр газар эзэмших эрхийн 0088342 дугаартай гэрчилгээг авсан юм. “Хэрээгийн хар толгой” гэх өвөлжөөнд манай гэр 1999 оноос одоо хүртэл өвөлжиж байгаа юм. Манай өвөлжөөн дээр миний төрсөн дүү Г.Гансүхийнх бас хамт өвөлжиж байсан. Гэтэл 2015 оноос эхлэн манай дүү Г.Гансүх миний өвөлжөөний талаар маргаан гаргаж эхэлсэн. Манайх мал ихтэй болоод тухайн өвөлжөөний бэлчээр 2 айлын малд хүртээмж муутай болсон тул дүү Г.Гансүхийг өөр газар өвөлжөөтэй бол гэхэд миний өвөлжөөг миний төрсөн дүү Г.Энэбишээс 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан, энэ өвөлжөө миний өвөлжөө гэж хэлсэн. Тэгээд энэ өвөлжөөний гэрчилгээ надад байдаг яахаараа чинийх болсон юм бэ? гэхэд би бас гэрчилгээтэй гэж хэлэхээр нь би Сагил сумын газрын даамал Алтангэрэлтэй уулзахад тэрээр надад хэлэхгүйгээр миний өвөлжөөний гэрчилгээг Г.Гансүхийн нэр дээр хууль бусаар шилжүүлсэн байсан юм. Миний дүү Г.Гансүх би ах Г.Энэбишээс худалдаад авсан тул миний өвөлжөө, та нар энэ асуудлаа хуулиар тогтоолгож ав гэж хэлээд миний өвөлжөөг эзэмшиж байгаа. Миний өвөлжөөг Г.Энэбиш нь надад хэлэхгүйгээр “5.000.000 төгрөгөөр надад зарсан” гэж Г.Гансүх хэлж байгаа. Иймд хуулийн дагуу Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багийн нутагт байх “Хэрээгийн хар толгой” гэх газар байрлах өвөлжөөний жинхэнэ эзэмшигчээр намайг тогтоож, Г.Гансүхийг тухайн өвөлжөөнөөс албадан нүүлгэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.Гансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Энэ өвөлжөөг ах Г.Баттөмөр, дүү Г.Энэбиш, миний бие Г.Гансүх нар 2000 онд хувиа нийлүүлж 15 хониор Туваанжаваас худалдаж авахдаа өөрийн ээж Илийн Бадамын нэр дээр гэрчилгээг гаргуулж авсан. Гэтэл ах Г.Баттөмөр нь 2006 онд хэнд ч хэлэлгүй гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан байсныг ээж мэдээд, 2014 онд Г.Баттөмөр өөрийн биеэр авчирч ээжид өгснийг дүү Г.Энэбиш би бас хувиа авна гээд ах Г.Гансүх надад 2014 онд зарсан. Ах Г.Баттөмөр нь би бас хувиа авна гээд өвөлжөөнд байсан хар модон орон сууц, байрыг аймаг руу оруулаад байр бариад авчихсан юм. Г.Баттөмөр өөрөө 1 км газарт өвөлжөө бариад 4, 5 жил болж байгаа. Г.Гансүх миний бие нь энэ өвөлжөөн дээр 24 жил амьдарч байгаа. Гэтэл ах Г.Баттөмөр нь энэ өвөлжөө минийх гээд булаацалдаад байгаа юм” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Баттөмөр нь хариуцагч Г.Гансүхэд холбогдуулан Увс аймгийн Сагил сумын 3 дугаар баг “Хэрээгийн хар толгой” гэх газар байрлах өвөлжөөний жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, тухайн өвөлжөөнөөс Г.Гансүхийг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Увс аймгийн Сагил сумын 3 дугаар баг “Хэрээгийн хар толгой” гэх газар байрлах, өвөлжөөний зориулалттай, нэгж талбарын 191200059 дугаартай, 900 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч Г.Баттөмөрт Сагил сумын Засаг даргын 2006 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 дүгээр захирамжаар 60 жилийн хугацаатай, 0088342 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
Хариуцагч Г.Гансүх нь “Энэ өвөлжөөг ах Г.Баттөмөр, дүү Г.Энэбиш, миний бие Г.Гансүх нар 2000 онд хувиа нийлүүлж 15 хониор Туваанжав гэх хүнээс худалдаж авахдаа өөрийн ээж Илийн Бадамын нэр дээр гэрчилгээг гаргуулж авсан. Гэтэл ах Г.Баттөмөр нь 2006 онд хэнд ч хэлэлгүй гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан байсан” гэж тайлбарладаг хэдий ч энэхүү татгалзлын үндэслэлийг нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй болно.
Мөн Увс аймгийн Сагил сумын 3 дугаар баг “Хэрээгийн хар толгой” гэх газар байрлах, өвөлжөөний зориулалттай, нэгж талбарын 191200059 дугаартай газрын хувийн хэргээс харахад уг маргаан бүхий газрыг Г.Баттөмөр, Г.Гансүх нарын эх И.Бадам эзэмшиж байгаагүй байх тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Мөн хариуцагч Г.Гансүх нь уг маргаан бүхий газарт байрлах өвөлжөөнд 24 жил амьдарч байна гэж тайлбарладаг ч хариуцагч нь өөрийн эзэмшлийг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй гэдгээ нотлоогүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий газрын хамтран эзэмшигчээр бүртгэгдэж байгаагүй болох нь газар эзэмших эрхийн 0088342 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх тул Г.Гансүхийн эзэмшил нь хууль бус байна.
“Хэрээгийн хар толгой” гэх газар байрлах, өвөлжөөний шударга эзэмшигч нь Г.Баттөмөр мөн болох нь Сагил сумын Засаг даргын 2006 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 дүгээр захирамж, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 0088342 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын “Хэрээгийн хар толгой” гэх газар байрлах өвөлжөөний жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар Увс аймгийн Сагил сумын 3 дугаар баг “Хэрээгийн хар толгой” гэх газар байрлах, өвөлжөөний зориулалттай, нэгж талбарын 191200059 дугаартай, гэрчилгээний 0088432 дугаартай, 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, 900 м.кв газрыг хариуцагч Г.Гансүхийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, түүнийг албадан гаргаж, “Хэрээгийн хар толгой” гэх газар байрлах өвөлжөөний эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Баттөмөр нь “Хэрээгийн хар толгой” гэх газар байрлах өвөлжөөний жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, тухайн өвөлжөөнөөс Г.Гансүхийг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг хоёр шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.200 төгрөг төлөхөөс 70.200 төгрөг дутуу төлсөн байх тул нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэлийн “Хэрээгийн хар толгой” гэх газар байрлах өвөлжөөнөөс Г.Гансүхийг албадан нүүлгүүлэх тухай шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэн тул хариуцагч Г.Гансүхээс уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Баттөмөрт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар Увс аймгийн Сагил сумын 3 дугаар баг “Хэрээгийн хар толгой” гэх газар байрлах, өвөлжөөний зориулалттай, нэгж талбарын 191200059 дугаартай, гэрчилгээний 0088432 дугаартай, 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, 900 м.кв газрыг хариуцагч Г.Гансүхийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, түүнийг албадан гаргаж, нэхэмжлэгчийн “Хэрээгийн хар толгой” гэх газар байрлах өвөлжөөний эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 150000941 дансанд оруулж, хариуцагч Г.Гансүхээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Баттөмөрт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ