| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 311/2025/00583/И |
| Дугаар | 205/МА2026/00006 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 205/МА2026/00006
Д.Д-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч З.Нандинцэцэг, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 311/ШШ2026/00054 дугаар шийдвэртэй,
Д.Д-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ........ газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон холбогдох санд нөхөн төлүүлж, цалингийн 20%-ын нэмэгдэл 1,200,000 төгрөг, 2025 оны 09, 10 дугаар сарын цалин 2,880,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч Д.Б /цахимаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч Д.Д нь Завхан аймгийн ......... газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон холбогдох санд нөхөн төлүүлж, цалингийн 20%-ын нэмэгдэл 1,200,000 төгрөг, 2025 оны 09, 10 дугаар сарын цалин 2,880,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл: ...Д миний бие Завхан аймгийн .......... газарт анх 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ......-ийн үндсэн ажлын байранд орж хуульд заасан журмын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Би үүрэгт ажлаа зохих ёсоор хариуцлагатай гүйцэтгэж явсан. 2024 оны 10 сарын 15-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байран дээрээ биеийн байдал муудаж түргэн тусламж дуудан аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн яаралтай тусламж аван улмаар өвчний байдлаас шалтгаалан Улаанбаатар хот руу яаралтай тусламжийн тэргээр 3 дугаар эмнэлэгт хүрэгдэн эмчилгээнд орсон. Тус эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлж гараад байнгын хяналтад байх шаардлагатай гээд тэнд удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон учир байгууллагадаа хандан эмнэлэгт хүргэгдсэн өдрөөсөө тооцон 6 сарын чөлөө хүссэн бөгөөд байгууллага надад 6 сарын хугацаатай чөлөө өгсөн. УБ хотод 3 дугаар эмнэлэгт 2025 оны 3 сарын 25 хүртэл хяналтанд байж эмчлүүлсэн. Миний чөлөөний хугацаа 2025 оны 3 сарын 15-нд дуусах байсан ч эмчилгээ дуусахааргүй байсан учир байгууллагын даргадаа /өмнөх дарга Р-д/ би 4 сарын 1-нд ажилдаа орьё гэсэн хүсэлт тавихад дарга зөвшөөрсөн юм. Ингээд 2025 оны 4 сарын 1-нд ажилдаа орохоор ирэхэд дарга өөрчлөгдөж Ш.М дарга болсон байсан учир би даргын өрөөнд орж уулзан ажилдаа оръё гэхэд манайх камержуулалтын систем тавих гэж байгаа учир ....-ээр хүн ажиллуулах шаардлага байхгүй болно, гэхдээ та ажилд орох хүсэлтээ бичгээр өг гэсний дагуу би хүсэлтээ бичгээр гаргаж хүний нөөцөд өгсөн. Гэтэл намайг ажилд маань авахгүй, ямар нэгэн хариу өгөхгүй хүлээлгээд байсан учир би дахин бичгээр хүсэлт гаргаж 6 сарын 1-нд даргын нарийн бичгийн даргад өгсөн. Миний хүсэлтийн хариуг өгөхгүй, ажилд минь оруулахгүй болохоор нь хүний нөөцтэй уулзахад одоо нэг хэсэг тушаал гаргана, тэгэхээр гаргах байх гэсэн. Тэгэхээр нь би хүлээж байтал мөн л надад ямар ч хариу өгөхгүй болохоор нь би дахин даргатай биечлэн уулзахад та хүнд ажил хийх /цас арилгах, пар өргөх гэх мэт/ хийж чадахгүй учир ажилд авах боломжгүй, тантай хамтарч ажиллахгүй, хоёулаа хуулийн байгууллагаар л асуудлаа шийдвэрлүүлье гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь би хүний нөөцөд хандаж чөлөөлөгдсөн тушаалаа авъя гэхэд одоо Засгийн газраас төрийн албан хаагчдыг цомхотгох шийдвэр ирэхэд чөлөөлөгдөх хүмүүсийн тушаалыг гаргана. Тэгэхээр хамт гаргана гэж надад хэлсэн. Намайг чөлөө авахад миний ажлын байранд миний оронд хүн авч ажиллуулсан тэр хүн нь одоо ч ажиллаж байгаа. Би чөлөө авсан болохоор миний ажлын байр хэвээр хадгалагдаж намайг ажилдаа орохоор ирэхэд миний оронд ажиллаж байсан хүн чөлөөлөгдөж би ажилдаа орох ёстой байсан. Гэтэл элдэв шалтгаан /камержуулна, та хүнд ажил хийж чадахгүй гэх мэтээр/ хэлж намайг хөдөлмөрийн чадвар алдалтын байдлыг минь далимдуулан ялгаварлан гадуурхаж хөдөлмөр эрхлэх эрхийг минь ноцтой зөрчиж байгаа. Би ажилдаа орж чадахгүй байгаагаас шалтгаалан 5 сар ажилгүй байж цалин хөлсөөрөө хохирч байна. Байгууллага намайг ажилд эгүүлэн ажиллуулахгүй гэсэн ам шийдвэрийг өгсөн учир ........... сум дахь *******ийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж энэ хорооноос тэмдэглэл гаргасны дагуу танай шүүхэд хандаж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, үндэслэлийн агуулга:
Миний бие Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2025 оны 04 дүгээр сараас 08 дугаар сарыг дуусталх хугацааны цалингаа нэхэмжилсэн бөгөөд Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаартай тогтоолын дагуу нэмэгдсэн цалинг нэхэмжлээгүй байсан тул уг нэмэгдэл болох 1,200,000 төгрөгийн нэг сарын цалингийн 20 хувь болох 240,000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг тооцоход 2025 оны 04, 05, 06, 07, 08 дугаар саруудын нэмэгдэл цалин нийт 1,200,000 төгрөг болж байх тул цалингийн нэмэгдэл болох 1,200,000 төгрөгийг нөхөн гаргуулахаар, 2. Завхан аймгийн ............ газар 2025 оны 09 дүгээр сарын 03-ны үед ажилдаа ор гэж уулзсан бөгөөд би оръё гэхдээ 2025 оны 04 дүгээр сарын 01-нээс өнөөдрийг хүртэл цалингаа авъя гэхэд зөвшөөрөөгүй одоо болтол намайг ажилд аваагүй тул 2025 оны 09, 10 дугаар сарын цалинг нэмэгдсэн дүнгээр тооцож 2,880,000 төгрөг гаргуулж миний ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэхээр, 3. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаа хэр удаашрахыг мэдэх боломжгүй байх тул цаашид хэргийг шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл хугацааны цалинг гаргуулж уг хугацааны цалинд тооцогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг тус тус нэмэгдүүлж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
*******ийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч ........ овогт ......-ийн Д-ийг Завхан аймгийн ......... газрын -ийн ажилд эгүүлэн тогтоож, *******ийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан Д.Д-ийн өмнө авч байсан дундаж цалин хөлсийг бодож, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Завхан аймгийн ........ газрын .....-ийн ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны олговор олгохыг, мөн хугацаагаар тооцож, хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Завхан аймгийн ........ газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Д нь Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаартай тогтоолын дагуу миний цалин 20%-ийн нэмэгдэхээр тооцоход 1,200,000 /240,000х5/ төгрөгийг, 2025 оны 09, 10 дугаар сарын цалин 2,880,000 төгрөг гаргуулах, цаашид иргэний хэргийг шүүхээр шийдвэрлэх хүртэл хугацааны цалинг гаргуулж, уг олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг зохих санд нөхөн төлүүлэх, жижүүрийн албан тушаалд томилуулахыг даалгуулах тухай шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч байгууллага нь 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр Д.Д-ийн ажлыг орон тооны цомхотголд хамрагдуулж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж, орон тооны цомхотголд орсонтой холбогдуулж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Д.Д нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч Завхан аймгийн ........... газраас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.П давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 311/ШШ2026/00054 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтад "шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй" заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.
Гомдлын үндэслэл: Нэг. Хөөн хэлэлцэх хугацааг дүгнээгүй тухайд, Нэхэмжлэгч Д.Д нь 2025 оны 09 сарын 19-ний өдөр Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд Завхан аймгийн ......... газрын .....-ийн ажилд эгүүлэн тогтоож, 5 сарын цалин буюу 7,200,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэл *******ийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаануудыг дараах байдлаар зөрчсөн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2025 оны 04 сарын 01-ний өдөр хариуцагч байгууллагын даргатай уулзсан, эгүүлэн ажилдаа томилуулъя гэдгээ хэлсэн гэж дурддаг. Мөн 5 сарын хугацаанд ажилгүй байсан гэж дурддаг. Хариуцагч 2025 оны 04 сарын 01-ний нэхэмжлэгчтэй уулзсан гэдэгтээ маргадаггүй, .....-ийн ажил үүргийг гүйцэтгэж чадахааргүй харагдаж байна гэж өөрт нь хэлсэн талаар дурддаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүй үйлдэл 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс эхэлсэн гэдэг нь тодорхой. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт Завхан аймгийн ......... газраас Д.Д-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй атлаа ажилтныг ажиллуулахгүй байгаа байдлыг ажлаас халсан адилтган үзнэ гэсэн эрх зүйн дүгнэлт бий. *******ийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт "*******ийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр *******ийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн *******ийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1 дэх заалтад "******* эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор", гэж тус тус заасан. Эдгээр хуулийн зохицуулалтаас харвал нэхэмжлэгч өөрийг нь ажилд эгүүлэн авахгүй гэдгийг мэдсэн өдөр буюу 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс хойш 30 хоногийн дотор Завхан аймгийн ........... сумын *******ийн эрхийн маргаан зохицуулах хороонд хандах ёстой байтал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хугацааг хэтрүүлсэн болохыг анхаарч үзэхгүйгээр, анхан шатны шүүх буруу дүгнэсэн. Мөн хавтаст хэргийн 5 дугаар талд Завхан аймгийн ......... сумын *******ийн эрхийн маргаан зохицуулах хорооны 2025 оны 08 сарын 27-ны өдрийн 11 дугаартай хуралдааны тэмдэглэл байна. Энэ тэмдэглэлийн төгсгөл хэсэгт Хорооны тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдрийн дотор маргалдагч тал шүүх нэхэмжлэл гаргах эрхтэй" гэж дурдсан байна. Мөн *******ийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт "Сум, дүүргийн *******ийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй." гэж хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч 2025 оны 08 сарын 27-ны өдрөөс хойш ажлын 17 хоногийн дараа анхан шатны шүүхэд хандсан байгааг, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байгааг анхан шатны шүүх анхаарч үзэхгүйгээр алдаатай дүгнэлт хийжээ.
Хоёр. Анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй, хоёрдмол утгатай тухайд, Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг дараах байдлаар бичигджээ. *******ийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч ......... овогт ........-ийн Д-ийг Завхан аймгийн .............. газрын ........-ийн ажилд эгүүлэн тогтоосугай. *******ийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан Д.Д-ийн өмнө авч байсан дундаж цалин хөлсийг бодож, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Завхан аймгийн ......... газрын ....-ийн ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны олговор олгохыг, мөн хугацаагаар тооцож, хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Завхан аймгийн ............ газарт даалгасугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Д нь Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаартай тогтоолын дагуу миний цалин 20%-ийн нэмэгдэхээр тооцоход 1,200,000 /240,000х5/ төгрөгийг, 2025 оны 09, 10 дугаар сарын цалин 2,880,000 төгрөг гаргуулах, цаашид иргэний хэргийг шүүхээр шийдвэрлэх хүртэл хугацааны цалинг гаргуулж, уг олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг зохих санд нөхөн төлүүлэх, .....-ийн албан тушаалд томилуулахыг даалгуулах тухай шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч байгууллага нь 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр Д.Д-ийн ажлыг орон тооны цомхотголд хамрагдуулж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж, орон тооны цомхотголд орсонтой холбогдуулж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт". ... овогт ........-н Д-ийг Завхан аймгийн ......... газрын ......-ийн ажилд эгүүлэн тогтоосугай" гэж, тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт" .......-ийн албан тушаалд томилуулахыг даалгуулах тэтгэмж олгохоор эвлэрснийг тухай шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай" гэж тус тус дурдсан. Нэгдүгээр заалтаар ажилд эгүүлэн ав гэж шийдсэн мөртөө гуравдугаар заалтаар ажилд эгүүлэн томилуулахыг даалгуулах тухай шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэсэн нь шийдвэрийг ойлгомжгүй, хэрэгжих боломжгүй болгожээ. Мөн *******ийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан "******* эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно" гэж заасан хуулийн зохицуулалтыг хуулийн бодит хэрэгжилт буюу шүүхийн практикт анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл тооцож, шийдвэрлэдэг. Гэтэл энэхүү шүүхийн шийдвэрт дурдагдсан ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны олговор олгохыг даалгаж гэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хэрэгжих боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт" Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасантай нийцээгүй, Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 311/ШШ2026/00054 дугаартай дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 054 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргасан. Гомдлоо хоёр үндэслэлээр гаргасан. Хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүх дүгнээгүй байна гэж үзсэн. Нэхэмжлэгч Д.Д нь 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд Д.Д-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн ....... газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нэхэмжлэл нь *******ийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн байна гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэгч Д.Д нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч байгууллагын даргатай уулзсан. Ажилдаа томилуулах саналаа хэлсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Хариуцагч байгууллага 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчтэй уулзсан талаараа маргадаггүй. ...-ийн ажлыг хийж чадахааргүй харагдаж байна гэж хэлсэн талаар хариу тайлбарт дурдагддаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилоогүй үйлдэл нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт, Завхан аймгийн ........ газраас Д.Д-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй атлаа, ажилтныг ажиллуулахгүй байгаа байдлыг ажлаас нь халсантай адилтган үзнэ гэсэн эрх зүйн дүгнэлт байдаг. *******ийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал, эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойших хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр *******ийн эрхийн маргаан таслах комисст, *******ийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн *******ийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус, тус хандах эрхтэй гэж заасан байдаг. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл, түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасан. Эдгээр зохицуулалтаас харахад нэхэмжлэгч өөрийг нь ажилд эгүүлэн авахгүй гэдгийг мэдсэн буюу 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 30 хоногийн дотор Завхан аймгийн ........... сумын *******ийн эрхийн маргаан таслах комисст хандах ёстой байсан. Гэтэл маргаан таслах комисст хандахгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь хэргээс харагдаж байна.
Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд, Завхан аймгийн ............ сумын *******ийн эрхийн маргаан таслах хорооны 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай хурлын тэмдэглэл байдаг. Тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дурдсан. Гэтэл нэхэмжлэгч 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, *******ийн эрхийн маргаан таслах хорооны тэмдэглэл гарснаас хойш ажлын 17 хоногийн дараа хандсан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн байна. *******ийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүх дүгнээгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй, хоёрдмол утгатай байна гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт ........-ийн Д-ийг Завхан аймгийн .......... газрын .....-ийн ажилд эгүүлэн тогтоосугай гэж дурдсан 3 дахь хэсэгт Завхан аймгийн ........... газрын ......-ийн ажилд томилуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, тэтгэмж авч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж заасан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг уншихаар нэг болохоор ажилд нь авах юм шиг эсвэл ажилд нь авах ёсгүй ч юм шиг байгааг давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 5 сарын цалин болох 7.2 сая төгрөгийг авъя гэдэг. Анхан шатны шүүхийн шийдвэрт 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Завхан аймгийн .............. газрын жижүүрийн ажлыг гүйцэтгэж эхлэх хүртэлх хугацааны олговор олгохыг даалгаж шийдвэрлэсэн байдаг. Энэ хэсэг тодорхойгүй, ойлгомжгүй байна гэж хариуцагч байгууллагын зүгээс үзэж байгаа. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж гаргах тайлбар байхгүй гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Хариуцагч байгууллагын ярьж байгаа үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж байна. Миний үйлчлүүлэгч *******ийн маргаан зохицуулах салбар хороонд хандсан боловч, ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр хэлэлцээгүй. Үүнийг хэлэлцсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 1, 3 дахь заалт нь хоорондоо зөрчилдөөд байна гэж ярьж байна. Анх 7,2 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд сүүлд нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Үүнээс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага дээрээ хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П-тай тохиролцож цомхотголд хамруулж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргуулахаар эвлэрсэн. Үүнтэй нь холбогдуулж тэтгэмж гаргуулахаар хариуцагч байгууллагатай эвлэрсэн. Мөн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх цалингийн нэмэгдлийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан бөгөөд үүнийг шүүх хүлээн аваад цалинг нь гаргуулахаар шийдсэн. 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа томилогдох ёстой байсан гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх зүйл яригдах боломжгүй гэж үзэж байна гэв.
8. Нэхэмжлэгч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ийн маргаан зохицуулах хороонд хандах гэсэн боловч ашиг сонирхлын зөрчилтэй байсан учир шүүхэд хандсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг хүлээн авч, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзээд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Завхан аймгийн ........ газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 4, 5, 6, 7, 8 сарын цалин 7,200,000 төгрөгийг гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон холбогдох санд нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, 2025 оны 09, 10 дугаар сарын цалинг нэмэгдсэн хэмжээгээр тооцож, 2,880,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
3. Хэргийн үйл баримтаас харахад нэхэмжлэгч Д.Д нь Завхан аймгийн .......... газарт ...-ээр ажиллаж байгаад биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 6 сарын хугацаатай чөлөө авч 2024 оны 04 дүгээр сарын 01-нд ажилдаа эргэн орохоор тохиролцсон үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Тэрээр 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргахад түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй гэж үзэж, ажилд нь эгүүлэн аваагүй, энэ талаар ажил олгогч тушаал шийдвэр гаргаагүй байна.
4. *******ийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай бол ажилтны ажлын байр хэвээр хадгалагдахаар заасан байна. Ажил олгогч нь хуулийн дээрх заалтыг зөрчиж, ажилтныг ажилд нь эгүүлэн аваагүй байна.
5. Хэрвээ ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй тохиолдолд ажил олгогч нь *******ийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй байна.
*******ийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т зааснаар ажлаас чөлөөлөхөд 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй байна. Мөн *******ийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчоос тэтгэмж олгохоор байхад ажил олгогч энэ талаар ямар ч арга хэмжээ аваагүй байна.
6. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Д.Д-той байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцлаагүй атлаа ажил үүргийг гүйцэтгүүлээгүй эс үйлдэхүй гаргасныг ажлаас халсантай адилтгаж үзнэ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэгч Д.Д нь нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч байгууллага нь 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр Д.Д-ийн ажлын байрыг орон тооны цомхотголд оруулж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж, орон тооны цомхотголд орсонтой холбогдуулж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.6 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл зохигч нэхэмжлэлийн нийт шаардлага болон тодорхой хэсгийн талаар тохиролцож, шүүхийн өмнө гэрээ байгуулж болохоор заасан. Эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх ёстой.
9. Ажил олгогч нь *******ийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ ажилтанд тайлбарлаж танилцуулах үүрэгтэй бөгөөд тэрээр хуульд заасан үүргээ биелүүлээгүй мөртлөө үүргээ биелүүлэхээр эвлэрсэн, мөн Д.Д-ийг эрүүл мэндийн шалтгаанаар буюу *******ийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т зааснаар ажлаас чөлөөлсөн тохиолдолд тэрээр хуульд зааснаар тэтгэмж авах эрхтэй байтал, энэ эрхийг ажилтанд боломж олгож байгаа мэтээр тохиролцсоныг зохигчид эвлэрсэн гэж үзэх боломжгүй байна.
Нөгөө талаар эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндсэн шаардлагаасаа татгалзаагүй, хариуцагч дээрх хоёр шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, талууд нэхэмжлэлийн энэ үндсэн шаардлагууд дээр хэрхэн эвлэрсэн нь тодорхойгүй байхад талуудыг эвлэрсэн гэж үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүх эвлэрлийн гэрээг үнэлэхдээ үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.
10. Харин нэхэмжлэгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг өгч, ажилгүй байсан 4, 5, 6, 7, 8 сарын цалин гаргуулах шаардлагаа дэмжиж оролцож байгаа учраас нэхэмжлэгчийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцож 7,200,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
12. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг ямар хугацаатай хэдэн төгрөгөөр тооцож гаргаж байгаа нь тодорхойгүйгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ойлгомжгүй, эргэлзээтэй байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж өөрчлөлт оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шүүхийн шийдвэр тодорхойгүй, хэрэгжих боломжгүй байна гэсэн хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна
13. Мөн хариуцагч байгууллагын нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, шүүх хөөн хэлэлцэх хугацааг дүгнээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.
*******ийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт "*******ийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр *******ийн эрхийн маргаан таслах комисст, *******ийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн *******ийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,
154.2.1 дэх заалтад "******* эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор"
*******ийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт маргалдагч тал нь *******ийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар тус тус зохицуулжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгч Д.Д нь хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Завхан аймгийн ........... сумын *******ийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх бөгөөд уг хорооны шийдвэр 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гарсан байна.
Нэхэмжлэгч уг шийдвэрийг гарснаас хойш хоёр хоногийн дараа буюу 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэл хүлээн авсан дардасны тэмдэглэгээгээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч нь *******ийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүйг буруутгах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 311/ШШ2026/00054 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, 1 дэх заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ийн Завхан аймгийн .......... газрын ...-ийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 09, 10 дугаар сарын цалинг нэмэгдсэн хэмжээгээр тооцож, 2,880,000 төгрөгийг гаргуулах гэсэн нэмэгдүүлсэн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтад *******ийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Д-ийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 7,200,000 төгрөгийг Завхан аймгийн ......... газраас гаргуулж, Д.Д-д олгохоор тогтоож, хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Завхан аймгийн ........... газарт даалгахаар тогтоож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, шийдвэрийн 4, 5, 6 дахь заалтыг 3, 4, 5 болгон дугаарлаж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД З.НАНДИНЦЭЦЭГ
Б.АРИУНБАЯР