Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00470

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/18484 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* /цахим/, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үндэслэлээ ...*******тэй 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр лангуу түрээслэхээр тохиролцож, төлбөрт 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч гэрээнээс татгалзаж байх тул 3,000,000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.

2.1 Хариуцагч шаардлагын үндэслэлийг ...******* нь миний лангууг түрээслэхээр тохирч, 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Нэгэнт тохирсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэн маргасан.

3. ******* нь *******тэй 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр лангуу түрээслэхээр аман хэлбэрээр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Үүний дагуу ******* нь 3,000,000 төгрөгийг мөн өдөр *******т шилжүүлсэн. /хх 7/ Уг үйл баримтад талууд маргаагүй.

3.1 Анхан шатны шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

3.2 Нэхэмжлэгч нь хариуцагчид 3,000,000 төгрөгийг төлсөн боловч гэрээ хэрэгжээгүй, тухайн лангуунд үйл ажиллагаа явуулаагүй тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг буцаан шаардсан.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

3.3 Иймд анхан шатны шүүх хариуцагч *******ээс 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

4. Анхан шатны шүүх хариуцагчид 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн. /хх 36/ Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.1 Мөн хариуцагч нь ...лангуу түрээслэлээ гэж бараг 3 сар үнэгүйдүүлж хохироосон гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/18484 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

М.БАЯСГАЛАН