Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 216/МА2016/00009

 

Ш.А нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай  

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар;

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 134/ШШ2016/00133 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ША /РД:,утас:/ нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Г аймгийн Ш сумын Э м т  /Хуулийн этгээдийн РД: холбогдох

 

ажлаас халсан тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн  болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ш.А, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүх хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ш.А,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

хариуцагчийн байгууллагын  төлөөлөгч П.Г,

нарийн бичгийн даргад Э.Бат-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би Говьсүмбэр аймгийн Ш сумын Э м т 1990 оны 03 дугаар сараас тогоочоор ажиллаж байгаад 1994 оны 06 дугаар сараас эмнэлгийн тогоочоор ажилд орсноос хойш тасралтгүй 26 жил ажиллаж байна. Энэ хугацаанд 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр авто осолд орж удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлсэн бөгөөд актаа цаг хугацаанд нь  байгууллагадаа өгч байсан. 2014 оны 04 дүгээр сарын 13-наас хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар 6 сарын хугацаатай группд орсон. Энэ тухай дарга /үүрэг гүйцэтгэгч/ Д хэлж мэдэгдсэн бөгөөд дарга, чи эдгэрсэн тохиолдолд буцаад ажилдаа орж болно, чиний ажлын байр хэвээр хадгалагдана гэсэн тул би группээ сунгуулан эмчилгээ хийлгэж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгууллагадаа ажилдаа буцаж орох тухай өргөдлөө гаргасан. Тухайн үед чиний оронд түр хүн ажиллуулж байгаа хөдөлмөрийн гэрээ нь дуусаагүй байгаа тул хүлээж бай гэрээ нь дуусахаар ажилдаа ор гээд 3 сарын дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн даргын Б/01 тушаалаар тус төвийн тогоочоор ажиллах болсон. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Б Б/11 тоот тушаалаар ажлаас чөлөөллөө. Уг тушаалыг миний бие нь зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг тушаал нь хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн тушаал байна. Учир нь би хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүргийг зөрчөөгүй, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авахуулж байгаагүй, үйлчлүүлэгч болон хэвтэн эмчлүүлэгч нараас гомдол гарч байгаагүй тул хөдөлмөрийн сахилга алдаагүй билээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д зааснаар ажлаас чөлөөлсөн атлаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчин надад ямар нэгэн ажлын байр санал болгоогүй ажлаас халсан. Харин энэ тухай маргаан үүсгэхээр архивын холбогдох баримтыг хуулбарлан авах үед 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Д Б/09 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг олж мэдлээ. Уг тушаалд Хөдөлмөрийн хуулийн 40.1.2, 38.1.3 дахь заалтуудыг үндэслэн тушаалд намайг ...гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул 2014 онд 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн байна. Уг тушаалыг надад хэн ч мэдэгдээгүй, танилцуулаагүй, би 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулинд 38.1.3 гэсэн заалт байдаггүй. Хөдөлмөрийн хуулийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх бөгөөд энэ нь тусгай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байхыг шаарддаг. Гэтэл миний бие нь 60 хувийн группд орсон билээ. Тус Эрүүл мэндийн төв нь надад мэдэгдэлгүйгээр, намайг өвчтэй байхад 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тоот тушаалаар ажлаас халсан байна. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ажил, үүргээ гүйцэтгэж байхад дахин ажлаас халсан зэрэг нь хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн тушаалууд гаргасан байна.

 Иймд ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г аймгийн Ш сумын Э м т даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Г шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.А нь тус Эрүүл мэндийн төвд 26 жил тогоочоор ажилласан. Энэ хугацаанд Хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүргийг зөрчөөгүй, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж арга хэмжээнд орж байгаагүй, үйлчлүүлэгчдээс санал гомдол ирж байгаагүй билээ. Р.Т нэхэмжлэлийн дагуу Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 202/МА2016/00024 дугаартай магадлалыг үндэслэн Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 тоот тушаалаар Ш.А ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу ажил олж өгөх ёстой байсан боловч тус төвд Ш.А ажиллуулах орон тоо байхгүй учраас ажлын байр санал болгоогүй.

Иймд хөдөлмөрийн хуулийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. Харин анх Эрүүл мэндийн төвийн даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тоот тушаалын дагуу Ш.А хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн дүрэмд зааснаар хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан ажилтны ажлын байрыг нь хадгалж байх ёстой байсан. Гэтэл үндэслэлгүй ажлаас халаад өөр хүн ажилд авсан байна гэжээ.     

   

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ш.А нэхэмжлэлтэй Г аймгийн Ш сумын Э м т холбогдох тус төвийн даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тоот, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 тоот тушаалуудыг хүчингүй болгож, тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.А давж заалдах гомдолдоо: Энэ байгууллагад 26 жил тасралтгүй ажиллаж байгаа. 2014 оны 01 дүгээр сарын 13-нд авто осолд орж удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлж байгаад 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар грүппд орсон. Цаашид биеийн байдал сайжирч эдгэрсэн тул ажилдаа орох хүсэлт гаргасан боловч тухайн үед эрүүл мэндийн төвийн тогоочоор ажиллаж байгаа хүний гэрээний хугацаа дуусаагүй хүлээж бай гэсэн хариу өгсөн. Удаа дараа өргөдөл хүсэлт гаргасны эцэст 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа эргэж орсон боловч 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний эрхэлж байсан үндсэн ажил бөгөөд биеийн эрүүл мэндийн шаардлагаар тодорхой хугацаанд ажлаас түр чөлөөлөгдсөн байсан. Энэ хугацаанд миний оронд 1 дүгээр багийн иргэн Д.Б-Э, Р.Т нарыг тушаалаар ажилд авсан байдаг. Энэ талаараа шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч миний нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны  ба үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэж байна. Ш.А нь Хөдөлмөрийн хууль зөрчөөгүй, ажлын сахилга болон хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчөөгүй байхад түүнийг буруутай албан тушаалтны хууль бус шийдвэрээр халагдсан байгааг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах  комиссийн дүрмээр зохицуулагдаагүй байна гэж шүүх дүгнэсэн нь шүүх хавтаст хэрэгт байхгүй зүйлийг үндэслэл болгон дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах, 35.1.3-т эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа тохиолдолд ...ажил албан тушаалыг хэвээр хадгалах байтал түүнд мэдэгдэлгүйгээр 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тушаалыг гаргасан байсан. Уг тушаалыг гардуулсан болон танилцуулсан тухай баримт байдаггүй.

Харин хэргийн материалд нэхэмжлэгч Ш.А нь эмнэлгийн чөлөөтэй байсан баримтыг гаргаж өгсөн. Шүүх гэрч Д мэдүүлгийг үндэслэл болгосон бөгөөд хэргийн материалд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн шийдвэр байхгүй байхад дүгнэлт гаргасныг хууль зөрчсөн дүгнэлт гэж үзэж байна.

Мөн шүүх нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар дуусгавар болгожээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд ажилтны болон ажил олгогчийн алиных нь санаачлага вэ гэдгийг ялгаж салгах хуулийн зохицуулалт нь Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2-т заасан ялгах байтал уг хуулийг хэрэглээгүй байхад шүүх хууль бус дүгнэлт гаргасан байна.

2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 тоот тушаал нь мөн хууль зөрчсөн тушаал гаргасан. Гэтэл шүүх хуулийг яагаад буруу тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. ...Ш.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ...бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэснийг ажил олгогч зөрчиж, надад огт ажлын байрны санал тавиагүй хэмээн маргасан боловч дээрх хуулийн зохицуулалт нь тухайн байгууллагад бүтэц орон тооны хувьд сул ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэсэн агуулгыг илэрхийлж байна.

Гэтэл Г аймгийн Ш сумын Э м т санал болгох сул ажлын байр байгаагүй талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан тул ажилтанд заавал өөр ажил олгож өгөх ёстой гэж үзэж, ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй ...гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ...өөр ажил олгож өгнө гэсэн л хуулийн зохицуулалт байгаа. Гэтэл шүүх нь шүүх хуралд ирсэн хариуцагчийн төлөөлөгчийн үгээр дүгнэлт хийсэн. Тухайн үед ажил байсан байгаагүйг шүүх тогтоогоогүй, асууж тодруулаагүй атлаа ямар нэгэн тодорхой баримтгүйгээр хүний үгээр дүгнэлт өгсөн нь хууль зөрчсөн, илт нэг талыг буюу хариуцагч талыг хамгаалсан шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

 

Нэхэмжлэгч Ш.А нь Г аймгийн Ш сумын Э м т холбогдуулан тус төвийн даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Тэрээр нэхэмжлэлийн  шаардлагаа “ажилд томилох тухай” Ш сумын Э м т д 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот тушаал/хх-4/, ”ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 тоот тушаал/хх-5/, хөдөлмөрийн гэрээ /хх-6/, эмнэлгийн хуудаснууд/хх-10-13/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/хх-14/, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ш сумын Э м т захиргаанд гаргасан өргөдөл/хх-15/, “эмчилгээний хоолны тогооч”-ийн мэргэшил дээшлүүлэх сургалтанд суралцаж төгссөн тухай гэрчилгээ/хх-16/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-19-23/, “ажлаас чөлөөлөх тухай” Ш сумын Э мн т даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тоот тушаал/хх-24/ зэрэгт үндэслэжээ.

 

Хариуцагч нь Р.Т нэхэмжлэлийн дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэн  Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 тоот тушаалаар Ш.А ажлаас чөлөөлсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тус төвд Ш.А ажиллуулах орон тоо байхгүй учраас ажлын байр санал болгоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна, харин 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тоот тушаалаар Ш.А хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй, учир нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн дүрэмд зааснаар хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан ажилтны ажлын байрыг хадгалж байх ёстой байтал үндэслэлгүй ажлаас халж  өөр хүн ажилд авсан байна гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй байна.

 

Анхан шатны шүүх  ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан,  тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Учир нь хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгч Ш.А нь 1990 оны 3 дугаар сараас Говьсүмбэр аймгийн Ш хорооны яслид асрагч, сумын эмнэлэгт тогоочоор/хх- 14/, 1994 оны 6 сараас тус сумын эмнэлэгт тогоочоор, 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс  2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр хүртэл тус сумын Эрүүл мэндийн төвд тогоочоор тус тус ажиллаж байжээ./хх-4,6-9,19-23/

Тэрээр Шивээговь сумын эмнэлэгт тогоочоор ажиллаж байхдаа 2014.01.06-ны өдрөөс 2014.01.10-ны өдөр хүртэл хугацаанд ердийн өвчний эмийн чөлөөтэй/хх-10/,  2014.01.13-ны өдрөөс 2014.04.10-ны өдөр хүртэл хугацаанд ахуйн ослын улмаас эмийн чөлөөтэй/хх-11-13/ байсан байна.

         Ажил олгогч буюу хариуцагч Ш сумын Э м т нь Ш.А автын ослын улмаас удаан хугацаагаар өвчилж эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн тус төвийн даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тоот тушаалаар/хх-24/ түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн, 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн Б/11 тоот тушаалд/хх-5/ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 24 тоот магадлал зэргийг үндэслэн Ш.А байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тус тус  цуцалжээ.

Ажил олгогч нь 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тоот шийдвэр/тушаал/-тээ нэхэмжлэгч Ш.А ... эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзсэн хэдий боловч энэ талаар эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлт гаргасан  эсэхийг анхан шатны шүүх тодруулалгүй дан ганц гэрчийн мэдүүлгийг үндэслэн ажил олгогчийн дээрх шийдвэр/тушаал/ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөрчөөгүй гэж үзсэн нь мөн хуульд  нийцээгүй байна.

          Харин нэхэмжлэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоож, улмаар  6 сарын хугацаатай групп тогтоолгосон, мөн группээ дахин сунгуулсан гэх боловч энэ талаарх бичгийн баримт буюу эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр хэрэгт авагдаагүй, ямар учраас нотлох баримтаар өгөөгүй талаар  тодруулаагүй байна.

            Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр,...-г халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй ба ажил олгогч буюу хариуцагч Шивээговь сумын Эрүүл мэндийн төв нь энэхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж нэхэмжлэгч буюу ажилтан Ш.А 2014.05.23-ны өдрийн Б/09 тоот тушаалыг  гардуулж өгсөн эсэх, өгсөн бол хэдийд гардуулж өгсөн, өгөөгүй бол ямар учраас гардуулж өгөөгүй зэрэг нь  тодорхойгүй,  нэхэмжлэгч нь уг шийдвэр/тушаал/-ийг  хуульд заасан хугацаанд нь гардаж аваагүй, 2016.07.18-ны өдөр архиваас хуулбарлан авсан гэх боловч энэ талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд өгөөгүй, энэ талаар шүүх тодруулах ажиллагаа хийгээгүй байна.

Улмаар нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн дээрх шийдвэр/тушаал/-ийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хуулийн шаардлагыг хэтрүүлсэн эсэх, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргасан эсэх зэрэгт дүгнэлт хийлгүй талууд гомдол гаргах хугацааны талаар маргаагүй гэдгээр нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзсэн нь учир дутагдалтай болсон.

          Энэхүү ажлаас буруу халагдсан тухай гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан эсэхийг тодруулах нь улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь энэ хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж буй тохиолдолд энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх  хуулийн  шаардлагыг хангасан эсэхийг тодруулахад  ач холбогдолтой болохыг  шүүх анхаараагүй.

 

Ажил олгогч буюу Ш сумын Э м т нь Ш.А ажлаас чөлөөлсөн 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн Б/11 тоот шийдвэр/тушаал/-тээ Хөдөлмөрийн тухай хуулиас гадна Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 24 тоот магадлалыг  үндэслэл болгосон байх бөгөөд энэхүү ажил олгогчийн шийдвэр/тушаал/-н үндэслэл болсон   шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргаж өгөөгүй байгааг шүүх анхааралгүй ...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаар Ш.А ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг зөрчөөгүй, талууд энэ шийдвэрийн талаар маргаагүй гэсэн дүгнэлт хийсэн  нь алдаатай болсон байна.  

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “...бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн зохицуулалтыг тухайн байгууллагад бүтэц орон тооны хувьд сул ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэсэн агуулгыг илэрхийлж байна хэмээн тайлбарласан, мөн  тухайн ажил олгогч буюу хариуцагч байгууллагад өөр ажил, албан тушаалын сул ажлын байр байсан эсэх нь баримтаар нотлогдож тогтоогдоогүй байхад зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн ажилтанд заавал өөр ажил олж өгөх ёстой гэж ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь ИХШХШТХуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад  нийцэхгүй  байна.  

Учир нь шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон мэт үзэх нь шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох юм.

Иймд  анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүй,  нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн эсэхийг анхаараагүй, мөн шийдвэрийн үндэслэл нь хуульд заасан шаардлагад нийцээгүй  байх тул энэ талаар  гаргасан нэхэмжлэгч талын  давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь  хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 134/ШШ2016/00133 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.

 

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172  дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал  гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг  хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Г.ТЭГШСУУРЬ

                                               ШҮҮГЧ                               Н.БАТЧИМЭГ

                                               ШҮҮГЧ                               Х.БАЙГАЛМАА