Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 00135

 

Монгол Улсын нэрийн өмнөөс:

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд   

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Н.Улсболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бт холбогдох 1932000000152 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгонд 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй

-2009 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар  03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сум дундын 21 дүгээр шүүхийн № 78 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Зоот овогт Түндэвийн Б. /РД:*/

           

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ойгоос мод бэлтгэхээр явж байх замдаа архидан согтуурч Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр Шонхор зуслангийн гүүрний орчимд иргэн З.БӨг модонд явсангүй гэсэн шалтгаанаар толгой руу нь цохих, нуруу орчимд нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бын өгсөн…... 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн орчимд модонд явж байхдаа машиныхаа хажууд архи ууж байхад БӨ модонд явахаа болилоо гэхээр нь би уурлаад БӨг хэвтэж байхад нь толгой руу нь нэг цохиод нуруу бөөр орчимд нь 3 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь БӨ босоод модонд явна гээд машинд суусан. Тэгээд цааш яваад ууланд очоод мод бэлтгэх болоход БӨ нь машинаас буугаад явж чадахгүй байсан. Тэгэхээр нь модны сүүдэрт хэвтүүлсэн. Бид хэд модоо бэлтгэж хийж дууёчихаад модоо аччихаад БӨг машиндаа суулгаад Түнхэл тосгонд гэрт нь авчирч өгсөн. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч З.БӨгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2019 оны 07 дугаар сарын 05-ны өглөө гэгээ орж байхад Бб намайг замаараа дайраад гэрээс авчаарай гээд гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд би ганцаараа хэвтэж байсан чинь Бб, Батаа хоёр ирээд намайг машинтай аваад замаараа Бын гэрээр орж Быг аваад замаараа Хоохондоогийн гэрээр орж Хоохондоог авсан. Тэгээд Б машинаа асаагаад Бб, Хоохондоо бид 4 уул руу модонд явахаар гараад замын хүнс бэлдэх гээд Сэргэлэн ахын дэлгүүр ороод жаал хүнсний зүйл аваад Б Сэргэлэн ахаас нэг шил архи зээлчих маргааш мөнгийг нь өгье гээд 0.75 граммын Хараа архи авсан. Тэгээд бид нар машиндаа суугаад мод хийх газар луугаа явж байгаад замаараа Чинболор гэх айлаас нэрмэл авч ууя гээд Чинболорын гадаа очоод Б 5 литр бензин өгч байгаад 2 литр нэрмэл архи аваад шонхор зуслангийн гүүрний хажууд модны сүүдэрт машинаас бууж байгаад дэлгүүрээс авсан нэг шил архи болон айлаас авсан 2 литр нэрмэл архи Б, Бб, Хоохондоо бид 4 хувааж уусан. Тэнд архи ууж байгаад би нилээн согтоод газар хэвтэж байсан чинь Б намайг өшиглөөд байх шиг байсан. Тэгээд нэг мэдсэн машины кабинд ар талаар нь хэвтцэн Бб, Хоохондоо хоёр миний урдуур суучихсан Б машинаа бариад ууланд мод хийх газраа очоод тэд нар машинаас буусан. Би босох гэсэн чинь босч чадахгүй байна намайг яасан юм бэ гэж асуусан чинь Б би чамайг 2 удаа өшиглөсөн гэж хэлсэн. Тэгээд би босч чадахгүй байна гэсэн чинь Хоохондоо Бб хоёр намайг хоёр талаас өргөөд модны сүүдэрт хэвтүүлсэн. .... Би гэртээ ороод хэвтэж чадахгүй байсан чинь эмнэлэг дуудаад үзүүлсэн чинь шууд яаралтай хот яв гэсэн. Би зүгээр байж байгаад хүнд цохиулсан болохоор гомдолтой байна. Эмчилгээний зардал гаргуулж биедээ эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/

Гэрч П.Ббын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.......... Цаашаа хөдөлж Түнхэл голын эрэг дээр гүүрний хажуу талд зогсож байгаад дэлгүүрээс авсан нэг шил архи болон айлаас авсан 2 литр нэрмэл архиа хувааж уугаад сууж байсан чинь БӨ би согтоод байна модонд явж чадахгүй юм байна та гурав модонд явчих гээд машины баруун талд толгойгоо урагшаа харуулцан хэвтэж байсан чинь Б машины баруун талд боолт чангалаад зогсож байснаа БӨгийн зүүн талын ташаан толгой хавь руу нэг удаа, нуруу бөөр хавьд нэг удаа өшиглөөд авахаар нь би наадхаа орхиод явчих гээд салгаад Быг машины зүүн тал руу явуулсан. Тэгсэн БӨ өөрөө босч ирээд машинд суусан. Тэгээд ууланд мод хийх газраа очоод машинаас буухад БӨ машинаас буугаад модны сүүдэрт сууж байя гээд унтаад өгсөн. Тэгээд Б, Хоохондоо бид гурав модоо хийж дуусчаад БӨг явъя гээд хэлсэн чинь өөрөө машинд суусан. Тэгээд Түнхэл тосгоны төв рүү орж ирж модоо буулгачихаад би гэр лүүгээ харьсан гэх мэдүүлэг /Хх-н 17 дугаар хуудас/

Гэрч Х.БЖын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:......... Архи ууж дуусаад явах болоход БӨ би модонд явахгүй энд үлдлээ гэсэн. Тэр хооронд би машины кабинд суусан байсан. Тэгсэн Б БӨг хүний авч өгсөн архи уучаад юу яриад байгаа юм гээд Б БӨг чирчихсэн машины кабинд суулгасан. Тэгээд бид нар ууланд мод хийх газраа очоод машинаас буух гэхэд БӨ нуруу өвдөөд байна гээд машинаас бууж чадахгүй байхаар нь би Ббын хамт БӨг суганаас нь өргөж аваачаад модны сүүдэрт хэвтүүлсэн. Б Бб бид гурав модоо хийж дуусаад явах болоход БӨ өөрөө босч ирээд машины кабинд суусан. Тэгээд Түнхэл тосгоны төв рүү ороод модоо буулгачаад би гэртээ харьсан гэх мэдүүлэг /Хх-н 19 дүгээр хуудас/

            Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 157 .......  Дүгнэлт

  1. З.БӨгийн биед зүүн бөөрний эдийн няцралт, урагдалт, цус хуралт, хэвлийн хөндий, бага аарцгийн хөндийд цус хуралт, нурууны зүүн хэсэгт зулгаралт, хуйхнагт цус хуралт, зүүн талын төмсгөнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн эмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 32 дугаар хуудас/

Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /Хх-н 45-49 дүгээр хуудас/

Өвчний түүх /Хх-н 51-56 дугаар хуудас/

Хохирогч Б.Одгэрэлийн нүүр болон биед учирсан ил гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 49 дүгээр хуудас/

Хохирол нэхэмжилсэн баримт /Хх-н 50-53 дугаар хуудас/

Т.Бын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 79 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 81 дүгээр хуудас/

Хохирогч З.БӨгийн Сээлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан Т.Бт гомдолгүй, шүүх хуралд өөрийн биеэр оролцох шаардлагагүй гэсэн тодорхойлолт /Хх-н 87 дугаар хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /Хх-н 93 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ойгоос мод бэлтгэхээр явж байх замдаа архидан согтуурч Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр Шонхор зуслангийн гүүрний орчимд иргэн З.БӨг модонд явсангүй гэсэн шалтгаанаар толгой руу нь цохих, нуруу орчимд нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Т.Б нь хохирогч З.БӨгийн толгой руу нь цохих, нуруу бөөр орчимд нь өшиглөх зэргээр цохиж зодсон үйлдэл нь авч өгсөн архи уучихаад модонд явахгүй гэлээ гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх бөгөөд хохирогч З.БӨгийн биед зүүн бөөрний эдийн няцралт, урагдалт, цус хуралт, хэвлийн хөндий, бага аарцгийн хөндийд цус хуралт, нурууны зүүн хэсэгт зулгаралт, хуйхнагт цус хуралт, зүүн талын төмсгөнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хүнд гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт.... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ..... гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж заажээ.

Шүүгдэгч Т.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа шүүгдэгчийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гарган прокурортой тохиролцсон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ болох 11000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 11000000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 03 жилийн хугацаанд буюу 36 хувааж сард 305556 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх, хохирогч З.БӨ нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Хохирогч З.БӨ нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Зоот овогт Түндэвийн Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Быг 11000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 11000000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б нь 11000000 /арван нэгэн сая/ төгрөгийн торгох ялыг 03 жилийн хугацаанд 36 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            6. Хохирогч З.БӨ нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.