| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 191/2025/04556/И |
| Дугаар | 210/МА2026/00469 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00469
******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/10753 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: ******* сууц өмчлөгчдийн холбооны тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ******* сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, гүйцэтгэх захирал *******ыг ажилласан хугацаандаа санхүүгийн алдагдалд оруулж, байгууллагын эд хөрөнгөд хайхрамжгүй хандсан зэрэг үндэслэлээр түүнийг гүйцэтгэх захирлаас чөлөөлөх 03/25 дугаар тогтоол гарсан ба уг тогтоолыг түүнд танилцуулсан.
1.2 Улмаар, дээрх тогтоолын биелэлтийг хангах зорилгоор түүнийг ажлаа хүлээлцэж, тамга тэмдгээ өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй.
Иймд *******ын хууль бус эзэмшлээс ******* сууц өмчлөгчдийн холбооны тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* сууц өмчлөгчдийн холбоо санхүүгийн хувьд өнөөдрийн байдлаар 17,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй хэвийн ажиллаж байна. Миний бие ажилчдынхаа цалинг цаг тухайд нь олгож ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл цалинг нь тавьж олгосон. Мөн гэрээт байгууллагуудынхаа нэхэмжлэлийн төлбөрийг хангаж ажилласаар байгаа.
2.2 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх хэсэгт зааснаар удирдах зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгох, удирдах зөвлөлийн гишүүн нь тухайн орон сууцанд байнга оршин суудаг, тухайн орон сууцны өмчлөгч байх ёстой. Гэвч *******, ******* нар тухайн орон сууцанд оршин суудаггүй тул удирдах зөвлөлийн гишүүн биш.
2.3 Нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03/25 дугаар тогтоолыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2 дахь заалтыг үндэслэн гаргасан. Тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5 дахь хэсэгт заасан заалтаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар ажилтанд 30-аас доошгүй хоногт мэдэгдэх ёстой боловч надад мэдэгдээгүй ба миний бие ээлжийн амралттай байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.4 дэх заалтад зааснаар хариуцагч *******од нэхэмжлэгч ******* СӨХ-д ******* СӨХ-ны тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгаж, үлдсэн холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03/25 дугаар тогтоолд удирдах зөвлөлийн гишүүн *******, *******, *******, *******, ******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл тэдгээр нь тус орон сууцны өмчлөгч биш, оршин суудаггүй байхад шүүх дээрх гишүүдийг ...удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөөгүй байх тул... гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. ******* СӨХ-ны уг тогтоол нь хүчин төгөлдөр бус. Өөрөөр хэлбэл, тус тогтоолд гарын үсэг зурсан удирдах зөвлөлийн гишүүд нь тус орон сууцны оршин суугчид биш бөгөөд удирдах зөвлөлийн гишүүн байх эрхгүй этгээд.
4.2 ******* нь ******* СӨХ-той хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03/25 дугаар тогтоол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэсэн. Гэвч миний зүгээс тус заалтуудад дурдагдсан алдаа эндэгдэл гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь үүнийг нотлоогүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 *******, ******* нар нь тухайн орон сууцны оршин суугч болох нь тогтоогдсон. Мөн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд *******ыг алдаа, зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Уг шийдвэртэй холбоотой анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хөдөлмөрийн маргаан үүсгэх эрх нь нээлттэй байсан. Гэвч өнөөдрийг хүртэл уг асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу хөдөлмөрийн маргаан үүсгэсэн зүйл байхгүй.
5.2 Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ******* өөрөө оршин суугчдын хурлыг хуралдуулж, *******оос сууц өмчлөгчдийн холбооны тамга, тэмдгийг хүлээн авч, дараагийн гүйцэтгэх захирлыг томилсон. Өөрөөр хэлбэл, ажлаас халсан тушаалтай холбоотой гомдол гаргаж байгаа эсэх, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг оршин суугч биш тул ажиллах эрхгүй гэж маргаж байгаа эсэх нь тодорхойгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******од холбогдуулан ******* сууц өмчлөгчдийн холбооны тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
4.1 ******* сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор холбооны хяналтын зөвлөл болон удирдах зөвлөлийн гишүүдээр *******, , *******, *******, *******, *******, , нарыг, мөн өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор удирдах зөвлөлийн даргаар ******* нарыг тус тус томилсон. /хх 52, 55/ Улмаар, удирдах зөвлөлийн гишүүдийн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 001 дугаар тогтоолоор хариуцагч *******ыг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ******* сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилсон байна. /хх 51/
4.2 ******* сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10/2024 дугаар тогтоолоор холбооны бүх гишүүдийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрээр сонгогдсон гишүүд хэлэлцээд, удирдах зөвлөлийн даргаар *******г сонгосныг баталгаажуулсан. /хх 15/
5. ******* сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03/25 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар гүйцэтгэх захирлын 2023, 2024 оны хийсэн ажлыг дүгнээд хангалтгүй гэж тогтоосон тул 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгож *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. /хх 4/
5.1 ******* сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн болон дарга, мөн хяналтын зөвлөлийн гишүүд болон гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэрүүдийг хүчингүй болгосон, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсон талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул тухайн шийдвэрүүдийг хүчинтэй гэж үзнэ. Иймд хариуцагчийн ...удирдах зөвлөлийн гишүүд нь тус орон сууцны өмчлөгч биш, оршин суудаггүй тул 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03/25 дугаар тогтоол хүчин төгөлдөр бус гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.8 дахь хэсэгт зааснаар удирдах зөвлөл нь гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх эрхтэй бөгөөд хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар баримт авагдаагүй байна. Иймд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээс гадна нэхэмжлэгч гэрээг дуусгавар болгосныг хариуцагч маргаж шаардлага гаргаагүй нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2 дахь хэсэгт харшлаагүй байх тул хариуцагчийн ...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5 дахь хэсэгт зааснаар алдаа эндэгдэл гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч талаас түүнийг нотлох баримтаар нотолж чаддаггүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал гүйцэтгэх захирал нь уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас ******* сууц өмчлөгчдийн холбооны тэмдэг болон бусад зүйлсийг шаардах эрхтэй.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох холбогдох баримт бичгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд талууд давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/10753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН