| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00144/Э |
| Дугаар | 00144 |
| Огноо | 2019-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 00144
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдооос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох 1932001500171 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1992 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох УБТЗ-ын Барилга угсралтын ангид ерөнхий инженер ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овогт Төмөрбаатарын Б. /РД: */
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг Хараа голын эрэг дээр эхнэр Б.Хмтай маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бийн өгсөн…. ... 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл хамаатан садангуудтайгаа Хараа голын эрэг дээр амарч байсан юм. Тэгээд бид нар архи дарс уусан. Эхнэр Б.Хм танайхан манай хүүхдүүдийг хардаггүй гэснээс болж эхнэртэйгээ маргалдан нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа цохисон гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Хмгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би жоохон архи уугаад нөхөр Бөд танайхан хүүхэд харж өгдөггүй, хадам аавын гэрт хоёр хүүхдээ оруулахад цагийн дараа миний араас утасдаад хүүхдүүдээ ав гэж хэлдэг гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Би аяны сандал дээр суугаад Б миний өөдөөс хараад газар сууж байгаад намайг доошоо тонгой доо гэж хэлээд миний нүүрэн тус газар Б гараараа 3 удаа цохисон. Тэгсэн миний нүүр сонин болоод хавдаад эхэлсэн. Надад нэхэмжлэх эмчилгээний зардал байхгүй. Гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй гэх мэдүүлэг /Хх-н 12-13 дугаар хуудас/
Гэрч Т.Бхын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би тэд нараас холдож унтах гээд модны ёроолд хэвтэж байхад түс тас гэх чимээ гарахаар нь би өндийгөөд босоход Б, Хм хоёр барилцаад авчихсан байхаар нь өөрийн нөхөр Энхамгаланд чи наад хоёроо салгаач болиулаач гэж хэлсэн. Энхамгалан болон бэр эгч Отгонсумъяа нар салгасан гэх мэдүүлэг /Хх-н 14 дүгээр хуудас/
Гэрч Б.ЭАгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2019 оны 07 дугаар сарын 13-ны орой 23 цагийн орчим Мандал сум Хэрх 4 дүгээр баг Хараа голын эрэг дээр Эрдэнэхүү ах, бэр эгч Отгонсумъяа, Хм, түүний нөхөр Б, найз Пүрэвбат, манай эхнэр Бх нартай хамт юм яриад сууж байсан. Хм эхлээд Бийг чи хүнтэй явдаг, би танайханд дургүй гэж хэлэхэд Б дуугай бай гэж хэлээд байсан. Хм хэрүүл маргаан хийгээд байхаар нь Б босч очоод Хмг дарж хэвтүүлээд дуугай бай дуугай гэж хэлсэн. Хм орилоод байхаар нь Б дуугай бай гэж хэлээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиход нь би очиж Бийг барьж аваад боль гэж хэлээд тэр хоёрыг салгаад одоо явъя гэж хэлээд Хм, Б, Бх нарыг машиндаа суулгаж аваад гэрт нь Хм, Б нарыг хүргэж өгсөн. Манай машинд Хм би чамаас сална гэж орилоод байсан гэх мэдүүлэг /Хх-н 18 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн № 8685 ...... Дүгнэлт:
1.Б.Хмгийн биед эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, шарх, уруулын салстад цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 20 дугаар хуудас/
Т.Бийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 28 дугаар хуудас/
Т.Б нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 32 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг Хараа голын эрэг дээр эхнэр Б.Хмтай маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Т.Бийн хохирогч Б.Хмгийн нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж зодсон үйлдэл нь танайхан манай хүүхдийг харж өгдөггүй гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Т.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилтай байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд 2 хувааж сард 300000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.Хм нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Өөлд овогт Төмөрбаатарын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б нь 600000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд 2 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Бөд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН