| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 311/2025/00620/И |
| Дугаар | 205/МА2026/00008 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Цалин хөлсний маргаан, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 205/МА2026/00008
Г.Г-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Б.Намхайдорж, шүүгч З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 311/ШШ2026/00040 дугаар шийдвэртэй,
Г.Г-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Х-д холбогдох Завхан аймгийн Х-н нарийн бичгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Нандинцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П, нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С /цахимаар/, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч Г.Г нь Завхан аймгийн Х-д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл: ...... овогтой Г миний бие аймгийн Х-н ажлын албаны ......... мэргэжилтний үүрэгт ажлыг хашиж байсан бөгөөд аймгийн Х-н нарийн бичгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд миний бие гомдолтой байна гэжээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч .... овогт Г.Г-г Завхан аймгийн Х-н ажлын албаны ...... мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан Г.Г-ийн өмнө авч байсан дундаж цалин хөлсийг бодож, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн аймгийн Х-н ажлын албаны ........... мэргэжилтний ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны олговор олгохыг, мөн хугацаагаар тооцож, хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Завхан аймгийн Х-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Г.Г нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч Завхан аймгийн Х-аас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
3. Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 311/ШШ2026/0040 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтад “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэрийг өөрчлөх боломжгүй”, мөн энэ хэсгийн 168.1.2 дахь хэсэгт “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэж тус тус заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.
Гомдлын үндэслэл: Нэг. Хууль хэрэглээний алдаа гаргасан тухайд Нэхэмжлэгч Г.Г нь 2025 оны 09 сарын 29-ний өдөр Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд Завхан аймгийн Х-н нарийн бичгийн даргын 2025 оны 09 сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинд 2025 оны 09 сарын 05-ны өдрөөс 2026 оны 01 сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин 7,694,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан Г.Г-ийн өмнө авч байсан дундаж цалин хөлсийг бодож, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн аймгийн Х-н ажлын албаны ............. мэргэжилтний ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны олговор олгохыг, мөн хугацаагаар тооцож, хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Завхан аймгийн Х-д даалгасугай” гэж тусгасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлж, 2025 оны 06 сарын 16-ны өдрөөс эхлэн цалин хөлсийг бодсон нь хуульд нийцэхгүй. Учир нь нэхэмжлэгч 2025 оны 06 сарын 16-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар Завхан аймгийн Х-н ажлын албаны ............ хариуцсан мэргэжилтнээр томилогдож, 2025 оны 09 сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай тушаал гарах хүртэл цалин хөлсөө ТҮ-6 зэрэглэлээр авч байсан. Энэ талаар хэргийн оролцогч нар маргадаггүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэгэнт өмнө авсан цалинг дахин гаргуулах шийдвэрийг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр гаргажээ.
Мөн нэхэмжлэгч 2026 оны 01 сарын 09-ний өдөр хүртэл 87 өдрийн цалин 7,694,000 төгрөг гэж тодорхойлсоор байтал анхан шатны шүүх “......... мэргэжилтний ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны олговор олгохыг” даалгаж шийдвэрлэсэн байна. Энэ хэсэг бол Нэгдүгээрт, Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, Хоёрдугаарт, Ирээдүйд хамаарах биелэгдэх боломжгүй шинжтэй шийдвэр болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан хуулийн зохицуулалтыг хуулийн бодит хэрэгжилт буюу шүүхийн практикт анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл тооцож шийдвэрлэдэг. Гэтэл энэхүү шүүхийн шийдвэрт дурдагдсан ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны олговрыг олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хэрэгжих боломжгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан шаардлагыг зөрчсөн байна.
Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн тухайд: Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Г.Г нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээгүй, тус ажлын байрны шалгуур шаардлагыг хангаагүй байсан тул хууль зөрчин томилуулсан байсан томилгооны зөрчлөө арилган, хуульд нийцүүлсэн” гэж маргадаг. Энэхүү маргааны үндэслэлтэй холбоотой баримтууд болох албан тушаалын тодорхойлолт, Завхан аймгийн Х-н ажлын албаны даргын 2023 оны 01 сарын 16-ны өдрийн А/01 дугаартай “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” зэрэг баримтыг хуулбар үнэн тэмдэглэгээтэй хавсарган ирүүлсэн.
Нэхэмжлэгч тал эдгээр баримтыг хэрэгт хамааралгүй гэж үзэж маргадаг боловч, анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн дүгнэлт хийгээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан. Гэтэл хариуцагч өөрийн хариу тайлбарын татгалзлыг нотлох зорилгоор ирүүлсэн баримтуудад шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн шүүх хуралдааны явцад шаардлагатай бол нотлох баримтыг нэмэлтээр шаардаж хэлбэр, агуулгын шаардлагыг хангасан байдлаар гаргуулах боломжтой байсан атал, шаардлага хангаагүй гэж шууд дүгнэсэн нь уг хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Нөгөөтээгүүр эдгээр баримтуудыг үнэлэхгүйгээр шийдвэрлэх гэж байгаа тохиолдолд нотлох баримтаас хасах эрх нь шүүхэд байсан.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, шаардлагатай чухал нотлох баримтыг баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахгүйгээр энэхүү хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, энэ хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарласан Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 311/ШШ2026/00040 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 44 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 168.1.2 дахь хэсэгт заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж энэхүү үндэслэлээр гомдлыг гаргасан. 1 дүгээрт хууль хэрэглээний алдаа гаргасан тухайд 2 зүйл ярьж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчид 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цалин олго гэж шийдсэн байгаа нь хуульд нийцэхгүй. Учир нь, нэхэмжлэгч 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цалин хөлсөө авч байсан. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль бус гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэгч 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл буюу шүүх хуралдаан болсон өдөр хүртэлх цалингаа тооцож үзээд 87 өдрийн цалин нь 7,694,000 төгрөг байна гэж тодорхойлсон. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг үндэслээд ........... мэргэжилтний ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэлх хугацааны олговор олгохыг даалгаж шийдвэрлэсэн байгаа. Энэ хэсгийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдсэн гэж үзэхгүй байгаа. 2 дугаарт ирээдүйд хамаарагдах биелэгдэх боломжгүй байна гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дээр байгаа. Энэ хуулийг шүүхүүд, тэр тусмаа Нийслэлийн шүүхүүд бол яг анхан шатны шүүх хуралдаан болсон өдрөөр нэхэмжлэгчийн цалин хөлсийг тодорхойлж тооцож олгодог. Хууль зүйн агуулгаараа хууль хэрэглээний нэгдмэл байдал гэж ойлголт байгаа. Энэ нь шүүхийн шийдвэр дээр дурдагдсан ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэлх хугацаа гэдэг нь одоо аль хугацааг хэлж байгаа гэдэг нь тодорхой биш. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал давж заалдах юм уу, давж заалдахгүй юм уу, Улсын дээд шүүх рүү хяналтын гомдол гаргах юм уу, гаргахгүй юм уу, энэ шийдвэр эцсийнх болох юм уу, болохгүй юм уу гэдэг нь тодорхой биш учраас хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан тэр өдрөө нэхэмжлэгчид цалин хөлс олгох үнийн дүнг тооцож олгох ёстой нь зөв болов уу гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. 2 дахь үндэслэлийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Хариуцагчийн шүүх хуралдаан дээр хэлсэн болон хавтаст хэрэгт байгаа тайлбараас харахад нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээгүй, тус ажлын байрны шаардлагыг хангаагүй байсан тул өмнөх хууль зөрчиж томилсон зөрчлөө арилгасан гэж тайлбарладаг. Энэ тайлбарыг нотлох боломжтой баримт нь Завхан аймгийн Х-н ажлын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” тушаалаар нотлогдоно гэж харагдаж байгаа. Анхан шатны шүүхээс энэ тодорхой ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзээд үнэлээгүй байдаг. Гэхдээ энэ бол нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ч гэсэн шүүхэд гаргаж өгөх боломжтой баримт. Хэрэв шүүх энэ баримтыг үнэлэхгүй гэж үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаас хасах боломжтой байсан. Нотлох баримтаас хассан тохиолдолд хэргийн оролцогч нар энэ баримтыг бас мөн хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр гаргах боломжтой. Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд энд бас төрийн үйлчилгээний алба яригдаж байгаа. Цалин хөлс, төсөв яригдаж байгаа, хуульд заасан шаардлага хангаагүй хүнийг ажилд эгүүлэн томилох боломжгүй байгаагаа нотлох тэр боломжийг анхан шатны шүүх олгож өгөөгүй хязгаарласан байна гэж үзэж байгаа. Иймд хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.
5. Нэхэмжлэгч Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр намайг ажилд томилж авчхаад 3 сар ч болоогүй 09 дүгээр сарын 05-ны өдөр гэнэтхэн би буруу тушаал гаргачихсан юм байна гэж намайг шууд 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр халчихсан. Гэтэл би ямар ч буруу юм хийгээгүй, тухайн үед ажлаа хийгээд л явж байсан. Тэгэхээр огт зөрчил гаргаагүй байхад өөрийнхөө буруу шийдвэр гаргасныхаа төлөө тэрийгээ арилгахын тулд тэр тушаалыг гаргаад намайг халсанд гомдолтой байна. Би ...... гэх хүний оронд томилогдсон байсан. Тэр хүн маань одоо ажилдаа буцаад орсон байгаа гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1 дүгээрт, цалинг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдсэн байна, нөгөө талаараа нотлох баримтыг шүүх буруу үнэлсэн байна гэдэг 2 шаардлагыг гаргасан юм байна гэж би ойлголоо. Гэхдээ яг ерөнхий үйл баримтыг хэлэхэд хөдөлмөрийн харилцаа үүсээд явж байтал ажил олгогч талаас ямар ч хуульд заасан үндэслэлгүйгээр буюу ямар шаардлага, шалтгаан, ямар хөдөлмөр эрхлэлтийн харьцаа ямар зүйлийг үндэслэж ажлаас халсан нь тодорхойгүй ийм тушаал гаргасан. Энэ талаар анхан шатны шүүх хурлын тэмдэглэл дээр би тодорхой дурдсан учраас ингээд орхиё. Нэхэмжлэгчийг 09 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас халсан, 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш ажилд хэзээ томилогдох юм, тэр хүртэлх хугацааны цалинг гаргуулахыг шүүх шийдсэн. Тэгэхээр шүүхийн практик дээр 2 агуулга байдаг. 1 дүгээрт яг тухайлсан ажилгүй байсан хугацааны цалингийн огноо, тоогоор нь гаргадаг. Нөгөө талдаа болохоор яг тэр тухайн томилогдох хүртэлх хугацааны цалингийн гээд ерөнхий үнийн дүнгээрээ гаргадаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйл дээр өмнө авч байсан дундаж цалин хөлсийг ажил олгогч олгоно гэсэн байдаг. Тэгэхээр анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйл буюу хөдөлмөрлөж эхлэх хүртэл хугацааны буюу ажилд томилогдох хүртэл хугацааны цалинг олго гэсэн нь агуулга, зарчмын хувьд нийцсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасан тэр агуулга, зарчмаар шийдвэр гаргасан учраас энэ нь процессын алдаа бол биш гэж үзэж байна. 2 дугаарт, нотлох баримтаар шинжлэн судлагдаагүй буюу сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил олгогчийн зүгээс нотлох баримт гаргаж өгсөн. Байгууллага өөрийн хуулбар үнэн гэсэн ийм тэмдгийг дарсан байдаг. Тэгээд “хуулбар үнэн” гэдэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-ыг бол зөрчиж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Завхан аймгийн Х-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа “Завхан аймгийн Х-н ажлын албаны ........... мэргэжилтний ажилд эгүүлэн томилуулах ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” гэж тодорхойлжээ.
3. Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Г.Г нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээгүй, тус ажлын байрны шалгуур шаардлагыг хангаагүй хууль зөрчин томилуулсан байсан томилгооны зөрчлөө арилган хуульд нийцүүлсэн шийдвэр гаргасан” гэж маргажээ.
4. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд ажил олгогч нь нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэдгээ нотлохгүйгээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагч байгууллагын төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж тайлбарлажээ.
6. Хэргийн үйл баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Г.Г нь Завхан аймгийн Х-н ажлын албаны ............ мэргэжилтнээр 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түр томилогдон ажилласан байна.
7. Ажил олгогч нь Г.Г-г Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.10-т заасныг баримтлан 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна. Ийнхүү түүнийг ажлаас чөлөөлөхдөө ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тушаалд огт дурдаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн 43.2.10-т зааснаар ажил олгогч “хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах” үүрэгтэй бөгөөд, энэ үүрэг нь ажлаас халсан шийдвэрт ямар зөрчил гаргасан, эсхүл ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгааг тодорхой тусгах байдлаар хэрэгжинэ. Гэтэл ажил олгогч энэ талаар Г.Г-г ажлаас чөлөөлсөн тушаалдаа тодорхой тусгаагүй нь, ажилтан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөнөө мэдэх эрхийг зөрчсөн байна.
8. Завхан аймгийн Х-н нарийн бичгийн дарга С.Б нь Г.Г-г ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тайлбарлахдаа, хууль зөрчин томилсон томилгоог зөвтгөсөн гэж байгаа боловч энэ нь ажилтны буруутай үйл ажиллагаа биш, харин ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа учир ажил олгогч хариуцлагаа өөрөө хүлээнэ. Иймд Г.Г-г ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.
9. Ажил олгогч нь Г.Г-г анх түр хугацаагаар ажилд томилсон боловч уг хугацаа тодорхойгүй байна. Нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нар нь Г.Г ...Ц-ын жирэмсний болон амаржсаны амралтын хугацаанд түр томилогдсон талаар хоорондоо ямар нэгэн байдлаар маргаагүй байна.
10. Нэхэмжлэгч Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд Ц ажилдаа эргэн орсон гэж тайлбарласан ба хариуцагчийн өмгөөлөгч мөн Ц-ыг ажилдаа эргэн орсон гэсэн тайлбар гаргасан. Нэг үйл баримтын талаар талуудын тайлбар ижил байгаа тохиолдолд тухайн үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх боломжтой.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн 60.1.3-т заасан ...ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтан ажилдаа эргэн орсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5-д зааснаар Г.Г-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох үндэслэл болж байна.
Ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтан ажилдаа эргэн орсон нөхцөл байдал шүүх хуралдааны явцад тогтоогдож байгаа тул Г.Г-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээх нь гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхолд нөлөөлөх тул Г.Г-ийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах нь зүйтэй байна.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хязгаарлагддаг. Шүүх зөвхөн нэхэмжлэгчийн дурдсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад ороогүй асуудлаар шийдвэр гаргах эрхгүй юм.
Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Г нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны цалин буюу 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны цалин нийт 7,694,000 төгрөг гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг тооцохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасныг зөрчиж хэрэгт авагдсан баримтад үндэслэн тооцолгүйгээр 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч Г.Г-г аймгийн Х-н ажлын албаны ................ мэргэжилтний ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны олговрыг олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний хүрээ хязгаараас хальж, маргааны агуулгыг алдагдуулсан, улмаар талуудын зарчмыг зөрчсөн төдийгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Гэвч дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар зөвтгөх боломжтой байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгч Г.Г-ийн сүүлийн 3 сараас дундаж цалин хөлсийг тооцоход 1,773,440 төгрөг байх ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2025 оны 09 дүгээр сарын 05-наас 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож, 7,431,390 төгрөгийг Завхан аймгийн Х-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх тул энэ талаар шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 311/ШШ2026/00040 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Г-ийн Завхан аймгийн Х-н ажлын албаны ............ мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ”...Г.Г-ийн өмнө авч байсан дундаж цалин хөлсийг бодож, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Х-н ажлын албаны ............... мэргэжилтний ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны олговор олгохыг...“ гэснийг “Г.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 7,431,390 төгрөгийг Завхан аймгийн Х-аас гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
З.НАНДИНЦЭЦЭГ