Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 00132

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Н.Улсболд

Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдооос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нд холбогдох 1932000000157 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 1975 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, *гэдэг газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй

-2003 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 82 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасч 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жил хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хотгойд овогт Норовын Н. /РД: */

 

           Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Баянгол сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын Ганзам нэртэй хүнсний дэлгүүр дотор иргэн М.Ббтай маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Нын өгсөн…. ... 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дүү Гжийн хамт Баянгол сумын Ганзам нэртэй хүнсний дэлгүүрт орсон юм. Тэгээд дэлгүүрээс архи, чихэр, ундаа, боов аваад зогсож байхад хохирогч М.Бб ах орж ирсэн. Тэгэхээр нь би Бб ахтай хадлангийн газраас болж маргалдахад намайг заамдаж авахаар нь нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч М.Ббгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол сумын төмөр замын дэлгүүр лүү худалдаа хийх гээд ортол худалдагчийн лангуун дээр Н архи авчихсан зогсож байснаа намайг хараад хэл үгээр доромжлоод та муусайнууд 20 онд бүгдээрээ дарга байхыг чинь харнаа та нар их том болчихсон байна энэ тэр гээд хэрүүл өдөөд байсан юм. Тэгэхээр нь би Нын өөдөөс за дүү согтуу байна харьж амар ингэж ярьж болохгүй гэж хэлсэн юм. Тэгээд би дэлгүүрээс талх худалдаж аваад тооцоогоо хийчихээд гарах гээд эргэтэл миний ард зогсож байсан Н миний хоёр нүдний дундуур нүдний шилэн дээр гараараа нэг удаа цохисон юм. Тэгээд би цохиулаад манараад доошоо суугаад арай гайгүй болоод өндийгөөд яаж байгаан бэ ахыгаа чи гээд хэлтэл Н битгий хуц чи хоёулаа гаръя гээд над руу дайрсан юм. Тэгтэл Нтай хамт явсан Жигүүрээ гэх хүүхэн Ныг хориглоод надад Бб ах та явчихаа би аваад явчихъя гэсэн. Тэгээд дэлгүүрээс гарахад надтай уулзана гэхээр нь би уулзахгүй эрүүлдээ уулзаарай гэж хэлээд яваад өгсөн юм. Надад гомдол санал гэх зүйл алга байна. Эмчилгээний мөнгө төгрөг нэхэмжлэхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 13-14 дүгээр хуудас/

Гэрч Г.Мзгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шиг санаж байна цагийг нь мэдэхгүй байна. Тухайн үед Н ах манай дэлгүүрт Гж гээд дүүтэйгээ орж ирээд худалдаа хийгээд зогсож байтал гаднаас Бб дарга орж ирээд тэгээд Н ах Бб даргатай юм ярьж байснаа Бб даргын нүүр лүү гарынхаа араар хальт цохиод нүдний шил нь эвдэрчих шиг болсон. Тэрнээс хоорондоо зодолдоод сүйд болсон зүйл байхгүй. Харин чанга чанга дуугараад маргалдаад хэрэлдээд байсан юм. Тэгээд манай дэлгүүрээс гараад явсан.... Н ах бол нилээн согтуу байсан. Харин Бб дарга эрүүл байх шиг байсан. Гэхдээ хоёулаа архи худалдаж авсан юм гэх мэдүүлэг /Хх-н 15 дугаар хуудас/

Гэрч Г.Гжийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шиг санаж байна нагац ах Нын хамт төмөр замын Ганзам нэртэй дэлгүүрт орсон юм. Тухайн үед Н ах Ганзам дэлгүүрээс архи аваад байж байтал гаднаас Бб ах орж ирсэн юм. Тэгээд нэг мэдсэн чинь Н ах, Бб ах хоёр хоорондоо маргалдаад хэрэлдээд эхэлсэн юм. Юунаас болоод маргалдсныг нь би мэдээгүй. Н ах Бб ахыг хальт цохих шиг болоод би очоод салгаад Н ахыг дэлгүүрээс аваад гарсан юм. Тэгээд дэлгүүрийн гадаа байж байтал Бб ах дэлгүүрээс гарч ирээд Наа чи яаж байгаан ахыгаа гэсэн чинь Н ах Бб ахын өөдөөс за ахаа уучлаарай гээд тэгээд тэр хоёр тэврэлдээд салсан юм гэх мэдүүлэг /Хх-н 16 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн № 160 ...... Дүгнэлт:

1.М.Ббгийн биед хамрын хянга ясны 2 талд шарх гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, ирмэгтэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх  /Хх-н 18 дугаар хуудас/

Н.Нын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 27 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 29 дүгээр хуудас/ зэрэг болно.

           

             Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Баянгол сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын Ганзам нэртэй хүнсний дэлгүүр дотор иргэн М.Ббтай маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Н.Нын хохирогч М.Ббг цохиж зодсон үйлдэл нь  хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.Нын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч М.Бб нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

 

 

 

 

 

 

 

 

            1.Шүүгдэгч Хотгойд овогт Норовын Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Н нь 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Нд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН