| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00143/Э |
| Дугаар | 00150 |
| Огноо | 2019-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 00150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон ургийн овогт Энхдэлхийгийн Дд холбогдох эрүүгийн 1932001690183 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, * тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Энхдэлхийгийн Д РД: *.
Тодорхойлох нь:
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны оройн 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн Нэгдсэн эмнэлгийн гадаа А.Нб, Т.Сх нарыг “манай нөхөртэй маргалдаж зодолдлоо” гэх шалтгаанаар А.Нбын толгойн тус газарт нь автомашины өргөгчний төмрөөр, Т.Сх ын толгойн тус газарт нь төмөр иштэй алхаар тус тус цохиж 2 хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол урчуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр би биеэ эмчлүүлээд эмнэлэгт хэвтэж байсан юм. Манай нөхөр 9 цагийн үед Улаанбаатар хот руу 131 машинтай гарна гээд тэрнээсээ өмнө намайг эргэе гээд ирсэн байсныг нь би мэдээгүй. Гадаа нь учиргүй хүмүүс маргалдаад байгаа чимээ гарсан. Удалгүй манай нөхөр ороод ирсэн. Энэ хүмүүс согтуу байна. Согтуу хүмүүс намайг элдэв үгээр доромжиллоо. Хасаг Монголоор дуудлаа. Чи гараад ир гэхээр нь би гарсан. Гарахад Нб, Сх гээд байгаа этгээд манай нөхөртэй маргалдсан эсэхийг би сайн мэдэхгүй. Гэхдээ маргалдсан. Яагаад гэвэл гарч ирэхэд манай нөхрийн хамар хавдчихсан байсан. Би яасан гэж асуухад манай нөхөр эд нар бөөнөөрөө намайг зодчихлоо гэсэн. Тухайн үед хамар нь хавдсан байсан болохоор гэнэт миний уур хүрсэн. Тэгэхэд Нб нилээн согтуу, биеэ хянах чадваргүй байсан. Тэгээд уурлаад казакийн шээс гэхээр нь чи ингэж хэлж болохгүй гээд салгах гэхэд улайраад дайраад байсан юм. Сувилагч нар хэлэхдээ танай нөхөр цохисон гээд байсан. Би бол цохиогүй гэж бодож байгаа. Миний нөхөр хүнийг зүгээр байхад цохихгүй. Үндсэрхэг үзэл гаргахаар нь уурласан байгаа. Нөхөр өөрөө хэлсэн би биеэ барьж чадахгүй алгадаад авсан гэж хэлсэн. Тухайн үедээ үхээрэй гэж хэлснээ санахгүй байна. Тухайн үед уур хүрээд биеэ хянах чадваргүй байсан. Эцгийн минь нэрийг дуудаад намайг элдвээр доромжлоод янхан банзлаар дуудаад тэнд миний арван жилд нийлж байсан хамт сурч байсан хүүхдүүд бүгдээрээ байсан. Тэр хүмүүс бүгд нийлдэг, үгсэн тохиролцсон гэдэг юм уу, тэр Дэлгэрмөрөн гэдэг залуу бол намайг яг тухайн үед жийж унагааж байгаад элдэв үгээр доромжилж байхад яг хажууд байсан байгаа. Намайг данхраадны ишээр цохиход бас хажууд байсан байгаа. Би тэр хүмүүсийг гэмтээсэндээ үнэхээр харамсаж байна. Хийсэн хэргээ мэдэж байгаа. Тухайн хүмүүсийг дайрч давшилснаа мэдэхгүй байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Мөрдөн байцаалтанд хохирогч Т.Сх мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчим найзуудтайгаа уулзахаар Хэрх багийн нэгдсэн эмнэлэгт очиход манай найзын гар нь эвгүй болсон гээд үзүүлж байсан. Тэгээд эмнэлгийн гадаа байж байхад Аб машинтай ирээд намайг хараад чи энд юу хийж байгаа юм бэ? гэж хэлээд намайг заамдаж аваад эмнэлгийн хананд хавсарч түлхээд чи яасан манай эхнэрийг эргэж явна уу гээд цохиод авсан... Д эмнэлгээс гарч ирээд шууд миний нүүрэн хэсэгт цохиод авахаар нь би найзуудаа аваад явсан. Тэгсэн Нб намайг зүгээр байхад яагаад наад Аб чинь цохидог юм бэ очиж учраа олно гээд явсан. Бид нар нээх удалгүй зодолдож байж магадгүй гэж бодоод араас нь очиход тэд нар маргалдаж зодолдож байхаар нь би очиж салгах гэсэн чинь миний өмдний дээд хэсэгт Д цаасны хутгаар зүсхээр нь би гарыг нь барьж байгаад түлхээд зугтаасан. Нээх удалгүй цагдаа нар ирэхээр буцаж очоод байж байтал миний толгой руу юмаар цохих шиг болсон. Эргээд хартал Д гартаа төмөр алх барьчихсан намайг чи үхээч чамаас болж ийм зүйл боллоо гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р хуудас/,
Мөрдөн байцаалтанд хохирогч А.Нб мэдүүлэхдээ: “...Абтэй маргалдаж байхад миний араас эхнэр Д нь толгой хэсэгт төмрөөр 3 удаа цохисон. Тэгээд би Дг чи яагаад намайг цохиж байгаа юм бэ би нөхөртэй чинь учраа олох гэж байна гэж хэлэхэд дахиад миний нүүрэн хэсэгт цохисон. Тэр үед миний ухаан балартаж юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт боолт хийлгэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч З.Батхуяг мэдүүлэхдээ: “...би тэр үед гар өвдөөд байсан болохоор машиндаа очиж суусан. Тэгээд хүмүүс эмнэлгийн доор дахиад маргаад байхаар нь би машинаас буугаад хараад зогсож байхад Д алх бариад Сх ын толгойнд нь цохисон. Тэгээд цагдаа нар салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-36-р хуудас/,
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Хч мэдүүлэхдээ: “...Нб би очод учраа олоод ирмээр байна. Яагаад намайг цохисон болохыг мэдмээр байна гээд явсан. Батбаяр, Сх , Батхуяг бид нар машинд үлдэсэн. Тэгээд нээх удалгүй 20 минутын дараа араас нь очиж эмнэлгийн хажууханд машинаа үлдээгээд алхаад очиход Д данхраадны иш барьчихсан Нбыг цохиод байж байхаар нь би очиж салгаж данхраадны ишийг булааж авсан... цагдаа нар ирээд салгаж байхад машины гэрлээс зайдуу харанхуй газар зогсож байхад тас гээд дуу гарахаар нь эргээд хартал Д Сх ын толгойг алхаар цохисон байсан. Сх ын толгойноос цус гарч байхад Д Сх ыг үхээд өг гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-37-р хуудас/
Мөрдөн байцаалтанд яллагдагч Э.Д мэдүүлэхдээ: “...Нб бууж ирээд Абийн сууж байсан машинаас зүүгдээд цохиод байхаар нь буулгах гээд араас нь татахад намайг жийж унагасан. Би босож очоод дахиад татахад буухгүй байхаар нь машины хар хайрцаг онгойлгож гарт баригдсан зүйлийг авч толгойн тус газарт нь цохисон. Тэгээд эргэж хараад яаж байгаа пизда вэ гээд миний гэдэс рүү хүчтэй жийхээр нь дахиад нүднийх нь хажууд цохисон. Тэр үед Дэлгэрмөрөн, Аб нар салгасан. Нб намайг хэл амаар доромжпоод орилоод байж байхад Сх хажууд нь байхаар нь би дахиад машины хар хайрцаг онгойлгож гарт баригдсан зүйлийг аваад Сх толгой руу алхаар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 43-р хуудас/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №168 дугаартай дүгнэлт: “...Т.Сх ын биед зүүн чамархай, дээд доод уруулын дотор талд няцарсан шарх, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /ХХ-ийн 24-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №167 дугаартай дүгнэлт: “...А.Нбын биед баруун доод 1-р шүд хөдөлгөөн орсон, дагзны дээд хэсэг, уруулын дотор талд няцарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхи, уруулын дотор талд цус хуралт, баруун нүдний дээд зовхины гадна хэсэг, зулайн урд хэсэгт зулгаралт, толгойн хуйх, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /ХХ-ийн 28-р хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 57-59 дугаар хуудас/
Шүүгдэгч Э.Дгийн хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, хурууны хээний дардас /хх-ийн 56 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-49 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны оройн 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн Нэгдсэн эмнэлгийн гадаа А.Нб, Т.Сх нарыг “манай нөхөртэй маргалдаж зодолдлоо” гэх шалтгаанаар А.Нбын толгойн тус газарт нь автомашины өргөгчний төмрөөр, Т.Сх ын толгойн тус газарт нь төмөр иштэй алхаар тус тус цохиж 2 хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Э.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг Э.Д нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ /хх-ийн 57-59 дүгээр хуудас/ бичгээр өгсөн нь хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Э.Ды үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг“ гэж тодорхойлжээ. Иймд Э.Дг “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг тооцон 04 сарын хугацаанд төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч Т.Сх , А.Нб нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, Э.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогтой Энхдэлхийгийн Дг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800,000 төгрөгөөр торгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Э.Дд торгууль 800,000 /найман зуун мянган/ төгрөгийг 04 сарын хугацаанд төлж биелүүлэхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэг зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Дд мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
6.Шүүгдэгч Э.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ