| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 311/2025/00517/И |
| Дугаар | 205/МА2026/00007 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Цалин хөлсний маргаан, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 205/МА2026/00007
А.Г-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч З.Нандинцэцэг, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 311/ШШ2025/00595 дугаар шийдвэртэй,
А.Г-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ..... сумын Засаг даргад холбогдох Завхан аймгийн ...... сумын Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай "Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ............... газрын даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн иргэний хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б, нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч А.Г нь Завхан аймгийн .... сумын Засаг даргад холбогдуулан 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай "Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл: ...А.Г миний бие Завхан аймгийн ...... сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/02 тоот захирамжаар ........... даргаар томилогдож ажиллаж эхэлсэн. ...ажиллаж байхдаа өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж ирсэн. Миний бие өөрийн бүрэн эрхийн хүрээнд улирлын чанартай ногоон байгууламжийн ажилчдаас байгууллагын бүтэц орон тооны хязгаар болон ажил үүргийн онцлогоос шалтгаалж сэлгэн ажиллуулсан боловч тухайн ажилчдаас 2 ажилтан хүлээн зөвшөөрөхгүй ......... сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд болон ........ сумын Засаг даргад гомдол гаргасан. Тэрхүү гомдлоор Завхан аймгийн ......... сумын Засаг даргын 2024 оны 12 сарын 13-ны өдрийн Б/10 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжаар надад үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан. Шүүхэд хандаж ...Б/10 тоот захирамжийг хүчингүй болгуулсан. Гэтэл 2025 оны 07 сарын 01-ний өдрийн Б/01 тоот “Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо биелүүлж ажиллаагүй гэх үндэслэлээр дахин үндэслэлгүй захирамж гаргаж, менежерийн албан тушаалд шилжүүлж бууруулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна гэжээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн ....... сумын Засаг даргад холбогдох, тус Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай "Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг хүчингүй болгож, ....... овогт ......-н Г-ийг урьд эрхэлж байсан .......... даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14,755,162 /арван дөрвөн сая долоон зуун тавин тав нэг зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Г-т олгож, уг олговроос эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Завхан аймгийн ......... сумын Засаг даргаас 70,200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 311/ШШ2025/00595 дугаартай шийдвэрийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Өөрөөр хэлбэл, ........... сумын Засаг даргыг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан албан тушаал бууруулах тухай сахилгын шийтгэлийг оногдуулах боломжгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Ажил олгогчийн тухайд уг шийтгэлийг оногдуулах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 311/ШШ2025/00595 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...давж заалдах гомдлынхоо хууль зүйн үндэслэлийг тайлбарлая. Нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлээр ........... сумын Засаг дарга түүний албан тушаалыг бууруулах сахилгын арга хэмжээ авсан байдаг. ........... сумын Засаг дарга нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын арга хэмжээ авах эрх бүхий этгээд юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 14,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт .......... сумын Засаг даргын шийдвэрийг үндэслэлгүй гарсан гэж үздэг. ......... сумын Засаг даргын нэхэмжлэгчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байхад нэхэмжлэгч тухайн албан тушаалд ажиллаж цалингаа авах ёстой байсан. Цалин гаргуулж байгаа үйлдэл нь ажил олгогчийн үйлдлээс хамаарахгүй. Нэхэмжлэгч бууруулсан албан тушаал буюу менежерээр ажиллаж цалингаа авах бүрэн боломжтой байсан. ....... сумын Засаг дарга ажлаас бүрэн чөлөөлөөгүй, албан тушаал бууруулсан. Ажлаа хийх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны акт нь .......... сумын Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах тухай агуулгатай захирамж байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан ...албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээг авсан. Анхан шатны шүүх хуульд заасны дагуу нотлох баримтыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү. Албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг тухайн аж ахуйн нэгжийн дарга өөрийн байгууллагын ажилтныг албан тушаал бууруулах боломжтой. .......... сумын .............. газар нь орон нутгийн өмчит газар байгаа. ....... сумын Засаг даргын тамгын газар, ......... газар нь 2 тусдаа хуулийн этгээд юм. 2 өөр гэрчилгээтэй, 2 тусдаа хөдөлмөрийн дотоод журамтай, бүтэц орон тоотой байгууллага байдаг. ........ газрын менежерийг нэхэмжлэгч томилох эрхтэй субъект юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар .......... сумын Засаг дарга нь ......... газрын менежерийг томилох эрх бүхий этгээд биш юм. Өөр байгууллагын менежерийг халах, чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй гэх тайлбарыг хэлдэг. Албан тушаал бууруулсныг ажлаас чөлөөлсөнтэй адилтгаж үзнэ гэсэн зохицуулалт байдаг. Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/123 дугаартай тушаалын хавсралтад “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам” гэж байгаа. Журамд албан тушаал бууруулж байгаа тохиолдолд тухайн албан тушаалтныг чөлөөлсөнтэй адилтгаж үзнэ гэсэн зохицуулалт байгаа. ........ сумын Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан эсэх асуудал байгаа. Шүүхийн зүгээс хариуцагч нэхэмжлэгчийг албан тушаал бууруулах бүрэн эрхтэй байна гэж үзэх юм бол тушаалын агуулга байхгүй болно. Хавтаст хэрэгт албан тушаалын тодорхойлолт авагдаагүй байдаг. Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг биелүүлээгүй гэж үзэх юм бол албан тушаалын тодорхойлолт хэрэгт авагдсан байх ёстой. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр харилцан тохиролцож гэрээ байгуулах ёстой. ...... сумын Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэв.
6. Нэхэмжлэгч А.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг хүлээн авч, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзээд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Завхан аймгийн .......... сумын Засаг даргад холбогдуулан тус даргын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн үйл баримтаас харахад нэхэмжлэгч А.Г нь ........ даргаар ажиллаж байсан бөгөөд Завхан аймгийн ........... сумын Засаг дарга нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай захирамжаар А.Г-ийг албан тушаал бууруулж, тус албаны менежерийн албан тушаалд томилсон байна.
4. Ажил олгогч нь А.Г-ийг албан тушаал бууруулсан тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо удаа дараа биелүүлээгүй, …хангалтгүй ажилласан нь тогтоогдсон, үүрэг даалгаврын тайлан ирүүлээгүй, мөн санхүүтэй холбоотой асуудал байгаа учраас албан тушаал бууруулах арга хэмжээ авсан гэжээ.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцож, сахилгын шийтгэл сонгож оногдуулахаар заажээ.
6. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгч А.Г нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан нь тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч А.Г-ийг албан тушаал бууруулсан тушаалынхаа үндэслэлийг шүүхэд нотолж чадаагүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
7. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, А.Г-ийг албан тушаал бууруулсан ажил олгогчийн Б/01 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэж, нэхэмжлэгч А.Г-ийг .......... даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
8. Харин анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч А.Г-т ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14.755.162 төгрөгийг гаргуулж, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ.
10. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагчаар цуцална гэдэг нь ажил олгогч тухайн ажилтантай хөдөлмөрийн харилцааг бүр мөсөн дуусгавар болгохыг зорьсон байдаг бол албан тушаал бууруулж, өөр ажилд шилжүүлэх ойлголт нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохыг зорьдоггүй, харин ажил үүрэг, ажлын байр, цалин хөлс өөрчлөгдөх зэрэг үр дагавар гардгаараа хоорондоо ялгаатай байдаг.
11. Хэргийн үйл баримтаас харахад ажил олгогч нь А.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцлах зорилго бүхий шийдвэр гаргаагүй, түүнийг өөр ажилд тушаал бууруулан томилсон нөхцөл байдал тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, А.Г-тэй байгуулагдсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан гэж үзэхгүй тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан олговор шаардах үндэслэлгүй байна.
12. Харин үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлэн томилсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар ажилтны цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгох, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
13. Гэвч хэрэгт авагдсан баримтуудаас харахад, нэхэмжлэгч А.Г нь албан тушаал бууруулсан тус албаны менежерийн албан тушаалд ажиллаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт заасан олговор шаардах эрхгүй байна.
14. Хэдийгээр ажилтан ажил олгогчийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар маргах эрхтэй боловч энэ нөхцөл байдалд үндэслэн ажил эрхлэхээс татгалзах, улмаар энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхэлсэнтэй адил хэмжээний цалин хөлсийг нэхэмжлэх, нийгэм, эдийн засгийн баталгаа шаардах эрхийг бүх тохиолдолд чөлөөтэй, шууд эдэлнэ гэж үзэхгүй бөгөөд ажилтныг хууль бусаар албан тушаал бууруулсан тохиолдолд буурсан албан тушаалд ажиллах бодит боломжгүй нөхцөл байдал үүссэн бол ажилтан шүүхэд маргах хугацаанд ажил эрхлээгүй нөхцөл байдлыг анхаарч үзэж болно.
15. Гэтэл тус хэргийн тохиолдолд, ажилтан албан тушаал бууруулсан сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх хугацаанд ажил огт эрхлэхгүй байх зайлшгүй нөхцөл үүсээгүй, тэрээр уг тушаалыг хууль бус гэж үзсэн хэдий ч нэгэнт энэ талаар шүүхэд маргаж байгаа тул, хэрэв түүний маргаж буй үндэслэл шударга бөгөөд хууль ёсны болох нь тогтоогдвол зөрчигдсөн эрх нь хэвийн хэмжээнд буцаан сэргэх боломжтой юм.
16. Иймд нэхэмжлэгч А.Г нь шүүхэд маргах хугацаанд, ............ албаны менежерийн ажлыг эрхлэхээс шууд татгалзсан нь ажил олгогчийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд ажилгүй байсан бүх хугацаанд цалин хөлс нэхэмжлэх нь зүй ёсны хэрэг гэж үзэхгүй тул нэхэмжлэгч А.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 311/ШШ2025/00595 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2 дахь зааснаар нэхэмжлэгч А.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД З.НАНДИНЦЭЦЭГ
Б.АРИУНБАЯР